Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

 

    Г.Б-д холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Энхтуул, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-д холбогдох, 2135000000167 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ч ургийн овогт Г-ын Б  Увс аймгийн .. суманд төрсөн.. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: оо97110238,

Шүүгдэгч Г.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг “Тарлан” гэх газраас 14.21 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж ойн экологи эдийн засагт 3.355.222 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас: Ч ургийн овогт Г-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч ургийн овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 20’000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүхийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 14.21 метр куб нойтон бургас модыг тус тус шүүгдэгч Г.Б-ас хураан авч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж,

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-ас 10’065’666 /арван сая жаран таван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл 14.21 метр куб нойтон бургас модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

Шүүгдэгч Г.Б-ас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Г.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө Увс аймгийн Түргэн сумын нутаг “Тарлан” гэх газраас 14.21 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж ойн экологи эдийн засагт 3.355.222 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүх Г. Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хууль бусаар бэлтгэсэн гэх 14.21 метр куб модны үнэлгээ болох 3.355.222 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Учир нь:

2021 оны 10 сарын 19-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Б-ын бэлтгэсэн гэх 14.21 метр куб нойтон бургасны ойн экологи эдийн засагт 3.355.222 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэгт аливаа эд зүйлийн хохирлын үнэлгээг тогтоохдоо мэргэжлийн үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээгээр үнэлж хохирлыг тогтоодог. 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 17 тоот дүгнэлтийг Түргэн сум дахь ойн ангийн дарга М.Д гаргасан байдаг. Тэрээр уг дүгнэлтийг гаргахдаа ямар шинжилгээний аргачлалаар 14.21 метр куб гэж тогтоосон, уг бургас мод 3.355.222 төгрөгийн үнэтэй болохыг хэрхэн харьцуулж дүгнэсэн үзүүлэлтээр хийсэн нь тодорхойгүй. Мөн гаргасан дүгнэлтийн талаар шинжээчээс тодруулсан мэдүүлэг авагдаагүй байна.

Шинжээч нь уг нойтон бургасны үнэлгээ хийхдээ эрүүгийн хэрэгт хураагдсан модыг газар дээр нь үзэж үнэлгээ хийгээгүй, зөвхөн хэрэгт авагдсан зураг, модонд хийсэн үзлэг, тэмдэглэлийг харж үнэлгээ гаргасан нь хуулийн дагуу гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, бургасанд дахин үнэлгээ хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны хяналтын прокурор Х.Энхтуул би, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна.

Шүүгдэгч Г.Б 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Түргэн сумын нутаг “Тарлан” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 14.21 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэж ойн экологи эдийн засагт 3.355.222 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 155 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэсний дагуу хохиролд 10.065.666 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр модонд экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 17 дугаар дүгнэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтээр “шүүгдэгчийн мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй байх ба 14.21 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 3’355’222 төгрөгийн хохирол учруулсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “нойтон бургас модны зах зээлийн үнэлгээнд тулгуурлан шинжээчийн дүгнэлт гарах ёстой. Мөн шинжээч нойтон бургас модны дүгнэлт гаргахдаа зөвхөн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэсэн ба нойтон бургас мод байгаа газарт очиж шинжээчийн дүгнэлт гаргаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байсан.

Зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн ойн экологид учирсан хохирлыг Монгол улсын Засгийн газрын 176 дугаар тогтоолыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоодог. Нойтон бургас модын зах зээлд худалдаалагдаж байгаа үнэ өртгөөр хохирлын хэмжээг тогтоох боломжгүй ба нойтон бургас мод зах зээлд зарагддаггүй.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар бургас модыг сийрэг үнэлгээгээр үнэлдэг. Увс аймгийн Түргэн сумын ойн ангийн инженер Ц гэх хүнийг оролцуулж хэргийн газрын үзлэг болон модонд үзлэг хийсэн байдаг. Хэрэгт авагдсан уг нотлох баримтуудыг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан. Шинжээч заавал очиж үзэж байж дүгнэлт гаргана гэсэн ойлголт байхгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв..

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б-д холбогдох 2135000000164 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 26-аас 28-ны  өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Тарлан” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 14.21 м3 хэрэгцээний, нойтон бургас мод хууль бусаар бэлтгэж, ойн экологи эдийн засагт 3.355.222 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн  

-хэргийн газарт үзлэг хийсэн : “ Уг газар нь бургас мод бүхий ойн сан байв. Уг газарт шинээр бэлтгэсэн модны цовднууд байх ба уг цовднууд ямар төрлийн модны цовд болохыг ойн ангийн инженер Цэвэгмэдээс тодруулахад бургас модны цовд байна гэв .Уг хэсгээс хурц иртэй багаж хэрэгсэл ашиглан цавчиж бэлтгэсэн ул мөр байв. Уг газраас Г.Б малын хашаа барихаар бургас мод бэлтгэсэн гэж ярьж байв”  үзлэгийн тэмдэглэл // 1хх-ийн 3/,

- Түргэн сумын ойн ангийн инженер Б.Ц-ийг оролцуулан  2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Түргэн сумын 2-р багийн нутаг Тарлан гэх газар байх бургас модоор барьсан өвсний хашаа, малын хашаа болон хашааны дэргэд хураасан бургас модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн  7-9/,

-хэрэгт хохирогчоор тогтоогдсон Түргэн сумын засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Д.О-ын : “Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Г.Б гэх хүн Түргэн сумаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Г.Б-ын зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг нэхэмжилж байна”гэх мэдүүлэг / хх-ийн  25-26/

-гэрч Ж.Х/ Түргэн сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч /-ын  :  “ 2021 онд Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Овоон булан, Шургац гэх газруудаас 6 га газарт талбайн тусгаарлалт хийж, түлш болон хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгосон, манай сумын нутаг дэвсгэрээс Г.Б гэх хүн ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 28 /,

- гэрч Н.Ж-гийн : “тухайн модыг 9 дүгээр 26-аас эхлэн манай өвөлжөөний урд талаас Г.Б ганцаараа бэлтгэж, ганцаараа зөөж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 33/

-гэрч З.Б-ийн:  “цагдаа Т-ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модыг гаднаа буулгасан, түүнээсээ хашаа барьсан байсан,  уг модыг Г.Б ганцаараа бэлтгэсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / хх 39 дүгээр хуудас/

- гэрч Э.Т-ын : “ Тарлан гэх газар эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Г.Б гэгч нь зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг,/хх 41 дугаар хуудас/

 - яллагдагч Г.Б-ын : “ Өвөлжөөндөө малын хашаа барихаар Тарлан гэх газрын урд талаас бургас мод бэлтгэж, ганцаараа  зөөж  хашаа барьж байхад цагдаа ирээд зөвшөөрөл байгаа юу гэж асуухаар нь зөвшөөрөл аваагүй болохоо хэлсэн” гэх мэдүүлэг /хх 66 дугаар хуудас/,

- бургас модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон : “ Бэлтгэсэн модны хэмжээг сийрэг шоо метрээр хэмжиж гаргав. Мод нийтдээ 14.21 м3 болж байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь бургас мод байна. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг мод нь нойтон мод байна. Модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.355.222 төгрөг /гурван сая гурван зуун тавин таван мянган / төгрөг болж байна”  гэх  2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар шинжээчийн дүгнэлт / хх-ийн 52-53/ зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний, нойтон бургас мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэсэн байна.  

 Шүүхээс шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар  мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд тохирсон, түүнчлэн хууль бусаар 14.21 м3 хэрэгцээний, нойтон бургас мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршгийн хэмжээг зөв тодорхойлжээ.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Д.Л давж заалдах шатны шүүхэд : ”Анхан шатны шүүх Г.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мэргэжлийн үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээ хийлгээгүй, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар дүгнэлтийг үндэслэн, ойн экологи эдийн засагт 3.355.222 төгрөгийг хохирол учирсан гэж үзсэн нь  хууль зүйн үндэслэлгүй, нойтон бургасыг шинжилгээний ямар аргачлалаар 14.21 м3 гэж тогтоон 3.355.222 төгрөгийн үнэтэй болохыг хэрхэн харьцуулж дүгнэсэн үзүүлэлт нь тодорхойгүй, дүгнэлтийг  тодруулж шинжээчээс мэдүүлэг аваагүй, хураагдсан бургасыг шинжээч газар дээр нь ирж үзэхгүйгээр хэрэгт авагдсан зураг, модонд үзлэг хийсэн тэмдэглэлээр үнэлгээ гаргасныг хуулийн дагуу дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, бургас модонд дахин үнэлгээ хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх  гомдол гаргажээ.

Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-т зааснаар Сум дундын болон сум дүргийн ойн анги нь ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх ажил эрхлэн модны үр, тарьц, суулгац худалдаалах, ойд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох эрхтэй байх тул  мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бусаар бэлтгэсэн бургас модны төрөл, хэмжээ, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор    Увс аймгийн Түргэн сум дахь сум дундын ойн ангийн дарга М.Д-г шинжээчээр  томилсон нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ын зөвшөөрөлгүй бэлтгэсэн бургас модонд  үзлэг хийхдээ тусгай мэдлэг бүхий этгээд буюу Түргэн сум дахь сум дундын ойн ангийн ойн инженер Б.Ц-ийг оролцуулж, модны хэмжээг тогтоосон байх бөгөөд мөрдөгч модны төрөл, хэмжээ болон экологи эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор  шинжилгээ хийлгэхдээ хууль бусаар мод бэлтгэсэн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэлийг  шинжилгээний объектоор хүргүүлсэн байна.

Шинжээч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ойн экологи- эдийн засгийн үнэлгээг батлах тухай” А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг баримтлан зөвшөөрөлгүй бэлтгэсэн 14.21 м3  нойтон, хэрэглээний бургас модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон нь үндэслэлтэй  гэж дүгнэлээ.   

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын бургас модонд дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай гомдлыг хүлээн авах хууль зүйн  үндэслэлгүй байх тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛ