Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/01441

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024  04   04   182/ШШ2024/01441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 05 дугаар хороо, ЭТӨЧ 9 байр 21 тоотод оршин суу, Түмэд овгийн Сандуйжавын ********** /ХП68021306/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 09 дүгээр хороо, Дэнжийн 3-0044 тоот /РД:562634/ ************** ХХК /РД:5626344/-д холбогдох,

Түрээсийн төлбөр 4,220,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, төлбөрт төлсөн 3,500,000 төгрөг, олох байсан орлого 17,388,500 төгрөг, гэм хорын 1,500,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирол 81,076,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.**********, өмгөөлөгч Н.Б, Т.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.************, өмгөөлөгч М.Ж,

Гэрч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

 

Манай компани нь 2022 оны 1 сарын 1-нээс 2023 оны 1 сарын 1 нийг хүртэлх хугацаанд Онолт булгант төвийн 1 дүгээр давхрын 3 өрөө бүхий талбайг эмнэлгийн ажлын байрны зориулалтаар ************** ХХК-ийн захирал Л.************д түрээслүүлж, 2022 оны 01 сарын 01-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан.

Түрээсийн гэрээгээр ************** ХХК нь сар бүр 800,000 төгрөг төлөхөөс 2022 оны 1 сарын 1-нээс 2022 оны 6 сарын 1-ыг хүртэлх хугацааны 4.000.000 төгрөгийн төлбөр төлөөгүй. Энэ хугацааны алданги 600,000 төгрөгөөс чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу алдангиас нь чөлөөлсөн.

************** ХХК-ийн захирал Л.************ өөрийн гараар 2022 оны 6 сарын 30-ны өдөр төлбөрийг барагдуулна гэсэн мэдэгдэл дээр гарын үсгийг зурж, 4,000,000 төгрөгийн төлбөрөөс 2022 оны 06 сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөгийг төлж , 500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2022 оны 8 сарын 1-ээс 2022 оны 9 сарын 1-ыг хүртэлх хугацаанд 520,000 төгрөг, 2022 оны 9 сарын 1-ээс 2022 оны 10 сарын 1-ыг хүртэлх хугацаанд 800,000 төгрөг, 2022 оны 11 сарын 1-ээс 2022 оны 12 сарын 1-ийг хүртэлх хугацаанд 800,000 төгрөг, 2023 оны 1 сарын 1 нийг хүртэлх 800, 000 төгрөг, нийт 4,220,000 төгрөгийг төлөөгүй тул ************** ХХК-ийн захирал Л.************гээс гаргуулж өгнө үү.

Түрээсийн гэрээний дууссан боловч Тархи судас ХХК-ний захирал Л.************ нь 3 өрөө байрыг чөлөөлөхгүй байсан тул бичлэг хийж баримтжуулаад эд зүйлсийг хүлээлгэн өгсөн.

Бидний хооронд байгуулсан 2020 оны 4 сарын 3-ны өдрийн түрээсийн гэрээг УБЕГ эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байдаг. Энэхүү түрээсийн гэрээний хугацаа дууссан тул Тархи судас ХХК-ний захирал Т.************ болон С.********** бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн бүртгэлийг хасуулахыг даалгах шаардлага гаргасан боловч энэ шаардлагыг татгалзаж байгаа болно гэв.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

************** эмнэлгийн ерөнхий захирал Л.************ би иргэн С.**********тай 2018 оны 11 сараас 101 тоот өрөөг түрээсэлж 2023 оны 01 сар хүртэл гэрээтэй байсан. 2022 оны 11 сарын 18-нд гэнэт хөөсөн. Гарахгүй бол сарын түрээсийг 500,000 төгрөгөөр нэмнэ гэж тулган шаардсан. Миний түрээс 2022 оны 10, 11, 12 сарын түрээсийг өгөөгүй нь үнэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 сарын 07-нд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2023 оны 02 сарын 01-нд миний уушгины багтраа өвчин хүндэрч 3 дугаар эмнэлгийн уушгины тасагт 9 хоног хэвтэх эмчлүүлж байх хугацаанд 2023 оны 02 сарын 04-нд 3 өрөөний хаалганы цоожийг эвдэж **************ны оношилгооны болон Зүрх ба бамбайн, хэвлийн эхо аппарат бусад эд хогшлыг санаатайгаар зөөвөрлөж алга болгосон учир Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Цацрал дээр хэрэг үүсгэж шалгуулсан байдаг. Манай компанийн бичиг баримтыг хулгайлан зөөвөрлөсөн болно. гэв.

 

3.Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

 

Л.************ миний бие **************ны эмнэл зүйн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Эрүүл мэндийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ************** ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрөлд тусгагдсан чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагааг эрхэлдэг.

************** эмнэлэг нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ******* ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулж тэдний Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын клиникийн 3 дугаар нэгдсэн эмнэлгийн урд байрлах ******* ХХК-ийн байранд 101, 102, 103 тоот өрөөнүүдийг эзэмшиж, ашиглаж байсан.

Бид түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж ирсэн боловч Т.Мядагмаа /13 настай/-гийн хууль ёсны төлөөлөгч Л.Түмэнжаргал нь ******* ХХК-ийн хувь эзэмшил болон уг компанийн бусдад түрээслүүлж байгаа барилгын өмчлөх эрхтэй холбоотойгоор С.**********д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан, иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа тул түрээсийн төлбөрийг С.**********д төлөхөөс татгалзахыг шаардсан.

Миний зүгээс Түмэнжаргалын Мядагмаа нь ******* ХХК-ийн хувь эзэмшил болон уг компанийн бусдад түрээслүүлж байгаа барилгыг өмчлөх эрхтэй болох нь Эд хөрөнгийн улсын бүртгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 27ны өдрийн 4133 дугаар дүгнэлт, мөн С.**********гаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 053 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон зэргээр нотлогдож байх тул түүний хууль ёсны төлөөлөгч Түмэнжаргалаас тавьсан шаардлагыг хүлээн авсан байдаг.

Тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн С.**********тай Түрээсийн гэрээ" байгуулах шаардлагагүй, Т.Мядагмаагийн хууль ёсны төлөөлөгч Түмэнжаргалын нэхэмжлэлтэй С.**********д холбогдох хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тухайн түрээсийн талбайг чөлөөлөхгүй байхыг хүссэн тул миний бие ************** ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулсаар байсан болно.

Энэ асуудлыг С.********** мэдэхийн дээдээр мэдэж байсан болно. Тийм ч учраас 2023 оны 01 дүгээр сард Түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсийн талбайгаас гаргаагүй, манайх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан.

Гэвч биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед хэн нэг этгээд 101, 102, 103 тоот өрөөнүүдийн цоожийг эвдлэн орж эмнэлгийн багаж, төхөөрөмж, бусад эд зүйлсийг авч явсан байдаг.

Манай эмнэлгийн уламжлалтын эмчилгээ миний гэр бүлийн хүн эрхлэн явуулдаг байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сард түүний ээжийн /хадам 85 настай/ бие муудаж асрамжлах шаардлага бий болсон тул бид эмнэлгийн үйл ажиллагаагаа түр хугацаагаар буюу 10 хоног хаасан байдаг.

Иймд эд зүйлээ хулгайд алдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Баянгол дүүргийн цагдаагийн газарт дуудлага өгөхөд С.********** нь дур мэдэн миний хөрөнгөд халдсан болох нь тогтоогдсон.

Цагдаагийн байгууллагад хэрэг шалгагдаж байх явцад С.********** нь гэмгүй дүр үзүүлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд агуулах чөлөөлүүлэхээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг.

Миний бие ************** ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагааны орлогоор өрхийн амьжиргаагаа авч явдаг тул санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж улмаар цагдаагийн байгууллагад хандсаны үндсэн дээр С.**********гаас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн 2 аппаратаас бусад эд хөрөнгөө гаргуулж авсан байдаг.

Учир нь дээрх 2 тоног төхөөрөмжийг С.********** нь мэргэжлийн бус аргаар салгасны улмаас дахин холболт хийхэд хүндрэл учирсан, мөн зарим холболтын кабель утаснууд нь алга болсон, өнөөдрийг хүртэл ашиглаж боломжгүй хэвээр байгаа болно. Өөрөөр хэлбэл С.**********гийн буруутай үйлдлийн улмаас манай эмнэлэг эмнэлгийн үйл ажиллагаа 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл явуулах боломжгүй болж, олох байсан орлогоо алдаад байна.

************** эмнэлэг нь дээр дурдсан тогтмол орлого олж байсан бөгөөд үүнийг 2022 оны 02 дугаар сараас мөн оны 05 дугаар сар хүртэлх үйл ажиллагаа хэвийн явагдаж байх үеийн орлогоор нотлох боломжтой юм.

************** ХХК-ийн олох байсан орлогыг өмнөх оны мөн үеийн орлого 1Хаан банкны дансны хуулга/-той дүйцүүлэн нэхэмжилж байгаа болно

Тус компани зөвхөн **************ны чиглэлээр 2022 оны 01 дүгээр сард 7,374,158 төгрөг, 02 дугаар сард 4,348,000 төгрөг, 3 дугаар сард 5,075,000 төгрөг, 4 дүгээр сард 3,164,000 төгрөг, 5 дугаар сард 4,133,000 төгрөгийн орлого тус тус олсон бөгөөд 2022 оны 02 дугаар сараас 05 сарыг хүртэл нийт 16,720,000 төгрөг,

уламжлалт эмчилгээний чиглэлээр 668,500 төгрөгийн орлогыг өнөөдрийн байдлаар бодитоор алдаад байна.

Зөгийн эмчилгээнд ашиглагддаг амьд зөгийн бүлийг зориулалтын бус газарт байрлуулсны улмаас 1,500,000 төгрөгийн хохирол амсаад байна.

Бид эмнэлгийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан уламжлалтын эмчилгээнд хамрагдсан иргэдийн бүртгэлийг нэг дэвтэрт, **************ны онош зүй, зөвлөгөө, эмчилгээнд хамрагдсан иргэдийг тусгайлан дэвтэр гарган бүртгэл хийдэг.

С.********** нь миний эд хөрөнгийг дур мэдэн нүүлгэн шилжүүлэх явцдаа юмсыг зөөхөд хялбар болгох үүднээс олон жижиг болгосон байснаас гадна цоожтой шүүгээнүүдийн цоожийг эвдэж эмх замбараагүй байдалд оруулсан байдаг.

Иргэн С.**********тай байгуулсан 2022 оны түрээсийн гэрээ нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрээ болох нь бичгийн баримтаар тогтоогдож байгаа тул уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Мөн тус гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь Улсын бүртгэлийн байцаагийн 2020.08.27-ны өдрийн 4133 дугаар дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгч тал шүүхэд хандаж, улмаар тус нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Дээрх дүгнэлтийн дагуу түрээсийн гэрээний үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Мядагмаа, С.********** нар хамтран өмчилдөг болох нь тодорхой болсон байхад С.********** дангаар захиран зарцуулах эрхгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу өгсөн зүйлээ буцаан шаардах эрх зүйн үр дагавар үүсэж байгаа тул өнгөртсөн хугацаанд шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Ингээд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг дур мэдэн нууцаар шилжүүлэх явцдаа учруулсан хохирол 81,076,000төгрөг, нийт 84,426,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

 

Манай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхарт хариуцагч нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан ба түрээсийн гэрээ бичгээр байгуулсан. Түрээсийн төлбөр нэг сард 750,000 төгрөг гэж гэрээнд заасан боловч тог цахилгааны үнэ нэмэгдсэнээр 50,000 төгрөг нэмж 800,000 төгрөг болгосон, энэ хэмжээг ************ гуай зөвшөөрч төлж байсан. 2020 оны түрээсийн гэрээгээ бүртгүүлсэн байдаг.

Түрээсийн гэрээ дууссан боловч эд зүйлээ аваагүй тул 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн 3 өрөөнд байсан эд зүйлсийг хайрцаг саванд хийж хүлээлгэн өгч, өрөөгөө суллаж авсан. Эд зүйлсийг хайрцаг саванд хийж байгаа үйл явдлыг би өөрийнхөө гар утсаар бичлэг хийж баримтжуулсан.

Барилгын өмчлөгчийн талаарх маргаан нь хариуцагч талтай хамааралгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтаар: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.01.01-ний өдрийн №01 ажлын байрны түрээсийн гэрээ, төлбөр төлөх график, 2023.01.13-ны өдрийн мэдэгдэл, 2023.01.02-ны өдрийн мэдэгдэл, 2022.11.14-ний өдрийн мэдэгдэл, №04 нэхэмжлэх, 2022.11.21-ний өдрийн мэдэгдэл, 2022.05.28-ны өдрийн мэдэгдэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, кассын орлогын ордер, 2023.02.07-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зургууд, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, фото зураг, хариу тайлбар, фото зураг тайлбарын хамт, Скайтел ХХК-ийн тодорхойлолт, 2024.02.05-ны өдрийн Скайтел ХХК-ийн тодорхойлолт, фото зураг, 2023.04.14-ний өдрийн 210/МА2023/00788 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2023.02.09-ний өдрийн 102/ШШ2023/00700 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, /хх1-21, 23-24, 33-66, 161, 198, 209,234, 242, 2хх5-11, 72-/

 

6. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтаар: Хариу тайлбар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 2023.03.20-ны өдрийн 102/ШШ2023/01087 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Л.************гийн Хаан банкны 5111032260 дугаар дансны 2022.01.01-2022.05.31 хуулга, Ц.Бүрэнцэцэгийн Хаан банкны 5041099539 дугаар дансны 2022.01.01-2022.05.31 дансны хуулга, Ц.Бүрэнцэцэгийн Хаан банкны 5041099539 дугаар дансны 2022.12.01-2023.01.31 дансны хуулга, Ц.Бүрэнцэцэгийн Голомт банкны 3255150231 дугаар дансны 2022.08.18-2023.05.11 хуулга, гар бичмэл тооцоолол, 2022.06.30ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШШ2022/0534 дугаар захирамж, 2020.08.27-ны өдрийн №4133 улсын байцаагчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гар бичмэл тооцоолол, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хурааж төлсөн баримт, алдагдсан эд материалын жагсаалт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилсөн шаардлага, эмнэлгийн магадлагаа, /хх31, 68-70, 76, 83-84, 91-155, 163-174, 199-202, 215-223, 229-230, 2хх36-38, 59/,

 

7. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: 2024.01.31-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын баримт, ажлын байрны түрээсийн гэрээ, УБЕГ-ын хариу, 2020.01.01-ний өдрийн №01 ажлын байрны түрээсийн гэрээ, 2020.08.27-ны өдрийн 4133 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Ү-2205019875 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.03.07-ны өдрийн 1678 дугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан Баянгол дүүргийн Прокурорын тогтоол, 2024.02.06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, /хх243-250, 2хх1-4, 22-34, 50-57/ зэрэг баримтууд цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч С.**********, ******* ХХК нь хариуцагч ************** ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

/1хх71/

 

Хариуцагч ************** ХХК нь нэхэмжлэгч С.**********д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба ажиллагааны явцад тухайн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд шүүх хуралдаан дээр дараах байдлаар тодруулсан байна. Үүнд:

/1хх91,199,212, хх2-36-38/

2022 оны 01 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл, иймд түрээсийн төлбөрт төлсөн 3,500,000 төгрөг, олох байсан орлого 17,388,500 төгрөг, гэм хорын 1,500,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирол 81,076,000 төгрөгийг тус тус гаргуулах гэж тодорхойлж, тухайн шаардлагаа дэмжиж оролцсон байна.

 

Нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлохдоо...хариуцагч нь түрээсийн гэрээгээр манай байранд 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулсан...гэрээний хугацааг сунгахгүй, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар бичгээр мэдэгдсэн...үлдэгдэл түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч түрээсийн байр чөлөөлөөгүй тул эмнэлгийн эд зүйлс, тоног төхөөрөмжийг хайрцаг саванд хийж хүлээлгэн өгсөн, эвдсэн зүйл байхгүй сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан...үлдэгдэл төлбөрийг төлөөгүй...харин түрээсийн байрнаас дур мэдэн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг гаргаснаар хохирол учирсан...уг байр нь өмчлөлийн хувьд маргаантай, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл тул түрээсийн төлбөрт төлсөн 3,500,000 төгрөг болон эд зүйлс дутаасан, хохирол зэргийг гаргуулна гэж маргаж байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгаа ба үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.1. Үндсэн нэхэмжлэлийн тухай:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 96 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2205019875 дугаарт бүртгэлтэй, 818 мкв талбайтай, сургалт үйлчилгээний зориулалтай, зоорьтой 1-3 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь 2018 оны 09 сарын 21-ний өдрийн гэрчилгээгээр нэхэмжлэгч С.**********гийн өмчлөлд бүртгэлтэй байна.

 

2022 оны 01 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч С.********** нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын 3 өрөөг түрээслэх, хариуцагч ************** ХХК нь уг 3 өрөөг эмнэлгийн зориулалтаар түрээслүүлсний хөлс төлөхөөр тохиролцсон түрээсийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 сарын 01 хүртэл нэг жил, төлбөрийн хэмжээг 1 нэг сарын 750,000 төгрөг, сар бүрийн эхний 10 хоногийн дотор төлөхөөр тохиролцож, уг гэрээний дагуу хариуцагч нь 2022 оны 06 сарын түрээсийн төлбөрт 3,500,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч хүлээн авсан болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

 

Зохигч талуудын тайлбараар хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний хугацаанд буюу 2022 оны 01 сараас 2023 оны 02 сарын 04 хүртэл хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан үйл баримт тогтоогдсон.

 

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ бус түүний тодорхой хэсэг талбайг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж зааснаар тус талбайг түрээслэх гэрээг заавал улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй болно.

 

Өөрөөр хэлбэл аливаа үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээний дагуу үүрэг үүснэ.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

Түрээсийн гэрээний зорилго нь түрээслүүлэгч түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад түрээсийн зүйлийг шилжүүлэн өгөх, ийнхүү хүлээлгэн өгсний үндсэн дээр төлбөр авах, түрээслүүлэгч нь гэрээний зүйлийг хүлээн авч, тодорхой хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасны төлбөрийг төлөх үүрэг үүснэ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар түрээслүүлэгч нь гэрээгээр тохирсон нэг давхрын гурван өрөөг түрээслэгч ************** ХХК-ийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн болох тогтоогдож байх тул 2022 оны 08 сарын 520,000 төгрөг, 09,10,11,12 дугаар сарын төлбөр /нэг сарын 750,000 төгрөг/ 3,520,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 сарын 01-ний өдрийн 01 тоот түрээсийн гэрээгээр хариуцагч ************** ХХК нь С.**********гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 96 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2205019875 дугаарт бүртгэлтэй, 818 мкв талбайтай, сургалт үйлчилгээний зориулалтай, зоорьтой 1-3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхарт байрлах 3 өрөөг эмнэлгийн зориулалтаар өөрийн эзэмшил ашиглаж байсан, тухайн гэрээг хүчин төгөлдөр болохыг шүүх нэгэнт дүгнэсэн.

 

Түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д тус тус зохицуулсан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Түрээслэгч буюу ************** ХХК нь өөрийн эзэмшиж, ашиглаж байсан 3 өрөөнд 81,076,000 төгрөгийн эмнэлгийн зориулалтын тоног төхөөрөмж, өөрийн хувийн эд зүйлсийг дур мэдэн нууцаар нүүлгэн шилжүүлэх явцад хохирол учирсан гэсэн шаардлагын жагсаалт болон тэдгээрийн гэрэл зургийг нотлох баримтаар гаргасан.

 

Талуудын гэрээний хугацаа 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар түрээсийн гэрээний 3 өрөөг чөлөөлж өгөх үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн гэрээний хугацаа дууссан хэдий ч түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүйгээс нэхэмжлэгч 2023 оны 02 сарын 09-ний өдөр түүний түрээслэн эзэмшиж, ашиглаж байсан 3 өрөөнд байсан эд зүйлийг хайрцаг саванд хийж хүлээлгэн өгсөн байх ба тус хүлээлгэн өгч буй эд зүйлс нь чухам ямар төрлийн эд зүйлс байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Энэхүү үйл баримтын талаар нэхэмжлэгч нь өөрийн гар утсаар бичлэг хийсэн бөгөөд тухайн бичлэгийг зохигч талуудыг оролцуулан үзлэгийн ажиллагаа явуулсан ба тус ажиллагаагаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд зүйл байсан эсэх нь тодорхойгүй байсан болно. Мөн олох байсан орлогыг өвчтөний түүхийг бичсэн гар бичмэл болон дансны хуулгаар тодорхойлох боломжгүй, гэм хорын тухай шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй тул энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3.    Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ************** ХХК-иас түрээсийн төлбөр 2022 оны 05 сар 520,000 төгрөг, 09,10,11,12 сарын төлбөр 3,000,000 төгрөг, нийт 3,520,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.**********, ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 227 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, олох байсан орлого 17,388,500 төгрөг, гэм хорын 1,500,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирол 81,076,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч С.**********, ******* ХХК нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн бүртгэлийг хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 154,670 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 815,723 төгрөгийг тус тус хэвээр үлдээж, ************** ХХК-иас тэмдэгтийн хураамж 71,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН