Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 109

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Б.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овгийн Батжаргалын Мөнхбаясгаланд холбогдох 1728000000026 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:...

Холбогдсон хэргийн талаар:

Б.Мөнхбаясгалан нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Цагаан булгийн 223 дугаар ангийн байранд иргэн С.Ганзоригийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Мөнхбаясгалан нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Цагаан булгийн 223 дугаар ангийн байранд иргэн С.Ганзоригийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаясгаланд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Мөнхбаясгалан нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Цагаан булгийн 223 дугаар ангийн байранд иргэн С.Ганзоригийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Б.Мөнхбаясгалангийн шууд санаатай гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Ганзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хохирогч С.Ганзоригийн... “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуруудаад хожигдсон нь айраг ууна гээд манай ажлынхан ярилцаж байгаад орой ажил тараад хуучин 223 дугаар цэргийн анги байсан гэх 2 давхар байранд 60 литр айраг авч очоод хуруудцгаасан. Хуруудаж байхад манай ажлын Бат-Өлзий араас ирсэн. Бид нар хуруудаад сууж байхад манай ажлын Баагий гэх хүүхэд гараад алга болсон байсан. Би Мөнх-Эрдэнэ гэх залуугийн хамтаар гадуур мотоциклиор гэрэлтүүлж хайсан. Байшингаас нэлээд урд нэг хүүхэдтэй хамт сууж байсан. Хажууд нь очоод Баагий явъя гэхэд Баагийгийн хувцас хунар тоос шороо болсон байхаар нь цаана нь байсан хүүхдэд хандан “Чи наад хүүхдээ яачихаа вэ?” гэхэд “Чамд ямар хамаатай юм” гээд босоод ирсэн. “Чи юу хийж яваа юм бэ?” гэхэд миний өмнөөс маргалдаад хэрүүл болох царайтай байхаар нь би Баагийг аваад нөгөө хуруудаж байгаа газраа ирсэн. Хуруудаад байж байхад манай ажлын Бат-Өлзий хүн рүү агсан тавих маягтай хүнд архи шахаад байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс тараад эхэлсэн. Бат-Өлзий гараад төв рүү хүн хүргэж өгөөд эргэж ирэхдээ түрүүн Баагийтай хамт байсан хүүхдийг дагуулаад ороод ирсэн. Хуруудаж байгаад нөгөө хүүхэд над руу хандан “Та түрүүн яагаад байсан бэ?” гээд босч ирээд миний нүд рүү өшиглөж, шанаа руу 1 удаа цохиж авсан. Тэр үед миний зовхиноос цус гоожоод цус тогтохгүй байсан тэгээд нүдээ угаачихаад такси бариад эмнэлэг явсан юм. Миний зовхины шөрмөс тасарсан байсныг оёсон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2 стакан айраг уусан. Мөнхбаясгалан согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг мэдэхгүй байна. Надад гомдол, санал байхгүй, эмчилгээний зардалд 1000000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг. /хх-ийн 4-6, 10 дугаар хуудас/,

Гэрч Ц.Сарантуяагийн... “Манай хүү С.Ганзориг Даланбулаг усны үйлдвэрт жолоочоор ажилладаг юм. Өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны орой манай хүү “Манай ажлын хүмүүс айрганд хуруудахаар явъя гэж байна” гэж хэлэхээр нь би миний хүү “Яах юм бэ? Амрахгүй юу даа” гэсэн.  Миний хүү “За бас очихгүй бол муухай юм даа” гээд хөдөөнөөс ирсэн ахынхаа мотоциклийг унаад явсан. Би ч гэртээ амраад өглөө босоод байж байтал манай хамаатны Алтанзул гэх эмэгтэй гэрт ирээд “Ганзоригийг эмнэлэгт аваачсан, нүдийг нь хүүхэд өшиглөсөн байна” гэж хэлсэн. Би сандраад эмнэлэг ороход ямарч хүн байгаагүй. Гэртээ ирээд гар нүүрээ угаагаад эргэж эмнэлэг ороод сувилагчаар дамжуулан хэл аваад цагдаа руу очиж гомдол гаргасан. Эргэж эмнэлэг ороод хүүтэйгээ уулзахад манай хүү ингэж ярьсан “Ажил нь тараагүй байхад манай хамт ажилладаг нэг хүн нь айрганд хуруудъя гээд ажилчдаа дагуулан явсан. Манай хүүг архиар шахаад нүд рүү нь өшиглөсөн гэсэн. Миний хүүгийн нүднээс нь цус гоожоод эмнэлэгт 03 цагт очсон гэсэн. Миний хүүгийн зовхины булчин тасарсан, тэрэнд нь оёдол тавьсан. Би тэр хүүг танихгүй аавыг нь танина. Хүүхдээ л эрүүл болгож авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч У.Бат-Өлзийгийн... “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буузны өрөөнд ортол Алтангадас ах болон бусад хүмүүс айргаар хуруудна гэж яриад байсан. Нэг хүний хэдэн төгрөг байх уу гэж ярьж байгаад 15.000 мянган төгрөг болоод мөнгөө хураагаад байсан. Мөнгөө цуглуулаад 50 литр гүүний айраг авсан байх, мөн 1 ямаа авсан. Орой нь ажлынхан хуучин 223 дугаар ангийн нэг байранд очино гээд явцгаасан. Би ажил дээр байж байгаад орой 22 цаг өнгөрч байхад ажлаас гараад урагшаа борлуулалтын Чулуунцэцэг эгчийн хамтаар очсон тэнд оччихоод эргээд таксигаар эргэж гэрт ирсэн. Ирэх замдаа найз Мөнхбаясгалантай таараад гэр лүү аваад явсан. Гэрт очоод буцаж ажил орчихоод найз Мөнхбаясгалангийн хамтаар өөрийн “Ява” мотоциклиор урагшаа явсан явж очоод Баясааг гадаа суулгачихаад орж хуруудсан тэгж байгаад бөөнөөрөө гараад эргэж ороод хуруудахад манай ажлын Энхбаяр алга байсан. Түүнийг олж ирнэ гээд Ганзориг, Мөнх-Эрдэнэ нар гараад явсан. Мөнхбаясгалан залгаад би танай ажлын хүнтэй муудалцсан гэж хэлсэн. Түүний дараа дахин хуруудаж байгаад эмэгтэйчүүд тарсан. Би Мөнхбаясгалангийн ээжийг гэр лүү нь дөхүүлж өгсөн. Буцаад очиход Мөнхбаясгалан гэрт орчихсон байсан. Бөөнөөрөө хуруудаж байгаад нэг хэсэг хүмүүс нь гараад бие засна гээд гарсан. Мөнхбаясгалан босч ирээд Ганзоригийг өшиглөөд авсан. Манай ажлын хүмүүс салгасан. Чулуунцэцэг эгч ирж хуруудъя гэхээр нь л Мөнхбаясгаланг дагуулаад явсан юм. Алтангадас ах архи шахахаар нь уухгүй гээд уугаагүй. Од-Эрдэнэ архи аягалаад хүн хүнд шахаад байсан. Би аягалъя гээд аваад өөрт нь буцаагаад өгөхөд Од-Эрдэнэ би уухгүй гээд “Яагаад” гэсэн чинь Од-Эрдэнэ чи миний өгсөн архийг уугаагүй биздээ гээд байсан. Би “Ганзориг та хоёр хуваагаад уучих” гэсэн чинь “Үгүй” гээд архины шилний таглааг ширээ рүү шидсэн. Мөн архины шилээр Ганзориг, Од-Эрдэнэ хоёр луу далайсан, тийм л юм болсон. Бусдаар бол би агсан тавиад байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч У.Алтангадасын... “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажил дээр байж байгаад айргаар хуруудъя гэх санаа төрөөд би хүмүүст хэлсэн бүгд дэмжцгээсэн. Байр сав олдохгүй байхаар нь би өөрийн хуучин амьдарч байсан хуучин 223 дугаар цэргийн ангийн 8-н айлын орон сууцанд ажлын хүмүүсээ аваад очсон. Очихдоо 60 литр айраг, 1 ямааны махтай очоод хорхог хийж идсэн тэгээд дараа нь айргаараа хуруудсан тэгээд хуруудаад сууж байхад манай ажлын хүмүүс тараад эхэлсэн. Тоог нь санахгүй байна хэдэн залуучууд үлдээд хуруудаж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирсэн байсан. Тэр залуу гэрт сууж л байсан юм. Нэг мэдэхэд Ганзориг нүдэндээ цохиулчихсан байсан “Хэн цохисон бэ?” гэхэд тэр ирсэн залуу өшиглөсөн гэж хэлсэн. Би Ганзоригийг аваад эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Мөнхбаясгалангийн... “2017 оны 08 дугаар сарын 15-ны 23 цаг өнгөрч байхад би 2 найзтайгаа уулзаад Дунд сайханы “Баясах” дэлгүүрийн ар талын микроны зогсоол дээр сууж байсан тэгэхэд манай ангийн хүүхэд болох Бат-Өлзий машинтай намайг таниад хүрээд ирсэн тэгээд намайг машинд суучих гэхээр нь би машинд нь суусан тэгсэн хамт явж байсан хүний гэрт очсон. Тэндээс машинаасаа буугаад Бат-Өлзийгийн гэрлүү алхсан. Бат-Өлзий хоёулаа манай ажлын газрын хүмүүс дээр очъё манайхан урд нийлж байгаа гэсэн. Замаараа Бат-Өлзийгийн гэрт очиж цамцаа аваад эргэж гараад доошоо такси бариад Даланбулаг усны үйлдвэрт очсон. Тэндээс Бат-Өлзий мотоциклоо аваад бид хоёр сундалж яваад 223 дугаар цэргийн анги байсан гэх 2 давхар байрны гадаа очоод Бат-Өлзий би нэг их удахгүй гээд нэг айлруу орсон би гадаа нь 1 цаг гаруй хүлээгээд байж байхад миний таньдаг Энхбаяр гэх хүүхэд гараад ирсэн. Бид хоёр урагшаа жоохон яваад юм яриад бараг 1 цаг орчим суусан. Тэгээд сууж байхад хойноос 1 мотоцикльтой 2 хүн ирсэн. Тэр хоёр бид хоёрын хажууд ирээд Энхбаярыг дуудсан тэр үед Энхбаяр миний хажууд хэвтэж байсан юм. Тэгээд Энхбаярыг бос ажлын хүмүүс дуудаад байна гэсэн тэгж байхад мотоцикль унаж явсан залуу нь намайг яасан гэж асуусан. Би босч очоод “Би яасан юм бэ, яагаачгүй шүү дээ” гэж хэлсэн.  Тэр залуу над руу далайгаад ах нь чамаас үе мултарсан гэж хэлээд Энхбаярыг сундлаад гурвуулаа яваад өгсөн. Би Бат-Өлзийг хүлээгээд үлдсэн, бараг 30 орчим минут хүлээсэн байх тэгж байхад Бат-Өлзийгийн ажпын хүмүүс тараад байгаа бололтой аймаг руу яваад байсан. Бат-Өлзий гарч ирээд намайг явах уу гэсэн тэгье гээд явах гэж байхад ажлын газрых нь бололтой 2 эгч Бат-Өлзийг дуудаад бид хоёрыг мотоциклиороо дөхүүлээд өгөөч гэсэн. Бат-Өлзий та 2 Ганзоригоор хүргүүлчихээч гэж хэлэхэд нөгөө 2 эгч Ганзориг дургүй байна гэж хэлсэн. Бат-Өлзий надад хандан “Чи эндээ байж бай би энэ хоёрыг дөхүүлж өгөөд ирье” гээд явсан тэгсэн тэнд байсан хүмүүс намайг дуудаад ахын дүү айраг уу гэж хэлсэн яг хэн дуудсаныг нь мэдээгүй. Тэгээд гэрт нь ороход 8-н хүн байсан байх тэгээд би гэрт нь ороод сууж байхад Бат-Өлзий хүрээд ирсэн тэгээд тэр хүмүүс хуруудаад эхэлсэн би хараад сууж байгаад Ганзориг гэх түрүүн мотоцикль унаж явсан залууг түрүүн гадаа нээрээ яагаад байсан бэ гэж инээгээд хэлэхэд “Чи ер нь тэгээд яг яах гээд байгаа юм бэ?” гээд уурласан. Та өөрөө яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн тэгсэн чинь над руу муухай хараад нэг юм хэлэхээр нь би босч очоод 1 удаа өшиглөсөн тэгэхэд тэр ажпын газрын хүмүүс нь боль гээд намайг татсан тэгээд төд удалгүй ажпын хүмүүс нь болицгооё гээд тараад явсан. Тэгээд би Бат-Өлзийтэй хамт аймаг руу яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 19-20 дугаар хуудас/,

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №397 дугаар дүгнэлт:

1. С.Ганзоригийн биед баруун дээд зовхины няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнхбаясгалан шууд санаатай, “Гадаа яагаад байгаа юм бэ?” гэдгээр шалтаглан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хөдөлбөргүй нотлон тогтоосон байна.

Эрүүгийн 1728000030007 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Б.Мөнхбаясгалан урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Б.Мөнхбаясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 24-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Мөнхбаясгалангийн гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаясгалан хохирогч С.Ганзоригийн халдашгүй байдалд шууд санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шудрага ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Мөнхбаясгалан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Мөнхбаясгалан нь  1999 оны 06 дугаар сарын 11-нд төрсөн, 18 нас 2 сартай,эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульд суралцдаггүй бөгөөд эцэг эхийн асрамжинд амьдардаг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг шүүх өсвөр насны хүн гэж тодорхойллоо.

Өөрөөр хэлбэл бие даан амьдрах, ажиллах арга барилд суралцаагүй, нийгэмшиж төлөвшиж чадаагүй, орлогын эх үүсвэргүй байгаа явдал нь хуульд заасан торгох ялыг оногдуулбал  өсвөр насны хүүхдийн зан төлөв, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх түүнчлэн Эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй юм.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбаясгалангийн  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг байх бөгөөд мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу  ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбаясгаланд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Өмнөговь аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэх нь өсвөр насны хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлах шалтгаангүй гэж үзсэн болно.

Хохирогч С.Ганзоригт хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл 1,  5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өсвөр насны шүүгдэгч Дархчууд овгийн Батжаргалын Мөнхбаясгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбаясгаланд ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Өмнөговь аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбаясгалан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбаясгалан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбаясгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ