Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2024/00460

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Прокурорын газар. Хаяг:Б аймаг, Ө  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

 

Хариуцагч: Б. Хаяг:Б аймаг, Ө  сум, 4 дүгээр багт оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х сангийн санхүүжилтээр аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээгээр олгосон 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б д холбогдуулан Х сангийн санхүүжилтээр аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээгээр олгосон 3,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Б аймгийн Х газраас “...Х сангийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөрт хамрагдаж, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг авч түүнийгээ төлж барагдуулаагүй нэр бүхий иргэдийн төлбөрийг нөхөн төлүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус аймгийн прокурорын газарт ирүүлсэн.

1.2 Хүсэлтийг хүлээн авч танилцахад “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан Б  нь “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-г 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газартай байгуулан “Мужааны цех өргөжүүлэх” зорилгоор 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 3 жилийн /36 сар/ хугацаатайгаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Х сангаас авчээ.

1.3 Гэвч Б  нь уг дэмжлэгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу буюу 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Х санд 3,000,000 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогдсон байна.

1.4 Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтад “...хавсралтад тусгагдсан “Эргэн төлөлт хийх хуваарь”-ийн дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлнө...”, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар Б оос дээрх сангаас авсан санхүүгийн дэмжлэгийн үлдэгдлийг гаргуулж, нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бүрджээ. Мөн Х газраас гаргасан хүсэлтдээ ‘‘...манай байгууллагыг төлөөлж өгнө үү” гэжээ.

1.5 Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1         дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаас үзэхэд прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул тухайн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

1.6 Харин Б аймгийн Х газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага байх бөгөөд дээрх тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжуудад зааснаар Б  нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг дэмжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон санхүүгийн дэмжлэгийг авч, эргэн төлөөгүйгээс төрд хохирол учирсан, түүнчлэн дараа дараагийн дэмжлэг авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилт бүрдэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг буюу гэрээний үүргийг даруй хангуулах шаардлагатай байна.

1.7 Иймд Б оос 3,000,000 төгрөгийг гаргуулж Х сангийн 1000 2003 7010 дугаарын дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б ын тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие Б аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би аймгийн Х газраас 2019 онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар авсан нь үнэн.

2.2 Иймд би уг 3,000,000 төгрөгийг аймгийн Х газарт төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй тул энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б  нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Х сангийн санхүүжилтээр аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээгээр олгосон 3,000,000 төгрөгийг Б аймгийн Х газрын Х сангийн 000  тоот дансанд төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Б оос нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 62,950 төгрөгийн тал нь болох 31,475 төгрөгийг хариуцагч Б оос гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б  нь Х сангийн санхүүжилтээр аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээгээр олгосон 3,000,000 төгрөгийг Б аймгийн Х газрын Х сангийн 000  дугаар дансанд төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б оос улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.





 

ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ