Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0854

 

 

   2023        11          17                                     128/ШШ2023/0854

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* овогт Д*******гийн Г*******, Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Х*******,*******,******* тоот, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Д,

Хамтран хариуцагч: Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 8 дугаарт “10 дугаар хороо, 13 дугаар сургуулийн замын хойд талд 82 гараашийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

1.2. Маргаан бүхий дугаар захирамжийн 2 дах заалтаар газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн ба газар чөлөөлөх тухай 2023 оны 06 дугаар сарын 07, 30-ны өдрүүдэд “Мэдэгдэх хуудас”-ийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

1.3. Нэхэмжлэгч Д.Г*******гаас *******нд холбогдуулан “*******ны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гараашны газар чөлөөлөх мэдэгдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Д******* овогтой Г******* миний бие Улаанбар хотын Баянгол дүүргийн 10-р хороонд Хот байгуулалт Газрын харилцааны газрын 2002 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/106 тоот гараашийн газрын тухай албан тоотын дагуу зөвшөөрөлтэй баригдсан 1 тоот гараашийг худалдан авч хөрөнгө гарган засаж тохижуулан, дугуй засварын тоног төхөөрөмжөөр тоноглож төрөл бүрийн суудлын автомашины дугуй нөхөх, солих, дугуйн обудны сэнс гаргах зэрэг хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаад эрэлтээс шалтгаалан үйлчилгээгээ өргөтгөж 8 тоот гараашийг дахин худалдан авч шаардлагй хэрэгслээр тоноглон 24 цагаар дугуй засвар ажиллуулж байна. 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн газрын албанаас намайг газраа чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл ирүүлж 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр давтан ирүүллээ. Мэдэгдэлд Баянгол дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт, Хасбарын гудамж, 13-р сургууль автобусны буудал орчимд ISO нэрээр үйлчилгээ явуулж байгаа дугуй засварын газруудыг ажлын байраа чөлөөлөхийг шаардаж чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлнө гэж анхааруулсан байна. Эдгээр дугуй засварын газрууд 5-6 тогтвортой ажлын байр гарган олон жил ямар нэг зөрчилгүй үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзэж жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн ажлын байрыг буулгах мэдэгдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Одоогийн байдлаар энд 5 өөр авто дугуй засвар зэрэгцэн ажиллаж тус бүр 2-3 ээлжээр 10 орчим ажлын байранд тогтмол 24 цаг үйл ажиллагаа явуулж байгаагаас үзэхэд энэ байршилд иргэдийн дугуй засварын үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байдгийг төсөөлж болно. Түүнээс гадна буулгах тухай мэдэгдэлд хамрагдсан зэргэлдээ гараашуудад төгөлдөр хуур засвар, унадаг дугуйн түрээс, автын тос масло борлуулах худалдаа, түргэн хоолны газар, хийн болон цахилгаан гагнуур, бөс барааны дэлгүүрийн хоёр агуулах, барилгын материалын агуулах зэрэг газрууд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ажлын байрыг буулгалгүй хадгалж өгөхийг шаардсан иргэд энэ нэхэмжлэлийг дэмжин гарын үсэг зурж, холбогдох утасны дугаарыг, регистрийн дугаараа хавсаргасан болно. Энэ байрлалд одоогоор төлөвлөгдсөн бүтээн байгуулалт байхгүй хойд талдаа тулсан өндөр эрэг дээр гэр хороололтой 2-3 жилийн өмнө гараашуудын нүүрэн талаар 2-3 метрийн зайд цэвэр усны шугам хоолой тавигдах үед энд барилга байгууламж шинээр барих боломжгүй гэж хоолой тавьж байсан барилгын мэргэжилтэн ярьж байсан. Орон зайн хувьд бага талбайтай өндөр эрэг, өргөтгөх боломжгүй зам зэрэг хавчигдмал онцлогтой газарт гараашуудыг буулгаад өөр байгууламж барих боломжгүй энд одоогоор төлөвлөсөн төсөл байхгүй гэж ойлгосон. Бид Баянгол дүүргийн иргэдийн хуралд хандсан боловч иргэдийн хурал асуудлыг дүүргийнхээ газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн байна. Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан тоотыг нэхэмжлэлд хавсаргав. Бид гараашуудын өнгө үзэмжийг шаардлагад нийцүүлэн засаж цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Нийтийн эзэмшилд үйл ажиллагаа явуулж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй тухайн газарт өөрт эзэмшигч байхгүй болж таарсан. Нэг хүний амьдрал биш олон хүний амьдрал цаана нь өрнөж байгаа. Дээрээс дэмжлэг болж чадахгүй байж яагаад нийтийн эзэмшлийн энэ талбайд биднийг ажиллуулахад эсэргүүцээд нураах гэж байгаа талаар эсэргүүцэж байгаа. Бүтээн байгуулалт хийх үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл далан буюу орчны нөхцөлөөс болоод төвийн шугамд ямар нэгэн бүтээн байгуулалт хийх боломжгүй гэж үзэж байна. Зам талбайн тохижилт үйлчилгээний тухайд бид өөрсдөө татвараа төлөөд тус орчиндоо цэвэрхэн тохиолго стандартын дагуу байлгаад байж яагаад болохгүй вэ гэж үзэж байгаа. Бүтээн байгуулалтын тухайд төвийн шугамтай далантай учраас боломжгүй юм” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл гаргах үндэслэлийн тухайд Засаг даргын гарааш буулгах захирамжийг эсэргүүцсэн. Мөн мэдэгдлийг хүчингүй болгуулах юм. Засаг даргын захирамж бол нийтээр хамарсан газрын онцлог тусгаагүй түүнийг хэсэгчлэн хүчингүй болгуулах хүсэлт  байсан. Үүнтэй холбоотой гараашны байршлыг тодруулж өгөх шаардлага тавьсан. Цэгийг тодруулж тавихад Баянгол дүүргийн газрын албанаас ирүүлсэн зурагтай давхцахгүй байгаа гэж ярьсан. Улмаар кадастрын зурганд тэмдэглэсэн зүйл байхгүй байна. Харин кадастрын зураг гаргасан газарт энэ чинь тэмдэглээтэй байна гэхдээ эзэмшигчийн мэдээлэл байхгүй байна гэсэн” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч *******наас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 8 дугаарт заагдсан 82 гараашийн газар чөлөөлөх ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлж, захирамж гарсны дагуу мөн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр давтан хүргүүлсэн болно.

Тус иргэд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчиж ашиглаж байгаа болно.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд дүүргийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай дугаар захирамжийг гаргасан болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий газарт байрлаж байсан гараашууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд дүүргийн Засаг даргын дугаар захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, эерэг нөлөөлөл бүхий зөрчил арилгах захиргааны акт юм.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрын гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд, өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь газрыг хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшдэггүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй бөгөөд хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Дүүргийн Засаг дарга нь Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний Баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус, тус заасан болон Баянгол Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг батлах тухай” 05/33 дугаар тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамж гарсан.

Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар сургуулийн замын хойд талаар байрлах, газрын зөвшөөрөлгүй 2 ширхэг тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй байна.

2. Төлөвлөлтийн тухайд: Тус дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй гараашнуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажиллаж байна.

Тухайлбал маргаан бүхий Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар сургуулийн замын хойд талаар байрлах, газрын зөвшөөрөлгүй гараашнууд байгаа газарт Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилт, ногоон байгууламж, явган хүний зам хийгдэхээр төлөвлөгдсөн тул маргаан бүхий газрын зөвшөөрөлгүй гараашнуудыг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгах шаардлагй болсон.

3. Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй байсан тухайд: Нэхэмжлэгч Д.Г******* нь маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаагүй бөгөөд газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй этгээд ном. Харин газрын тухай хууль зөрчин гараашны зориулалттай газрыг ашиглаж байсан бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар газрын төлбөрийг төлж байгаагүй юм.

4. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн талаар: Баянгол Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг батлах тухай” 05/33 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гарсан тус Дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжийн сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26 дугаар үйлд заасан үндэслэл журмын дагуу 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн маргаан бүхий гарааш эзэмшигчдэд хүргэсэн.

Дээрх сонсох ажиллагааны дагуу нэхэмжлэгч иргэдээс 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б, Газар зохион байгуулалтын албанд хандан өргөдөл гомдол, тайлбар, холбогдох нотлох баримтаа гаргасан бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн 4, 24, 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу судалж үзээд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариуг Баянгол дүүргийн Газар зохион Байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14/563 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Улмаар 2023 оны 06 дугаар сарын 30-ний өдөр дугаар захирамж гарсан. Уг дугаар захирамжийг 2023 оны 07 дугаар сараас эхлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэж эхэлсэн байдаг.

5. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянгол дүүргийн 10 угаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар сургуулийн замын хойд талаар байрлах газрын зөвшөөрөлгүй тоосгон гарааш байгаа газарт Тус дүүргийн Засаг даргад хандан азар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд газар эзэмших, ашиглах эрх үүсэж байгаагүй газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд уг газар нь нийтийн эзэмшлийн зам талбай юм. Тиймээс тухайн захирамж нь нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй.

6. Нөхөх олговор олгох эсэх тухайд: Уг асуудлыг Монгол Улсын Засгийн 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-т “Өмчлөх, эзэмших эрх бүхий газар, Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, Газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан.

Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан.

Нэхэмжлэгчдийн тухайд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын үйлчлэлд хамаарахгүй болно. Дээрх нөхцөл, шаардлагын үүднээс гарсан Дүүргийн Засаг даргын захирамж үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 22.2-т “Баг, хорооны Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.

Мөн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар 15-ны өдрийн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө батлах 07/33 дугаар тогтоолыг үндэслээд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамж гарсан. Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий газарт 10 дугаар хорооны 13 дугаар сургуулийн замын хойд талд байрлах газарт 2 гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээ эзэмшдэггүй учраас дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Төлөвлөлтийн тухайд яагаад захирамж гарах болсон бэ гэхээр тус дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамж нь нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх онцгой байдалд тусгай байдлын авто машин нэвтрүүлэх, түгжрэлийг саатуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөн зам өргөтөх авто машин нэмэгдүүлэх болон хотын өнгө үзэмж сайжруулах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй авто гараашнуудыг албадан буулгаж нийтийн зам талбайд чөлөөлнө ажиллаж байгаа. Зөвшөөрөлгүй газарт явган хүний зам тохижилт хийхээр төлөвлөсөн тул маргаан бүхий зөвшөөрөлгүй гараашийг албадан чөлөөлж газрын зөрчил арилгах шаардлага үүссэн. Нэхэмжлэгч нь маргаан бүхий гараашийг эзэмших хүсэлтээ урьд өмнө нь гаргаж байгаагүй бөгөөд эрхийн гэрчилгээгүй юм. Гараашийг ашиглаж байсан мөртлөө ашигласан төлбөрөө төлж байгаагүй 20 гаруй жил ашигласан. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 сарын 15-ны өдрийн төлөвлөгөө батлагдаж тус дүүргийн Засаг даргаас 2023 оны 6 сарын 06-ны өдрөөс эхлээд Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26-д заасан үндэслэл журмын дагуу гараашийг эзэмшиж байгаа этгээдэд мэдэгдлийг хүргэж эхэлсэн. Дээрх сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тухайн гараашийг эзэмшиж байгаа иргэдээс дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж өргөдөл, гомдол холбогдох нотлох баримт тайлбараа гаргасан байдаг. Уг баримтыг судлаад Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14/563 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байгаа.

Улмаар 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай захирамж гарсан. Тус захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Захиргааны ерөнхий хуулийн 43-д заасан үндэслэл журмын дагуу тухайн гарааш эзэмшиж байгаа этгээд буюу нэхэмжлэгчид хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, маргаан бүхий газарт тус дүүргийн Засаг даргад хандана газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд газар эзэмших, ашиглах эрх үүсэж байгаагүй, өмчлөх эрхгүй уг газар нь нийтийн эзэмшлийн зам талбай байдаг. Тиймээс тухайн захирамж нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г*******гаас *******, Бд тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамж, газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- гараашийг худалдан авч хөрөнгө гарган засаж тохижуулсан,

- тухайн газарт өөр эзэмшигч байхгүй,

- далан буюу орчны нөхцөлөөс болоод төвийн шугамд ямар нэгэн бүтээн байгуулалт хийх боломжгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамжийн 1 дэх заалтаар “бүтээн байгуулалтын ажил, авто зам, явган зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг чөлөөлж зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг блсан хавсралтын 8 дугаарт “10 дугаар хороо, 13 дугаар сургуулийн замын хойд талд 82 гарааш” гэсний дотор нэхэмжлэгчийн худалдаж авсан гэх 2 /1 болон 8 дугаартай/, түрээсэлж ажиллуулдаг гэх 1/дугуй засвар гэсэн хаягтай/ тооны гарааш багтжээ.

4. Улмаар маргаан бүхий дугаар захирамжийн 2 дах заалтаар газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн ба газар чөлөөлөх тухай “Мэдэгдэх хуудас” өгсөн байх ба уг мэдэгдэх хуудсууд нь нэр, дугааргүй боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн гарааш болох тухайд хариуцагч маргаагүй.

5. Нэхэмжлэгчээс дээрх гараашуудыг худалдан авсан гэж тайлбарлах боловч гарааш байрлаж буй газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, ашиглах эрх олгогдсон талаарх аливаа баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, газрыг эзэмших талаарх хүсэлтийг холбогдох Засаг даргад гаргаж байгаагүй гэж тайлбарласан.

6. Мөн *******ны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14/711 тоот албан бичигт “... иргэн Д.Г*******гийн нэр дээр 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн газрын кадастрын мэдээллийн системд газар эзэмших эрх бүртгэгдээгүй мөн газрын төлбөрийн бүртгэлд төлбөр төлж байгаагүй” гэсэн байна.

7. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж тус тус заасан.

8. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлууд, хэргийн оролцогчдын тайлбарыг нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий актууд нь хариуцагч захиргааны байгууллагууд болох Б, Газар зохион байгуулалтын албанаас хууль тогтоомжийг биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах талаарх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж гарсан хууль ёсны акт байна. Тодруулбал,

9. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/1981 тоот албан бичигт “... Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 дугаар сургууль орчмын газар нь орон сууцны 7 дугаар бичил хороололд хамрагдах бөгөөд барилгажихыг хориглох бүсэд хамрагдсан” гэсэн, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05/33 дугаар “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолд “... Баянгол дүүргийн 9, 10, 21 дүгээр хороодын нутаг дэвсгэрт тохижилт, ногоон байгууламжийг I-IV улиралд багтаан” хийхээр тусгасан зэргээс үзвэл, маргаан бүхий газруудыг чөлөөлөх тухай дүүргийн Засаг даргын шийдвэр нь бүтээн байгуулалтын ажил, авто зам, явган зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгодоо нийцсэн шийдвэр байна. Иймд нэхэмжлэгчийн “...Энэ байрлалд одоогоор төлөвлөгдсөн бүтээн байгуулалт байхгүй хойд талдаа тулсан өндөр эрэг дээр гэр хороололтой” гэх тайлбар үндэслэлгүй.

10. Нэхэмжлэгчээс “Д гэж компани гараашуудыг худалдан авч байгаа, ... гараашуудад төгөлдөр хуур засвар, унадаг дугуйн түрээс, автын тос масло борлуулах худалдаа, түргэн хоолны газар, хийн болон цахилгаан гагнуур, бөс барааны дэлгүүрийн хоёр агуулах, барилгын материалын агуулах зэрэг газрууд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ажлын байрыг буулгалгүй хадгалж өгөх...” зэргээр нэхэмжлэлээ үндэслэж маргасан.

11. Нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх 1 дугаартай гараашийн баруун талд зэргэлдээ иргэн Д.Б гэр орон сууцны хашааны зориулалтаар 276мкв газрыг(https://egazar.gov.mn/map?parcel_no=1680710461) эзэмшдэг болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 1/2467 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдов.

 12. Мөн нэхэмжлэгчийн түрээсэлдэг гэх дугуй засвар ажиллаж буй гараашийн зүүн талд зэргэлдээ “Д төв” ХХК-д “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар 1277мкв газрыг эзэмшүүлсэн нь газрын кадастрын зурган мэдээллийн санд бүртгэгдсэн (https://egazar.gov.mn/map?parcel_no=1680710461) байх боловч эдгээр нь нэхэмжлэгчийн гарааш байрлаж буй газартай давхцалгүйн зэрэгцээ зэргэлдээ газрыг өөр этгээдэд маргаан бүхий актад тусгагдсанаас өөр зориулалтаар эзэмшүүлсэн байгаа нь нэхэмжлэгч Д.Г*******гийн хувьд төгөлдөр хуур засвар, унадаг дугуйн түрээс, автын тос масло борлуулах худалдаа зэрэг чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй газарт хэрэгжүүлэх эрхийг олгохгүй юм.  Иймд дээрх “жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, өөр этгээдэд зэргэлдээ газруудыг эзэмшүүлсэн” гэх агуулга бүхий тайлбар нь нэхэмжлэлийг хангах үндэслэл биш юм.

13. Түүнчлэн дээрх 5 дахь хэсэгт дурьдсанчлан нэхэмжлэгч нь газар эзэмших эрхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул хариуцагч захиргааны байгууллагуудаас маргаан бүхий актуудыг гаргаснаар нэхэмжлэгчийн хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй тул уг маргаан бүхий шийдвэрүүд нь Газрын хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацай мэдэгдэл өгнө” гэж заасанд тооцогдоно.

14. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Г*******гаас Б, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г*******гаас Б, *******нд холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамж, газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ