Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2024/00187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** банк  ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймаг, 0 оршин суух, *** -ийн ***  ,

хариуцагч: Говь-Алтай аймаг, 0 оршин суух, *** -ийн ***  нарт холбогдох,

үндсэн зээлийн үлдэгдэл 4,922,077.08 төгрөг, хүүгийн төлбөр 461,907.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,732.56 төгрөг, нийт 5,459,717.57 төгрөг гаргуулах, төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** , хариуцагч *** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,922,077.08 төгрөг, хүүгийн төлбөр 461,907.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,732.56 төгрөг, нийт 5,459,717.57 төгрөг гаргуулах, төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Говь-Алтай аймаг 0 баг хаягт оршин суугч иргэн *** -ийн ***  , *** -ийн ***  нар нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн MN890034241807848992 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн малчны зээлийг 17 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан.

Зээлийн барьцаанд:

Говь-Алтай, *** багт байрлалтай адуу-10, ямаа-110 нийт 120 толгой малыг 7,500,000 төгрөгөөр, 5 ханатай, давхар бүрээстэй гэрийг 400,000 төгрөгөөр тус тус барьцаалсан.

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 77,922.92 төгрөг хүүгийн төлбөр 901,994.83 төгрөг нэмэгдүүлсэн хүү 61,430.61 төгрөг төлсөн байна. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тухайн зээл төлөгдөөгүй 230 хонож байна.

Одоогоор төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 4,922,077.08 төгрөг хүүгийн төлбөр 461,907.93 төгрөг нэмэгдүүлсэн хүү 75,732.56 нийт 5,459,717.57 төгрөгийг гаргуулах, төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах гэв.

3. Хариуцагч ***-ийн  тайлбар: Зээлийг төлнө, 8 жилийн дараа хорих ангиас гарахаараа төлнө. Хүлээн зөвшөөрч байна гэв.

 

4. Хариуцагч *** гийн тайлбар: Төлнө хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх тайлбар байхгүй гэв.

 

5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-*** банк ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-*** банк ны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/136 дугаар итгэмжлэл,

-*** банк ны Говь-Алтай салбарын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 41/57 дугаар итгэмжлэл,

-2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн MN890034241807848992 дугаар Барьцаат зээлийн гэрээ /малчин/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлсийн жагсаалт,

-Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого,

-***, ***  нарын иргэний үнэмлэхийн хуулбар.

6. Хариуцагч ***гээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

7. Хариуцагч *** гаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч *** банк  ХК нь *** , ***  нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 4,922,077.08 төгрөг, хүүгийн төлбөр 461,907.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,732.56 төгрөг, нийт 5,459,717.57 төгрөг гаргуулах, төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Манай *** банк ны Говь-Алтай салбарын *** тооцооны төвөөс таны түрүүн дурдсанаар 5 сая төгрөгийг 17 сарын хугацаатай авсан. Тэрнээс хойш өнөөдрийн байдлаар 332 хоногийн хугацаа хэтрэлттэй явж байгаа. Шүүхэд өгснөөр зээлийн хүү зогссон. Одоо манай банканд төлөгдөх зээлийн нийт төлбөр 5,459,777.57 мянган төгрөгийн үлдэгдэл байгаа. Салбарын захирлын итгэмжлэлээр эвлэрэхээс бусад зүйл дээр итгэмжлэл олгосон. Эвлэрэх боломжгүй. Тийм учраас зээлийн төлбөрийг даруй төлж дуусгаж өгөөч гэсэн саналтай байна...” гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч *** нь “...Зээлийг төлнө, 8 жилийн дараа хорих ангиас гарахаараа төлнө. Хүлээн зөвшөөрч байна. ...” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

4. Харин хариуцагч ***  нь “...төлнө хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх тайлбар байхгүй...” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

5. Нэхэмжлэгч *** банк  ХК нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч *** , хамтран зээлдэгч ***  нартай 5,000,000 төгрөгийг 17 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, MN890034241807848992 дугаар Барьцаат зээлийн гэрээ /малчин/-г байгуулж, уг зээлийн барьцаанд ямаа-110, адуу 10, 2017 онд барьсан давхар бүрээстэй тавилгатай 5 ханатай гэрийг тус тус барьцаалжээ. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Уг гэрээгээр зээлдэгч нар нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээл, хүүгийн төлбөрт 426,712.33 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээл, хүүгийн төлбөрт 3,447,869.59 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээл, хүүгийн төлбөрт 2,169,590.68 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээжээ. /хавтаст хэргийн 11 дэх тал/

6. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь дээрх зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн MN890034241807848992 дугаар Барьцаат зээлийн гэрээний 2.1.5-д “Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн Гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж заасан байх тул зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. 

8. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн MN890034241807848992 дугаар барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг” зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол” банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Манай *** банк ны Говь-Алтай салбарын Алтай тооцооны төвөөс таны түрүүн дурдсанаар 5 сая төгрөгийг 17 сарын хугацаатай авсан. Тэрнээс хойш өнөөдрийн байдлаар 332 хоногийн хугацаа хэтрэлттэй явж байгаа...” гэх тайлбараар тогтоогдож байна.

8. Хариуцагч *** , ***  нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлбөрийн хуваарийг 230 хоног хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч *** банк  ХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 4,922,077.08 төгрөг, хүүгийн төлбөр 461,907.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,732.56 төгрөг, нийт 5,459,717.57 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч *** банк  нь Зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох мал 120 толгой /ямаа-110, адуу-10/, давхар бүрээстай, тавилгатай 5 ханатай гэрийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж,

Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж,

158.3-д “Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч *** банк  ХК нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн MN890034241807848992 дугаар барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан мал 120 толгой /ямаа-110, адуу-10/, давхар бүрээстай, тавилгатай 5 ханатай гэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

10. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** , ***  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,922,077.08 төгрөг, хүүгийн төлбөр 461,907.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,732.56 төгрөг, нийт 5,459,717.57 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банк  ХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

11. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох мал 120 толгой /ямаа-110, адуу-10/, давхар бүрээстай, тавилгатай 5 ханатай гэр зэргийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банк  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,305.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** , ***  нараас 102,305.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** банк  ХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** овгийн *** -ийн ***  , *** овгийн *** -ийн ***  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,922,077.08 төгрөг, хүүгийн төлбөр 461,907.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,732.56 төгрөг, нийт 5,459,717.57 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банк  ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох мал 120 толгой /ямаа-110, адуу-10/, давхар бүрээстай, тавилгатай 5 ханатай гэр зэргийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банк  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,305.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** , ***  нараас 102,305.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** банк  ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ