Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 110

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Б Дд холбогдох 17280000300000 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Маrvel” зоогийн газрын гадаа иргэн Д.Дэлгэрбаярын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Маrvel” зоогийн газрын гадаа иргэн Дын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Дд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагg болон хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Маrvel” зоогийн газарт өөрийн найз Гыг хайн очихдоо Д.Дтой зүй бус харьцаж, шаардлага тавьсан хохирогч Д.Дрын бэлэг эрхтэнийг базаж зүүн төмсөгний хуйхагны арьс урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Д.Дын... “Би “Чинхуа мак” ХХК-д өрмийн туслах ажилтай. 2017 оны 06 дугаар дугаар 26-нд Гурван тэс сумаас аймагт ирсэн. Манай аав “Маrvel” /Марвэль/ пабыг ажиллуулдаг юм. Амралтаараа ирсэн учраас аавдаа ажилд нь тусалж байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-ныг шилжих шөнө пабаа 23 цагт хаагаад тэндээ аав бид 2 унтаж амрахаар болсон. Би шөнийн 00 цаг өнгөрөөгөөд арын өрөөндөө ороод унтаж байсан. Шөнийн 02 цагийн үед намайг унтаж байхад аав орж ирээд намайг сэрээгээд согтуу хүн ороод ирлээ гэсэн. Би арын өрөөнд унтаж байсан болохоор турсиктэйгээ босоод заал руугаа гараад очиход нэг согтуу танихгүй эрэгтэй хүн ороод ирчихсэн байсан. Тэр согтуу эрэгтэй хүн намайг очиход манай аавыг “Халзан пизда, би та хоёрыг ална” гээд янз бүрээр хараагаад л агсам тавиад байсан. Маш ихээр доромжилж агсам тавьсан. Тэр танихгүй залуу их согтуу байсан. Би тэр залууд хандан “Чи хэн юм бэ, хар шөнө орж ирчихээд юу гээд байгаа юм бэ” гээд заалнаас түлхээд гадагшаа гаргах гэсэн чинь гарахгүй гээд намайг түлхсэн. Тэр залуу гарахгүй гээд “Миний биед битгий хүрээд бай, пизда минь” гээд намайг түлхсэн. Би араас нь тэврээд өргөөд хаалган дээр очиход тэр залуу хаалгыг 2 гараараа алдалчхаад гарахгүй байсан. Би түүнийг тавьсан чинь эргэж хараад намайг гараараа цохих гэхэд нь би хойшоо болж бултаад цохиулаагүй. Намайг цохих гэхээр нь би зөрүүлээд цохих гэсэн чинь надаас түрүүлээд миний бэлэг эрхтэнээс бариад авсан. Тэгсэн чинь аав бид хоёрыг түлхэж салгаад би дотор тэр залуу гадагшаа гарсан. Тэр залуу манай үүдэнд байдаг сандал дээр суучихсан байсан. Тухайн үед шөнө манай паб руу согтуу хүн орж ирээд аавыг маань элдвээр хэлж, үгээр доромжлоод ална гээд байсан болохоор миний уур их хүрсэн байсан. Аав бид хоёрыг салгачихаад цаашаа очиж утсаар цагдаа дуудахаар явсан. Тэр үед нь би гадагшаа гарахад тэр залуу үүдний сандал дрээр сууж байсан. Би ойртож очиход миний бэлэг эрхтнээс базаад авсан.  Би гараараа түлхээд хойшоо болоход түүний гар нь миний дотуур хувцасыг зуурч байгаад тавигдахад дотуур хувцас урагдсан байсан.  Нөгөө залуу дахиад миний бэлэг эрхтнээс баруун гараараа маш чанга базаад одоо чамайг яахыг чинь харъя гээд татсан. Энэ үед аав дотроос гарч ирээд тэр залууг түлхээд тавиулсан. Би дотогш орж богино өмдөө өмсчхөөд буцаад ирэхэд тэр залуу зугтаачихсан байсан. Аав бид хоёр дотогшоо ороод хаалгаа түгжих гэсэн чинь гацчихсан байсан. Тухайн үед миний бэлэг эрхтнээс доошоо юм гоожоод байх шиг болохоор нь харсан чинь зүүн талын төмсөг тэр чигээрээ гарч ирээд доош унжчихсан байсан. Сандраад шууд эмнэлэгт 03 цаг өнгөрч байхад очоод хүлээн авахын эмчид үзүүлтэл хагалгаанд орох юм байна гэж хэлээд намайг 3 давхар луу авч гарсан. Төд удалгүй эмч нар ирээд хагалгаанд орсон. Надад гэмтэл учруулсан залууг өмнө нь таньдаггүй байсан. Би харвал танина. Тэр залуу их согтуу байсан. Миний бэлэг эрхтний зүүн талын төмсөг нь доошоогоо гараад ирчихсэн, тодорхой хэмжээгээр цус алдсан байсан. Дээрх үйл явдал маш түргэн хугацаанд болж өнгөрсөн. Үүнээс болоод би тухайн шөнө аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасагт яаралтай хагалгаанд орсон. Би тухайн үед согтуу байгаагүй, архи хэрэглэдэггүй. Би хагалгаанд ороод 6 хонож байна. Биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа боловч маш их зовиуртай байгаа. Маргааш буюу 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх гэж байгаа. Өглөө бүр өвчин намдаах лаа хийж байж өвдөлтийг нь намдааж байна. Хагалгааны оёдлууд нь чимчигнэж өвдөөд маш их зовиуртай байна. Гомдолтой байна. Эмчилгээ болон бусад зүйлд гарсан зардлуудыг бүрэн төлүүлж авна. Хойшдоо ямар үр дагавар гаргахыг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Хишигжаргалын... “Би тухайн өдөр Дэлгэрэх зочид буудалд жижүүртэй байсан. Шөнийн 01 цаг жаахан өнгөрч байсан. Би буудлын гадаа Даваадоржтой тааралдсан. Түүнтэй уулзахад “Найзуудаа хайж байна. Танай буудал руу хүн орсон уу?” гэж надаас асуусан. Би ямархуу хүмүүс хайж байгаа юм гэхэд манай найзууд л гэж надад хэлсэн. Хишигээ ах та танихгүй гэсэн. Би түүнийг одоо харь гэсэн чинь “Хишигээ ах би одоо хойшоо “Марвэль” паб руу явлаа, та намайг хүргээд өг” гэсэн. Би хүргэж өгсөн. Даваадорж хаалгыг нь нүдэхэд хаалгаа тайлахгүй байсан. Д үүдний сандал дээр суугаад утсаар ярьж байгаад надад “Би найзтай утсаар ярьчихлаа” гэсэн. Тэгээд би яваад өгсөн. Д утсаар яриад үлдсэн. Д  архи үнэртүүлчихсэн байсан. Ямарч байсан үйл хөдлөлөө хянах чадвартай, утсаа аваад хүнтэй яриад, надтай зүгээр харьцаад нэг их согтуу биш байсан Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Түүний биед гэмтэл шарх үүсээгүй байсан. Бид хоёр Марвэлийн гадна очоод 20 минут орчим болоод би яваад Даваадорж тэндээ үлдсэн. Намайг байхад хаалгаа нээгээгүй, дотор нь хүн байсан үгүйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ганхөлөгийн... “Би “Говийн хөгжил”-ийн ордонд харуулаар ажилладаг юм. Би 24 цаг харуулд гараад 48 цаг амардаг. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-ны хооронд 24 цагийн харуулын үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цаг өнгөрч байхад би объектынхаа гадна тамхи татаад ганцаараа зогсож байхад нэг халамцуу, танихгүй урд сааднаас гарч ирээд “Намайг хүн зодчихлоо, надад утсаа өгөөч, цагдаа дуудах гэсэн юм гэж хэлсэн. Би утсаа өгөөд цагдаа руу яриулсан. Тэр залуутай хамт цагдаа хүлээгээд  ажлынхаа гадна зогсож байхад удалгүй цагдаагийн машин ирсэн. Тэр залууг цагдаа авч яваад би ажлынхаа гадаа үлдсэн. Манай ажлын байранд Юнител, Скайтел, Ломбард, Тэнгэр даатгал, Тэнгэрийн хүрд жолооны сургууль, МАН-ын намын байр зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд зэрэг олон байгууллага байдаг. Юнител тэнд байдаг болохоор Даваадорж Юнителийн манаач гэж ярьсан байх. Тухайн өдөр миний харснаар  өвдөг нь урагдчихсан, хамраас нь цус гарчихсан, шилбэ нь тэр чигээрээ цустай байсан.Тэр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, ухаан мэдрэлтэй л байсан. Надтай хамт 30-40 минут болсон. Би тэр залууг танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Дэмбэрэлтогтохын... “2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр би өөрийн хувиараа ажиллуулдаг “Марвэль” пабаа орой 23 цагийн орчимд хаагаад амарсан. Хүүтэйгээ амарч байтал шөнийн 01 цаг 40 минутын үед манай пабын хаалгыг нүдээд байсан. Энэ үед би унтаагүй кино үзэж байсан юм. Миний төрсөн хүү Дэлгэрбаяр унтчихсан байсан. Хаалга нүдээд байхаар нь сууж байгаад гарсан хүмүүс буцаж ирээд архи авах гээд байгаа юм байна гээд хаалгаа тайлаагүй. Дотор талын камераараа харсан чинь дээгүүрээ шалдан, доогуураа богино өмдтэй 2 танихгүй залуу зогсож байсан. Би согтуу залуус байна гээд хаалгаа тайлахгүй ойролцоогоор цаг нүдсэн. Сүүлдээ тэр согтуу 2 залуу хаалгыг маш хүчтэй мод, чулуугаар нүдээд, хөлөөрөө өшиглөөд байхаар нь цонхны шил, хаалга эвдчихэж магадгүй гэж бодоод хаалга онгойлгох гээд очиход нэг залуу нь үлдчихсэн, нэг нь нуруу нь харагдаад цаашаа явж байгаа харагдсан. Хаалгаа нээгээд өгсөн чинь нэг танихгүй залуу байсан. Би ямар учраас хаалга нүдээд байгаа юм гэтэл тэр залуу найзуудаа хайж байна гэсэн. Манайх хаачихсан байгаа хүн байхгүй гэж хэлсэн чинь тэр залуу үгүй танайд манай найзууд байх ёстой гээд байсан. Би “Хэн юм бэ” гэж асуухад “Тодоо” гэж хэлсэн. Тэр Тодоог нь би таньдаг манайд сууж байгаад 22 цагийн үед ямар архи дарс уугаагүй гараад явсан. Тэр согтуу залууг би хаалга эвдчихлээ ороод үз гэж хэлсэн чинь орохгүй, манай найзыг дууд гээд байсан. Тэгээд би арай гэж оруулаад ирсэн чинь намайг хэл үгээр доромжлоод намайг “Ална, чи манай найзуудыг зодсон гэсэн, чи манай найзуудыг зоддог хэн бэ одоо би найзуудынхаа өшөөг авч чамайг ална. Халзан Дээгий минь” гээд байсан. “Ах нь танай найзуудыг зодож цохисон асуудал байхгүй, харин ч танай найзууд манай хаалга үүдийг цөм өшиглөөд л явцгаасан. Ах нь эвдүүлсэн хаалгаа төлүүлээгүй өөрөө янзалсан” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу надад би чамд 1000000 / нэг сая/ төгрөг өгье гээд агсраад байсан. “Ах нь чамаас мөнгө авахгүй, одоо чи яв” гэсэн чинь над руу “Чи намайг чаддаг юм бол зодчих” гээд дахиад агсраад байсан. Бид хоёрыг маргалдаж байхад манай хүү сэрчихсэн хүрээд ирсэн. Тэгээд манай хүү тэр залууд хандан “Чи миний аавыг доромжилдог хэн юм, гар” гээд түлхээд түрсэн чинь нөгөө залуу гарахгүй гээд тэр хоёр зууралдаад авсан. Энэ үед нь би хүүдээ “Наад залуугаа цохиж болохгүй шүү, гай болно, аав нь цагдаа дуудъя” гээд цагдаа руу залгасан. Манай хүүтэй зууралдаад гадаа байхад нь цаад амралтын өрөө рүүгээ ороод шортоо өмсөөд гараад ирэх хооронд манай хүү “ёооё аллаа” гээд орилоод байсан. Тэгээд очоод харахад тэр залуу төмсөгнөөс нь гараараа базчихсан байсан. Тэгээд би очоод тэр залууг салгах гээд толгойг нь гараараа уургалаад дарсан чинь миний гар доор бүтэн эргээд зугтаагаад явчихсан. Тэгээд явчихаар нь хүүтэйгээ хамт хаалгаа үүдээ хаах гэсэн чинь хаагдахгүй болохоор нь хаалга янзалчихаад байж байсан чинь Дээгий “Аав миний бие нэг сонин болчихлоо” гэж хэлсэн. “Яасан хаана чинь” гээд асуухад өмдөө шувтлаад үзүүлтэл доошоо 2 гуяыг нь дагаад цус урсчихсан, төмсөг нь бүлт гарч ирээд унжчихсан байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлтэл жижүүрийн эмч нь мэс заслын эмчид үзүүл гээд эмчийг нь хүлээж байгаад үзүүлтэл хагалгаанд ор гээд хагалгаанд орсон. Эмчтэй нь уулзахад унжсан байсан төмсгийг хийгээд төмсөгний урагдсан арьсыг оёсон байгаа өөрийнхөө зүгээс хийх эмчилгээгээ хийсэн ямарч байсан 5 хоног хараад болохгүй бол яаралтай хот руу явж эмчлүүл гэсэн. Би гомдолтой байна. Зүгээр амрах гээд байж байгаад өөрсдөө согтуу орж ирээд агсан тавиад улмаар хүүгийн минь бие эрхтэнд халдсан. Одоо хүү минь эмнэлэг дээр хагалгаанд орчихсон байгаа. Хойшид залуу хүнд ямар нэгэн хор уршиг учрахыг мэдэхгүй. Шалгуулдаг журмаар нь шалгуулна, эмчилгээнд гарсан бүх зардлыг нь гаргуулан авна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярбатын... “Би тухайн үед жижүүрийн офицероор ажиллаж байсан 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагийн үед Марвэлийн гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагаар очсон. Дуудлагад жолооч Д.Батсайханы хамт очсон. Дараа нь Мөнх-Эрдэнэ ирсэн. Бид нарыг очиход тэр газарт дуудлага өгсөн хүн байгаагүй, бид нар тойроод явж байгаад Юнителийн үүдэнд нэг залуу сууж байсан тэр залуутай уулзахад би дуудлага өгсөн юм гэж хэлээд сууж байхаар нь машинд суулгаад эмнэлгийн гадаа очсон. Би эмнэлэг ороод юу болсон талаар асуухад төмсгөө базуулсан гэх хүн ирээд оёдол тавиулж байгаа гэж хэлсэн. Эмнэлгээс гараад ирэхэд жолооч Батсайхан нөгөө хүн зугтаагаад явчихлаа гээд байж байсан. Марвэль орж юу болсон талаар асуухад нэг танихгүй залуу ирээд хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлсан чинь миний хүүгийн төмсгийг базчихаад зугтаасан гэж хэлсэн. Тэгээд байж байхад нөгөө залуу урдаас гараад ирсэн. Марвэлийн хүн энэ залуу манай хүүгийн төмсгийг базсан залуу байна гэсэн. Түүнийг барьж ирээд эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Д.Батсайханы... “2017 оны 7 дугаар сарын эхээр байсан санагдаж байна шөнө Марвэлийн гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагаар очсон. Дуудлагад Баярбаттай хамт очсон. Дараа нь Мөнх-Эрдэнэ ирсэн. Бид нарыг очиход тэр газарт нь дуудлага өгсөн хүн байгаагүй, бид нар тойроод явж байгаад Юнителийн үүдэнд нэг залуу би дуудлага өгсөн юм гэж хэлээд сууж байхаар нь машинд суулгаад эмнэлгийн гадаа очсон. Би түүнээс юу болсон талаар асуухад “Намайг хүргээд өгвөл өгчих” гэж хэлж байснаа гэнэт машины хаалга нээгээд зугтаасан. Би араас нь түүнийг хөөсөн чинь Баярбат эмнэлгээс гараад ирсэн. Хамтдаа тэр хавиар хайхад олдоогүй. Буцаад Марвэлийн гадаа ирэхэд нөгөө залуу ирсэн байсан. Нөгөө залууг суулгаад цагдаа дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Д.Алтанхүүгийн... “2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр би Цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан. Шөнө 03 цаг 50 минутын үед Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авахын сувилагч Жавзмаа хүлээн авах дээр 25 настай Д.Дэлгэрбаяр гэгч нь төмсгөө няцлуулсан байдалтай ирлээ гэсэн дуудлага ирүүлсэнг хүлээн аваад ерөнхий жижүүр Баярбат, ахлах дэслэгч, эрүүгийн мөрдөгч Мөнх-Эрдэнэ нарт мэдэгдэж жолооч Батсайханы хамт дуудлага өгсөн газар руу явсан. Марвэлийн гадна хүн зодуулсан гэсэн дуудлага ирээгүй, эмнэлгээс дуудлага ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Ж.Гэрэлт-Одын... “Даваадорж бид хоёр энгийн сайхан найзууд байгаа юм, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, Даваадоржийг ямар хүнтэй хаана яаж маргалдаж зодолдсоныг нь харсан зүйл байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-ны шөнө 04 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг болох 17 дугаар байранд байрлах гэртээ амарч байхад Дав орж ирээд “Марвэль” баарны хүнд зодуулчихлаа, надтай хамт явж миний гар утас, гутал, фудволкаа олж авмаар байна гээд намайг дагуулаад явсан. Даваадоржтой хамт гэрээс явган гараад манай гэрийн зүүн талд байгаа Марвэль баарны гадаа нь очиход  цагдаагийн машин ирчихсэн байсан. Нэг цагдаа Д гар утсыг барьчихсан, энэ таны утас мөн үү гэж хэлж байсан. Баарны дотроос хоёр цагдаа гарч ирээд Марвэль баарны эзэн, мөн Д бид хоёрыг машинд суулгаад аваад явсан. Даваадоржийг түр саатуулсан байх намайг согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгаад явж амар гээд явуулсан. Даваадорж манай гэрт ирэхдээ доогуураа шорттой, дээгүүрээ хувцасгүй ирсэн. Цээжин бие, нүүр хэсэг нь цус болчихсон байдалтай ирсэн. Шөнө байсан болохоор ямар гэмтэлтэй байгааг сайн харж чадаагүй. Даваадорж нь их даруухан зантай хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/

Гэрч Ш.Галтхүүгийн... “Би тухайн үед Б.Даваадоржийг ямар хүмүүстэй хаана яаж маргалдаж зодолдсоныг хараагүй, сүүлд нь би Дээгий гэдэг хүнтэй уулзахад баруун гар нь хавдчихсан байхаар нь асуухад “буруу цохиод гараа гэмтээчихсэн, Даваадоржтой маргалдаад гараа гэмтээчихсэн” гэж хэлж байсан. Даваадорж их даруухан зантай, хүнд их тусархуу залуу. Архи нэг их уугаад байдаггүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Даваадоржийн... “Би 2017 оны 07 дугаар сарын 02-ны 02 цагийн орчимд “Марвэль” паб руу найзыгаа хайж очсон. Тэгэхэд гадаа хаалга нь цоожтой, дотроо гэрэл нь асаалттай байсан. Би хаалгыг нүдээд нэлээн удаж байж хаалгаа тайлж өгсөн. Дээгий хаалгыг нээсэн. Дээгийгээс “Манай найз байна уу?” гэж асуухад “Найзууд чинь байхгүй байна, эсвэл ороод үз” гэсэн. Орж үзээд манай найзууд байхгүй байсан болохоор нь гараад явсан. Тэгээд үүднийх нь сандал дээр сууж байсан чинь дотроос хүүхэд нь гарч ирээд намайг шууд зодоод эхэлсэн. Тэр залуу намайг толгой, хамар, шилбэ хүзүү рүү цохисон. Энэ үед нь би доошоо хараад нүүрээ дараад суусан. Доошоо хараад сууж байхад намайг тэр 2 дээрээс шилбэ хүзүү рүү цохиод байхаар нь намайг зодоод байсан залуугийн миний гар хүрэх газраас нь татаад өөрийгөө чөлөөлөөд цаашаа зугтаасан. Удирдлагын ордны баруун талд байдаг Юнителийн манаач залуу дээр очоод би зодуулчихлаа гээд, хамраас цус гарсан байсан учраас дотогш орж угаагаад, тэгээд тэр манаач залуугийн утсаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаагийн машинтай 2 цагдаа ирээд машинд нь суусан. Ирсэн цагдаад нь би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр цагдаагийн машинтай эмнэлгийн гадаа очиж зогссон. Энэ үед нь нэг цагдаа нь эмнэлэг рүү орсон. Би нэг цагдаатай нь хамт машинд үлдсэн. Цагдаагаас “Яагаад энд ирж зогсож байгаа юм бэ, би цагдаа руу явна гэж бодож байсан” гэж хэлсэн. “Намайг сууж бай” гэхээр нь би найзтайгаа уулзаад эмнэлэг, цагдаад дараа нь хандъя гэж бодоод машинаас буугаад явсан. Тэндээсээ найз Тодоогийнд очсон. Найз нь зодуулчихлаа бас утас, өмсөж явсан табчик байхгүй байна гэж хэлээд Марвэлийн гадаа байж магадгүй гэж бодоод Тодоо бид хоёр Марвэлийн гадна очиход тэнд цагдаа нар ирчихсэн байсан. Шөнийн 04 цаг өнгөрч байхад би цагдаагийн машинд суугаад цагдаа дээр ирсэн. Дээгий ах гэж “Марвэль” пабийн эзэн байгаа юм. Бүтэн нэрийг нь Дэмбэрэлтогтох гэдэг. Би Дээгий ах гэж дууддаг. Хүмүүс ер нь Дээгий ах гэж дууддаг. Хаалгаа нээж өгөхдөө намайг шөнө орой болчихоод байхад хаалга үүд нүдээд, эвдчихлээ гэдэг байдлаас болж маргаан үүссэн. Өөр зүйлээс болж маргаагүй. Би утсаа олж авсан. Нэг табчикаа олоогүй. Би архи уусан байсан. Сүүлд цагдаа дээр ирээд согтуурал хэмждэг багажаар үлээлгэхэд 1.4 хувь гарч байсан. Тухайн өдөр би 21 аймгаас ирсэн сэтгүүлч нартай уул руу хамт явж тэндээ очоод пиво ууж байгаад буцаад аймаг дээр сэтгүүлч нарын буудаллаж байсан “Дэлгэрэх” зочид буудалд 5-6 найзынхаа хамтаар 2 шил 0.75 граммын Болор архи хувааж уусан. Би өөрийнхөө үйл хөдлөлийг хянах чадвартай байсан. Дэлгэрбаяр гэдэг залуу намайг зодсон. Дээгий ах бас араас хүзүү рүү цохисон. Би доошоо харж байсан учраас юугаар цохисонг нь хараагүй. Дээгий ах миний араас татахаар нь би зугтаасан. Би Дээгий ахыг танина, хүүг нь танихгүй. Толгой хүзүү, доод уруулын дотор тал язарсан, баруун хөлийн тойгны арьс нь урагдсан. Баруун хөлийн өвдөгний шарх жаахан зовиуртай байгаа, бас толгой өвдөөд байгаа. Шөнө харанхуйд зугтааж байхдаа би бүдэрч унасан. Зугтаагаад Юнителийн манаач дээр очиход өвдөгний тойгны арьс урагдчихсан цус гарч байсан. Зодуулсандаа гомдолтой байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Б.Ганшагайгийн ...” Б.Даваадоржийн биеийн баруун өвдөгний няцарсан шарх нь ямар нэгэн хатуу биед ашиглахгүйгээр зөвхөн дан ганц хүний гараар үүсэх боломжгүй. Баруун өвдөгний няцарсан шарх нь хатуу биет болон шороо, цементэн шат, зам дээр унахад үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №316 дугаар дүгнэлт:

1. Д.Дэлгэрбаярын биед зүүн төмсөгний хуйхнагны арьс урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №319 дүгээр дүгнэлт:

1. Б.Даваадоржийн биед баруун өвдөгний няцарсан шарх, баруун тохой, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27 дугаар хуудас/,

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №319 дүгээр дүгнэлт:

1. Б.Даваадоржийн толгой, хүзүү, нуруунд гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Д.Дэлгэрбаяр урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 54, 59 дүгээр хуудас/,          

Д.Дэмбэрэлтогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 58 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн 1728000030007 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут 7 дугаар багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №677 тоот тодорхойлолтод: “Батчулуун овогтой Даваадорж нь Даланзадгад сум, Оюутын 7 дугаар багийн 11-10 тоотод ам бүл 3-уул оршин сууж байгаа нь үнэн болохыг тодорхойлов.” гэх /хх-ийн 45 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Даваадоржийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46 дугаар хуудас/

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Б.Даваадорж урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 55, 57 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 37-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Даваадоржийн гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Даваадорж хохирогч Д.Дэлгэрбаярын халдашгүй байдалд шууд санаатай халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан буюу хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Даваадорж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож , мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Дэлгэрбаярын хохиролд 3075000 төгрөг нэхэмжилснээс 569660 төгрөгийг хэсэгчлэн хангаж,  хохирогч Д.Дэлгэрбаяр цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон 2.446.440 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ. Учир нь: хэрэгт авагдсан хохирогч Д.Дэлгэрбаярын гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох Бүсийн оношлогооны эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 507960 төгрөг, “Монгол эм импекс” ХХК-ийн Өмнөговь аймгийн эмийн сангаас эмчилгээнд зориулсан авсан-3200 төгрөг, 1150 төгрөг, 9500 төгрөг, 4250 төгрөг /хх- дугаар хуудас/, “Сувдбаяр фарм” ХХК-ийн эмийн сангийн-10200 төгрөг, 10500 төгрөг зэрэг нотлох баримтаар гэмтлийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохиролд, хот хоорондын зорчих тасалбарын -22900 төгрөг нь Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явсан зардал бөгөөд шууд бус хохиролд тус тус  тооцогдож байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан “Петростар”, “Ник”, “Шунхлай” зэрэг шатахуун түгээх станцаас шатахуун авсан-150000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны пост машины гүйлгээ-10000 төгрөг, Хас банкны пост машины гүйлгээ-50000 төгрөг, “Дакал фарм” эмийн сангаас- 564440 төгрөгийн эм тариа худалдан авсан баримт, ажилгүй байсан хугацааны цалин-1692000 төгрөг зэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Учир нь: хохирогч Д.Дэлгэрбаяр нь гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа ямар хугацаанд алдсан болох нь тодорхойгүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авсан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин 1692000 төгрөгийг гаргах боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэлд хэлэлцэгдээгүй орхисон 2446440 төгрөгийн нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага нь хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Шударга ёсны зарчимд нийцэх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадоржийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, хохирогч Д.Дэлгэрбаярт хохирол 569660 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар нөхөн төлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадорж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадорж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч овгийн Б Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дээс с 569660 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гаргуулж хохирогч Г овгийн Дын Д /РД: /-т олгуулах,  хохирогч Д цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон 2.446.440 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ