| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/02416/и |
| Дугаар | 1858 |
| Огноо | 2019-11-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1858
МАГАДЛАЛ
2019.11.01 Дугаар 1858 Улаанбаатар хот
Д.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/02416 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.А-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.С
Хариуцагч: Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.А-тэй 2012 онд танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоотой болж 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлээ батлуулж хамт амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин А.Э мэндэлсэн. Нөхөр Д.А нь хувийн шинжтэй хэл амаар доромжлох болж энэ асуудалдаа гэр бүлийнхнийг минь хүртэл хамруулж удам муутай, удам муутыг босгоороо гишгүүлсэн гэх мэтээр доромжилдог, өрхийн тэргүүний хувьд гэр бүлээ авч явах санаа сэтгэлгүй байдаг. Мөн 2015 оны 1 дүгээр сард охиноо төрүүлээд удаагүй байхад надад гар хүрэх болж, энэ байдлыг нь уучилж байсан хэдий ч өөрчлөгдөөгүй. Ер нь хамт амьдрах хугацаанд гэр бүлийн хэрүүл, маргаан тасрахгүй ингэх бүртээ намайг сэтгэл санаа, хэл амаар байнга доромжилж байсан нь надад маш хүнд тусч байж суухын аргагүй болгодог байсан. Д.А нь огцом ууртай догшин авиртай уур нь хүрсэн үедээ хэнтэй ч хамаагүй хэрэлддэг байсан. Нөхрийн зүгээс гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж муу, гэр орны асуудлыг би өөрөө л зохицуулахын хажуугаар суралцаж байсан. Эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.Э-г миний асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие хамтран амьдрах хугацаандаа амьдралын нөхцөл бололцоогоо чадах хэмжээндээ сайжруулахыг хичээж манай ээж, аавын тусдаа гарахад авч өгсөн 2 өрөө байрыг зарж ахиулан сайжруулж мөн автомашинаа дөрвөн удаа шинэчилж боломжоороо хичээсээр ирсэн. Хамт амьдрах хугацаанд Д.Х тасралтгүй сурсаар ирсэн бөгөөд нэг ч удаа ажил хийж байгаагүй. 2018 оны 09 дүгээр сард Д.Х нь үргэлжлүүлэн БНХАУ-н Засгийн газрийн тэтгэлэгт хамрагдан БНХАУ-н Чэнгду хотод суралцахаар явсан бөгөөд ярилцан тохиролцсоны үүднээс байраа зарж тодорхой хэмжээний хувийг миний бие хувийн бизнесдээ оруулж Д.Х-ын БНХАУ руу явах зардал мөнгийг мөн шийдсэн юм. Ингээд БНХАУ-д суралцах хугацаанд миний бие Монголдоо охиноо харж ажлаа хийдэг байсан. БНХАУ-д суралцаж байх хугацаандаа удаа дараа маргалдаж салах саналыг тавьж байсан бөгөөд миний бие өрхийн тэргүүн эцэг хүний үүргээ ухамсарлан зөвшөөрөөгүй юм. Д.Х өвлийн амралтаараа Монгол улсад 2018 оны 02 дугаар сарын эхээр ирэхэд нь гэр бүлээрээ БНХАУ-руу хамтдаа явахаар шийдэж ажлаа орхин машин тэргээ зараад 2018 оны 05 дугаар сар хүртэл БНХАУ-д гэр бүлийн хамт амьдарсан. Тэнд байх үед цаг агаарын таагүй байдал үүсэж охиноо аван 05 дугаар сарын үед Монголд ирсэн. Миний бие элдэв янзын олон аргаар салахгүй байх гэж гуйсан боловч нэхэмжлэгч нь хамт амьдрах боломжгүй, дахиж уулзахгүй, бүр харьцахгүй гэж эцэг эхээрээ надруу хэлүүлэх болсон. Хүүхдийн мөнгийг шүүхээр тогтоосны дагуу хүүхдийн хадгаламж байдлаар өгч охинтойгоо байж болох хамгийн их цагаар уулзах гэсэн хүсэлтэй байна. Гэрлэлтээ цуцлуулж, үр хүүхдээ өнчрүүлэх хүсэл надад байхгүй. Д.Х, түүний эцэг эх салахыг шаардаж байгаа учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин одоо Д.Х-ын нагац эгчийнд нь байгаа, би амралтын өдрүүдээр хүүхэд дээрээ очиж уулзаж, анхаарал халамж тавьж байгаа гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х-ынгаргасан Д.А-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106 068 төгрөгийг улсын орлого болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 132 төгрөгийг Баянзүрх дүүргийн Улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Х-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэсэн эрх ноцтой зөрчигдсөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэл, шалтгаан тогтоогдохгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн нь гэрлэлтийг заавал гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдсны дараа цуцлах ёстой өөрөөр хэлбэл хэн нэгний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал эрсдэлд орсны дараа гэрлэлтийг цуцлах ёстой мэтээр шийдвэрлэсэн нь туйлын харамсалтай нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлж хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах эрхийг ноцтой зөрчсөн байна. Хариуцагч Д.А бидний хувьд зан харилцааны маш таарамжгүй байдалтай сүүлийн 7 жил хамт амьдрахдаа хэрүүл маргаан огт тасардаггүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй, нөхрийн зүгээс гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй зөвхөн эд хөрөнгө, удам судар, ашиг сонирхол ярьдаг хэл амаар байнга доромжилдог нь надад маш хүндээр тусч цаашид хамт амьдрах сэтгэлзүйн ямар ч боломжгүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хариуцагч бид хоёр өмгөөлөгчийн хамтаар биечлэн оролцож эвлэрүүлэн зуучлагч бүх талаар эвлэрүүлэхээр яриа хэлэлцээр хийсэн ч бид эвлэрэх боломжгүйгээ илэрхийлж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, тэрчлэн хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчдын тайлбар, хэргийн үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Д.А-д холбогдуулж гэрлэлт цуцлуулах, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин А.Э-г өөрийн асрамжинд үлдээх, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
Гэрлэгчид гэрлэлт цуцлах асуудлаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон тул дуусгавар болгосон нөхцөл байдал тогтоогдож байх боловч хүүхдийг хэний асрамжид үлдээх эсэхийг тодруулаагүй байх тул уг асуудлаар гэрлэгчид тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийг шүүх шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлж чадаагүй байна.
Зохигч нар нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлээ бүртгүүлсэн, хоорондын таарамжгүй харьцааны улмаас гэрлэлтээ цуцлахаар болсон бөгөөд охин А.Энь Д.Х-ын эгчийн асрамжинд байдаг нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.”, 26.2 дахь хэсэгт “Эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар хүүхдийн асрамжийн асуудал болон тэтгэлгийг хэрхэн төлөх талаар талууд мэтгэлцээгүй байна. Тодруулбал, хүүхэд хэний асрамжид үлдэх зэргээс хамааран амьдрах орчин, асран хамгаалах үүргийг хэнд хариуцуулахыг тодорхой болгох шаардлагатай юм.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасны дагуу эцэг Д.А, эх Д.Х нарын хэн аль нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймээс охин А.Э нь эцэг эхийн хэн альны асрамжид үлдэхээс үл хамааран талууд хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болох учиргүй болно. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн эгчийн асрамжид охиныг үлдээснээр түүний хүмүүжил, эрх ашигт хэрхэн нөлөөлөх, мөн нэхэмжлэгчийн хүүхдийг өөрийн асрамжид авах нь хүүхдэд одоогийн нөхцөл байдлаас илүү давуу болохыг баримтаар нотлоогүй байна.
Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн заалтыг шүүх хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримтыг зөв тогтоохын тулд холбогдох баримтыг гаргуулах нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэх ажиллагаа юм.
Дээрх үйл баримт буюу хүүхдийн асрамжийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/02416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
М.НАРАНЦЭЦЭГ