Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 116

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 1728000000019 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт тоёота ланд круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж Э.*******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Тоёота ланд круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж Э.*******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Өмнөговь аймгийн Цагдаагийн гакрын эзэмшлийн Тоёота ланд круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.*******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хохирогч Э.*******ийн... “2017 оны 07 дугаар сарын 25-ны орой найз ******* залгаад “Би Цогтцэций сумаас одоо аймаг руу гарч байна маргааш өглөө Ноён сум руу хүн хүргэж өгөх ажлаар явна буцахдаа ганцаараа ирнэ хамт яваад ирэх үү” гэсэн.  Би тэгье гэж хэлээд маргааш өглөө 08 цаг өнгөрч байхад ******* гэрт ирээд явъя гэсэн.  Би машинд нь суугаад шууд Ноён сум руу гарсан. Машинд Ноён сум руу цагдаагаар явж байгаа гэх ******* гэх ах байсан.  Бид гурав хамт явсан. Баяндалай сум орж Цагдаагийн хэсгээр орсон. Би гадаа нь тамхи татаад зогсож байсан. Дараа нь цааш явж байгаад би унтаад өгсөн байсан нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн юу болсон талаар мэдэхгүй байна. Ямарч байсан зам тээврийн осолд орсон. Би арын суудалд сууж явсан болохоор ямар хурдтай явж байсан талаар мэдэх юм алга.  Ослоос болж нуруундаа гэмтэл авсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа. Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын... “Манай Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэсийн албаны автомашин болох 99-33 ӨМА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашиныг жолоодож явсан Д.*******гоос манай байгууллага албаны автомашиныг засварлуулан авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.*******ы... “Миний бие Ноён суманд хэсгийн цагдаагаар томилогдоод 2017.07.26-ны өдрийн 10 цаг 20 минутын орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Ноён сум руу албан ажлаар Тоёота Ланд круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашинаар хүргүүлэн явах замд Баяндалай сумаас цааш 20 гаруй км-т автомашин онхолдсон. Би тэр үед урд талын суудал дээр унтаж явсан. Машиныг жолооч Д.******* барьж явсан, онхолдсоны дараа Д.******* надад хэлэхдээ 70 км цагийн хурдтай явж байтал дугуй хагарсан, тоормослосон боловч жолоо дийлдэлгүй онхолдсон гэж хэлсэн. Би машины эхний шидэлтээр сэрсэн, 2 дахь шидэлтээр нь ухаан алдсан байсан. Д.*******г манай найз үхчихсэн юм шиг байна гэж орилоход нь сэрээд машины цонхыг хагалж гарч ирсэн. Тэгэхэд найз нь болох Э.******* газар уначихсан байсан. Би Д.*******гоор ус авчруулан цээжин дээр нь асгаж, цээжийг нь цохиод, чамархай дээр нь дарж, хиймэл амьсгаа, иллэг хийж сэргээсэн. Тэгээд би Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын жижүүр лүү залгаж болсон явдлын талаар ярьсан, хамгийн ойрхон эмнэлэгийн тусламж дуудан ирүүлэхийг хүссэн. Баяндалай сумаас эмнэлэгийн машин төөрөөд 2 цаг гаруй болж байж ирсэн, эмнэлэгийн машинаар Э.*******ийг аваад явсан, цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, тасгийн дарга нар эмнэлэгийн машинтай зөрж ирсэн. Ингээд хэргийн газрын үзлэгийг хийж, аймаг руу явцгаасан. Э.******* нь Д.*******гийн хамаатан гэсэн, намайг Ноён сум руу хүргэж өгөөд буцахдаа ганцаараа явж байхаар нь хань болгоё гээд авсан. Би Э.*******ийг танихгүй. Автомашин нь буруу талдаа жолооны хүрдтэй. Д.******* машин жолоодоод би урд талын суудал дээр, Э.******* ар талын суудал дээр сууж явсан. Осол гарах үед цаг агаар тогтуун, их халуун байсан. Замд халтиргаа гулгаа байхгүй. Харин хэсэг газраа ховилтой байсан. Тэр ховилд цохигдоод машин унасан гэж ойлгож байгаа. Бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Дугуй нь хагараад ховилд цохигдоод шидэгдсэн гэж бодож байна. Түрүүлж дугуй хагарсан жолооч талын урд дугуй олгой хаймаргүй байсан. Жолооч талын дугуй хагарсан, цонхны шилнүүд хагарсан, кузов нь бүхэлдээ эвдэрсэн. Би Өмнөговь аймгийн эмнэлэгт шинжилгээ өгсөн, зураг хариуг нь аймаг, Улаанбаатар хотод мэргэжлийн эмч нараар үзүүлж, уншуулсан. Тархинд бол гэмтэл асуудал байхгүй, биед учирсан хөхрөлт, няцралтууд бол байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Яллагдагч Д.******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Ноён сумын хэсгийн цагдаа Т.*******гийн хамт Өмнөговь аймгийн төвөөс Э.*******ийг 2017 оны 07 дугаар 26-ны өглөө 80 цаг өнгөрч байхад гэрээс нь аваад Тоёота Ланд Круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашинаар Ноён сум руу явсан. Ноён сум руу явахад Баяндалай сумаар дайрдаг бөгөөд сумын хэсгийн төлөөлөгчийнхөөр орж цай уугаад 10 цагийн үед цаашаа явсан. Автомашиныг би жолоодож, урд талын суудал дээр Т.*******, ар талын суудал дээр Э.******* сууж явсан. Баяндалай сумаас ертөнцийн зүгээр баруун тийш 20 гаруй км яваад гэнэт автомашин зүүн гар тал руугаа далийж жолооны хүрдээ баруун гар тал руу булаасан. Буцааж дарах гээд дийлэлгүй ойчсон. Би эхний өнхрөлтөн дээр шидэгдсэн байх, нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Ухаан ороод ойр орчмоо харахад миний ар талд машин 4 дугуйн дээрээ зөв талын 2 дугуй нь хагарсан, бүхээг нь эвдэрсэн, цонхнууд нь хагарсан байдалтай байж байсан. Тэгээд машин руу гүйж очиход машины урд талын суудал дээр Т.******* ухаантай байж байсан. Ар талынх нь суудлыг харахад Э.******* байхгүй байсан, машинаа тойрч үзэхэд машины зөв талын хойд талд ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Т.******* нь машинаас бууж ирээд бид 2 Э.*******ийг усаар нүүр цээжийг нь шавшиж, зүрхэн тус газар нь иллэг хийж, хиймэл амьсгал хийхэд сэргэсэн. Тэгээд аймгийн Цагдаагийн газар луу Т.******* өөрийн утсаар яриад дуудлага өгсөн. Цагдаагийн газраас Баяндалай сумын эмнэлэг рүү ярьж эмнэлэгийн машин төөрөөд цаг гаруйн дараа ирсэн. Тэгээд Э.*******ийг Баяндалай сумаар дайраад аймгийн төв рүү авч явсан байдаг. Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч н.Харцага эхэлж ирээд дараа нь эмнэлэгийн машин, жижүүрийн бүрэлдэхүүн аймгийн төвөөс ирсэн. Ингээд хэргийн газрын үзлэгийг хийгээд би машинаа чирж Баяндалай сум руу явсан. Баяндалай сумаас гараад машин онхолдох үед Т.*******, Э.******* 2 унтаж байсан. Өмнөговь аймгийн цагдаагийн газрын автомашин юм. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Баттогтох цагдаа ахлах ахлагч Т.*******ыг Ноён сум руу хүргэж өгөх үүрэг өгсөн. Т.******* нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Ноён сумын хэсгийн цагдаагаар томилогдсон юм. Осол гарсан өдөр аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, нартай тогтуун өдөр байсан. Үзэгдэх орчин замын нөхцөл байдал халтиргаа гулгаагүй байсан.  Зүүн урд талын дугуй олгойгүй байсан. Өндөр ховилтой зам байсан болохоор обуд дугуйны ам нь цаашаа цөмөрч орсноос болж жолооны хүрд булуугаад онхолдсон. Тормоз гишгээд жолооны хүрдийг зүүн гар тал руугаа буцааж дарах гээд  дийлээгүй. Миний биед нуруу хөл хэсэгт шалбарсан, автомашины кабин бүхэлдээ эвдэрсэн. Би жолоодож явсан болохоор миний буруугаас болж осол болсон. Би замын цагдаагийн шинжээч болон шинжээч эмчийн дүгнэлтүүдтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа. Автомашины хохирлын үнэлгээг гаргуулна.” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруугаас болж найзынхаа эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна” гэв.

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 05 дугаар хуудас/,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11 дүгээр хуудас/,

Зөрчлийн талаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №344 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд:

1. *******ы биед тархины доргилт, зүүн тохойн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 16 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №343 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд:

1. *******гийн биед зүүн бугалга, дал, баруун гуяны зулгаралт, баруун гуяны цус хуралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 19 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн  автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №345 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд:

1. *******ийн биед сээрний 7,8,11-р нугалмын дарагдаж шахагдсан хугарал, эрүү, биеийн ар гадаргуу, 2 өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн 1728000000019 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч  Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.*******гийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/73 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/,

Албан хаагчийн товч мэдээлэл /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 Албан хаагчийн тодорхойлолт /хх-ийн 50-53 дугаар хуудас/,

Дотоод цэргийн штабд гаргасан мэдэгдэл /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №291 тоот лавлагаа /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Э.*******, иргэний нэхэмжлэгч Б.******* нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  мөн хуулийн 6.6 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1. 5, 6,7,8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ