| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2135000000168 |
| Дугаар | 2022/ДШМ/08 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ДШМ/08
С.Ц-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч С.Ц, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан давж заалдах гомдлоор С.Ц-т холбогдох, 2135000000168 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Увс аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн сумын .. багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б ургийн овогт С-гийн Ц.
Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн сумын .. багийн нутаг, Эрдэнийн эхэн гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр улсын дугааргүй, Мустанг загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.4 в, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч иргэн П.Б-гийн амь нас хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас: Б ургийн овогт С-гийн Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б ургийн овогт С-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч С.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасаж, нэг /1/ жил, найман /8/ сар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-т оногдуулсан нэг жил найман сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хассан нэмэгдэл ялыг нэг жил найман сар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклыг эзэмшигч С.Ц-т буцаан олгож, мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
С.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутагт Мустанг загварын мотоцикль согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б нас барсан гэмт хэрэгт холбогдож, Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар нэг жил, найман сар хорих ялаар шийтгүүлсэн.
С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн, мөрдөн байцаах ажиллагааны үед саад учруулахгүйгээр мэдүүлэг өгч, хэргийн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
С.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болгоомжгүй байдлаас осол гаргаж, улмаар түүний эхнэр нас барсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэцэг ямар нэгэн гомдол байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн, хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар С.Ц нь мал маллаж амьдардаг, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, том охин Ц.Батцэцэг жирэмсэн, дунд хүү нь эрүүгийн хэрэгт холбогдож Малчин сумын төвд дүйцүүлэх ял эдэлж байгаа, одоо хөдөө гэрт нь 14 настай өсвөр насны хүү нь шүүгдэгчийн хөгжлийн бэрхшээлтэй ахтай хамт үлдсэн зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон байдаг.
Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ослын улмаас эхнэр нь нас барсан зэргийг харгалзан үзэж С.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан нэг жил найман сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ыг журамлан хорих ялыг нэг жил болгож хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Миний ар гэрт насанд хүрээгүй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй ах хоёр үлдсэн байгаа тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хяналтын прокурор А.Анхбаяр би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна.
Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Эрдэнийн эхэн” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.4 в, 12.3-т заасныг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж ард нь сууж явсан иргэн П.Б-гийн амь насыг хохироосон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүх рүү шилжүүлсэн.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасаж, нэг жил, найман сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан С.Ц-т оногдуулсан нэг жил найман сар хорих ялыг багасгаж, нэг жил хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай гэмт хэрэг. Анхан шатны шүүхээс С.Ц-т хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж шийдвэрлэсэн учир Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн С.Ц-т холбогдох, 2135000000168 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Эрдэнийн эхэн” гэх газарт улсын дугааргүй, Мустанг загварын мотоцикл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.4 в, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн П.Б-гийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн : “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ний өдөр манай аав Ц, ээж Б нар нь манай ээжийн ах Б-ын хүүгийн найранд аавын мотоциклоор очсон юм. Тухайн өдөр би бас уг найранд очоод түрүүлээд өөрийн гэртээ харьсан байсан. Тэгээд тэр орой аав маань найран дээр бага зэрэг архи уучихаад ээжтэй хамт тэндээсээ харьж яваад замдаа мотоциклтой онхолдож, ээж маань газар дээрээ нас барсан үйл явдал болсон юм. Миний зүгээс болон манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй. Тухайн осол нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн учраас бидний зүгээс ямар нэгэн гомдол байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
-гэрч Ц.Б-гийн : “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний нагац ах Б-ын хүү Анхбаярын гэр бүрэх ёслол Малчин сумын 4-р багийн нутаг дэвсгэр "Эрдэнийн ар" гэх газарт болсон. Тухайн ажилд оролцохоор эхнэр Батцэцэг бид 2 өөрсдийн "Мустанг" мотоциклоор өдрийн 11 цаг өнгөрч байхад очсон. Очиход гэр оёх ажил эхэлсэн байсан.
Талийгаач Б, нөхөр Ц нар биднээс өмнө тухайн айлд ирчихсэн байсан. Гэр оёх ажил 15-16 цагийн хооронд дуусч, хүмүүс явж эхэлсэн. Эхнэр бид 2 явах гэж байтал талийгаач Б “манай нөхөр архи уучихсан байна, бараа болоод цугтаа явцгаая” гэхээр нь би зөвшөөрч “аль замаар явах вэ, сумын төвөөр дайраад явах уу” гэсэн чинь талийгаач “төв дээр цагдаа нар байгаа, Ц архи уучихсан байна, сумын төвийн урдуур явчихъя” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийнхээ хамт, талийгаач нөхөр Ц-ын хамт өөр өөрсдийн мотоцикльтой хөдөлсөн.
Бид тэндээс хөдлөөд “Эрдэнийн он” гэх газрын шороон зам руу орж, уг замаар доороос дээш чиглээд гэр лүүгээ явцгаасан. Эхнэр бид 2 урд талд нь гараад явсан, араас нөгөө 2 явж байсан. Бид нар замаараа яваад “Эрдэнийн эхэн” гэх газарт явж байтал замын баруун талын хэсэг буюу бид нарын явж байсан замын хэсэг талд шавартай хэсэг таарсныг би дайраад дээгүүр нь гараад явсан. Уг шавраас зөрөөд холдоогүй байтал ард гэнэт нөгөө хоёрын мотоцикл унах шиг “пид” гэж дуугарах чимээ гарсан. Би мотоциклоо зогсоогоод эргээд харсан чинь ард явсан нөгөө хоёрын мотоцикл газар уначихсан харагдсан. Тухайн осол болох үед цаг 16 цаг өнгөрч байсан. Батбаатарын гэрээс хөдлөөд 2-3 км орчим газар явж байсан. Би мотоциклоосоо буугаад тэд нар луу гүйгээд очсон чинь нөгөө 2 осолд орчихсон, замын баруун талд Ц мотоцикльд дарагдсан байдалтай, талийгаач мотоциклийн урдхан талд, мөн замын баруун талд доошоо харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тухайн үед би талийгаачийг мотоциклоос шидэгдээд газар хэвтэж байна гэж бодоод цаашаа зөрж гүйгээд Ц дээр очоод мотоциклийг нь өргөж босгосон. Доороос нь Ц босоод мөлхөөд тэр газраасаа холдсон. Тэгэхээр нь би мотоциклийг замын баруун талд гаргаад данхраадаж зогсоосон. Ц миний дайрч гарсан шавартай замын хэсгээр гарахдаа шавар дээр халтирч жолоодлого алдаж осолд орсон гэж би бодсон. Тухайн газар, шороон зам дээр өөр осол гарчих хэмжээний бартаа, саад болохоор зүйл байгаагүй. Мөн Ц архи ууж согтсон байсандаа мотоциклдоо дарагдчихаад босож чадахгүй байсан юм шиг байсан.
Би буцаад талийгаач руу очих гээд эргээд явтал замын баруун талын газарт яг мотоциклийн урд газарт бага зэргийн цус болсон, талийгаач дээр очсон чинь толгойн дээд талын газар нэлээн их цус болчихсон байсан. Уг байдлыг харангуутаа айж сандраад мотоцикл дээрээ гүйж очоод асааж, хүмүүст хэл дуулгахаар явах гэсэн чинь мотоцикл асахгүй байсан. Хэд хэдэн удаа асаах гэж оролдоод болохгүй болохоор нь мотоциклоо хаяад Батбаатарын гэр лүү буцаад гүйсэн. Тухайн үед миний эхнэр тэр газарт байдлыг хараад зогсож харагдсан. Харин Ц талийгаач руу чиглээд мөлхөж харагдсан. Би тэд нарын хажуугаар зөрөөд шууд гүйгээд байж Батбаатарын гэрт очиж тэнд байсан хүмүүст “Ц, Б хоёрын унаж явсан мотоцикл осолд орсон, яаралтай дуудлага дуудмаар байна” гэдгийг хэлсэн. Гэрт байсан хүмүүсээс хэн нэг нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн байх. Батбаатарын гэрээс осол болсон газар луу хүмүүс мотоциклоор очсон. Бид нарыг очиход талийгаач анх хэвтэж байсан тэр газартаа хэвтсэн хэвээр, ямар ч хөдөлгөөн хийгээгүй байсан, хажууд нь Ц бас доошоо хараад хэвтэж байсан. Миний эхнэр нөгөө 2-ыг хараад зогсож байсан.
Бид нар сумын эмч ирэхийг хүлээсэн. 1 цаг орчмын дараа байх, сумын эмч Байгальмаа ирээд талийгаачийг үзээд “нас барсан байна, цагдаа дуудаарай” гэж хэлснээр бид талийгаачийг нас барсан болохыг албан ёсоор мэдсэн. Харин эмч Цыг үзээд эмнэлгийн машинд суулгаад төв рүү аваад явсан. Үлдсэн хүмүүс нь тэр газарт цагдаа ирэхийг хүлээсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
- гэрч П.Б-ын: “Өчигдөр би өөрийн хүү Анхбаярт зориулж шинэ гэр бүрэх ёс үйлдсэн. Тухайн ажилд цөөн тооны төрсөн ах дүү нар ирж оролцсон. Үүнд талийгаач дүү маань нөхөр Ц-ын хамт, Б, эхнэрийн хамт болон өөр бас бус хүмүүс ирсэн. Ажил 09-15 цагийн хооронд явагдсан. Энэ хугацаад шинэ гэрээ босгож, хүмүүсийг оруулж цайллага явагдсан. Мөн архи тойруулсан. Ц шинэ гэрт орж ирж тойруулсан архинаас ууж байсан. Ингээд хүмүүс 15 цаг өнгөрөөд гэр гэр лүүгээ явж эхэлсэн. 16 цагийн үед талийгаач дүү маань нөхөртэйгээ, Б эхнэртэйгээ хамт мотоциклтой явсан.
17 цагийн үед байх, Б ганцаараа буцаад гүйгээд ирсэн. Ирээд “Талийгаач, Ц 2 осолд орсон, эмч дуудах шаардлагатай байна” гэж хэлсэн. Манайд байсан хүмүүсийн нэг нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн байх. Тэгээд Бтой цуг гэрт байсан хэсэг хүмүүс ослын газар луу явсан. Би ч бас тэд нарын араас очсон. Осол “Эрдэнийн эхэн” гэх газарт болсон байсан. Уг газарт очиход талийгаач дүү маань доошоо хараад ямар ч хөдөлгөөнгүй, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Хажууд нь нөхөр Ц бас доошоо хараад, ухаантай хэвтэж байсан. Би очоод удалгүй араас сумын эмч ирсэн. Эмч талийгаачийг үзээд “нас барсан байна, цагдаад мэдэгдээрэй” гэдгийг хэлсэн. Ер нь бол намайг ослын газарт анх очих үед талийгаач нас барсан гэмээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Эмч Цыг үзээд машиндаа суулгаад аваад явсан. Араас нь цагдаа ирсэн. Ийм зүйл болсон. ...2021 оны 10 дугаар сарын 01-ний орой 15 цагаас 00:00 цаг хүртэл бороо орсон. Үүний улмаас тухайн газрын хөрс тэр чигтээ нойтон болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
- гэрч Б.Б-ын “.....Шинэ гэрт хүмүүс найрлаж дуулж, хуурдаж байсан. Гэхдээ корона гээд найранд хүн цөөн оролцсон. Ц шинэ гэрт найрлаж байсан тул архи уусан. Б гадуур дотуур орж гараад ажилтай яваад байсан тул архи уугаагүй. Харин талийгаач Б, Батцэцэг нар архи уугаагүй. Талийгаач цай чанах ажил хариуцаж байсан. Шинэ гэрийн найр 15-16 цагийн хооронд дуусаж хүмүүс явж эхэлсэн. Талийгаач Б, нөхөр Цн хамт, Б, эхнэр Б-ийн хамт өөр өөрсдийн мотоциклоор цугтаа явцгаасан.
Би бас эхнэрээ аваад гэр лүүгээ явсан. Би гэртээ ирээд удаагүй байтал Б над руу утсаар ярьж “би Батбаатар ахынд ирчихсэн байна, Ц, Б 2 осолд ороод уначихсан байна” гэхээр нь би Батбаатар ахын гэр лүү буцаж очсон. Ослын газарт очиход “Эрдэнийн эхэн” гэх газарт осол болсон байсан. Замын баруун талд мотоцикл данхраадаж зогсоосон, мотоциклийн нүүр болон зарим хэсэг эвдэрсэн, гажсан байсан. Мотоциклийн цаад талд холгүй мөн замын баруун талд талийгаач Б доошоо хараад ухаангүй хэвтэж байсан. Хажууд нь Ц доошоо хараад хэвтэж байсан. Бид нарын араас удалгүй сумын эмч ирж талийгаачийг үзээд “нас барсан байна” гэдгийг мэдэгдсэн. Тухайн ослын газрын эргэн тойрныг харахад Ц замаар явж байгаад ослын газарт замын баруун талын хэсэгт байх шавартай хэсгийг дайрч гарахдаа жолоодлого алдаад цааш нь эргэж хэсэг газар даялж явж байгаад баруун тал руугаа онхолдсон юм шиг байдалтай мөр гарсан байсан. Үүнээс болж мотоцикл осолдож талийгаач шидэгдэж нас барсан юм шиг байсан. Талийгаач осолд ороод газар дээрээ нас барсан гэмээр ямар ч хөдөлгөөнгүй байсан. Мөн талийгаачийн толгой, нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,
-гэрч Д.Б-ийн: “...Нөхөр бид 2 бас гэр лүүгээ явах гэж байтал Ц, талийгаач Б 2 манай нөхөр Бтой уулзаад цугтаа гэр лүүгээ явахаар болсон. Манай 2 айл өөр өөрсдийн мотоциклоор ирсэн байсан. Тухайн үед Ц ах ер нь бол архи уучихсан халамцуу байдалтай, өөрийгөө аваад явах хэмжээний чадвартай боловч хэл ам орооцолдсон байдалтай байсан. Шинэ гэрт найранд байхдаа архи уусан байсан.
Ингээд 17 цагийн үед Ц, талийгаач нар мотоциклдоо суугаад, нөхөр бид 2 мотоциклдоо суугаад явахаар болсон чинь Ц “та 2 түрүүлээд яв, ах нь араас чинь дагаад явна” гэж хэлэхээр нь бид 2 урд нь гараад түрүүлээд явсан. Араас нөгөө 2 дагаад явсан. Бид хэд Батбаатар ахынхаас хөдлөөд арын Эрдэнийн шороон зам руу ороод уг замаар гэр лүүгээ дээшээ чиглээд явсан. Эрдэнийн эхээр өгсөж гараад явж байтал зам бага зэргийн шавар болсон байсныг дайраад зөрөөд явсан. Уг шавар дээгүүр дайрч гараад удаагүй явж байтал ард ямар нэгэн зүйл газарт хүчтэй унах шиг болж “пид” гэсэн чимээ гарсан. Нөхөр мотоциклоо зогсоогоод эргээд харсан чинь нөгөө 2 онхолдож унасан байсан.
Нөхөр мотоциклоосоо буугаад тэд нар луу гүйгээд очсон ба талийгаач замын баруун талд доошоо хараад хэвтэж байсан, цаад талд нь Ц мотоциклдоо дарагдаад замын баруун талд хэвтэж байсан. Б эхлээд Ц дээр очоод мотоциклийг нь өргөж босгоод замын хажууд гаргаад данхраадаж тавьсан. Би тэд нарт ойртож очихоосоо айгаад зайнаас хараад балмагдаад зогсож байсан. Тэгээд би нөхөрт “чи хурдан яв, тэр хүмүүст мэдэгд” гэж хэлсэн. Нөхөр эхлээд мотоцикл дээрээ очоод асаах гэсэн чинь асахгүй болохоор нь Батбаатарын ахын гэр лүү гүйгээд явсан. Ард нь би байдлыг хараад зогсож байсан ба Ц ах босож явж чадахгүй байгаа бололтой мөлхөөд эхнэрийн хажууд ирсэн. Талийгаач доошоо харсан чигтээ хөдөлгөөнгүй хэвээрээ л байгаад байсан. Ц ах эхнэрийнхээ хажууд нь ирээд “Бүрээн, Бүрээн” гээд дуудаад байсан. Талийгаач огт хөдлөхгүй болохоор нь Ц ах бие нь муудах шиг болоод доошоо хараад бас хэвтсэн. Удалгүй Б хүмүүс дагуулж ирсэн. Араас нь эмч ирээд талийгаачийг үзээд “нас барсан байна, цагдаад мэдэгд” гэж хэлсэн. Ц ахыг эмч үзээд машиндаа суулгаад аваад явсан. Ард нь сумын цагдаа нар ирсэн. Цагдаа нар ослын газарт байсан хүмүүсийг явуулсан. Уг нь тухайн шороон зам дээр саад бартаа, хад асга байхгүй. Бид хэд “Эрдэнийн эхэн” дээр гарч ирээд явах үед шавартай хэсэг байсан. Тэр шавар дээгүүр Ц ах гарахдаа хальтарч онхолдсон байсан. Ер нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний оройжин бороо орсон. Үүнээс болж газар чийгтэй болж, зарим хэсэгт шавар шавхай үүссэн байсан. Бид нар 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Нөхөр бид 2-ын араас Ц эхнэртэйгээ 20-30 метрийн зайтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас,
-гэрч Д.А-ийн: “....Тэгээд бид нар ослын газарт очсон. Очиход талийгаач замын баруун талд газарт доошоо хараад хэвтэж байсан. Хажууд нь Ц ах бас хэвтэж байсан. Тэр 2-ын ард талд жоохон зайнд мотоциклийг замын баруун талд данхраадсан байдалтай байсан. Талийгаач ямар ч хөдөлгөөнгүй, таг хэвтэж байсан. Харин Ц ах ухаантай байсан. Бид нарын араас сумын эмч ирсэн. Эмч үзээд талийгаачийг нас барсан байна, цагдаад мэдэгд” гэж хэлсэн. Хөдөлгөөнгүй газарт хэвтэж байхдаа нас барчихсан байсан юм байна лээ. Ц ахыг эмч үзэнгүүтээ машинд суулгаад сумын төв авч явахаар болсон. Би бас эмнэлгийн машинд сууж сумын төв орсон. Төвд ороод Цыг эмнэлэгт хүргэсэн. Ц замдаа ухаантай, бие нь нэлээн тааруу шокны байдалтай явж эмнэлэгт очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,
-гэрч Ө.Б-ийн: “Цэцгээ буюу Оюунцэцэг гэх хүнээс 18 цаг 53 минутад “мотоциклтой хүн онхолдож ухаангүй байна” гэх дуудлага өгсний дагуу “Эрдэнийн эхэн” гэх газарт очиход замын хажууд эрэгтэй, эмэгтэй 2 хүн хэвтэж байсан. Эрэгтэйг нь татаж үзсэн чинь ухаантай, ёолж байсан. Эмэгтэй нь доошоо харсан байсныг ар гэрийнхнээр нь дээш харуулж үзэхэд “амьсгал хураасан” байсан. Энэ талаар хажууд нь байсан хүмүүст хэлсэн. Улмаар нөгөө эрэгтэйг үзэхэд ухаан санаа орж гарсан, манарсан шокны байдалтай байсан тул эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
-гэрч Б.О-ийн : “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байтал миний утсанд Ц.Өлзийбат гэх манай садангийн хүүхдээс дуудлага ирсэн ба “Эрдэнийн эхэн” гэх газарт Ц мотоциклтой унаад эхнэр Б нь ухаангүй байгаа юм шиг байна, та эмчийн дугаар олоод яаралтай эмч дуудаж өгөөч” гэж хэлсний дагуу би сумын Эрүүл мэндийн төвийн дуудлагын утсанд дуудлага мэдээллийг тэр дор нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,
-гэрч С.Ж-ын : “Би Малчин сумын төвд ажил үүргээ гүйцэтгээд байж байтал сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Сайнбуян над руу 19-20 цагийн үед байх, утсаар ярьж “Эрдэнийн эхэн” гэх газарт мотоциклтой 2 хүн онхолдсон байна гэх дуудлагаар очсон чинь зорчигч эмэгтэй нь газар дээрээ нас барсан байна гэх мэдээллийг хэлэхээр нь уг мэдээллийг хэсгийн төлөөлөгчдөө танилцуулаад хамтдаа ослын газар болох Малчин сумын 4-р багийн нутаг “Эрдэнийн эхэн” гэх газарт очиход замын баруун талд осолд орсон гэх Мустанг загварын улсын дугаартай улаан өнгийн мотоциклыг данхраадаж зогсоосон, мотоциклоос 3-5 метрийн зайнд талийгаач Б замын баруун талд дээшээ харсан байдалтай, дээгүүр нь бор богино дээлээр хучсан байдалтай байсан. Харин сумын эмнэлгийн эмч ирж, мотоцикл жолоодож явсан Ц-ыг сумын төв рүү тээвэрлээд авч явж байсан. Хэсгийн төлөөлөгч бид 2 хэргийн газрыг хамгаалалтад авсан. Хэргийн газрын ойр орчим хамгаалалтад авахаар үзэх үед мотоциклоос доошоо тэд нарын ирж байсан талд 10 метр орчим газарт замын хэсэгт шавар байгаад хөлдсөн байсан ба уг шавар дээгүүр мотоцикл гарахдаа жолоодлого алдсан бололтой мөр үүсч цааш нь даялж яваад ослын газарт хүрч унаж онхолдсон юм шиг байдалтай харагдаж байсан. Талийгаач Б-гийн нүүр, толгойн хэсэгт гэмтэлтэй, нэлээн их хэмжээний цус гарч, хэвтэж байсан газрын хэсэгт нэвчсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “1. Талийгаач П.Б-н биед суурь ясны баруун талын их далавч турк эмээл хэсгийн, дух, баруун чамархай ясны хайрст хэсэгт, баруун нүдний ухархайн дээд хана, зүүн чамархай ясны чулуулаг хэсэгт, дагз ясны зүүн талд шугаман хугарал, эрүү ясны баруун урд хэсэгт хөндлөн хугарал, тархины суурь хэсэг, баруун зулай, зүүн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховлуудад шингэн цусны агууламж, баруун хөмсөг, баруун нүдний дотно буланд, хэлний дунд хэсэгт, амны баруун, зүүн буланд, доод уруулын салстад язарсан шарх, духны хуйхан доор цус хуралт, дух, хамар, баруун хацар, эрүү, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цөм нэг дор үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь талийгаачийг осолд орох үед буюу амьд үед үүссэн байна. 4. Суурь ясны баруун талын их далавч, турк эмээл хэсгийн, дух, баруун чамархай ясны хайрст хэсэгт, баруун нүдний ухархайн дээд хана, зүүн чамархай ясны чулуулаг хэсэгт, дагз ясны зүүн талд шугаман хугарал, эрүү ясны баруун урд хэсэгт хөндлөн хугарал, тархины суурь хэсэг, баруун зулай, зүүн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдлуудад шингэн цусны агууламж, баруун хөмсөг, баруун нүдний дотно буланд, хэлний дунд хэсэгт, амны баруун, зүүн буланд, доод уруулын салстад язарсан шарх, духны хуйхан доор цус хуралт, дух, хамар, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Дээрх гавал, тархины гэмтлүүд нь талийгаачийн үхэлд шууд нөлөөлсөн байна. 6. Талийгаач П.Б нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна. 7. Талийгаач П.Б-гийн биед бүтцийн хувьд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 8. Талийгаач П.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 9. Талийгаач нь нас барах үедээ эрүүл байсан байна...” гэх шинжээчийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-103-р хуудас/,
-Шүүх химийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “1. С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. С.Цаас авсан гэх 00005700 дугаартай хуруу шилтэй цусанд 1,0% промилли спиртийн агууламж илэрч байна. 2. С.Ц цусны дээж авах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна” гэх шинжээчийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114-р хуудас/,
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “1. С.Ц-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун хацар ясны хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний доод, дотор ханын хугарал, нүүр, баруун гар, баруун өвдөгт зулгаралт, баруун нүдний дотор салст, дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд цус хуралт гэмтлүүд учирсан байна. ...5. Баруун хацар ясны хоёрлосон хугарал, баруун нүдний доод, дотор ханын хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун нүдний дотор салст, дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд цус хуралт, нүүр, баруун гар, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1,5 хувийн талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 424 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-122-р хуудас/,
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрын Увс аймгийн автотээврийн төвийн шинжээч /ТХҮ-ын үзлэгийн инженер Б.Батзориг/-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 142-144-р хуудас/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 5-15/
- С.Ц-ын яллагдагчаар өгсөн : “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Малчин сумын 4-р багт талийгаач эхнэрийн маань төрсөн ах Батбаатарын хүүхдийн гэр бүрэх ёслолд оролцоод буцаад эхнэрийн хамт гэр лүүгээ мотоциклоор явах замдаа “Эрдэнийн эхэн” гэх газарт зам тээврийн осол гаргасны улмаас эхнэр маань нас барсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна, анхаарал болгоомжгүй байдлаас болж ийм осол гарсан. Би мотоцикл жолоодож эхнэр маань миний ард сууж явсан. “Эрдэнийн эхэн” гэх газарт уулын өндөрлөг хэсэгт хөдөөний шороон замаар явж байтал жолоодлого алдаж осол гаргасан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа ойлгосон гэх мэдүүлэг /хх-ийн 171-172-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шинэ гэр бүрэх ёслолд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэрээр мотоцикл жолоодох А ангиллын үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодон зорчигч тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцсон, мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад жолооч С.Ц Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, осол гарахад хүргэсэн шалтгааныг тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад Ц.Эрдэнэболдын 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан : “С.Ц нь Мустанг загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.4.в-д: мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3-д : жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Мотоциклийг “А” ангиллын эрхийн үнэмлэхээр жолоодох эрхтэй ба С.Ц жолоодох эрхийн ямар ч үнэмлэхгүй байна. Зорчигч П.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.1б-д: Мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх гэсэн заалтыг зөрчсөн байна.
С.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3-т тус тус заасныг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байна” /хх-ийн 152-р хуудас/ гэх 23 дугаартай Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Цын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ц-ын өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах журмаар гаргасан :”... Шүүдэгч С.Ц-т анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жил, найман сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ыг журамлан нэг жил болгож хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Ц-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн хувийн амьдрал байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч С.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах журмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасаж, нэг жил найман сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүх шүүгдэгч С.Ц-т хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих хэсгийг баримтлаагүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Ц-ын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН