| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2023/04633/И |
| Дугаар | 182/ШШ2024/01450 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/01450
2024 04 04 182/ШШ2024/01450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Юнайтед Экспресс ХХК /РД:/-д холбогдох
Гэрээний дагуу төлсөн 6,100,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Юнайтед экспресс ХХК-иас европын орнуудад ажлын гэрээгээр иргэдийг явуулна гэсэн зар тавьсны дагуу миний бие нь нөхөр ******* хамт очиж уулзсан. Европын ажлын гэрээний хөтөлбөртэй танилцаад 2022 оны 10 сарын 31-ний өдөр 20/22 дугаартай гэрээ байгуулж, тухайн өдөр 3,100,000 төгрөг, 2022 оны 11 сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг компаний дансанд төлсөн.
Гэрээ байгуулснаас хойш тус компаниас нэг ч удаа залгаагүй, ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй харин бид компаниас гэрээний үүргийн биелэлтийг шаардахад гадуур ажилтай, хуралтай байна, эсхүл байгууллагаар баяр тэмдэглээд толгой өвдөж гэртээ байна гэх мэт хариу хэлдэг.
Ингээд гэрээнд заасан хугацаа дууссан боловч гадаад улс руу ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул 6,100,000 төгрөгийг буцаан шаардаж байна. Гэрээний үүргийг шаардаж орон нутгаас хот руу 8 удаа явсан зардал болон алданги тооцож 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч компаниас гэрээний хугацаа сунгаж, ажлын материалыг хүргүүлж байгаа тухай надад утсаар мэдэгдэж байсан боловч энэ ажил нь удаан байсан тул шүүхэд 2023 оны 10 сард нэхэмжлэл гаргасан байсан. гэв.
2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Манай байгууллагын борлуулалтын ажилтан Дархан хотод төлөвлөгөөний дагуу ажиллаж 1800 евро үнийн дүн бүхий үйлчилгээ үзүүлэх гэрээг *******тай байгуулсан. ******* үйлчилгээ 2022 оны 12 сарын 12-ноос эхэлж Норвеги улсын хөдөлмөрийн зах зээлд танилцуулах, улмаар ажил олгогчийн шаардлагад тэнцүүлэх ажил хайж эхэлсэн.
Бид гүйцэтгэлийн ажил, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тогтмол өгч байсан бөгөөд харин ******* нь хүнд, машин механикийн оператор болон хагас автомат гагнуурчин мэргэжилтэй, англи хэлний анхан шатны мэдлэг байхгүй, тогтвор суурьшилтай ажилласан түүхгүй тул олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гадаадын компанид мэддэг ур чадварыг нь нотлон оруулахад тийм ч хангалттай бус хүмүүсийн нэг байсан юм. Хэдий тийм боловч бид түүний материалыг өөрийн гэрээт харилцагч байгууллагуудад удаа дараа явуулж тухайн үед ажлын байр зарласан Норвегийн Европ даяар 280,000 салбартай компаний хүний нөөцийн дотоод сүлжээнд удаа дараа бүртгүүлж, зуучлалаар ажилтан болох боломжийг хайсаар ирсэн болно.
нэхэмжлэлдээ Дархан хотоос 8 удаа мэдээлэл авахаар ирсэн гэдэг нь үндэслэлгүй, харин 2 удаа уулзаж, утсаар хэд хэдэн удаа мэдээлэл өгсөн тухай бүртгэсэн байна.
2023.05.05-нд нийт 26 хүний ур чадвар Европт ажиллах шаардлагад нийцэхгүй байгаа талаар Турк дэх хамтрагч Алимина Интернейшнл байгууллагаас мэдээлэл авсны үндсэн дээр дээрх бүх хүмүүст зарцуулах ажлын багтаамж хугацааг тооцоолж, шаардлагатай хүмүүсийн гэрээг сунгах зөвлөмжийг өөрийн биеэр утасдаж хүргэсэн. Энэ үед ******* 95928901 дугаар ашиглалтад байхгүй, 99597920 дугаарын утсаар эхнэр Б.А мэдээлэл өгөхөд 06 сарын 30-нд гэрээний хугацаа дуусах үед хариу хэлнэ гэсэн боловч ямар нэгэн хариу хэлээгүй болно. Энэ талаар бүртгэл тэмдэглэлдээ бүртгэсэн.
Ингээд Н.А Европын хөдөлмөрийн зах зээл дээр тэнцүүлэхийн тулд бид уйгагүй ажиллаж эцэст нь 2023 оны 11 сарын 13-ны байдлаар түүнийг дэлхийн 30 гаран оронд байршилтай дотоод логистик цэвэрлэгээ үйлчилгээ, ачих зөөх ажлын байраар хангадаг компанид тэнцүүлэн хөдөлмөрийн гэрээг амжилттай байгуулж чадсан юм.
Энэ талаар Н.А утcаар мэдэгдэхэд эхнэр ******* нь харилцааны доголдолтой, хэлсэн үгийг тогтвортой сонсож чадахгүй, хэрүүлийн чанартай зүйл хэлж, үг хэлээр доромжилж, шүүхэд хандсан гэдгээ мэдэгдсэн.
Иймд Ю ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн, энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр 1300 евротой тэнцэх хэмжээний төлбөр буюу 4,587,700 төгрөгийг суутгаж, үлдэгдэл төлбөрийг төлнө. гэв.
3. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, дансны хуулга, 2023.12.15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.02.05-ны өдрийн тайлбар, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн баримт, Facebook chat-ны voice бичлэгийн гар бичмэл, /хх1-9, 21-23, 36-46, 69-73/
4. Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, үзлэг хийлгэх, гэрч оролцуулах хүсэлт, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* хувийн мэдээлэл, гэрээ, сертификат, хөдөлмөрийн гэрээ, ажилтны орон байрны баталгаажуулах хуудас, батлан даагчийн тодорхойлолт, ажил олгогчийн гэрчилгээ, төгрөгийн ханшийн мэдээ, дансны хуулга, гэрээгээр ажиллахыг хүсэгчийн анкет, Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хавсралт, /хх12, 17-20, 74-100/
5. Шүүхээр бүрдүүлсэн баримт: 2024.04.04-ний өдрийн хариуцагчийн төлөөлөгч Б.Гармаасүрэнгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх115-126/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А хариуцагч Ю ХХК-д холбогдуулан, гэрээнээс татгалзаж 7,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэн, хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т олгосноор шүүх түүний нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулсан болно.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул татгалзаж төлбөрт төлсөн 6,100,000 төгрөг, алданги хохирол 1,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлийг гэрээний үүргээ биелүүлсэн тул гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр 4,587,700 төгрөгийг хасаж үлдэгдлийг төлнө гэж маргажээ.
Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.
Н.А, Юнайтед Экспресс ХХК нь 2022 оны 10 сарын 31-ний өдөр Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* сонгосон Норвеги улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хөтөлбөрт хамрагдах үйлчилгээ үзүүлэх, зуучлалын хөлсөнд 1800 евро буюу тухайн үеийн ханшаар 6,100,000 төгрөгийг дансанд төлөхөөр тохиролцжээ.
Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т үйлчилгээний журамд...гадаад дахь түнш байгууллагаар дамжуулан хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хөтөлбөрт оролцогчийн намтар, анхан шатны танилцуулгыг тус улсад дахь ажил олгогч эсвэл түүнтэй адилтгах хуулийн этгээдэд мэдээлэл хүргүүлэх, намтар түүхийг ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх, ажлын байртай холбоотой мэдээллээр хангах, ажил олгогчийн ярилцлагад бэлтгэх зааварчилгаа өгөх, визтэй холбоотой материал орчуулга, боловсруулалтын үйлчилгээ өгөх, ажил олгогчийн урилга болон оршин суух зөвшөөрөл авч өгөх,
3 дугаар зүйлд хариуцагч ...Юнайтед Экспресс ХХК нь үйлчлүүлэгчийн сонгосон улсад ажлын гэрээгээр ажиллах, амьдрахтай холбоотой мэдээллээр хангах, визний холбогдох бичиг баримтыг бүртгэж хүлээн авах, үйлчилгээний журмын 2.2-т заасан үйлчилгээ үзүүлэх,
4 дүгээр зүйлд нэхэмжлэгч ... ******* нь хөтөлбөрт хамрагдан ажилд орох болон виз мэдүүлэхэд шаардагдах баримтуудыг компанид хүлээлгэн өгөх, төлбөрийг саадгүй төлөх, бүртгэл хийгдэж гэрээ байгуулагдсанаар ажилд зуучлах ажиллагаа хийгдэж эхлэх бөгөөд ажилд сонгогдох хугацаа 14 хоногоос 6 сарын хооронд байна, ажиллах зөвшөөрөл бүхий виз гарах эсэхээс үл хамааран 1300 евро үйл ажиллагааны зардалд шингэх бөгөөд урьдчилгаа төлбөрөөс суутгана, үлдэгдэл төлбөр буцаан олгогдоно гэж талууд эрх, үүргийг тодорхойлсон,
5 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь үйлчилгээний үндсэн төлбөр багцаар 1800 еврог тухайн өдрийн ханшаар тооцож хариуцагчийн Богд банкны 8180000582 тоот дансанд 2022.10.31-ний өдөр 3,100,000 төгрөг, 2022.11.02-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь Норвеги улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хөтөлбөрт хамруулахад нэхэмжлэгчийг холбож өгөх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хөлс төлөхөөр тохиролцсоноор тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.
Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь хөлс төлснөөр дээрх гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болжээ.
Гэрээний хугацааг 2022 оны 10 сарын 31-ний өдрөөс 2023 оны 06 сарын 30 хүртэл үргэлжлэхээр заасан хэдий ч тухайн хугацаанд зуучлагч нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухай мэдэгдсэн болох нь бичгийн баримт буюу *******т үзүүлсэн үйлчилгээний талаар 2022.11.01, 2022.11.02, 2022.12.12, 2023.05.05, 202.06.29, 2023.11.17ны өдрүүдийн тэмдэглэл, энэ талаар нэхэмжлэгч тал мэдсэн гэх тайлбараар тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд заасан багц үйлчилгээнээс ******* сонгосон улс болох Норвегийн Вант Улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу тус улсын хуулийн этгээдтэй түүнийг ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн хуулийн этгээд нь 2024.01.15 -2025.01.14 хүртэл хугацаанд орон байраар хангах баталгааны хуудас болон батлан даагчийн тодорхойлолт гаргаж, Норвегийн хил цагаачлалын албанд ажил олгогчийн гэрчилгээ гаргасан зэрэг ажиллагаа буюу нэхэмжлэгчийг холбож өгөх үйлчилгээ гүйцэтгэж, нэхэмжлэгч *******т 2023 оны 11 сарын 27-нд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, тус баримтуудыг мейлээр ирсэн талаар хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч тал дээрх ажиллагаа гүйцэтгэж, нэхэмжлэгчид мэдэгдэхээс өмнө нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т зааснаар дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргээ биелүүлсэн талаар мэдэгдэхээс өмнө талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч төлбөрийн зарим хэсгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч тал гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д...виз мэдүүлсэн боловч ярилцлагад тэнцээгүй тохиолдолд үйлчилгээний төлбөр 1300 евро үл маргах журмаар суутгана гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 4,587,000 төгрөгийг суутгана гэсэн боловч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар мэдэхээс өмнө талуудын зуучлалын гэрээ дуусгавар болгож эрхээ хэрэгжүүлсэн мөн тэрээр виз мэдүүлээгүй байх тул энэ тухай гаргасан татгалзал үндэслэлгүй байна.
Харин гэрээний дээрх хэсэгт бусад тохиолдолд 500 евро суутгана гэж зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэгт 1,818,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 4,282,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Гэрээний талууд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд алданги, хохирол шаардах эрхгүй талаар хуулиар зохицуулсан байх тул энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т зааснаар хариуцагч Юнайтед Экспресс ХХК-иас 4,282,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,818,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Юнайтед Экспресс ХХК-иас тэмдэгтийн хураамж 83,462 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН