Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 212

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Х.Батсүрэн

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсэг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0179 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Э,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Гуравдагч этгээд: Д.У, түүний өмгөөлөгч Ш.А,

Гуравдагч этгээд: “Х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М нар,

Гуравдагч этгээд Д.У-ийн өмгөөлөгч Ш.А, “Х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 90 захирамжийн нэхэмжлэгчид холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № А/990 дугаар захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № А/03 дугаар захирамжийн “Х” ТТБ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангасан.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0179 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээд Д.У-ийн өмгөөлөгч Ш.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Гуравдагч этгээд “Х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас өөр байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингуй болгуулах гэж тус тус тодорхойлсон байдаг ба 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад хуралдаан даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, өөрчлөгдсөн зүйл байгаа эсэх талаар лавлаж шүүх хуралдаан үргэлжилсэн ба шүүхээс шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэж танилцуулсан боловч бичгийн хэлбэрээр албажсан шийдвэрт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасан “...Шүүхиш шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

5. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар бодитой дүгнэлт хийгээгүй ба улсын бүртгэлийн гэрчилгээний огноо болон гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүхийн журмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанд нэхэмжлэгч нь 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан байхад 2002 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Г.Х-ын гарын үсэгтэй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн ишйдвэрийнхээ үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан “...Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж тус тус баталгаажуулсан байна” гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

6. Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэхдээ гуравдагч этгээд эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн нэгдсэн лавлагаагаар 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байуулагдсан тухай хоёр гол нотлох баримт хэрэгт авагдсан атал улсын бүртгэлийн байгууллагыг төлөөлөх эрхгүй албан тушаалтны тодорхойлолтыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар үнэлж шийдсэн нь буруу юм.

7. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар газар эзэмшсэн гэх гэрчилгээтэй хэдий боловч газар эзэмших гэрээ, Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр болох маргаан бүхий газарт ямар эргэлтийн цэгт газар эзэмшиж байсан талаарх газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй, баримтгүй атал 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Т” ХХК-ийн /эргэлтийн цэгийг газрын албаны кадастрын мэдээллийн санд ороогүй байхад юуг үндэслэн үйлдсэн нь тодорхойгүй, газар эзэмшсэн гэх цаг хугацаанаас хойш эргэлтийн цэг бэхэлсэн нэгж талбарын зураг гаргуулсан/ эргэлтийн цэг бэхэлсэн нэгж талбарын зургийг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

8. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1837 дугаар албан бичигт “Т” ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг дахь солбилцолтой давхцуулан бусад гуравдагч этгээдийн нэгж талбарын газрын цэгүүдийг харьцуулан зураглалыг хийсэн атал шүүх дээрх албан бичигт дурдсанаар давхцалтай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон төдийгүй Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлстийн газрын зөрчил маргаан, кадастрын зураг хариуцсан мэргэжилтэн Б.У шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүхээс ирүүлсэн албан бичгийг үндэслэн “Т” ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэг бэхэлсэн зургийг кадастрын мэдээллийн санд оруулж давхцлыг гаргасан, мэдээллийн санд оруулалгүйгээр эргэлтийн цэг, давхцлыг гаргах боломжгүй талаар болон “Ө” ХХК-ий эргэлтийн цэгийг тогтоох боломжгүй, хувийн компанийн үйлдсэн кадастрын зургийг үнэн зөв гэж үзэх боломжгүй, 2005 оноос хойш кадастрын мэдээллийн сан үүссэн ба тэдгээрийг үндэслэн кадастрын мэдээллийн санд шивж оруулдаг, газрын албанд хадгалагдсан байдаг гэж хариулт өгсөн нь нэхэмжлэгч нь анхнаасаа эргэлтийн цэг байхгүйгээр байршил тодорхойгүйгээр хууль бусаар газар эзэмшиж байсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаж буй хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 01/715 дугаар албан бичгийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй талаар дурдсан нь эргэлзээтэй ба гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхтэй болсон атлаа 2011 онд гэрчилгээний хугацааг сунгуулах үед эрх зөрчигдсөн талаар мэдэх бүрэн боломжтой талаарх үйл байдлын хувьд шүүх авч үзээгүй ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулсны дараа гэрчилгээ гардаг хуулийн зохицуулалтыг шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар гэрчилгээ авсны дараа гэрээ байгуулсан байхаар урвуу байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

10. Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх нэхэмжлэгч болон хариуцагчаас хамааралгүй байдлаар дуусгавар болсон байх зохицуулалтын талаар гуравдагч этгээдийн зүгээс маргаж байхад шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хамаатуулан дүгнэсэн нь шүүх хэргийг бүхэлд нь үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүйд хүргэж байна.

11. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Ө” ХХК-ийн хооронд байгуулсан гэх “Хамтран ажиллах гэрээ”-ний хувьд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 3.5 га барилга барих тухай заасан байдаг ба маргаан бүхий газар нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг учир байршлын хувьд зөрүүтэй, гэрээ хэзээ хийсэн нь тодорхойгүй, гэрээний гол зүйл болох хэдэн давхар байшин, ямар стандартын дагуу барих талаар тусгагдаагүй, талууд гэрээгээ хэрэгжүүлээгүй атал шүүхээс дээрх хамтран ажиллах гэрээг харахад газар эзэмших гэрээ байгуулаагүйд буруутгах үндэслэл болохгүй гэсэн нь үндэслэлгүй болсон.

12. Нэхэмжлэгч нь 2006 онд газар эзэмших эрх авсан атлаа маргаан бүхий газар дээр аливаа байдлаар үйл ажиллагаа явуулаагүй 9 жил өнгөрсөн байдлаа шүүхэд тайлбарлахдаа 2015 онд эрх зөрчигдсөн байдлаа мэдсэн гэх зөвхөн нэхэмжлэл болон тайлбараар нотолсон ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан аишглаагүй” нь цуцлах үндэслэл болж байгаа талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

13. Нийслэлийн Засаг даргаас инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар олгохоор заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд “Х” ТББ-д газар олгосон байдаг ба маргаан бүхий газар мэдээлэл холбооны шугам байдаг талаар хэргийн оролцогч нар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн атал мэдээлэл холбооны шугам нь хэзээ тавигдсан эсэх, ажилладаг эсэх нь тодорхойгүй байх тул дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь буруу төдийгүй энэ талаарх холбогдох баримтууд хангалттай авагдсан, шүүх хуралдаанд талууд тодорхой мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

14. Иймд хяналтын журмаар гаргасан гомдолд тусгагдсан үндэслэлүүдийг судлан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0179 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.У-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

15. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хөөн хэлэлцэх хугацааны хувьд алдаа гаргасан. Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн зүгээс 2017 оны 7 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 351 дүгээр шүүхийн шийдвэр гарч иргэн Д.У газар эзэмших эрхтэй болохыг мэдсэн талаар дурдсан байдаг. Үүнээс гадна Д.У нь гуравдагч этгээдээр татагдаад 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон хариу тайлбарыг өгсөн байдаг ба уг тайлбарын төгсгөлд тэрээр “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж газар эзэмших эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан” гэсэн нь хэргийн материалд авагдсан. Нэхэмжлэгч гуравдагч этгээд Д.У-тай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ө” ХХК нь Д.У-тай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд тус тус зааснаар гомдол гаргах хугацааг алдсан, мөн анхан шатны шүүх хуралдааны явцад энэ тухай гуравдагч этгээдүүдийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нөхцөл бүрдсэнийг хангалттай тайлбарлаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг шийдвэрлэх ёстой талаар тайлбарлаж байсан ч шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдийн уг тайлбарт огт дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж болохгүй гэж заасан ба шүүх зөвхөн хэргийн оролцогчдын маргаж буй асуудалд дүгнэлт өгөхийг хуулиар топгоож өгсөн. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн маргасан асуудалд дүгнэлт өгөөгүй нь тус хуулийн 106.5 болон 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Уг тайлбартай холбогдуулан гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдол гаргасан хэдий ч давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгчийг Д.У-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдлүүлэх тухай” 17/09 дугээр албан бичгээр гаргасан ба шүүх түүнийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авсан гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хөөн хэлэлцэх хугацааг буруугаар тоолоход хүргэсэн байна. Бодит байдал нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гуравдагч этгээд “Х” ТББ-д холбогдуулж нэмэгдүүлсэн болохоос Д.У-д холбогдуулж гаргаагүй. Хэрэв Д.У-г тухайн маргаж буй талбай дээр газар эзэмших эрхтэй гэдгийг 2017 оны 5 сард гуравдагч этгээдийн хариу тайлбараас 351 дүгээр шүүхийн шийдвэр гарсаныг мэдсэн, эсвэл 2017 оны 7 сараас нэхэмжлэгч мэдсэн гэж үзвэл шат шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нөхцөл бүрдсэнээр, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг хэрэглэх ёстой байсан. Иймээс зөвхөн хөөн хэлэлцэх хугацааны асуудалд анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын маргалдсан асуудалд огт дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг нэхэмжлэгч “Ө” ХХК-д ашигтай байдлаар буруугаар тайлбарлаж хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй гэж үзсэн нь хууль зөрчсөн буруу дүгнэлт болжээ.

17. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Тус шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/12485 дугаар албан бичгээр “Ө” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан эсэх талаар нотлох баримт шаардсан боловч ирүүлээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг гэрээг байгуулаагүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй” хэмээн газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүйг тогтооосон. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх Газрын тухай хуульд байхгүй “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй хэмээн хууль бус дүгнэлт гаргасан.

18. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл харъяа дүүргийн Засаг даргаас иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргасан тохиолдолд тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох улсын бүртгэлд бүртгэх үүргийг тухайн дүүргийн газрын алба хариуцан хэрэгжүүлэхээр хуульчилжээ” хэмээн Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэхтэй холбоотой заалтуудыг тайлбарлажээ. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын 9.1-д “нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон этгээд энэ журмын 8.4-д заасан мэдэгдлийн дагуу эзэмшил, ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэг тэмдгийг газарт бэхлэх, солбилцол, өндрийг нь тодорхойлох ажлыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх” гээд тус журмын 9.6-д “иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-д дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө”, 9.6-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-т дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө”, 9.7-д “Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажлыг мэдэгдэл өгсөн албан тушаалтан шалгаж Газрын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулна” гэж тус тус заагаад тус журмын 10 дугаар зүйлд Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох асуудлыг зохицуулжээ.

19. Дээрхээс үзвэл Газар эзэмших шийдвэр гарсны дараа хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж нь кадастрын зураг үйлдлүүлж мэдээллийн санд бүртгүүлсний дараа гэрээ байгуулж гэрчилгээ авдаг байна. Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/987, мөн тус газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1837, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2202, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/99 тоот албан бичиг, шүүх хуралдааны өдөр гэрчээр ирсэн Б.У, Б.У нарын мэдүүлэг зэрэг холбогдох бүхий л нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Ө” ХХК-д хэзээ ч газрын кадастрын албан ёсны зураг байгаагүй, газрын албаны системд бүртгэлгүй, улмаар гэрээ гэрчилгээгүй байдал нь түүнийг хууль ёсоор газар эзэмших эрхтэй этгээд биш гэдгийг нотолж байхад давж заалдах шатны шүүх зөвхөн гэрээ байгуулах нь газрын албаны үүрэг гэж дутуу дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль бус гарахад нөлөөлсөн болно.

20. Мөн давж заалдах шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг буруу дүгнэсэн бөгөөд бодит байдал дээр гуравдагч этгээд Д.У, “Х” ТББ-уудын хууль ёсоор эзэмшиж буй газар дээр нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй зургыг давхцуулан харуулсан байхад шүүх эсрэгээр нь “Ө” ХХК-ийн  газар дээр гуравдагч этгээдүүдийн газрыг давхцуулан улмаар давхардалтай мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “үнэн зөв”-өөр үнэлнэ гэж заасныг зөрчсөн.

21. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Хэрэв нэхэмжлэгч нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж буй бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” байхыг тус тус шаарддаг. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Ө” ХХК нь тухайн маргаж буй газар болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талд байрлах газартай холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаар тодорхой байхад шүүх Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэхтэй холбоотой заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь түүнийг газар эзэмших эрхтэй мэт болгож хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн болно.

22. Нөгөө талаар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд Д.У нь маргаан бүхий талбайд газар эзэмших хүсэлтээ өгч байх үед уг газрын кадастрын улсын бүртгэлд өөр этгээд эзэмшиж байгаагүй, улмаар зохих журмын дагуу дуудлага худалдааны үнэ төлж гэрээ байгуулж, гэрчилгээ аван эрх бүхий албан тушаалтны захирамжийн үндсэн дээр эзэмшиж кадастрын зургаар баталгаажуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байгаа нь Д.У-г хууль ёсоор газар эзэмших эрхтэй болохыг харуулж байна.

23. Шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй тухайд. Анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэр гарч хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү маргааны нэг оролцогч болох Д.У-ийн хувьд 2017 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 351 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн түүнд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрээр Д.У-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 990 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар хүчингүй болгосон хууль зөрчсөн тул Д.У-ийн газар эзэмших эрхийг сэргээж шийдвэр гаргасан байдаг. Уг шийдвэрийг нэхэмжлэгч “Ө” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүхийн 351 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

24. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг баримтлах ёстойг зааж өгсөн. Мөн тус хуулийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэг шүүхийн шийдвэрийг нөгөө шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хүндэтгэн, тухайн үйл баримтыг шүүхээр тогтоогдсон үнэн гэж үзэн, тэрхүү үйл баримтыг дахин хянан үзэж, түүнтэй холбоотой шийдвэр гаргахгүй гэсэн санаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхээр тогтоогдож газар эзэмших эрхтэй болсон Д.У-ийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасанаар хуулийн 11.1-д заасныг зөрчсөн, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шийдвэр болжээ.

25. Нөгөөтэйгүүр, тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстойг хуульчилж өгчээ. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Д.У-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд дээр заасны дагуу хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

26. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 351 дүгээр шийдвэрийг “иргэн Д.У-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамж болон “Ө” ХХК-д газар эзэмшүүлсэн, түүнчлэн тус газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжуудын аль нь үндэслэлтэй, хууль ёсны эсэх талаар дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчсөн.

27. Иймээс анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох нь хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу шүүх хуралдааны явцад илэрсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийн талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэргийг анхаарч үзээгүй тул Д.У-тай холбоотой хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

27. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

28. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын байршил, давхцлын хэмжээг хөндлөнгийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүйгээр тогтоолгох шаардлагатай байжээ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт ямар эргэлтийн цэгт газар эзэмшиж байсан талаарх газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй, баримтгүй байхад түүний хүсэлтээр 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Т” ХХК-ийн үйлдсэн зургийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн санд гуравдагч этгээд нарын нэр дээр бүртгэлтэй газартай харьцуулан хийсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1837, 2017 оны 11 дүгээр сарын 27-ын өдрийн 1/2202 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн тойм зургийг тус тус үндэслэн “давхцалтай” гэж дүгнэсэн нь буруу байна.

29. Мөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдалтай холбоотой Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хоёр зөрүүтэй баримт байхад түүнийг шалгаж тодруулалгүйгээр тус газрын ахлах мэргэжилтэн Г.Х-ын ирүүлсэн албан бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу, иймд тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдээс холбогдох баримтыг гаргуулах нь зүйтэй.

30. Түүнчлэн, гуравдагч этгээд Д.У-ийн зүгээс өөрт холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн талаар маргасан байхад энэ талаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлт өгөөгүй, холбогдох баримтыг цуглуулаагүй нь буруу байна.

31. Иймд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг /Тодорхойлох хэсгийн 5-8, 15, 16, 20/ үндэслэлтэй, гэхдээ эдгээрт холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхээс дахин цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байхад хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

32. Харин хяналтын журмаар гаргасан гуравдагч этгээд нарын гомдлын зарим хэсэг, тухайлбал маргаан бүхий газар нь 2 дугаар хороо биш, 3 дугаар хороонд хамааралтай, иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэх агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 11, 21-д, гуравдагч этгээд Д.У-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүнд холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 23-25-д заасан хэсэг үндэслэлгүй. Учир нь, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

33. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй хууль зүйн үндэслэл бүрт бүрэн дүүрэн дүгнэлт өгөх шаардлагатайг тэмдэглээд дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0179 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ