Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1859

 

МАГАДЛАЛ

2019.11.01                                           Дугаар 1859                           Улаанбаатар хот

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                       2019 оны 08 сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/02236 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ү, Д.Б, Д.О, Б.Б нарт холбогдох,

53 430 831 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Д.Б-ийн 14 500 000 төгрөг гаргуулах, Б.Б-ын 29 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Д.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ба,

Хариуцагч Б.Б, Д.Б нарын өмгөөлөгч: Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Б-тай найз нөхдийн харилцаатай байсан. Тэрээр 2015 оны 7 дугаар сард хариуцагч Б.Б“...найз нь тендерийн ажил авах гэсэн юм, яаралтай мөнгөний хэрэг болоод байна” гэсэн хүсэлтийн дагуу, түүнд туслахаар өөрийн өмчлөлийн “Лексус 570” маркын автомашиныг “Скай ворлд финанс” ХХК-д 90 000 000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаатай тавьж мөнгийг зээлэн авч өгсөн. Зээлийг буцаан төлөх 1 сарын хугацаа өнгөрсөн боловч Б.Бнь нэхэмжлэгчийн автомашиныг барьцаанаас чөлөөлж өгөөгүй. Үүнээс хойш бүтэн 6 сар хүлээсэн ч хариуцагч Б.Бнь зээлсэн мөнгийг нь буцаан төлөхгүй байсан учир Б.Бт холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ингээд эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад хариуцагч Б.Бнь нэхэмжлэгчээс авсан 90 000 000 төгрөгийг Д.Б-д, Д.Б нь Д.О-т, Д.О нь С.Ү-д гэж хүнд тус тус дамжуулан шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Улмаар Б.Б нарт холбогдох хэргийг шалгаад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 71 тоот “...яллагдагч нар нь “Лексус 570” маркын тээврийн хэрэгслийг барьцаанд тавиулан 90 000 000 төгрөгийг гаргуулан авснаас хойш хохирогч, яллагдагч нар нийтдээ 143 413 660 төгрөгийг “Скай ворлд финанс” ББСБ-д төлж барьцаанаас чөлөөлж авсан байна. Харин яллагдагч Д.Б, Б.Б, Д.О, С.Ү нар нь “Скай ворлд финанс” ББСБ болон хохирогч Н.С-днийт 119 500 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн байх бөгөөд 23 913 000 төгрөгийн зөрүү гарч байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Сболон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж байсан Б.Б, Д.Б, Д.О, С.Ү нар нийт 143 413 660 төгрөгийг “Скай ворлд финанс” ХХК-д төлж байж Н.С-ийнавтомашиныг барьцаанаас чөлөөлж авсан. Үүнээс 119 500 000 төгрөгийг Б.Б, Д.Б, Д.О, С.Ү нар төлсөн, харин үлдэх 23 913 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө хувиасаа төлсөн үйл баримт тогтоогдсон. Ингээд үндсэндээ Н.Снь бусдад тус болж зээл авч өгсөн биш өөрөө 23 913 000 төгрөгийн хэмжээнд шууд хохирсон. Анх нэхэмжлэгч нь Б.Быг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б, Д.О, С.Ү нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргасныг шүүхээс хүлээн авсан. Гэвч хариуцагч С.Үын оршин суугаа хаяг тодорхойгүй байсан учир түүнээс татгалзсан. Мөн хариуцагч Д.Б болон Д.О нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагын хэмжээг 29 517 831 төгрөгөөр ихэсгэсэн. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-ынхүсэлтээр барьцаанд тавьсан “Лексус 570” маркын автомашиныг чөлөөлөхдөө “Хас” банкнаас 80 000 000 төгрөгийн зээлийг жилийн 23.40 хувийн хүүтэй авсан. 72 082 660 төгрөгийг “Скай ворлд финанс” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Тэрээр “Хас” банкны зээлийн хүүнд нийт 29 517 831 төгрөгийг төлсөн, энэ нь баримтаар нотлогдож байгаа. Дээр дурдсан үйл явдал, нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагч Б.Б-ынбуруутай үйлдэлтэй шууд холбоотой, Б.Бнь зээлж авсан мөнгөө төлөөгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол тул дараах төлбөрүүдийг хариуцагч Б.Баас шаардаж байгаа. Өөрийн автомашиныг барьцаанаас чөлөөлөх гэж “Скай ворлд финанс” ХХК-д өөрөөсөө гаргаж төлсөн 23 913 000 төгрөг, Өөрийн автомашиныг барьцаанаас чөлөөлөх гэж “Хас” банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн 29 517 831 төгрөг. Нийт 53 430 831 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Нэхэмжлэгч Н.С-аас 14 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Бгийн, 29 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Д.Б болон Б.Б нартай нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний харилцаанд ороогүй. Нэхэмжлэгч нь энэ асуудлаас өмнө Б.Б-ыг л таньдаг байсан бөгөөд зөвхөн түүний хүсэлтээр л өөрийн автомашинаа барьцаалан 90 000 000 төгрөгийн зээлийг авч өгсөн. Уг гэрээнээс учирсан хохирлоо л нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Н.С болон Б.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тэр асуудлаа л эрүүгийн журмаар шалгуулахад хариуцагч нар нь өөрсдөө мөнгөө төлөөд явсан асуудал байгаа юм. Түүнчлэн шүүхээс Б.Б-ын 29 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн авах ёсгүй байсан. Уг шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй ямар ч хамаагүй. Тэгээд ч уг мөнгө хүлээн авсан талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч нарын хэлээд байгаа шиг ямар ч хамтран ажиллах, хамтдаа ашиг олох тохиролцоо байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан хариуцагч нарын “бид нэхэмжлэгчээс авсан зээлийг буцаан төлнө” гэж бичсэн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдоно гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 7 дугаар сард иргэн Н.С-аас90 000 000 төгрөгийг “барилгын ажлын баталгаанд байршуулна” гэж авсан нь үнэн бөгөөд уг 90 000 000 төгрөгийг иргэн Д.Бд шилжүүлэн өгсөн. Д.Б нь Д.О-т өгсөн, Д.О нь С.Ү-д өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас миний үйлдлийг Эрүүгийн хуулийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжилж буй мөнгийг би хариуцахгүй. Н.С-ийн нэхэмжлэлийг Д.Б, Д.О, С.Ү нар хариуцах нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Энэ мөнгийг би огт аваагүй бөгөөд Д.Б надтай ирж уулзаад “РГБ” ХХКнь улсаас концессийн гэрээгээр авсан ажлуудаас Морингийн даваанд сургууль барих 1,7 тэрбум төгрөгийн ажил авахын тулд гүйцэтгэлийн баталгаа болгож 90 000 000 төгрөг хэрэгтэй байна. Чи энэ мөнгийг гаргаад хоёулаа хамтарч ажиллаад ажлаа авсны дараа чиний оруулсан мөнгийг эхэлж өгөөд цаашид олсон ашгаа хувааж авъя” гэж санал тавьсан. Ингээд надад мөнгө байхгүй байсан болохоор би Д.Б-г өөрийн найз Н.С-тай танилцуулж өгснөөс өөр зүйл байхгүй. Ингээд Н.С Д.Б нар харилцан тохиролцсон. Сүүлд нөгөө ажил нь бүтэлгүйтэж Н.С намайг болон Д.Б нарын хүмүүсийг цагдаад өгч эрүүгийн хэрэг үүссэн. Ингээд би цагдаад өдөр шөнөгүй дуудагдаж “хорино, цагдана” гэхээр нь цагдаагийн дарамтаас айгаад огт аваагүй мөнгөний төлөө, Н.Сумъяа, Д.Б нарын асуудалд хамаагүй байж Н.С-д 15 000 000 төгрөг өгсөн. Одоо энэ мөнгөө Н.С-аасбуцаан нэхэмжилж байна. Мөн Н.Снь найзын хувьд надаас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 9 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй зээлж аваад, хүүг нь надад төлж байсан. Иймд уг 14 000 000 төгрөгөө буцаан авна. Нийт 29 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: 2015 оны 7 дугаар сард би өөрийн найз Б.Б-аас 90 000 000 төгрөг шилжүүлэн авсан. Уг 90 000 000 төгрөгийг Б.Б нь өөрийн найз Н.С-аас зээлж авсан. Уг мөнгөнөөс би нэг ч төгрөг дутаалгүй Д.О-ын дансанд шилжүүлэн өгсөн. Д.О нь анх “...хүнээс хүүтэй шилжүүлж авсан мөнгө шүү. Барилгын ажлын баталгаанд байршуулаад эхний санхүүжилтаасаа буцааж төлөөрэй” гэж тохирсон. Уг барилгын ажил эхлээгүй тул мөнгөө буцааж авья гэтэл “...өнөөдөр, маргааш буцааж өгье” гэж явсаар 2017 оны 02 дугаар сар хүртэл хугацаа өнгөрсөн боловч хүү, алдангид нь цувуулан өгсөөр 62 000 000 төгрөгийг Д.О буцаан төлсөн болно. Н.С-ийн хохирлыг барагдуулах үүднээс Б.Б бид хоёр өөрсдийн машин болон орон сууцаа ББСБ-д барьцаалж нийт 120 000 000 төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар Н.С-д төлсөн. Өнөөдрийн байдлаар Д.О нь хүү болон үндсэн 90 000 000 төгрөгийг ч бүрэн төлж дуусгаагүй байна. Иймд би энэ нэхэмжлэлд хариуцлага хүлээхгүй, харин өөрийн гаргасан бодит хохирлыг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би нэхэмжлэгч Н.С-тайБ.Баар дамжуулан танилцсан. “РГБ” ХХК нь улсаас концессийн гэрээгээр авсан ажил буюу сургууль барих ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож 90 000 000 төгрөгийг дансанд байршуулах шаардлага гарсан. Ингээд Н.С-тай хамтран ажиллахаар харилцан тохирч, гүйцэтгэх ажлын урьдчилгаа орж ирэхээр Н.С-ийн 90 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр, ажил дууссаны дараа орж ирэх мөнгийг ашигт тооцон хуваан авахаар болсон. Гэвч энэхүү ажлыг хийж чадаагүй. Ингээд нэхэмжлэгч Н.С нь намайг болон бусад хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Цагдаагийн байгууллагын зүгээс “...хорино, баривчлана” гэж айлгаж байсан учраас илүү мөнгө төлсөн. Нэхэмжлэгч Н.С-ийн анх гаргасан 90 000 000 төгрөгийг 119 500 000 төгрөг болгон 29 500 000 төгрөгийг илүү төлсөн. Илүү өгсөн 29 500 000 төгрөгөөс 14 500 000 төгрөгийг би өөрөөсөө илүү өгсөн. Ийм учраас илүү төлсөн 14 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.С-аас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Бид анхнаасаа ашиг олох юм бол хуваана гэж тохирсон атлаа эрсдэл гарахаар би бүгдийг нь төлнө гэдэг нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.  

Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Н.С нь анх “хамтран ажил хийгээд дундаас нь мөнгө авъя, ашиг олъё” гэж Б.Б-тай ярьж тохирсон байдаг. Ингээд улсын ажлыг хийхэд барьцаанд нь мөнгө шаардлагатай байсан учир Н.Снь өөрийн автомашиныг барьцаалж 90 000 000 төгрөгийг авч өгсөн. Хариуцагч Б.Б 90 000 000 төгрөгийг аваад Д.Б-д, Д.Б нь Д.О-т, Д.О нь С.Ү-д өгсөн байдаг. Тэрнээс биш Д.Б өөрөө нэг ч төгрөг аваагүй. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эрүүгийн журмаар шалгуулж эхэлсэн. Д.Б болон бусад хариуцагч нар эрүүгийн журмаар шалгуулж, цагдаа, прокурор нарт дарамтлуулсан учраас хариуцагч нар нь Н.С-ийн анх гаргасан 90 000 000 төгрөгийг 119 500 000 төгрөг болгон өгсөн байдаг. Талууд анхнаасаа “...Н.С нь ажлын урьдчилгаанд автомашинаа барьцаалж мөнгө авч өгнө. Хэрэв ашиг гарвал автомашиныг нь барьцаанаас чөлөөлнө, мөн дээрээс нь ашиг өгнө. Харин алдагдал, эрсдэл гарвал ямар ч тохиолдолд автомашиныг нь буцаан авч өгнө” гэж л тохирсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлж өгсөн. Хамтран ажиллах гэрээний онцлог нь ашиг олвол хамтдаа ашгаа хүртэнэ, алдагдал гарвал хамтдаа хариуцлагаа хүлээх байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь “...надад ашиг гараагүй учир би илүү гарсан төлбөрөө нэхэмжилнэ” гэж шүүхэд хандаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Талуудын хамтдаа хийх гэж байсан ажил нь бүтээгүй тул хариуцагч нар нэхэмжлэгчийн “Лексус 570” маркын автомашиныг нь чөлөөлж, тэр чигээр нь буцаан төлсөн. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардаад байгаа илүү төлсөн мөнгө, эсхүл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гээд байгаа зүйлийг хариуцагч Б.Б, Д.Б нар хариуцахгүй. Цаашлаад нэхэмжлэгчийн зүгээс Д.О-т холбогдох шаардлагаасаа татгалзаад байгаа нь буруу. Д.О нь С.Ү-с мөнгө авчихаад цаашаа өгөхдөө дутагдуулснаас болоод ийм хэмжээний мөнгөний зөрүү гараад байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлох ёстой гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Хариуцагч Д.Б-ийн хувьд нэхэмжлэгчээс 14 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээр дурдсанчлан 90 000 000 төгрөгийн автомашиныг зээлээс чөлөөлөх гэж хариуцагч нар нийт 119 500 000 төгрөг өгсөн. Уг илүү өгсөн 29 500 000 төгрөгөөс 14 500 000 төгрөгийг Д.Б хувиасаа илүү төлсөн учраас нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Б нь цагдаагийн байгууллагаар шалгуулж, дарамтуулсны улмаас мөнгийг буцаан төлөхдөө илүү мөнгө төлсөн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс 14 500 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч Б.Б-ын хувьд тэрээр нэхэмжлэгчид холбогдуулж дараах шаардлагуудыг гаргасан. Эрүүгийн журмаар шалгуулах явцдаа төлсөн 15 000 000 төгрөг гаргуулах. Н.Снь найзын хувиар 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлсэн 9 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгөө гаргуулах. Өөрөөр хэлбэл нийт 29 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан. 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэг юм. Дээр дурдсанчлан Б.Б-ынхувьд Н.С-тай“...90 000 000 төгрөгт машинаа барьцаанд тавьчих, дараа нь ажлаа хийгээд ашиг олъё” гэж тохирсон. Шүүхээс л Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж үзээд байгаагаас биш талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Ямар ч байсан. хариуцагч нар барьцаанд тавьсан машиныг нь өөрсдөөсөө мөнгө гаргаад төлчихсөн. Б.Б нь Н.С болон Д.Б нарыг танилцуулсныхаа төлөө цагдаад шалгагдаж 90 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй байж цагдаагийн байгууллагаар шалгуулаад, дарамтуулсан учир 15 000 000 төгрөгийг өөрөөсөө Н.С-д төлсөн. Иймд Иргэний хуулийн 492.5 дахь хэсэгт заасны дагуу 15 000 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. 29 000 000 төгрөгийн шаардлагын хувьд Н.С-ийн эгч нь Б.Б-аас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, өөрөө 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 9 000 000 төгрөгийг тус тус Б.Баас зээлсэн байдаг. Өмнөх хурлууд дээр нэхэмжлэгч Н.С нь “...би уг мөнгөнүүдийг авсан, буцааж төлөх нь үнэн” гэж тайлбарлаж байсан. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс “...үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй” гэж тайлбарлаж байгаа ч өмнө нь шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээгээд авчихсан учир энэ шийдвэрээр давхар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б, Д.О, С.Ү нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас 23 913 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 517 831 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул Н.С-аас 14 500 000 төгрөг гаргуулах тухай Д.Б-ийн, Н.С-аас 29 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ын сөрөг нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.С-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583 060 төгрөг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 000 төгрөг, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 277 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Б Н.С-д шилжүүлсэн мөнгөний баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа мөнгө хүлээн авснаа үгүйсгээгүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүх “нэхэмжлэгч Д.Б нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байна” гэж дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид мөнгө өгсөн нь үнэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэгч нь Д.Б-аас авах ёсгүй мөнгө авсан, нэхэмжлэгч бид хоёрын дунд ямар нэгэн эрх үүрэг үүсээгүй учир сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч нь надаас авсан 14 500 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Снь хариуцагч С.Ү, Д.Б, Д.О, Б.Б нарт холбогдуулан 53 430 831 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч Д.Б 14 500 000 төгрөг гаргуулах, Б.Б 29 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б, Д.О, С.Ү нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн “Лексус 570” маркийн автомашиныг “Скай ворлд финанс” ХХК-д барьцаанд тавьж 90 000 000 төгрөгийг 92 хоногийн хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Н.С нь 90 000 000 төгрөгийг Б.Б-т, Б.Б нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.Б-д, Д.Б нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.О-т, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д.О нь С.Ү-д тус тус шилжүүлэн өгсөн, мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэхээр 119 500 000 төгрөгийг нэхэмжлэгч болон “Скай ворлд финанс” ХХК-д төлсөн, харин Н.С нийт 143 413 660 төгрөгийг “Скай ворлд финанс” ХХК-д төлж өөрийн автомашиныг барьцаанаас чөлөөлж авсан үйл баримттай талууд маргаагүй болно. Харин талууд ашиг олох зорилгоор хамтран ажилласан ч ажил бүтээгүй, эрсдэлд орсон тул алдагдлаа хамтран хариуцах ёстой гэх агуулгаар маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-тай хамтран ажиллахаар тохиролцон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч Д.Б эрүүгийн журмаар шалгуулж байхдаа бусдад дарамтлуулсаны улмаас нэхэмжлэгчид 14 500 000 төгрөг өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, өөрийн шаардлагын үндэслэлээ талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч Д.Б давж заалдах гомдлын үндэслэлээ “анхан шатны шүүх Н.С, Д.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн хирнээ сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдол гаргасныг хангах үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь Д.Б, Д.О, С.Ү нараас татгалзаж анхан шатны шүүх татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн дүгнэлтэд Н.С-ийн өмчлөлийн “Лексус 570” маркийн автомашиныг “Скай ворлд финанс” ХХК-д барьцаанд тавьж 90 000 000 төгрөгийг авахуулсан зээлийн төлбөрийг “Скай ворлд финанс” ХХК-д төлөөгүйгээс нэхэмжлэгч нь 23 913 000 төгрөгийн хэмжээгээр хохирсон гэж үзэн уг мөнгийг хариуцагч Б.Б-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/02236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД

                                                               М.НАРАНЦЭЦЭГ