Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 113

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уургач овгийн Наранцогтын Энхбаярт холбогдох 1728000000029 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Н.Энхбаяр нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд эхнэр М.Энхцэцэгийг байнга зодож, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Энхбаярт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Н.Энхбаяр нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ эхнэр М.Энхцэцэг маргалдан зүй бус харьцаж төмөр сандал, халуун тогоо, ус буцалгагч, аягатай хоол шидэхээр зэргээр айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар хавар намрын түрийтэй гутлаар нуруун тус газарт нь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр аймгийн хойно тал дээр аваачин чих хацар луу нь алгадах,  элэг, дагз руу нь цохих зэргээр зодож догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Н.Энхбаяр нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь эхнэр М.Энхцэцэгтэй хардалтын улмаас  үл ойлголцон хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн зодож догшин авирлаж гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэр бүлд тухайн гэр бүлд амьдарч байгаа эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хамаарахаар заасан байх бөгөөд шүүгдэгч Н.Энхбаяр, хохирогч М.Энхцэцэг нар нь гэрлэлтээ 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаагаар нотлогдож байх тул  /хх-45 дугаар хуудас/ шүүгдэгчийн гэмт үйлдэлд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Н.Энхбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр М.Энхцэцэгийг байнга зодож догшин авирласан болох нь дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Энхцэцэгийн... “Би 2011 онд Улаанбаатар хотод тэмцээнд оролцож байгаад Энхбаяртай анх танилцаж байсан. Түүнээс хойш бид хоёр найзалж байгаад 2014 оны 02 дугаар сарын 28-нд гэр бүл болж гэрлэлтийн баталгаа авсан. Бид хоёр Улаанбаатар хотод амьдарч, сурч байгаад сургуулиа төгсөөд 2016 оны 09 дүгээр сарын 10-нд Өмнөговь аймагт ирээд амьдарсан. 2016 онд манай нөхөр Энхбаяр аймгийнхаа 7 дугаар сургуульд багшаар орсон. Түүнээс хойш Энхбаярын зан ааш нь өөрчлөгдөж, гэртээ шөнө аажуу ирдэг болж, утас руу Ууганчимэг гэдэг хүүхэн залгаад Энхбаяртай яръя гээд байдаг болсон. Ууганчимэг гэдэг хүүхнээс болж бид хоёр хоорондоо байнга хэрэлдэж маргалддаг болж бүр сүүлдээ Энхбаяр архи уугаад гэрийнхээ эд зүйлийг эвдээд байдаг болчихсон. 2017 оны 01 дугаар сарын 09-ний өдөр би Ууганчимэгийг “Надтай ирж уулзаа” гэж утсаар хэлэхэд Ууганчимэг манай гэрт ганцаараа ирсэн. Би түүнд “Чи гэр бүлтэй хүнтэй явалдахаа болиоч, миний амьдралд яагаад оролцоод байгаа юм, би чамайг их тэвчээртэй хүлээлээ, тун болохгүй тул би танай сургуулийн захиралд чинь хэлнэ шүү” гэхэд Ууганчимэг “би танай нөхөр Энхбаяртай явалдсан зүйл байхгүй. Манай гэрт хоол идэж уусан нь үнэн, надаас мөнгө төгрөг авдаг” гэж хэлээд байж байтал гэнэт гэрийн хаалгыг өшиглөөд манай нөхөр Энхбаяр орж ирээд “Чи яах гэж энэ хүнийг дуудсан юм, чамайг ална шүү” гээд ширээн дээр байсан ус буцалгагчийг над руу шидсэн. Би бултаад цохигдоогүй байж байтал дахиад сандал авч шидэх гэхэд Ууганчимэг очоод хорьтол ширээн дээр байсан тогоотой хоолоо хана руу шидсэн. Тэгээд намайг боох гээд гараараа хоолойноос барьж аваад хойш нь дарж байтал гаднаас Янжиндулам багш орж ирээд бид хоёрыг салгаад цагдаа дуудаж удалгүй цагдаа нар ирээд манай нөхөр Энхбаярыг аваад явсан.

2017 оны 01 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хот руу явж гэртээ очоод 4 сар гаруй болж байхад манай нөхөр 2017 оны 05 дугаар сарын 05-ны үед манай гэрт хүрч ирээд “Би хүүхдээ санаад байна, хоёулаа одоо сайхан амьдаръя, гэр орноо барина, би тэр хүүхнээс больсон” гэж хэлээд гуйгаад байхаар би амьдралаа бодоод Энхбаярын үгэнд итгээд буцаад Өмнөговь аймагт ирсэн.  

2017 оны 05-р сарын 10-нд хүүхдээ авч яваад “Ажнай” талбай дээр явж байтал манай нөхөр Энхбаяр нөгөө Ууганчимэг хүүхэнтэйгээ хоёулаа сургуулиасаа гарч ирээд хойшоо гэрийн зүг рүү явж байхад нь би очоод “Хөөе та хоёр чинь юу болоод байнаа, чи яасан энэ Ууганчимэгээсээ болино гээд байсан яасан юм бэ?” гэхэд Энхбаяр “Чи чимээгүй араас юу ярихыг чагнаад дагаад явж байхгүй, яасан юм гэж өөдөөс хэлсэн. Тэр хүүхэн “Сайн уу, та хоёр хэзээ ирсэн юм” гэж хэлэхээр нь “Би энэ хүнтэй чинь цуг ирсэн” гэхэд Ууганчимэг Энхбаярыг “Чи ямар худалч юм бэ?” гэж хэлсэн. Би цаашаа явтал араас Энхбаяр хүрч ирээд “хэдүүлээ эв зүйгээ олъё” гэсэн.  Би “Ууганчимэгийг дууд” гэж хэлэхэд Энхбаяр би дуудахгүй, намайг дууд гэхээр нь би Ууганчимэгийг утсаар дуудсан. Удалгүй Ууганчимэг ирж манай нөхөр Энхбаяр “Хэдүүлээ гэр лүү орцгооё, энд гадаа хоорондоо маргалдаад яахав” гэж хэлэхээр нь бид нар гэр лүүгээ явсан. Гэрт орж ирээд Энхбаяр “Хоол хий” гэхэд би “Хоол хийхгүй” гээд маргалдаж байтал Энхбаяр гэрээс гарч яваад дэлгүүрээс нэг шил 0.5 грамм Тайга нэртэй архи, 4 ширхэг “Эса” нэртэй шилтэй пиво авчираад нөгөө архийг Энхбаяр ганцаараа уугаад байж байснаа намайг тэр пивоноос уу гээд дарамталаад байсан. Энхбаяр “Би энэ хүүхэнтэй явалдсан нь үнэн, чамайг явсны чинь дараа энэ Ууганчимэгийн гэрт хамт байсан, гэхдээ би хүүхдээ санаад чамтай эргээд суунаа” гэхээр нь би Энхбаярт “Та хоёрт би юу хэлэхэв дээ” гэхэд Энхбаяр намайг уурлаад байгаа юм уу гээд ууж дуусгасан архины шилийг хана руу авч шидсэн. Бид хоёр маргалдаж байтал Энхбаяр миний гутлаар нуруун дундуур цохиж аваад миний хоолойг боох гээд фудволкийг урсан. Тэгтэл хүргэн ах Эрдэнэбаяр гадаа ирчихсэн зогсож байсан. Би очоод хаалгаа онгойлгоход Эрдэнэбаяр ах орж ирээд “Юу болоод байгаа юм” гэхэд Энхбаяр над руу дахиад зодох гээд дайраад байсан. Удалгүй Энхбаяр гэрээс гараад явчихсан.

Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 15-нд би хүүхдээ аваад Хан-Уул руу алхаж байхад Их-Уулын 1-3 тоот хашаан дотор манай нөхөр Энхбаярын машин байсан. Ууганчимэгийн гэрт ортол тэр хоёр сууцгааж байхаар нь би уурлаад “Та хоёр одоо дэндэж байна, юу хийж байгаа юм” гэхэд Энхбаяр би ажил руугаа явах гэж байгаад Ууганчимэгийг авах гэж ирсэн гэж хэлсэн. “Та хоёр больчхоод, ганц бие эмэгтэй хүний гэрт юу хийж яваа” юм гэхэд тэр Ууганчимэг “Гэрээс гараад зайл, гэрт битгий хэрэлдээд бай” гэхэд нь би “Чамаас болж бид хоёр ийм байдалд хүрч байна” гэж хэлтэл Ууганчимэг “Дуугүй гараад зайл, надад хамаагүй” гэж хэлсэн. Би тэмдэглэлийн дэвтэр шидчихээд үснээс татах гэхэд манай нөхөр Энхбаяр хүрч ирээд намайг гарнаас татаад миний дух руу нэг удаа мөргөөд, нэг удаа цээж рүү цохиж автал миний дотор муухайраад “Та хоёрыг хэлдэг газар нь хэлнэ” гээд гэрээс гараад явж байтал араас Энхбаяр араас хүрч ирээд хүүхэд авчихаад намайг хүчээр машинд суулгаж аваад аймгийн хойд тал руу явж байхдаа “Чамайг одоо тал руу гарч ална шүү” гэж хэлээд миний зүүн чих, хацар хавьд нь нэг цохиж авахаар нь би айгаад ах руугаа утсаар залгаад энэ хүн намайг алах гээд байна гээд хэлтэл машинаа зогсоочхоод миний утсыг булааж аваад газар луу шидсэн. Миний элэг рүү нэг удаа цохиод, мөн миний ар дагз руу цохиход миний хамарнаас цус гарсан. Би Энхбаярыг “Зодохоо болиоч, бид хоёрыг явуулаад өгөөчээ” гэхэд Энхбаяр зодохоо болиод машинаа асаагаад явсан. Намайг гэрийн гадаа буулгачхаад “Цагдаад өргөдлөө маргааш өг” гэсэн. Би түүнд “Чи зүгээр надаас зайл” гэж хэлтэл Энхбаяр машинтайгаа ажил руугаа явлаа гээд явчихсан. Би маргааш нь өргөдөл бичиж цагдаад өгч болсон зүйлийн талаар хэлсэн. Би энэ хүнтэй албан ёсоор гэрлэсэн, бид хоёр амьдраад 6 жил болж байна. Энхбаяр өөр хүнтэй явалдаад баригдсандаа уурлаад гэр бүлийн маргаанаас болж байнга хэрэлдэж намайг удаа дараа зодож байсан. Энхбаярыг Ууганчимэгтэй дотно харьцаа үүсгэж байсныг нь би өөрийн нүдээр харсан зүйл байхгүй . Энхбаяр өөрөө Ууганчимэгтэй явалдаж байгаа гэж надад хэлж байсан. Тухайн үед намайг Энхбаяр зодсон гэдгийг Ууганчимэг, хүргэн ах Эрдэнэбаяр, Янжиндулам нар мэдэж байгаа. Би өөрийн үр хүүхэд, амьдралаа бодоод энэ тухайгаа цагдаад мэдэгдээгүй нь үнэн, тэгээд сүүлдээ бүр болохоо байхаар нь өргөдөл өгсөн юм. 2016 оны 10 дугаар сараас тэр Ууганчимэг гэдэг хүүхнээс болж өдөр болгон намайг дарамталж, хүчирхийлдэг болсон. Эмнэлэгт үзүүлж байгаагүй.  Би энэ хүнээс одоо салж байгаа, гомдолтой байна, явсан ирсэн унааны зардал нийт 254.400 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 15-18 дугаар хуудас/

Гэрч Г.Ууганчимэгийн... “Би тухайн өдрийг нь мэдэхгүй байна ямар ч байсан 2016 оны 12 дугаар сард байсан байх Энхбаярын эхнэр Энхцэцэгтэй уулзах гэж гэрт нь ганцаараа орой 20 цагийн үед очоод уулзахад Энхцэцэг хүүхэдтэйгээ хоёулаа байж байсан. Би тэгээд Энхцэцэгийг та яагаад намайг Энхбаяртай хардаад байгаа юм гэхэд Энхцэцэг “та хоёр ямар учиртай юм, дандаа хамт жижүүр багш хийдэг, чиний нөүтбүүкийг хэрэглээд байдаг нь ямар учиртай юм бэ гэж хэлэхээр би танай нөхөртэй “ямар нэгэн хувийн дотно харьцаа тогтоосон юм байхгүй” гээд бид хоёр ярилцаад байж байхад Энхбаяр согтуу гэрт ганцаараа орж ирээд “яахаар та хоёр уулзаж байдаг юм гээд гэрт байсан эд зүйлийг авч шидээд байсан. Тэгээд Энхбаяр, Энхцэцэг хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байтал гаднаас гэнэт цагдаа нар орж ирээд Энхбаярыг аваад явсан.

Дараа нь 2017 оны 05 дугаар сард байх, он сар өдрийг нь мартсан байна. Энхбаяр бид хоёр сургуулиас гараад хамтдаа хойшоо яваад Ажнай талбайн хавьд явж байхад Энхбаярын эхнэр Энхцэцэг хүрч ирээд “та хоёр юу хийж хамт явж байгаа юм гэж хэлэхээр Энхбаяр ажил тараад бид хоёр хамт явж байна гэж хэлэхээр би тэр хоёрыг үлдээчихээд гэр лүүгээ явж байхад араас Энхцэцэг над руу залгаад гэрт “хүрээд ирээ учир зүйгээ олъё” гэж хэлсэн.Тэгээд би Энхбаярын гэрт нь очиход гэрт нь Энхбаяр, Энхцэцэг хоёр хүүхэдтэйгаа гурвуулаа байж байсан. Тэгтэл Энхбаяр гэрээсээ гараад нэг шил 0.5 грамм Тайга нэртэй архи, 4 ширхэг “Эса” нэртэй шилтэй пиво авчраад бид хоёрт пивоо задалж өгөөд Энхбаяр ганцаараа тэр авчирсан архийг уугаад байсан. Тэгээд Энхбаяр эхнэр Энхцэцэгийг би энэ Ууганчимэгтэй ямар ч холбоо байхгүй, ажлын найзууд байгаа юм гэж хэлээд хоорондоо юм ярилцаж байгаад Энхбаяр гэнэт аягатай хоолоо хана руу авч шидээд, гутлаараа Энхцэцэгийг цохих гээд шавхраад байхаар би өмнүүр ороод хорьсон тэгэхэд удалгүй Энхбаяр хүргэн ах нь ирэхээр би Энхбаярын гэрээс гараад явсан.

2017 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед намайг гэрт байж байхад мессежээр “ажил дээр бид нарыг цугла” гэсэн мессеж ирсэн байхаар би нүүр амаа будаад байж байтал манай гэрт Энхбаяр орж ирээд “танай гэрийн хаалга чинь онгорхой байхаар чинь ороод ирлээ, хамт ажил руу явъя” гэсэн тэгээд Энхбаярыг манай гэрт байж байтал араас удалгүй Энхцэцэг орж ирээд “Энхбаярыг “чи яахаараа энд байж байдаг юм гэж” хэлтэл өөдөөс нь Энхбаяр “Би энэ Ууганчимэгийг ажил руу авч явах гэж байна, дөнгөж сая орж ирлээ гэхэд Энхцэцэг над руу тэмдэглэлийн дэвтэр над руу шидсэн тэгээд намайг үсдэж авах гээд дайрах гээд байхаар нь Энхбаяр Энхцэцэгийг цааш нь түлхээд нүүрний хавьд нь нэг удаа алгадах шиг болсон тэгтэл Энхцэцэг “танай ажил дээр очно, захиралтай чинь уулзана” гээд гэрээс гараад явсан. Би тэгээд гэрээс гартал тэр хоёр гэрийн гадаа байхгүй байсан. Би тэгээд ажил руугаа явсан. М.Энхцэцэг нь нөхөр Энхбаярыгаа надтай байнга хардаад байдаг юм. Үүнээс болж энэ хоёр учир зүйгээ олохгүй хоорондоо хэрэлдэж зодолддог юм. Би Энхбаяртай ямар нэгэн хувийн дотно харьцаа байхгүй. Миний харж байснаар гурван удаа энэ хоёр хэрэлдэж маргалдаж байна. Энхбаяр нь нэг удаа Энхцэцэгийн нүүр лүү алгадаж байсан. Өөр бол зодож цохиж байгааг нь хараагүй. Энхбаярын биед ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байсан. Энэ хоёр миний хажууд гурван удаа хэрэлдэж маргалдаж байсан. Энхбаяр манай сургуулийн чөлөөт бөхийн багш, даслагжуулагчийн ажил хийдэг. Хөгжилтэй, хүн болгонтой инээж харьцаад явдаг хүн. Энхбаяр Энхцэцэг хоёр нийтийн байранд нэг хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Би гэр бүлгүй, нэг эрэгтэй дүүтэйгээ хамт амьдардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Өлзийбатын... “Н.Энхбаяр, Г.Ууганчимэг нарыг ямар харилцаатай байдаг талаар мэдэх зүйл байхгүй, ажил дээр мэдэгдэх зүйл байдаггүй. Энхбаярыг хүн чанартай хүн гэж боддог. Нэг жил гаран хамт ажиллаж байна. Энхбаяр эхнэр, нэг хүүхэдтэйгээ хамт амьдардаг гэж сонсож байсан.  Гэр бүлийн маргааны талаар сонсоогүй, эхнэр нь Улаанбаатар хот явчихсан гэж сонссон. Хамт олноороо нийлж идэж, уух юм байсан. Ууганчимэг урьд нь нөхөртэй байсан, тэгээд салчихсан гэж сонсож байсан. Одоо бол ганцаараа амьдарч байгаа. Зүгээр л их нөхөрсөг хүн. Намайг ажилд ороход Ууганчимэг ажилд орсон байсан, би Ууганчимэгийг сайн танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Янжиндуламын... “Намайг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой гэртээ амарч байхад манай хажуу талын айл болох Энхбаярын гэрт нь хүмүүс хэрэлдээд чанга чанга чимээ гараад зодолдоод байгаа бололтой чимээ гараад байхаар нь би байрны эзэн рүү утсаар залгаад манай хажуу талын айлд гэр бүлийн хүмүүс хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Энхбаярын гэрт ороход би гэрээс гараад Энхбаярын гэрт ороход тэнд Энхбаяр, Энхцэцэг, Ууганчимэг тэр гурав байсан гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан.Тэгээд Энхцэцэгийн нөхөр Энхбаярыг цагдаа нар хүрч ирээд явсан. Энхцэцэгийн нөхөр нь хүнтэй явалдаад байдаг гэж Энхцэцэг өөрөө надад хэлж байсан. Гэрийн дотор байсан эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан. Н.Энхбаяр, М.Энхцэцэг хоёр миний мэдэхийн 2-3 удаа хоорондоо хэрүүл маргаан хийж байсан. Гэр бүлийн амьдрал ахуй нь их тааруу, тэгээд ч энэ хоёр хоорондын харьцаа, таарамж муутай байх шиг надад санагддаг юм. Энхцэцэг бол их даруухан зантай, харин Энхбаярыг ямар зантай хүн гэдгийг нь мэдэхгүй байна. Энхцэцэг надад “Энэ хүн гэртээ ирж хонохоо байлаа, тэгээд бид хоёр таарамж муутай байгаад байна” гэж хэлж байсан. Би Ууганчимэг гэдэг хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч А.Хэрлэнгийн... “Намайг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой гэртээ амарч байхад манай байр хөлсөлж суудаг Янжиндулам утсаар залгаад манай хажуу талын айл болох Энхбаяр нь эхнэртэйгээ хэрэлдээд чанга чанга чимээ гараад зодолдоод байгаа бололтой байна бид нарыг ирэхгүй бол болохгүй юм шиг байна гэхэд бид хоёр хүрээд очоод хоёр давхарт байрлаж байгаа Энхбаярын гэрт нь ороход тэнд Энхбаяр, эхнэр Энхцэцэг, нэг танихгүй эмэгтэй энэ гурав байж байсан. Би Энхбаяраас “юу болоод хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ?” гэхэд Энхбаяр уучлаарай эхнэр бид хоёр хэрэлдээд одоо учраа олчихно гэхэд би гэрт нь байгаа эд зүйлийг харахад гэрийн ширээ сандал, ор нь эмх замбараагүй байдалтай байхаар энд ямар нэгэн зодоон болсон байна гэж бодоод цагдаа дуудсан. Удалгүй цагдаагийн хүмүүс ирээд Энхбаярыг аваад явсан. Хэд хоногийн дараа нь Энхцэцэг би явлаа гээд Улаанбаатар хот руу явчихсан. Сайн мэдэхгүй байна энэ хоёрыг хоорондоо хэрэлдээд байдаг гэж хүнээс урьд нь сонсож байсан. Тухайн үед намайг очиход Энхцэцэг уйлчихсан байсан. Гэрийн дотор байсан эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан. Энэ хоёрыг байнга хэрэлддэг гэж сонсож байсан. Энхцэцэг бол их даруу дөлгөөн зантай, харин Энхбаярыг ямар зантай хүн гэдгийг нь мэдэхгүй байна. Гэр бүлийн амьдрал ахуй нь их тааруу юм шиг надад санагдсан. /хх-ийн 23 дугаар хуудас/,

Яллагдагч Н.Энхбаярын... “2017 оны 05 дугаар сарын 10-ны үед эхнэр Энхцэцэгийн Улаанбаатар хотоос авчираад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг Жаал уулын 2-10 тоот хашаанд нийтийн байранд хамт амьдарч байсан.Тэгээд би 2017 оны 05 дугаар 10-наас 05 дугаар сарын 12-ны үед байх тэр үед би сургуулиасаа тараад гэр лүүгээ хамт Ууганчимэгтэй ханилаад хойшоо алхаж байтал Ажнай талбайн хавьд манай эхнэр Энхцэцэг таараад “та хоёр юу хийж хамт явж байгаа юм гэж хэлэхээр нь би ажил тарах гээд Ууганчимэгтэй хамт явж байсан юмаа гэж хэлчихээд би Энхцэцэгт хэдүүлээ орж учир зүйгээ ололцоё гээд Ууганчимэгийг дагуулаад гэртээ ирсэн. Хоол болж байх хооронд би дэлгүүр орж нэг шил 0.5 грамм Тайга нэртэй архи, 4 ширхэг “Эса" нэртэй шилтэй пиво аваад гэртээ очоод нөгөө архийг задалаад би өөрөө уусан тэгээд авчирсан пивийг эхнэр Энхцэцэг, Ууганчимэг хоёр өгөхөд тэр хоёр уугаагүй пивоо задалчихаад ширээн дээр тавьсан. Би архийг ганцаараа дуустал нь уусан. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь гадаа гудамжинд сууж байсан. Босоод гэртээ ороход манай эхнэр Энхцэцэг хүүхдээ тэврээд газар унтаж байсан. Би тэгээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь эрт босоод ажилдаа явчихсан. 2017 оны 08 дугаар сарын 15-нд бид нарыг ажил дээр цугал гэж хэлэхээр би замаараа хамт ажилдаг Ууганчимэгийг авах гээд гэрт ороод байж байтал манай эхнэр Энхцэцэг араас орж ирээд “Та хоёр юу хийж байгаа юм” гээд Ууганчимэг рүү дайраад үстээд, тэмдэглэлийн дэвтэрээр нүүр лүү цохьсон тэгэхээр би босоод “аятайхан бай, эв зүйгээр яриач, битгий хашгичаад бай, ажил гараад Ууганчимэгийг авах гээд ирчихсэн байна гэж хэлээд Энхцэцэгийг цээж рүү нэг удаа түлхтэл Энхцэцэг газар уначихаад босч ирээд над руу дайрах гээд байхаар би нэг удаа нүүр лүү цохиж автал манай эхнэр Энхцэцэг “Та нарыг сургуулийн захиралд нь мэдэгдэнэ” гэж гэрээс гараад явчихсан. Би тэгээд гэрээс гараад хартал Энхцэцэг хашааны гадаа цаашаа явж байхаар би араас машинаар очоод “Уулзах гээд байгаа бол дараа очиж уулзаа, одоо сургуулийн захирал ажил ихтэй байгаа” гэж хэлсэн. Тэгтэл миний үгэнд орохгүй яваад байхаар нь хүүхдээ аваад машинд суулгачихаад Энхцэцэгийг барьж аваад машины ард талд нь суулгаад аймгийн хойд тал руу явж байхдаа “Чамайг одоо тал руу гарч ална шүү” гэж хэлээд зүүн чих, хацар хавьд нь нэг цохиж аваад, элэг рүү нь нэг удаа цохиод автал Энхцэцэгийн хамарнаас нь цус гарахаар би буцаад аймгийн төв рүү ороод гэрийнхээ гадаа ирэхэд Энхцэцэг машинаас буугаад гэр лүүгээ орохоор би ажил руугаа явсан. Маргааш өдөр намайг цагдаагаас дуудаж болсон зүйлийн талаар асуусан. Манай эхнэр намайг Ууганчимэгтэй хардаад үүнээс болж бид хоёр хэрэлдэж зодолддог юм. Би Энхцэцэгтэй 2014 онд анх танилцаад албан ёсоор гэрлэсэн. Бид хоёр 2011 оноос хамт амьдарч байна. Бид хоёр нэг хүүтэй одоо 3 настай. Би уурандаа Энхцэцэгийг хүүхдээ авахуул, би чамаас сална гэж дарамталдаг байсан. 2017 оны 05 дугаар сарын 10-дын үед маргалдаж байсан би гэхдээ архи уугаад тасарчихсан байсан. Ямар үйлдэл гаргаснаа мэдэхгүй байна. Харин сүүлд цохиж зодоход чих, хүзүү хавьд нь хавдаж улайсан байсан. Зүүн шуу нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байсан. Энэ гэмтлийг би Энхцэцэгт учруулсан эхнэрээ зодсондоо харамсаж байна. Би Ууганчимэгтээ нэг газар ажилладаг найзууд юм. Манай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Ууганчимэг гэр бүлгүй. Миний биед ямар нэгэн шарх, сорви байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхбаяр мэдүүлэхдээ... “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би дахиж алдаа гаргахгүй. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдармаар байна. Надад битгий ял өгөөч.” гэв.

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №389 дүгээр дүгнэлтэд:

1. М.Энхцэцэгийн биед зүүн чихний дэлбээ, баруун бугалга, зүүн шууны цус хуралт, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25 дугаар хуудас/,

Рентген зураг, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 06-07 дугаар хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Н.Энхбаярыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг буюу эхнэр М.Энхцэцэгийг байнга зодож догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтаар шинжлэн  судлав.

Н.Энхбаярын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/,

Н.Энхбаярын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрлэлтийн гэрчилгээ “Н.Энхбаяр, М.Энхцэцэг нарыг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 450400003 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон” /хх-ийн 46 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Н.Энхбаяр урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 34-40 дүгээр хуудас/,

          Хохирогч М.Энхцэцэгийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг болно.

          Шүүгдэгч Н.Энхбаярын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн  6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Н.Энхбаяр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан  байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

            Хохирогч М.Энхцэцэг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 254000 төгрөг  төлөгдсөн, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Н.Энхбаяр цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,

36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Уургач овгийн Наранцогтын Энхбаярыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбаярыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбаяр тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбаяр тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбаяр бусдад төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ