Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

Б.А, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.А /цахимаар/, шүүгдэгч Б.Н, тэдний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн гаргасан гомдлыг үндэслэн Б.А, Б.Н нарт холбогдох, 213500000027 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бн ургийн овогт Б-ын А 19 оны  дугаар сарын -ний өдөр Увс аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн  сумын дугаар багийн  тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссэн.

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-ын Н 19 оны  дугаар сарын -ны өдөр Увс аймгийн суманд төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын  дугаар багийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч Б.А, Б.Н нар нь ашиг олох зорилгоор бүлэглэн өөрийн гэртээ буюу Улаангом сумын 7 дугаар багийн нутагт мэдээллийн технологи буюу “Ёондоо Ёондоо” нэртэй фейсбүүк хуудсаараа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газраас: Б.А, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон ургийн овогт Баатарын Алтаншагай, Тайж ургийн овогт Болд-Оолын Нарангэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилээр тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жил, зургаан /6/ сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.А-д оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ял дээр 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан нэг жил, долоон сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч,

Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Н-д хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.762.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.А-гаас 1.881.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Н-ээс 1.881.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан samsung S-6 edge загварын гар утсыг улсын төсөвт шилжүүлж,

Шүүгдэгч Б.А, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

Шүүгдэгч Б.А, Б.Н нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн зүйлчлэл тохирсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнээд надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Иймд Б.А надад хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор гурван жил тэнсэн харгалзсан хоёр жил, хоёр сар өнгөрсөн, энэ хугацааг нэг жил зургаан сарын хорих ялаар сольсон. Би хоёр хүүхэдтэй бага хүүхэд минь онош нь тодорхойгүй хавдартай, байнгын эмчилгээтэй байдаг, ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү”гэв.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Би 1 дүгээр ангийн хүүхэдтэй, бага хүүхэд минь хавдартай байнга эмчилгээтэй байдаг, нөхцөл байдал хүнд байгаа тул надад хэцүү байна. Манай нөхөрт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах хяналтын прокурор Х.Энхтуул би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Агийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна.

Анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Агаас анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолтой, 2135000000027 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Агийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Б.А, Б.Н нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.А, Б.Н нар бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ “Ёондоо Ёондоо” нэртэй фейсбүүк хаяг ашиглан, ашиг олох зорилгоор хөзрийн техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэн Б.Н /оо92051225/-ээс samsung S6 edge загварын гар утас нэг ширхгийг хураан авав” гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 10 дугаар тал/,

- хураан авсан samsung S-6 edge гар утасны фейсбүүк хуудсанд нэвтэрч,  хайлт хэсэгт нь “Ёондоо Ёондоо” гэж бичихэд хар өнгийн автомашины нүүр зурагтай арын фон нь модтой фейсбүүк хаяг байх ба уг хаягт үзлэг хийв. Мөрийтэй тоглоом явуулсан шууд бичлэг хадгалагдаагүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 3-7 дугаар тал,

-гэрч Л.Ж-ын “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд фейсбүүк рүүгээ ороод үзэж байтал “Ёондоо Ёондоо” нэртэй фейсбүүк хаягнаас хөзрийн Техас нэртэй тоглоом тоглуулж байхаар нь өөрийн 5830095130 данснаас 20’000 төгрөг шилжүүлж тоглосон юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-р хуудас/

-гэрч Ч.Б-ын “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед фейсбүүк дээр лайв хийгээд Техас нэртэй мөрийтэй тоглоом тоглуулж байхаар нь би Хаан банкны 5845464115 данс руу 20’000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5815129717 данснаас шилжүүлээд нэг удаа мөрийтэй тоглоом тоглосон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/,

- гэрч А.А-ын “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Ёондоо Ёондоо” фейсбүүк хаягнаас цахим орчинд хөзрийн Техас нэртэй тоглоом тоглуулж байхаар нь би өөрийн Хаан банкны 5822061167 дугаартай данснаас 20’000 төгрөгийг Хаан банкны 5845464115 дугаартай данс руу шилжүүлээд нэг удаа тоглосон юм. Уг данс руу мөнгө шилжүүлэхэд Б.Н гэж хүний нэр гарч ирсэн” гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/,

-гэрч Ц.Д-гийн “...Ажил багатай амарч байсан болохоор сонирхоод тоглочихсон юм. ...4-5 удаа тоглосон. Нэг тоглохдоо 10’000 төгрөгөөр тоглож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

-гэрч Э.Саруулын : “Нэг тоглолтод 10’000 төгрөгөөр оролцох бөгөөд хожвол 60’000 төгрөг авна, нийт долоон хүн тоглоно гэсэн дүрмийн дагуу Техас покер тоглосон. Тоглохдоо тоглогчиддоо нэгээс долоо хүртэл дугаар олгоод шууд лайв хийгээд хөзрөө камерын дүрснээс холдуулалгүй хольж дэлгэж байсан. Админы хэлсэн дүрмийн дагуу явагдсан. Би хоёр удаа тоглосон боловч хожоогүй. Хожсон хүмүүс рүү мөнгө шилжүүлэх ёстой, яг шилжүүлсэн эсэх талаар би сайн мэдэхгүй..” гэх мэдүүлэг, /1дүгээр хх-ийн  242-243 дугаар хуудас/,

-гэрч Ц.Б-ийн “...Би 2021 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Ёондоо Ёондоо гэх фейсбүүк хаягаар мөрийтэй тоглоомыг 10’000 төгрөгөөр хоёр удаа тоглосон. Уг тоглоомыг зургаан хүн тоглох ба тоглохын өмнө 10’000 төгрөг хураалгаад таван удаа тоглодог байсан. ...Би уг тоглоомыг хоёр удаа буюу 20’000 төгрөгөөр тоглоод огт хожоогүй. Хожоогүй учраас мөнгө шилжүүлж аваагүй. Бусад хожсон хүмүүст мөнгө шилжүүлж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 19-20 дугаар хуудас/

- шүүгдэгч Б.Н-ийн Хаан банк дахь 5845464115 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээх хх-ийн 115-128 дугаар тал/

-шүүгдэгч Б.Н, Б.А нарын  мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Н, Б.А нар нь хамтран ашиг олох зорилгоор хөзрийн техас покер нэртэй мөрийтэй тоглоомыг фейсбүүк хаягаар шууд бичлэг хийж, хүмүүсийг тоглуулахаар зохион байгуулахдаа нэг удаагийн тоглолтод 8 хүртэл тоглогч бооцоонд 20000 төгрөг тавьж оролцох, 8 хүн оролцсон тохиолдолд ялагч нь 7 хүний мөнгө буюу 140000 төгрөг авах, үлдсэн 20000 төгрөгийг тоглоом зохион байгуулагч ашиг болгож авахаар тус тус тоглоомын дүрэм зохиож, бооцооны мөнгийг шүүгдэгч Б.Нийн ХААН банкны 5845464115 дугаар дансаар дамжуулан авч, буцаан олголтыг хийж байсан, зарим тоглолтод 10000 төгрөгөөр бооцоо тавьж  оролцуулсан, шүүгдэгч нар  уг хөзрийн мөрийтэй тоглоомыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд зохион явуулахдаа бооцоонд нийт 5.632.000 төгрөг авсан, үүнээс тоглогч нарт нийт 1.870.000 төгрөгийг буцаан олгож, 3.762.000 төгрөгийн ашиг олсон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : “ Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь энэ гэмт  хэргийн шинжийг хангасан байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.А, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.  

Шүүгдэгч Б.А, Б.Н нарын мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 3.762.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар утас 1 ширхгийг улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцсэн, шүүхээс хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүхэд “...Анхан шатны шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Иймд надад хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх агуулга бүхий гомдол гаргасан ба гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А, Б.Н нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах , эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-гийн үйлдсэн мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг гурван зуун цагаар тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон байна.

Б.А нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээс өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.Золзаяаг хүчиндэхийг  завдсан гэм буруутай үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байх ба уг шийтгэх тогтоолоор :

-шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгчид тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А дээрх шийтгэх тогтоолоор тэнссэн хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож, Б.Агийн бусдыг хүчиндэхийг завдсан үйлдэлд нэг жил зургаан сар хорих ял оногдуулж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоосон нь Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасантай нийцсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг   хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Агийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан: “ би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор гурван жилийн хугацаагаар  тэнсэгдсэн байсан ба үүнээс хойш хоёр жил хоёр сар өнгөрсөн байхад надад энэ хугацааг нэг жил зургаан сар хорих ялаар сольсон” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн гэмт хэрэгт нь шинээр ял оногдуулах ба оногдуулах ялын хэмжээг тогтооход тэнсэнгийн үлдсэн хугацаа хамааралгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Агийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.А-гийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 / жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

                                                                            Н.МӨНХЖАРГАЛ