Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/MA2017/0521

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр             Дугаар 221/МА2017/0521           Улаанбаатар хот

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ганхөлөг нарыг оролцуулан хийж, Ц.*******ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Б.*******ын давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Наранбулаг сумын 1-р /Гүнбүрд/ багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Наранбулаг сумын 1-р /Гүнбүрд/ багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.******* даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд  давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн иргэн Ц.*******ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга Ч.******* холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Баргад овгийн Батаагийн ******* миний бие Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 33 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Тэрч Б.*******гийн мэдүүлгээс үзэхэд багийн засаг даргын дахин санал хураалтын үр дүнг танилцуулсны дараа гуравдагч этгээд Б.******* " өөр багийн иргэд санал өгсөн" гэж маргасан байгаа бөгөөд тухайн хуралдаанаас "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх" тухай тогтоол, шийдвэр гараагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэжээ. Гэтэл гэрч Б.******* шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ "...Уг тогтоолыг уншиж танилцуулсны дараа өөр багийн иргэд оролцсон байгаа учраас сонгууль хүчингүй болж, хэрэв зөрчилтэй бол дахин сонгууль явуулна гэж хэлсэн", "...Бид нар 6 /зургаан/ хүний зөрүүтэй гарсан саналын хуудсыг хүлээн зөвшөөрч байгаа.", "...Тэргүүлэгчдэд танилцуулаагүй...", "...Санал хураалтын дүнг танилцуулсны дараа маргаан гарсан. Тэгээд би дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж хэлсэн" гэв.

Мөн хариуцагч Ч.Батжаргалын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа "Миний бие 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гүнбүрд багийн Иргэдийн Нийтийн Хуралд ажиглагчийн журмаар оролцсон. Хуралдаан явагдаж өнгөрөхөд багийн Засаг даргад нэр дэвшигч Б.******* нь өөр багийн нэр бүхий хүмүүс орж ирж саналаа өглөө гэж гомдлоо хэлэхэд тооллогын комиссын дарга Б.******* уг хурал хүчингүй боллоо гээд хуралдааныг дуусгасан..." гэх тайлбар зэргээс харахад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10. дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа учраас Засаг дарга иргэн Ц.*******ыг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Түүнчлэн шүүх "2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Ц.*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх" тухай хуулийн хүчин төгөлдөр байхад дахин нэр дэвшүүлсэн. Гэтэл сумын Засаг дарга Ц.*******ыг томилохоос нэг удаа татгалзсан байхад багийн иргэдийн нийтийн хурал дахин хуралдаж санал хураалт явуулах ёстой байсан ба дахин ИНХ-ыг хуралдуулахгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хууль бус хуралдааныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Наранбулаг сумын 1-р багийн ИНХ-ын хуралдааны "Ц.*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх" тухай 04 тоот тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд миний эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 33 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.*******  “... Миний бие Ц.******* нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж, улмаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон нийт хүнээс 212 хүний санал буюу 51.5% хувийн санал авч тус багийн Засаг даргаар сонгогдсон ... Гэтэл Наранбулаг сумын Засаг дарга Ч.Батжаргал нь хууль зүйн үндэслэлгүйгээр ... томилохоос татгалзсан ... дахин нэр дэвшүүлэхэд ... мөн татгалзсан ... Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарснаас хойш одоо сар гаруй хугацаа өнгөрсөн байхад сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ... Сумын Засаг дарга нь ... багийн Засаг даргаар томилохоос татгалзах хуулинд заасан эрхтэй ч гэсэн хуулинд заасан үндэслэл журмын дагуу уг эрхээ хэрэгжүүлэх ёстой ... Багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан хүнийг Засаг дарга өөрийн үзэмжээр, хувийн сонирхлоор ч юм уу, ямар нэгэн намын шугамаар томилохоос татгалзах ёсгүй ...” гэсэн үндэслэлээр “...Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу намайг тус багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.******* даалгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга “... Тус сумын Гүнбүрд багийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн Нийтийн хуралдаанд өөр багийн иргэд оролцсон санал хураалтын дүнд нөлөөлж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалт зөрчсөн гэх гомдол хүсэлт гаргасан нэр дэвшигч Батаа овогтой *******оос сумын Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй мөн шүүхээс ямар нэгэн тайлбар шийдвэр ирээгүй тул Цэгмэд овогтой *******ыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан ... Б.******* шүүхэд хандаж байгаа тул батламжлахыг хойшлуулж өгнө үү гэж өргөдөл өгсөн...” гэж,

Гуравдагч этгээд Б.*******  “...Гүнбүрд багийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн Нийтийн хуралдаанд өрхийн хүн амын бүртгэлд байхгүй иргэд олноор санал өгсөн, ... 2-р санал хураалтанд эхний багийн Засаг даргыг сонгох санал хураалтанд оролцсон 398 иргэн оролцох ёстой байтал 411 хүн санал өгсөн ... 2 дахь санал хураалтанд ирээгүй иргэд эхний санал хураалтанд орчихоод 2-р санал хураалтанд ороогүй иргэд байсаар байтал 398-аас бага тоо гарах ёстой гэж үзэж байна ... тухайн өдрийн хуралдаан нь ямар ч тогтоол шийдвэр гаргахгүйгээр шөнө 00 цаг өнгөрч байхад тооллогын комисс саналын хуудас нэрсийн жагсаалт зэргийг битүүмжлэн дахин хуралдуулахаар тараасан ... байхад 03, 04 тогтоолыг хэн хаанаас гаргаж ирсэн нь тодорхойгүй... энэ талаар сумын Хурал, Засаг даргад бичгээр гомдол гаргасан ч хариу өгөөгүй ... ” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

Нэхэмжлэгч Ц.*******ын “... Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу намайг тус багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.******* даалгуулах ...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “... Ц.*******ыг ... Засаг даргаар томилуулахаар Наранбулаг сумын Засаг даргад санал болгоход ... томилохоос татгалзаж хариу 199 тоот албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1-р /Гүнбүрд/ багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн ... Сумын Засаг дарга ийнхүү татгалзах тухай шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй ... 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ц.*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад дахин нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргах шаардлагагүй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн хурал 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, багийн засаг даргын сонгууль явагдсан байх бөгөөд нэр дэвшигч Б.******* тус хуралд оролцогч иргэдээс 197 хүний санал буюу 47.6% хувийн санал, нэр дэвшигч Ц.******* 212 хүний санал буюу 51.4%  хувийн санал авч, Тооллогын комиссын 04 дүгээр тогтоол гарч, харин тус багийн иргэдийн Нийтийн хуралдааны 03 дугаар тогтоолоор Ц.*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн байх боловч Наранбулаг сумын Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр албан бичгээр “... Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн хурал нь санал хураалтын явцад зөрчил гарсан талаар гэж багийн Засаг даргад нэр дэвшигч Батаа овогтой ******* нь сумын Засаг дарга болон шүүхэд гомдол гаргасан тус Ц.*******ыг томилохоос татгалзаж байна ...” гэж Ц.*******ыг Гүнбүрд багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн ... баг...-ийн Хурлаас нэр дэвшүүлж, ... харьяалах сум...-ын Засаг дарга ... дөрвөн жилийн хугацаагаар томилно” 3-т “...дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг .../-ийн/ Засаг даргыг сум ...-ын Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх зүйл, заалтуудаас үзвэл сумын Засаг дарга нь багийн Засаг даргад томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосон нэр дэвшигчийг эхний удаад татгалзах эрхтэй, уг эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтаар түүнд тусгайлан олгосон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Наранбулаг сумын Засаг даргын  Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тусгайлан олгосон иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосон нэр дэвшигчийг эхний удаад татгалзах эрхийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэсэн нь багийн иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээдийг сумын Засаг дарга “удаа дараа татгалзах” боломжийг хязгаарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмын дагуу иргэдийн Нийтийн Хурлаас дахин нэр дэвшүүлсэн тохиолдолд сумын Засаг дарга тухайн Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор нэр дэвшсэн этгээдийг томилох шийдвэр гаргах үүрэгтэй байхаар зохицуулсан байна.

Гуравдагч этгээдийн “...шүүх “2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ц.*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад дахин нэр дэвшүүлэх тухай тогтол гаргах шаардлагагүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна” гэжээ ...Сумын Засаг дарга ... томилохоос нэг удаа татгалзсан байхад багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж санал хураалт явуулах ёстой байсан ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Хавтаст хэрэгт *******ыг тус багийн Засаг даргаар томилуулах тухай Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 04 дүгээр тогтоол[1],  Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “... Батаа овогтой *******ын шүүхэд гаргасан гомдлын хариу эцэслэн гаргаагүй тул Ц.*******ыг томилохоос татгалзаж байна ...” гэх 02 дугаар албан бичиг тус тус авагджээ.

Гэвч нэхэмжлэгч Ц.*******аас түүнийг Засаг даргаар томилуулахаар уламжилсан Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга татгалзсаныг эс зөвшөөрч маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг “... Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу намайг тус багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.******* даалгуулах ...” гэж тодорхойлсон, шүүх нэхэмжлэгчийн тус шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр албан бичгээр Ц.*******ыг Гүндбүрд багийн Засаг даргаар томилохоос татгалзсаны дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмын дагуу дахин тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан эсэхтэй холбогдуулан нэхэмжлэгч маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ  хүрээнд явагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарсныг мэдээгүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу намайг тус багийн Засаг даргаар томилох байтал сумын Засаг дарга үндэслэлгүйгээр татгалзсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байх бөгөөд хариуцагч, гуравдагч этгээдээс “...Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын даргаар Ц.*******ыг томилохоос татгалзсаны дараа ... Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн хурал дахин хуралдаагүй, Засаг даргын санал хураалт дахин явагдаагүй ...” гэх тайлбар[2]-ыг  нэхэмжлэгчээс үгүйсгээгүй, баримтаар няцаагаагүй, шүүхээс энэ талаар тодруулахыг шаардаагүй зэрэг нөхцөл байдлаас үзвэл Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Ц.*******ыг Гүндбүрд багийн Засаг даргаар томилохоос татгалзсантай холбогдуулан шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэргийн оролцогчдын маргаагүй, асуудлаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгч Ц.*******ыг Гүнбүрд багийн Засаг даргаар томилохоос татгалзсан Наранбулаг сумын Засаг даргын Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон багийн Засаг даргыг томилохоос эхний удаа татгалзах бүрэн эрхийг шууд үгүйсгэж, “ ...Ц.*******ыг  Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргаар томилохыг хариуцагч Наранбулаг сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хууль дээдлэх нь шүүхийн  ... үйл ажиллагааны үндэсэн зарчим мөн” 7.3-т “шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль...-ийг хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.*******ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын “Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу намайг тус багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.******* даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.*******ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ