Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0671/З |
Дугаар | 128/ШШ2023/0799 |
Огноо | 2023-10-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Н, Л.О, Ч.А, Ё.Ц, Д.Оь.
Хариуцагч: Ш хоорондын цалин хөлстэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, Ч.А, Д.Оь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Н, Л.О, Ч.А, Ё.Ц, Д.Оь нар нь О.Н, Л.О, Ч.А, Ё.Ц, Д.Оь нарт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зарлиг гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүг олгохоос татгалзсан Шийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, О.Нд 1.365.500 төгрөг, Л.Од 2.533.036 төгрөг, Ч.Ат 2.457.650 төгрөг, Ё.Цд 694.553 төгрөг, Д.Оьд 4.153.798 төгрөг тус тус гаргуулж олгохыг Шд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргажээ.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын ******* дугаар зарлигаар Д.Оийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын дугаар зарлигаар Л.Оыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын дугаар зарлигаар О.Нийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын ******* дугаар зарлигаар Ё.Цг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын ******* дугаар зарлигаар Ч.Аийг шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ. /х.х-н 94/
3. Шийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/*******, 01/*******, 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 01/******* тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч нарт Ш 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх цалин хөлсний зөрүүг шүүхийн шийдвэргүйгээр нөхөн олгох боломжгүй гэсэн хариу өгсөн байна. /х.х-н 38, 55, 56/
4. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан бөгөөд өмнөх хуулийн дагуу олгож байсан цалингийн зөрүү нэхэмжлэгч О.Н 1.365.500 төгрөг, Л.О 2.533.036 төгрөг, Ч.А 2.457.650 төгрөг, Ё.Ц 694.553 төгрөг, Д.Оь 2.794.295 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1.359.503 төгрөг, нийт 4.153.798 төгрөгийн зөрүү гарсан талаарх баримтыг тус тусын шүүхийн Тамгын газраас ирүүлсэн бөгөөд үнийн дүнтэй маргаагүй.
5. Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол гэж зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгч нарт Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсэн 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалингийн зөрүүг хэрхэн олгох талаар шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйгээс болж хохирол учирсан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Д.Оь: 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн шүүхийн гишүүн бөгөөд арбитрчаар томилогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангаж, өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Цалингийн зөрүүний асуудал шүүгч нарын хэмжээнд яригдаж байна. Өмнө үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 2 хувийн нэмэгдлийг авч байсан. Ерөнхийдөө 25 жилээс дээш жил шүүгчээр ажиллаж байгаа шүүгч нарын цалин буурсан. Энэ асуудлыг Шийн цахим хуудаснаас олж мэдсэн. Үүний дагуу Шд хандсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 2 хувийн нэмэгдэл цалин авч байх үе одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн тухай хуулийн үндсэн цалин дээр 40:25 хувиар нэмсэн дүнгээс цалин 633000 төгрөгөөр миний хувьд буурсан байдаг. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл буурсан дүнгээр цалин авч байсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх байх гэсэн хүлээлтийн дунд явж байсан. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл энэ асуудал шийдвэрлэгдээгүй. Шийн цахим хуудаснаас олж мэдсэн мэдээллээр шүүхийн шийдвэртэй шүүгч байгаа юм байна. Одоо ажиллаж байгаа шүүгч нарын зөрүүг 6 дугаар сарын 01-ний өдрөөс өгөх юм байна гэдгийг мэдсэн. Гэтэл энэ асуудал дунд тэтгэвэрт гарсан шүүгч нарын асуудлыг шийдвэрлээгүй гэж ойлгосон учраас Шд хандаж хүсэлт илгээхэд боломжгүй гэсэн хариу өгсөн. Шаардах эрхийн үндэслэл нь нэгдүгээрт, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон магадлалаар уг асуудлыг тогтоосон байгаа. Нөгөө талаар тэтгэвэрт гарсан шүүгч нарын асуудлыг яагаад шийдвэрлэхгүй байгааг шүүгч байсан хүнийхээ хувьд ойлгохдоо Монгол улсын шүүхийн хэмжээнд ажиллаж байгаад анхан болон давж заалдах шатны шүүхийн хүний нөөцөд бид нар багтаагүй. Энэ хүмүүсийн асуудлыг Ш хэлэлцээд шийдвэрлэх боломжгүй байдал үүссэн юм байна гэж ойлгоод шүүхэд хандаж байна. Шүүгчийн бүрэн эрх хэрэгжиж байх хугацаанд нэмэгдлийг авах байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаж байна. Ш нь Улсын Их хуралд цалин буурч байгаа, 25 жилээс дээш ажилласан 28, 29 гаруй шүүгч нарын асуудлыг шийдвэрлэх талаар Үндсэн хуульд заасан цалин хөлс бууруулж болохгүй гэсэн зарчмын дагуу мөн Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар танилцуулж, шийдвэрлээгүй, орхигдуулсан байна. Шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн буурахгүй гэсэн энэ үндэслэлийн дагуу нэхэмжлэлээ гаргаж байгаа юм. О.Н бид хоёрын тайлбарын хувьд ийм агуулгаар явна. Миний хувьд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зарлиг гарахад ээлжийн амралттай байсан 2022 оны Тамгын хэлтсийн батлагдсан шийдвэрээр 05 дугаар сарын 01-нээс амраад ажлын шаардлагаар 05 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ороод 6 дугаар сарын 13-наас ээлжийн амралтаа үргэлжлүүлэн ажилласан энэ хооронд 14 хоногийн амарсан хугацаа, ажилласан хугацаа 20 гаруй хоног байгаа. Ээлжийн амралт эдэлж байх хугацаанд 7 дугаар сарын 05-ны өдөр зарлиг гарсан. Шүүхийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар нийтдээ 51 хоног амрах байсан. Энэ тооцооллоор надад цалингийн зөрүү 4153798 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч О.Нийн тухайд Д******* аймгийн давж заалдах шатны шүүхэд иргэний хэргийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2022 оны 03 дугаар сарын 28 өдөр гарсан. Цалингийн зөрүү сард 252000 төгрөг 5 сард шилжүүлэхэд 1336500 төгрөгийн зөрүү гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Л.О: 1986 оны 04 дүгээр сарын 18 өдөр Б******* аймгийн шүүхэд улсын арбитрч, аймгийн шүүхийн гишүүнээр анх томилогдсон. Түүнээс хойш 6 жил анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 31-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр настны тэтгэвэрт гарах дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэл гаргасан үндэслэл нь нэхэмжлэгч Д.Оьтай санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А: Ё.Ц бид хоёрын хувьд 1991 оны шүүгчээр анх томилогдож ажилсан. Ё.Цы хувьд 2023 оны 03 сард , миний хувьд 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгож өндөр настны тэтгэвэр тогтоолгож шүүгчийн ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа болон үндэслэл адилхан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа. Миний хувьд 10 сарын хугацаанд сар бүр 245765 төгрөг дутуу авч байсан нийлбэр дүнгээрээ 2457650 төгрөг болж байгаа. Ё.Цы хувьд 3 сарын цалингийн зөрүү 694523 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ", 46.3 дахь хэсэгт "Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно" гэж тус тус заасан байна. Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор "Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам", "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг тус тус шинэчлэн баталсан байна. Дээрх хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгчдийн цалин хөлсөнд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн маргааны зүйл нь Улсын Их хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт шүүгч 5 жил ажиллаад 6 дахь жилээс цалин 2 хувиар нэмэгдээд явна гэсэн тогтолцоотой байсан бол 2021 онд батлагдсан Шүүхийн тухай хуулиар шүүгчийн эдийн засгийн баталгаа, цалин хөлсний зохицуулалт байхгүй болсон. Гэвч шинэ зохицуулалт орж ирсэн энэ нь онцгой нөхцөл нэмэгдэл гэдэг зохицуулалт орж ирсэн. Энэ хуулийн үр дүнд юу үүсэв тухайн үед ажиллаж байсан 5 хүртэл жил ажилласан шүүгчдийн цалин нэмэгдсэн нийтдээ 90 гаруй хувийн харин 20 гаруй шүүгч нарын цалин хөлс буурсан. Одоо ажиллаж байгаа шүүгч нарын эрх ашиг, хууль ёсны эрхийг хамгаалж байгаа. Гэсэн хэдий ч Үндсэн хууль, бусад холбогдох хуулийг дээдлэх зарчмыг баримтлах ёстой. Энэ хүрээнд Ш цалин хөлс буурсан шүүгч нарын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Энэ хууль 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр батлагдаад 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цалин хөлсөө авч эхлэх тэр үед буурсан гэдгийг мэдсэн. Гэтэл Шд яагаад хандаагүй юм бэ? Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч О.Н, Л.О, Ч.А, Ё.Ц, Д.Оь нар нь өмнө хэрэгжиж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна. гэж заасны дагуу шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон дээрх нэмэгдлээс бүрддэг байсан.
3. Харин 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд өмнө авч байсан цалингийн хэмжээ буурчээ.
4. Цалин буурсан асуудлаар нэхэмжлэгч нар Шд хандахад Ш 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх цалин хөлсний зөрүүг шүүхийн шийдвэргүйгээр нөхөн олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар Ш нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн бөгөөд мөн хуулийн 70.2.3 дахь заалтад зааснаар шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, 70.2.4 дэх заалтад зааснаар шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиг үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1 дэх заалтад зааснаар энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах, 73.1.2 дахь заалтад зааснаар шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх хэмжээтэй байгууллага байна.
6. Гэтэл Ш нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн байна.
7. Тодруулбал, хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно., Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгч нарын цалин хөлсийг ямар ч тохиолдолд бууруулж болохгүй талаар тодорхой тусгажээ.
8. Иймээс шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, Шийн цалингийн зөрүүг олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус байх тул нэхэмжлэгч О.Нд 1.365.500 төгрөг, Л.Од 2.533.036 төгрөг, Ч.Ат 2.457.650 төгрөг, Ё.Цд 694.553 төгрөг, Д.Оьд 2.794.295 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч Д.Оь нь өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнө ажлын зайлшгүй шаардлагын улмаас ээлжийн амралтаа эдлээгүй байх тул түүний ээлжийн амралтын цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно гэж зааснаар 1.359.503 төгрөгийг хамтатган шийдвэрлэсэн болно.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх бөгөөд Шөөс нэхэмжлэгч нарт 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/*******, 01/*******, 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 01/******* тоот албан бичгүүдээр хариу өгсөнөөс 30 хоногийн дотор нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 23 дугаар зүйлийн 23.2, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Н, Л.О, Ч.А, Ё.Ц, Д.Оь нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шийн нэхэмжлэгч нарын цалингийн зөрүүг олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч О.Нд 1.365.500 төгрөг, Л.Од 2.533.036 төгрөг, Ч.Ат 2.457.650 төгрөг, Ё.Цд 694.553 төгрөг, Д.Оьд 4.153.798 төгрөгийг тус тус олгохыг Шд даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ