Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1857

 

МАГАДЛАЛ

2019.11.01                                                 Дугаар 1857                                    Улаанбаатар хот

Ө.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02458 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01670 дугаартай захирамжаар надаас 86 565 502 төгрөгийг гаргуулан, “ХХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу миний өмчлөлийн Баязүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 56 дугаар байрны 08 тоот, 98 м.кв талбайтай орон сууцыг 8 тоот зоорийн давхарын зогсоолын хамтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 4/13507 дугаартай Мэдэгдэл-ээр эд хөрөнгийн үнэлэгээг 116 557 700 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж оруулах гэж байгаа бөгөөд энэ үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01670 дугаар шүүгчийн захирамжаар Ө.Батнарангаас 86 565 502 төгрөгийг гаргуулан “ХХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжийн дагуу Ө.Б миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Энхтайваны өргөн чөлөө 56 байр 8 тоот 98 мкв талбай бүхий орон сууц, 8 тоот зоорийн давхарын зогсоолын хамтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/13507 дугаар мэдэгдлээр дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 116 557 700 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт зааснаар “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрхи үл хөдлөх эд  хөрөнгүүд нь хотын А хэсэгт байрладаг 98 мкв талбай бүхий мөн өөрийн зогсоолын хамтаар байхад 14 дүгээр хорооллын 1 мкв орон сууцны дундаж үнэ нь 1 800 000, 2 000 000 төгрөгөөр үнэлэгдэхээр байхад мөн автозогсоол нь дангаараа 25 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг минь нийтэд нь 116 557 700 төгрөгөөр үнэлж буй нь Ө.Б миний эрх ашгийг ноцтой зөрчиж, хэрэв дээрхи үнэлгээгээр 2 дахь албадан дуудлага худалдаанд орвол 50 хувиар үнэ буурч, үлдэгдэл төлбөрийг төлөх асуудал тулгарах, мөн бодит зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээч надад огт мэдэгдээгүй мөн ямар аргачлалаар 3 өрөө орон сууцыг автозогсоолын хамтаар ийм хямдаар үнэлж буй хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нотлох баримт талуудын гаргасан тайлбар мөн үнэлгээний газрын үнэлгээ эрхлэх зөвшөөрөл болон үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнэлгээг тооцож үзээгүйг харгалзан үзэлгүйгээр мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баязүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 56 дугаар байрны 08 тоот, 98 м.кв талбайтай орон сууцыг 8 тоот зоорийн давхарын зогсоолын хамтаар 116 557 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ө.Б нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу төлбөр авагч “ХХБ” ХХК-д 86 565 508,62 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул шинжээч томилуулан шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 166 511 000 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууц болон зогсоолыг зах зээлийн ханш нь шинжээчийн тогтоосон үнээс илүү болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД

                                                               М.НАРАНЦЭЦЭГ