Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

 Ч.Т, С.Н, Д.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Анхбаяр, яллагдагч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, яллагдагч Д.Агийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ч.Т, С.Н, Д.А нарт холбогдох, 2135000910185 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү-эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн .. сумын Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .. сумын .. багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч овогт Ч-гийн Т.

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн Давст суманд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Увс аймгийн . сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .. сумын .. багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогт Д-гийн А.

Монгол Улсын иргэн,  Увс аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, ээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн ЗДТГ-т санхүүгийн албаны дарга ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн сумын  багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Я овогт С-ийн Н.

Яллагдагч Ч.Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Д сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Давст сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан “Хогийн цэгийн хогийг дарж булах” ажлыг 6.5 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Хайрхан Цагаан шувуут” ХХК-ийн захирал П.Эрдэнэбаяртай шууд гэрээ байгуулан, гэрээнд заасан ажлыг тус компаниар хийлгүүлэхгүйгээр тус сумын нутаг дэвсгэрт байрлах Торхилогийн гүүр засварлаж байсан, аймгийн Онцгой байдлын газрын 11-17 УН улсын дугаартай ковш трактороор хийлгүүлж, “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн данс уруу 6.5 сая төгрөг шилжүүлж, түүнийг бэлнээр нь гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон,

мөн Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Давст сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбогдох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг 2019 оны 10 сард дулааны улиралд хийлгэх нэрийдлээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Оточ-Эрчим” ХХК-д олгосон, ингэхдээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/170 дугаартай захирамжаар Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулан тухайн ажилд “Оточ-Эрчим” ХХК шалгарч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ажлыг хийж гүйцэтгүүлэн хүлээн авсан мэтээр үнэлгээний хорооны тендер сонгон шалгаруулсан, тухайн ажлыг комисс хүлээн авсан материалыг бүрдүүл гэж засаг даргын орлогч буюу тухайн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Д.А, Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга С.Н нарт нөлөөлж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 71.5 сая төгрөгийг Оточ-Эрчим ХХК-ийн Хаан банкны 5830171827 дугаарын дансанд шилжүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 71.5 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Д.А нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай захирамжаар Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа засаг дарга Ч.Т-т 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэх тендерт “Оточ-Эрчим” ХХК шалгарсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн өгч, түүний үйлдсэн гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлэн оролцсон,

яллагдагч С.Н нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай захирамжаар Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа засаг дарга Ч.Т-т 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэгчээр “Оточ- Эрчим” ХХК  шалгарсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн өгч, түүний үйлдсэн гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлэн оролцсон  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас: Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан, яллагдагч Д.А, С.Н нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус  тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” Шүүгчийн захирамжаар: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох, 2135000910185 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагч Ч.-Тын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт:

- яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт хэргийн материалтай танилцахыг мэдэгдээгүй, танилцуулаагүй нь өмгөөлөгчийн болон хууль зүйн туслалцаа авч буй ялагдагчийн эрхийг зөрчсөн явдал болно. Мөн хэрэгт авагдсан  шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 313 дугаартай дүгнэлтийг яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  эрхийг зөрчсөн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  үндэслэл гэж дүгнэжээ.  

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

...Шүүгчийн захирамжид: ......Иймд мөрдөгч дээрх үүргээ биелүүлж, яллагдагч Ч.Тын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт хэргийн материалтай танилцахыг мэдэгдээгүй гэж үзэх бөгөөд энэ нь түүний болон хууль зүйн туслалцаа авч буй яллагдагчийн эрхийг зөрчсөн явдал болсон байна гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт  үндэслэлгүй юм.

Учир нь:  мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад хэргийн материалыг яллагдагч нарт танилцуулсан, яллагдагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгтэй 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр холбогдож мөрдөн байцаалтын ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дуусна.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас 21 цагт хүртэл хугацаанд хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, мэдэгдсэн талаараа мөн хуулийн 28.1 дүгээр зүйлд зааснаар тэмдэглэл үйлдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасны дагуу мөрдөгч нь боломжит хугацаа буюу нэг хоногийн хугацааг олгосон, өмгөөлөгч тухайн хугацаанд хэргийн материалтай ирж танилцаагүй нь мөрдөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/66 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ын З.З-т заасан тэмдэглэлийг “тэмдэглэл гэх зүйл” гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

4 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудаст авагдсан тэмдэглэл нь Улсын Ерөнхий прокурорын баталсан дээрх журамд заасны дагуу үйлдэгдсэн тэмдэглэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ...мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл ...энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс мөрдөгчийн хууль, журамд нийцүүлэн үйлдсэн тэмдэглэлийг нотлох баримт биш гэж үзсэн нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Шүүгчийн захирамжид : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т "Өмгөөлөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй" гэж шинжээчийн дүгнэлт танилцуулах ажиллагааг нарийвчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулагчид үүрэг болгосон байхад шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт /хх-ийн IV хавтасны 34-35-р тал/-ийг мөрдөгч нь өмгөөлөгчид танилцуулаагүй байна.

Дээрх байдлаар өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал юм гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь яллагдагч Ч.Т-ын эзэмшлийн 40-68 УВА улсын дугаартай Subaru forester загварын автомашиныг хураан авч битүүмжилсэн ба тус тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргуулахаар мөрдөгчөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинжээч томилсон байна.

Эд хөрөнгийн үнэлгээчин мөрдөгчийн тус тогтоолыг хүлээн авч танилцаад 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинжээчийн 313 дугаартай дүгнэлт гаргасан.

Мөрдөгчөөс тухайн дүгнэлтийг яллагдагч нарт 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр танилцуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Өмгөөлөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй" гэж заасан боловч дээрх заалт нь өмгөөлөгчийн заавал эдлэх эрх, мөрдөгчийн өмгөөлөгчид заавал танилцуулах үүрэг биш юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” мөрдөн шалгах ажиллагааг хуульчилсан, яллагдагч Ч.Т нь өөрийн сайн дурын үндсэн дээр хуульд заасан өмгөөлөгч сонгон авах эрхээ эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй субъект юм. Тиймээс тухайн шинжээчийн дүгнэлтийг заавал өмгөөлөгчид нь танилцуулах шаардлагатай гэдэг нь өрөөсгөл, хэт нэг талыг барьсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй дүгнэлт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна” гэж заасан тул мөрдөгчөөс шинжээчийн 313 дугаартай дүгнэлтийг холбогдох оролцогч нарт танилцуулах үүрэгтэй, тус үүргийнхээ дагуу яллагдагч нарт танилцуулсан, харин өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт тухайн дүгнэлтийг танилцуулаагүй нь мөрдөгчөөс шалтгаалаагүй, Өөрөөр хэлбэл мөрдөгч нь өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгосоор байтал “Би Ховд аймагт байна. Уг нь амжаад очих байх гэсэн энд хуралтай боллоо. Би удахгүй Увс аймагт очиж хэргийн материалтай прокурорын шатанд танилцана. Амжиж ирж чадаагүй талаараа хяналтын прокурорт хэлж байгаад хэргийн материалтай танилцана гэж" мэдэгдсэн нь өмгөөлөгч хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй, энэ  талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байгаа нь түүнийг мөрдөгчийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэж үзэх боломжгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ” үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

Мөн прокурорын зүгээс яллагдагч Ч.Т-т 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг гардуулан өгч, хэргийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байгаа талаар мэдэгдэж. тэмдэглэлд гарын үсэг зуруулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн яллагдагч Ч.Т-аас өмгөөлөгчид нь мэдэгдүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д "Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ" гэж заасан.

Дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гаргуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагчид заавал мэдэгдэх, эсхүл яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны төлөөлөгчтэй бол түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэхээр заасан байна.

Харин Ч.Т-т яллах дүгнэлт гардуулсан тохиолдолд яллагдагч нь дээд боловсролтой, ямар нэгэн хууль ёсны төлөөлөгч тогтоолгоогүй этгээд тул хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн талаар өмгөөлөгчид нь заавал мэдэгдэх шаардлага байхгүй юм.

Хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн прокурорын хувьд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээртэй шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ .

Яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа : “Өмгөөлөгч миний бие прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна.

Хяналтын прокурор А.Анхбаяр нь өмгөөлөгч миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан хэд хэдэн эрхийг хязгаарласан . 1-рт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-р зүйлийн 2.3-т: “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах.нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй” гэжээ...

Гэтэл өмгөөлөгч миний бие 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 313 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан гэдгийг шүүх хуралдаан дээр сонссон. Ямар утгатай дүгнэлт гарсныг мэдээгүй, хэрвээ эс зөвшөөрвөл нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрх нь өмгөөлөгчид байхад энэ эрхийг эдлүүлээгүй.

2-рт : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9-т, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-т заасан өмгөөлөгчийн эрхүүдийг мөрдөгч болон прокурор нь хязгаарласанд гомдолтой байна.

Хэргийн материалтай танилцах боломжийг олгоогүй тул Ч.Т нарт холбогдох хэрэг хэдэн хавтас, хэдэн хуудас байгааг өмгөөлөгч би мэдэхгүй. Прокурор, өмгөөлөгч бол шүүх хуралдаан дээр мэтгэлцээний талууд, гэтэл яллагдагчийн өмгөөлөгчид хэргээ танилцуулаагүй, яллагдагчид яллах дүгнэлт гардуулж байгаагаа мэдэгдээгүй байж шүүх хуралдаан дээр тэгш эрх, шударга ёсны зарчмын үүднээс мэтгэлцэх боломж байхгүй гэдгийг мэдсээр байж прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өмгөөлөгч миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрхийг зөрчиж, хязгаарласан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч тэмдэглэл үйлдэж, уг тэмдэглэлд тайлбар бичсэн. Яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн зүгээс над руу утсаар залгаж “прокурор руу хэрэг шилжиж байгаа юм байна, миний үйлчлүүлэгч Ч.Т Увс аймгийн Давст сумаас аймагт орж ирж чадахгүй байгаа учир чөлөө олгож өгнө үү” гэж ярьж байсан. Гэтэл яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн зүгээс яллагдагч Ч.Тт яллах дүгнэлт гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаараа мэдэгдээгүй гэж маргаж байгаа нь учир дутагдалтай байна.

Яллагдагч Ч.Т-т би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр яллах дүгнэлт гардуулж өгсөн ба яллах дүгнэлт гардуулахын өмнөх өдөр нь мөрдөгчөөр Ч.Тыг дуудуулсан боловч өмгөөлөгчөөрөө над руу яриулж очих боломжгүй талаараа тайлбарласан. Дуудсан цагт заавал ирэх үүрэгтэй учир заавал ир гэж хэлтэл орой 16 цагийн үед ирж яллах дүгнэлтээ гардаж авсан. Тухайн үед би Ч.Тт хандаж “Д.А ирээгүй учир дараа 7 хоногийн 2 дахь өдөр хүрээд ирээрэй” гэж хэлсэн боловч Ч.Т Улаанбаатар хотод ажилтай гээд яваад өгсөн байсан тул хэрэг шүүхэд шилжих боломжгүй, удсан байгаа. Энэ нь хэрэг шүүхэд шилжүүлсэн он сар өдөр дардас болон яллах дүгнэлт гардуулж өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тухайн үед уулзалтын өрөөнд сууж байгаад Ч.Таар өөрөөр нь Л.Эрдэнэцэцэг өмгөөлөгч рүү утсаар яриулж яллах дүгнэлт гардаж авсан тул удахгүй хэрэг шүүхэд шилжих талаар мэдэгдүүлсэн.

Яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулж гарын үсэг зуруулсан. Эрх зүйн бүрэн чадамжтай яллагдагчийн хувьд өмгөөлөгчид нь мэдэгдэх шаардлага байхгүй. Яллагдагчид мэдэгдээгүй тохиолдолд өмгөөлөгчид мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалттай гэж ойлгож байгаа.

Би уг хэргийн мөрдөгчөөс тодруулж асуухад, мөрдөгч: “Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийг дуудаж, яллагдагчаар дахин мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулж, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусах болж байгаа тул та хэргийн материалтай ирж танилцаарай гэж хэлтэл Л.Эрдэнэцэцэг өмгөөлөгч  би найдвартай ирж танилцана” гэж хэлээд яваад өгсөн гэж хэлсэн.

Мөрдөгчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Л.Эрдэнэцэцэг өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах зорилгоор утас руу нь залгаж, маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр та ирж хэргийн материалтай танилцаарай гэж дуудтал “за” гэж хэлсэн боловч маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг “би өнөөдөр шүүх хуралтай болчихсон учир хэргийн материалтай танилцах боломжгүй байна. Би А.Анхбаяр прокурорыг таньдаг учир хуралтай байгаа талаараа утсаар хэлнэ. Прокурорын хяналтын шатанд хэргийн материалтай танилцана” гэж хэлсэн байдаг.

Мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргасан байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт юм. Уг нотлох баримт хэрэгт байхад мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж байгаа юм шиг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгасан тохиолдолд ямар үр дүн гаргах талаар мэдэгдэхгүй байна. Ийм зүйлийг санаатайгаар хийдгээ болих хэрэгтэй гэж хэлмээр байна.

Яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан, мөн хуулийн 14 дүгээр бүлэгт заасан хүсэлт гомдол гаргах эрхээр хангаагүй гэж дурдсан байна.

Прокурорын хэргийг 14 хоногийн дотор хянах хуулийн зохицуулалттай ба шүүхэд шилжүүлэх саналтай ирсэн хэргийг ажлын ачаалал болон бусад шалтгаанаар 14 хоногийн хяналтын хугацааг дээд шатны прокуророор зөвшөөрлөөр тус бүр 14 хоногоор сунгах боломжтой байдаг. Яллагдагч Ч.Тын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай ирсэн хэрэгт прокурор 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж байгаа нь өмгөөлөгчийн хүсэлт гомдол гаргах эрхийг хаасан гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Өмгөөлөгчийн хүсэлт гомдол гаргах эрхийг хаасан зүйл байхгүй. Хэрэгт хяналт тавьсан прокурорын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдсэн. Прокурор хэрэгт хяналт тавихдаа хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргаагүй. Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байгаа тул эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 01 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

Яллагдагч Ч.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эрх болон өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн асуудал яригдаж байна. Хуульд заасан эрхийг зөрчсөн асуудал болсон учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. А.Анхбаяр прокурорын дуудсан цагт нь очиж уулзаж байсан. Намайг Улаанбаатар хотод ажлаар явж байхад А.Анхбаяр прокурор утсаар залгаж дуудсан цагт ирэх үүрэгтэй, хэрэв ирэхгүй байгаа тохиолдолд албадлагын арга хэмжээ авдаг талаар хэлсэн учир би урьд шөнө нь машин хөлсөлж Увс аймагт ирж байсан. А.Анхбаяр прокурор өмнө нь 2 удаа дуудаж уулзаж байсан ба тухайн үед Д.А гэх яллагдагч ирээгүй байсан учир заавал 3 яллагдагчийг хамтад нь байлгаж байгаад асууж тодруулах зүйл байна гэж хэлж байсан. Би гурвыг дуудаж уулзах үедээ хэргийн материалтай танилцуулж, гарын үсэг зур гэж хэлсэн. Би өмгөөлөгч авч байж уг хэргийн материалд гарын үсэг зурна гэж хэлэх үед өмгөөлөгч авах эрх нээлттэй ба хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зур гэж хэлсэн учир гарын үсэг зурсан. Дараа нь Ховд аймгаас Л.Эрдэнэцэцэг өмгөөлөгчийг авч гарын үсэг зурсан материалын талаараа хэлсэн” гэв.

Яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.13 дахь хэсэгт заасан эрх үүргийнхээ дагуу өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-н өдрийн 01 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин прокурорын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд өмгөөлөгчийн эрх үүргийг тодорхой хуульчлан заасан байдаг. Уг хуулийн зохицуулалтыг прокурор яагаад хязгаарлаж байгаа талаар тайлбар өгье. Мөрдөгчийн зүгээс над руу утсаар залгасан асуудал байхгүй. Би уг хэргийн материалтай танилцсанаар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг ямар байдлаар хамгаалж, ямар ажиллагаа хийх талаар дүгнэлт гарган ажиллах ёстой. Хэдэн хуудастай, хэдэн хавтаст хэрэгт ямар ямар нотлох баримт байгаа талаар өмгөөлөгч мэдэхгүй байж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах нь учир дутагдалтай тул хуульд заасан өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Магадгүй би хэргийн материалтай танилцсан бол өмгөөлөгчийн зүгээс хяналтын прокурорт эсвэл улсын ерөнхий прокурорт хүсэлт гомдол гаргах байсныг үгүйсгэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн хэдэн хэдэн эрхийг зөрчсөн байх тул би улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан байгаа тул анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна.

А.Анхбаяр прокурорын хувьд уг хэргийг шүүх рүү шилжүүлж, яллах дүгнэлт гардуулах гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдээгүй. Прокурорын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч над руу утсаар залгаад “Ч.Т-аас асууж тодруулах зүйл байгаа учир над руу явуулаадхаарай” гэж хэлсэн. Би Ч.Т руу залгаад “прокурорын дуудсан цагт очих ёстой талаар тайлбарлаж хэлээд А.Анхбаяр прокурортой очиж уулзаарай” гэж хэлсэн. А.Анхбаяр прокурор яллах дүгнэлт гардуулах гэж байгаа талаараа хэлэхгүйгээр Ч.Т-аас асууж тодруулах зүйл байна гэж над руу залгаж хэлж байгаа нь хүн залилж байгаа юм шиг санагдаж байна.

Хэрэгт хяналт тавих прокурорын зүгээс шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн хэрэгт 14 хоногийг дотор хяналт тавих хуулийн зохицуулалттай байхад хэрэгт 1-2 хоногийн дотор хяналт тавьж дуусаад өмгөөлөгч надад мэдэгдэхгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байсан.

Хэрэгт ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлт гарсан гэдэг боловч би танилцаж чадаагүй ба ямар шинжээчийн дүгнэлт гарсан талаар мэдэхгүй байна. Хэрэв уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах боломж байсан эсэх асуудлыг мэдэхгүй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх байр сууринаас хандаж байгаа нь шүүх хуралдаанд талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Яллагдагчийн өмгөөлөгч хэргээ уншиж танилцаагүй, хуульд заасан өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч нар мэтгэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хуульд заасан өмгөөлөгчийн эрхийг зөрчиж байгаа уг үйлдэл нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Д.Агийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие уг хэрэгт яллагдагч Д.Агийн өмгөөлөгчөөр оролцож байна. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид яллагдагчийн өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн талаар тодорхой дурдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд зөрчигдсөн учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж, өмгөөлөгчийн эрхийг хангах нь зүйтэй гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ : Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Албан тушаалын гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй асуудал гардаг ба олон холбогдогчтой хэргийн яллагдагч нарыг дуудахаар хоорондоо ярилцаж тохиролцсон юм шиг хоёр нь ирж, нөгөө нь ирдэггүй ба маргааш нь ирсэн нэгэн нь ирдэггүй асуудал үүсдэг.

Ковид-19 буюу коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон Увс аймгийн Ерөнхий прокурор нар хоорондоо ярилцан тохиролцож 2, 4 дэх өдрүүдэд эрүүгийн хэрэг хүлээн авдаг зохицуулалтай болсон. Харин 2, 4 дэх өдрүүдээс бусад өдрүүдэд яллагдагч нарыг дууддаг. Яллагдагч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас бусад үед зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот явж алга болж , мөрдөн шалгах ажиллагаанд саад болдог учир яллагдагч нарыг алга болохоос өмнө яллах дүгнэлтээ хурдан бичиж, хуулийн хугацаанд хэргээ шүүх рүү шилжүүлсэн.

Нөгөөтэйгүүр, яллагдагч нарын өмгөөлөгчийн зүгээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, өөрөөр хэлбэл, мөрдөгч утсаар яриагүй байж, ярьсан мэтээр тэмдэглэл үйлдсэн гэдэг зүйлийг ярьж байна. Өмгөөлөгч “надад хэргийн материал танилцуулахаар мөрдөгч утсаар ярьсан зүйл байхгүй” гэж тайлбар гаргаж байгаа нь тангараг өргөсөн хуульч өмгөөлөгчийн хувьд харамсалтай байна. Хэрэв нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа бол холбогдох газарт нь шалгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн гэм буруугийн шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах санал гаргаж байна” гэв.

Яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: “Миний хувьд яллагдагч Ч.Т-т хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсний үндсэн дээр яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагаанд хамт оролцсон. Яллагдагч Ч.Т-ыг дээд боловсролтой гэдэг байдлаар хандаж, түүний өмгөөлөгчийн хуульд заасан эрх үүргийг хязгаарлаж байгаа нь зохимжгүй юм. Дээд боловсролтой хүн өмгөөлөгч авч болохгүй мэтээр хандаж байгаа нь учир дутагдалтай юм. Мөрдөгчийн зүгээс надад хэргийн материал танилцуулахаар ямар дугаарын утаснаас, хэзээ, яаж над руу залгаж холбогдсон талаар нягталж харах шаардлагатай гэж хүсэж байна. Прокурорын зүгээс яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч намайг уг ажиллагаанд оролцуулахгүй гэдэг байр сууринаас өмгөөлөгчийн эрхийг зөрчиж байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчийн эрх үүргийг ноцтой зөрчсөн байж прокурорын зүгээс өөрийн зөв юм шиг тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох, 2135000910185 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:

-мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа яллагдагч Ч.Тын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт хэргийн материалтай танилцахыг мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, энэ нь өмгөөлөгчийн болон хууль зүйн туслалцаа авч буй яллагдагчийн эрхийг зөрчсөн,

- хэрэгт авагдсан  шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 313 дугаартай дүгнэлтийг яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  эрхийг зөрчсөн,

-дээрх байдлаар өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал тул зөрчлийг арилгуулахаар хэргийг буцаах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

1. Яллагдагч Ч.Т-ын сонгон авсан өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар анхан шатны шүүхэд гаргасан :  Өмгөөлөгч миний бие мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн материалтай танилцаагүй ба надад хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү” гэх  хүсэлтийг шүүх хүлээн авч,  хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасантай нийцсэн гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангах үүрэгтэй бөгөөд энэ эрхийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

Яллагдагч Ч.Т, Д.А, С.Н нарт  холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан талаар хэргийн оролцогч буюу яллагдагч Ч.Тын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт мэдэгдээгүй, түүнчлэн мөрдөгчөөс өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлөөр хангах талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэргийн оролцогч буюу өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар  мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах, шүүх хуралдаанд дуудаж оролцуулах этгээдийн талаар хүсэлт гаргах зэрэг  байдлаар өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь түүний үйлчлүүлэгчийнхээ өмнө  хүлээсэн үүрэг тул мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн энэ эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангаагүй нь хууль зүйн туслалцаа авч буй этгээдийн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг зөрчиж буй хэлбэр юм.  

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа : “мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад хэргийн материалыг яллагдагч нарт танилцуулсан, яллагдагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгтэй 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр утсаар холбогдож, мөрдөн байцаалтын ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дуусна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас 21 цагт хүртэл хугацаанд хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, мэдэгдсэн талаараа мөн хуулийн 28.1 дүгээр зүйлд зааснаар тэмдэглэл үйлдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй ба мөрдөгч нь боломжит хугацаа буюу нэг хоногийн хугацааг олгосон, өмгөөлөгч тухайн хугацаанд хэргийн материалтай ирж танилцаагүй нь мөрдөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж тайлбарласан боловч хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаныг мэдэгдсэн гэх хууль зүйн үндэслэл бүхий баримт авагдаагүй байна.

4-р хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан, мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн,  өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт мөрдөн байцаалт 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусгасныг мэдэгдэв гэх агуулга бүхий хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх шаардлагад нийцээгүй, өөрөөр хэлбэл тэмдэглэлд тусгавал зохих зүйлийг бүрэн тусгаагүй байх тул зөвхөн тухайн тэмдэглэлийг үндэслэн өмгөөлөгчид  мөрдөн байцаалт дууссан талаар мэдэгдсэн, хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлөөр хангасан гэж үзэх үндэслэлгүй болно. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл  хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2. Мөрдөгч яллагдагч Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах өмгөөлөгчийн эрхийг хангаагүй, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт /хх-ийн IV хавтасны 34-35-р тал/-ийг өмгөөлөгчид танилцуулаагүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн : “....Мөрдөгчөөс тухайн шинжээчийн дүгнэлтийг яллагдагч нарт 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр танилцуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Өмгөөлөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй" гэж заасан боловч дээрх заалт нь өмгөөлөгчийн заавал эдлэх эрх,  өмгөөлөгчид заавал танилцуулах мөрдөгчийн үүрэг биш юм” гэх үндэслэл нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1-т заасантай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2дугаар зүйлд шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эдлэх эрхийг, мөн хуулийн 27.7 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчид танилцуулах талаар тус тус хуульчилсан бөгөөд Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 313 дугаар шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт танилцуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Ч.Т, Д.А, С.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл тус тус хэвээр хэрэглэсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН