Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 114

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ч.Даваадалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овгийн Чулууны Даваадалайд холбогдох 1728000240032 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Даваадалай нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Малчны хороололд гэртээ эхнэр З.Зулзагын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ч.Даваадалай нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Малчины хороололд гэртээ эхнэр З.Зулзагын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ч.Даваадалайд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Даваадалай нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Малчны хороололд гэртээ эхнэр З.Зулзагийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Ч.Даваадалайн гэмт үйлдлийн улмаас хохирогч З.Зулзагын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

З.Зулзагын хохирогч болон гэрчээр өгсөн... “2017 оны 07 дугаар сарын 16-ны орой гэрт байж байхад нөхөр Даваадалайгийн найз нь болох Мөнх-Эрдэнэ залгаад “Уранзаяа дуудаад байна” гэж хэлсэн. Даваадалай хаана байгаа юм бэ гэхэд хүслийн модны хажууд байна гэсэн. Даваадалай явна гэхээр нь би хүүхдээ аваад хамт явсан. Хүслийн модны тэнд очиход Мөнх-Эрдэнэ, Уранзаяа нар байсан.  Тэр хоёр 0,75 граммын “Ерөөл” архи ууж байсан. Уранзаяагийн найз гэх 2 хүн ирсэн. Тэр архиа ууж дуусгаад архинд Мөнх-Эрдэнэ явсан ирэхдээ 2 шил 0,75 граммын “Ерөөл” архитай ирээд ууцгаагаад согтсон. Би согтоогүй байсан. Мөнх-Эрдэнээр гэртээ хүргүүлээд би гэртээ ороод унтаад  2017 оны 07 дугаар сарын 17-ны өглөө сэрэхэд хүүхдийн нэг өрөөсөн гутал байхгүй, мөн гар утсаа гээсэн байсан. Даваадалай алга болсон зүйлсийг хайхаар явж би малдаа явсан. Намайг малаа хариулаад явж байхад Даваадалай Өлзийка гэх найзтайгаа ирээд нэг хонь зарлаа гээд аваад явсан. Тэгж байгаад би гэртээ орой ирэхэд Даваадалай найз Өлзийкагийн хамт согтуу байж байсан. Би хоол хийх санаатай байж байхад уурлаад хонио хураагаад ир малаа ялгамаар байна гээд загнаад байснаа нөгөө согтуу найзтайгаа хамт хоноорой гээд байсан. Би юм хэлээгүй байж байтал “Чи хэдэн малаа аваад зайл, би хүүхдээ аваад үлдэнэ” гээд байсан. Миний хажууд ирээд хажууд байсан түмпэн аваад миний толгой руу хоёр, гурван удаа цохисон. Бас эрүү, шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Намайг хэдэн удаа өшиглөж авсан.  Би босоод”Чи намайг яагаад зодоод байгаа юм бэ?” гэхэд “Чи муу өөрөө эхэлсэн биздээ” гээд байсан. Би гэрээс гараад малаа хурааж явж байгаад Далайгийн эгч Сүрэн эгчид хэлэхэд Сүрэн эгч намайг очиж авсан. Би хадам аав, ээж хоёрын гэрт очиж хоносон. Маргааш нь өглөө нь гэрт очих гээд явж байхад Даваадалай найзтайгаа бас нэг хонь аваад зарна гээд явж байсан, түүнээс хойш уулзаагүй байж байгаад өнөөдөр уулзаж байна. Архи уугаад согтуу байхдаа өөрийн найзтайгаа хардаад намайг зодсон юм. 2015 онд хөдөө байдаг гэрт над руу юм шидээд барьж аваад зодох гэж байсан. Тэр үед ээж байсан болохоор хориод намайг зодуулаагүй. Би тухайн үед биедээ гэмтэл аваагүй. Толгой руугаа цохиулаад толгой их өвдөж байсан, мөн хамар битүүрээд байдаг болсон. Одоо биеийн байдал зүгээр болсон. Миний дутуу төрсөн асуудал бол намайг эмч 2017 оны 01 дүгээр сарын 20-нд ирж эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн байсан. Би тоохгүй, үзүүлэхгүй явснаас болоод миний бие өвдөж 2017 оны 02 дугар сарын 02-нд байхаа түргэн дуудахад түргэн 18 цагийн үед ирээд сум ороод эмнэлэгт байж байгаад би дутуу төрсөн юм. Дутуу төрсөн асуудалд Даваадайлай ямар ч хамаа байхгүй. Тухайн үед Даваадалай аймагт байсан. Би Баяндалай сумын Төхөм багийн нутагт байрлах хөдөө гэртээ байсан юм. Миний өргөдлийг манай эгч Одончимэг бичсэн юм. Одончимэг эгч буруу ойлгож бичсэн байна. Гэрийн эд хогшилоос халуун сав л хагарсан өөр эвдсэн зүйл байхгүй. Даваадалай архи их уудаг байсан, одоо гайгүй байгаа. Бид хоёрын харилцаа хэвийн болсон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

Гэрч Б.Өлзийбаярын... “2017 оны 07 дугаар сарын 17-ны өглөө гэртээ байж байхад манай гэрт Даваадалай ирсэн. Урьд шөнө би тал дээр хүмүүстэй архи ууж байгаад хүүхдийн гутал мөн гар утсаа гээсэн шиг байна, хоёулаа хайгаад ирье гэсэн. Даваадалайгийн мотоциклын араар нь суугаад 0131 дүгээр ангийн дээшээ явсан. Байсан газар нь очиход утас, гутал хоёр нь байж байсан. Дараа нь манайд ирээд Даваадалай шартаад байна гээд 0,33 граммын 1 шил архи аваад хувааж уучихаад бид хоёр гэрээс гараад Даваадалайгийн гэрт очсон. Даваадалай 1 хонь зарна гээд мал руугаа очоод 1 хонь аваад тэрийг нь хоёулаа дүүрч аймаг руу аваачиж нэг хүнд зарсан. Гурвансайхан руу явах замдаа Даваадалай 1 шил 0,75 граммын архи аваад нөгөө айлд очсон чинь хүмүүс нь байхгүй жоохон хүүхдүүд байсан. Нөгөө архиа задлаад хоёулаа ууж сууж байгаад талд нь оруулаад одоо явъя үлдсэн архиа энд үлдээе гээд үлдээгээд гарахад нөгөө айлын хүмүүс өмнөөс ирж таарсан. Тэгээд нөгөө архиа тэр айлд ирсэн гурван хүнтэй хувааж уусан. Дахин 1 шил 0,5 граммын архи авч уучихаад Даваадалайн гэрт очсон. Эхнэр нь гаднаас ирэхэд Даваадалай эхнэрийгээ “Арчаагүй, малаа хүний малтай нийлүүлсэн гэх зэргийн юм ярьж байгаад босч ирээд эхнэрээ алгадаж аваад сууж байхад нь өшиглөж байгаа харагдсан. Дараа нь гараад дахиж архи ууна гэхээр нь би одоо архи уухгүй гэхэд намайг гэрийн ойрхон буулгаад яваад өгсөн. Даваадалай эхнэрээ малаа хүний малтай нийлүүлсэн гээд уурлаад эхнэрээ зодсон байх гэж бодож байна. Даваадалай эхнэрээ зодож байхад надаас өөр хүн байгаагүй. Даваадалай бид хоёр Сулин хээрийн отърядад нэг салаанд байсан, түүнээс биш байнга нийлээд байдаг найзууд биш. Даваадалай маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны орой надтай ирж уулзаад “Архи уухуу” гэхээр нь “Би архи уухгүй” гэсэн, тэгээд яваад өгсөн өөрөөр дахин уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Ч.Баасансүрэнгийн... “2017 оны 07 дугаар сарын дундуур яг хэзээг нь санахгүй байна. Ажлаа тараад гэртээ байж байхад манай дүүгийн эхнэр Зулзага залгаад Даваадалай архи уугаад агсам тавиад байна гэж хэлсэн. Гэрт нь очиход Даваадалай гэртээ согтуу байхаар нь Зулзагыг хүүхдийн хамт гэр рүүгээ авч ирээд хоносон. Тухайн үед зодуулсан юм мэдэгдээгүй, гэрт оччихоод Зулзага Даваадалайд зодуулсан гэж хэлж байсан. Даваадалай архи уухаараа хэтрүүлэн хэрэглэдэг. Урьд нь эхнэрээ зодлоо гэсэн асуудал сонсогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Ч.Даваадалайгийн гэрчээр өгсөн... “2017 оны 07 дугаар сарын 16-ны 20 цагийн үед 0131 дүгээр цэргийн ангийн хажуу талын хүслийн модны баруун талд манай багийн найзууд болох Мөнх-Эрдэнэ, Уранзаяа, бас нэг танихгүй хүн байсан. Тэр нь болохоор Мөнх-Эрдэнэ, Уранзаяа хоёрын найз байсан. Бид дөрөв 1 шил 0,75 граммын “Ерөөл” архи ууж байгаад архи дуустал Мөнх-Эрдэнэ нөгөө танихгүй найзтайгаа хамт дахиад 2 ширхэг 0,75 граммын “Ерөөл” архи авч ирээд эхний шил архийг ууж дуусахад би жоохон согтож байсан. Хоёр дахь шилийг нь ууж байгаад би тасраад юуч санаагүй өглөө сэрсэн чинь би гэртээ ганцаараа хэвтэж байсан. Гэрт авгай хүүхэд ч байхгүй, гэр орны хамаг тавилга эвдэрсэн байхаар нь би босоод ээжийндээ очоод “Манай эхнэр хүүхэд хаана байна, та харсан уу?” гэхэд чи өчигдөр шөнө эхнэртээ агсам тавиад эхнэрээ зодсон байна лээ гэсэн. Би эхнэртэйгээ хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 18-ны орой гэртээ очтол манай эхнэр хүүхэд байсан. Бас манай хадам аав, ээж хоёр хамт байсан. Би эхнэрээ хартал манай эхнэрийн зүүн хацар нь хавдчихсан байсан. Намайг тэнд хонох гэтэл хадам аав, ээж хоёр уурлахаар нь би шууд 2 нас гарантай хүүхдээ аваад 22 цагийн үед гэрэлгүй мотоциклтой Зүүнсайханд байдаг найзындаа ирж хоносон. Тухайн үед би архи хэтрүүлэн уугаад тасарсан байсан болохоор санахгүй байна. Эхнэр намайг өмнө нь архи уугаад ирэхээр уурлаж загнадаг байсан. Би өмнө нь архи уусан үедээ эхнэртээ гар хүрч байгаагүй. Би 2014 онд эхнэр З.Зулзагатай гэр бүл болсон, бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Манай гэр бүлийн харилцаа зүгээр байгаа. Би 2 юм уу, 3 хоноод л нэг удаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Би архины эмчилгээ хийлгэж байгаагүй. Би өмнө нь гэрийнхээ эд зүйлийг эвдэж байгаагүй. 2012 онд байхаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, давхар мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдэж байсан. Би эхнэртээ гэмтэл учруулснаас хойш Хүрмэн суманд Бацаан гэдэг хочтой найзындаа адуу малыг нь туулцаж явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Даваадалай мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... “2017 оны 07 дугаар сарын 16-ны орой намайг гэртээ байж байхад найз Мөнх-Эрдэнэ хүслийн модны тэнд байна хүрээд ир гэхээр нь эхнэр хүүхдээ аваад дүүгийн мотоциклиор яваад очсон. Мөнх-Эрдэнэ, Уранзаяа болон тэр хоёрын найз гэх 2 залуугийн хамт 1 шил 0,75 граммын “Ерөөл” архи уугаад сууж байсан. Тэр архиа ууж дуусгаад Мөнх-Эрдэнэ архинд яваад дахин 2 шил 0,75 граммын “Ерөөл” архи авчирсан. Тэр хоёр архийг уугаад би согтоод Мөнх-Эрдэнээр гэртээ хүргүүлсэн юм. Маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өглөө сэрэхэд гэрт эхнэр, хүүхэд хоёр байсан. Архи уусан газраа хүүхдийн өрөөсөн гутал, гар утас хоёроо орхисон байсан.  Өглөө нь очиж авахаар яваад явах замдаа Өлзийбаяр гэх цэргийн он жавын гэрээр ороод хамт яваад ирье гэхэд тэгье гээд хамт яваад 0131 дүгээр цэргийн ангийн тэнд байх хүслийн модны хажууд очоод сууж байсан газраа үзэхэд гутал, утас хоёр байж байсан. Өлзийбаярын гэрт очиход шартаад толгой өвдөөд байхаар нь 1 шил 0,33 граммын архи авч уусан. Гэртээ очоод авгайгаас 1 хонь зарлаа гэхэд тэг тэг гэхээр нь малын бэлчээр ороод 1 хонь аваад төв руу оруулж Их-Уулд байх нэг танихгүй айлд аваачиж зараад тэгээд мөнгийг нь аваад дэлгүүр ороод дахин архи авсан. Хэдэн шил архи авснаа санахгүй байна.  Хойш гараад уусан санагдаж байна. Би архиндаа согтоод тасарсан байсан. Нэг мэдэхэд ээж, аав хоёрын гэрийн гадна сэрсэн.  Босоод гэр рүүгээ ороход гэр орон хачин царайтай байсан. Эхнэр хүүхэд байхгүй байхаар нь эргээд аав, ээжийн гэрт очоод ээжээс “Юу болсон юм бэ?” гэхэд намайг гэртээ агсам тавьсан эхнэр, хүүхэд чинь гэр лүүгээ явсан гэж хэлсэн. Би үргэлжлүүлээд хоёр гурав хоног архи ууж яваад сэргээд утсаа нээхэд цагдаагаас дуудахаар нь би очоогүй. Юунаас болж маргаан үүссэнгийг мэдэхгүй байна. Ямарч байсан эхнэртэйгээ муудалцаж байсан, тэрийг муухан санаж байгаа юм. Ер нь манай эхнэр ээжийнхээ нөхөр буюу хойд эцэгтэйгээ унтаж байсан гэж өөрөө хэлсэн. Тийм асуудлаас болоод хэрүүл болдог юм. Би согтоод тэр талаар ярьж хэрүүл болсон байх. Эрүүл болоод эхнэртэйгээ уулзахад хацар нь хавдсан байсан. Тэр гэмтлийг би учруулсан. Өмнө нь эхнэрээ зодож байсан асуудал байхгүй. Бид хоёр хэвийн харилцаатай байгаа.” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №329 дугаар шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлт:

1. Б.Зулзагын биед тархины доргилт, хамрын мөгөөрсний хугарал мултрал, толгойн зүүн хэсгийн хуйх, зүүн чамархай, хүзүүний зүүн хажуугийн зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбээний зулгаралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 18 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар/ хуудас зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч Ч.Даваадалайд холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Ч.Даваадалай согтуугаар эхнэр З.Зулзагын бие эрх чөлөө, халдашгүй байдал шууд санаатай халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан буюу хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Даваадалайг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Хохирогч З.Зулзага гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр, хохиролгүй гэж үзлээ.

Эрүүгийн 1728000240032 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ч.Даваадалайгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/,

Ч.Даваадалайгийн овог, нэр, регистрийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 29-37 дугаар хуудас/

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Ч.Даваадалайгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ч.Даваадалай бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харчин овгийн Чулууны Даваадалайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Даваадалайг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Даваадалайд оногдуулсан торгох ялыг нэг сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Даваадалай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Даваадалай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Даваадалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ