Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02127

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 182/ШШ2024/02127

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие нь 2014 онд *******эй танилцаж, 2015 оны 02 сарын 19-ний өдөр хүү Б.Лутцэгц төрсөн. Тухайн үед *******эй хамт амьдарч байгаагүй бөгөөд ******* нь 8 сартай жирэмсэн байхдаа чиний хүүхэд гэж хэлж байсан. Ингээд харилцаа холбоогүй байж байгаад 2017 онд намайг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаар шүүхээс дуудаж, 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 182/ШШ2017/00472 дугаартай шүүхийн шийдвэрээр хүү Лутцэгцэд хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шийдвэр гарч байсан. Одоо миний бие хүүхдийн тэтгэлгийг цаг тухайд нь төлж байгаа. Хүү маань одоо ээжийнхээ асрамжид байдаг бөгөөд огт холбоо барьдаггүй болохоор хүүхэдтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Миний бие хүү Лутцэгцийг гурван сартай байхад нь нэг удаа харснаас хойш огт уулзаж байгаагүй, хүү маань ч намайг огт танихгүй. ******* нь 2015 оноос хойш хүүтэй маань огт уулзуулдаггүй, хүү маань жил ирэх тусам өсөж том болж байгаа хэдий ч намайг эцэг нь мөн болохыг ч хүүдээ ойлгуулахыг хүсдэггүй шалтгаанаас болж хүү Лутцэгц нь миний төрсөн хүү мөн болох нь жилээс жилд эргэлзээтэй болсон. Иймд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлж, миний төрсөн хүү Лутцэгц мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* миний бие 2015.02.19-нд хүү Лутцэгцийг төрүүлсэн. Төрсний дараа хүүгээ өөрийн нэрээр буюу Дэлгэр овогтой Лутцэгц гэсэн төрсний гэрчилгээ 2015.02.26-нд авч байсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сард Одбаяр нь хүү Лутцэгцийг өөрийн хүсэлтээр өргөдөл гарган 2016.10.20-нд Одбаярын Лутцэгц гэж бүртгүүлсэн. Иймд эцэг тогтоолгохоос татгалзаж байна. Мөн өнөөдрийг хүртэл Одбаяр нь хүүгээ асууж нэг ч удаа ярьж байгаагүй учир миний бие цаашид хүүтэйгээ уулзуулахыг хүсээгүй болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Одбаяр миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан эргэлзээ тайлагдсан учраас татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан, эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь ... шинжээчийн дүгнэлттэй танилцсан, эргэлзээ тайлагдсан ... гэж нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

 

Иймд шүүх хуульд зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-т, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох эцэг тогтоолгох тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА