Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/03779

 

 

 

 

 

 

 

 

2023 08 24 101/ШШ2023/03779

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн  хороо, Үйлдвэр /*******/,  тоот хаягт байрлах ******* ******* ******* капитал ББСБ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо, дугаар байр  тоот хаягт оршин суух, И******* овогт О*******ын Г*******/регистрийн дугаар: *******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,196,590.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ц.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.Г******* нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1007200086 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 13,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 2.9 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд хариуцагч О.Г*******оос №ЗГ1007200086 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү 118,014.77 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,282,903.75 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 12,709,471.74 төгрөг буюу нийт 18,110,390.26 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг нийт 18,196,590.26 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч О.Г*******ийн бүртгэлтэй хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул тус шүүхийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 101/11132022/16491 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болж, эрэн сурвалжлуулж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2022 оны 09 сарын 14-ний өдөр хаягийг олж тогтоосон гэв.

 

Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* Капитал ББСБ ХХК нь хариуцагч О.Г*******т холбогдуулан, үндсэн зээл 12,709,471.74 төгрөг, үндсэн хүү 5,282,903.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,014.77 төгрөг,буюу нийт 18,110,390.26 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг нийт 18,196,590.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

4. Талууд харилцан тохиролцож, 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1007200086 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, зээлдүүлэгч ******* ******* ******* капитал ББСБ ХХК нь зээлдэгч О.Г*******т 13,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, үндсэн зээл, хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* капитал ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ101/210 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Тухайлбал, Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт-ээр зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,709,471.74 төгрөг, үндсэн хүү 5,282,903.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,014.77 төгрөг буюу нийт 18,110,390.26 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байна.

7. Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар тодорхой тайлбар, нотлох баримтад тулгуурлаж мэтгэлцээгүй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

9. Хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйээс зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, улмаар эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандахад хүргэсэн, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02306 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52, 56 дугаар зүйлд тус тус зохицуулснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах нь хэргийн оролцогчид хохирол учруулсан, зардал гарсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч О.Г*******оос 18,110,390.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,933 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г*******оос улсын тэмдэгтийн хураамж 248,502 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА