Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 117

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овгийн Батмөнхийн Мөнхгэрэлд холбогдох 1720000010005 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Мөнхгэрэл нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн дүү Батмөнхийн Отгонгэрэлийн Е1884950 дугаартай гадаад паспорт ашиглан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтоор Монгол Улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Мөнхгэрэл нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн дүү Батмөнхийн Отгонгэрэлийн Гдугаартай гадаад паспорт ашиглан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтоор Монгол Улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын хил халдашгүй дархан байх бөгөөд шүүгдэгч Б.Мөнхгэрэл нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн дүү Батмөнхийн Отгонгэрэлийн Е1884950 дугаартай гадаад паспортыг ашиглан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Мөнхгэрэл өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хууль эрх зүйн мэдлэггүй, ар гэрийн амьдралын нөхцөл байдлын улмаас харь оронд очиж хөдөлмөр эрхэлж дүү нарынхаа сургалтын төлбөр, амь зуулгыг залгуулахын тулд шууд санаатай гэмт хэрэг үйлдэж бусдын бичиг баримт ашиглан улсын хилийг нэвтэрсэн байна. Шүүгдэгч Б.Мөнхгэрэлийн үйлдсэн гэмт хэрэг нь дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

          Шүүгдэгч Б.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Би 2016 оны 9 дүгээр сард БНХАУ-ын Эрээн хотруу ажил хийж мөнгө олохоор явсан. Тэгээд Эрээнд очоод Марко поло гэдэг хоолны газарт 4 сар зөөгчөөр ажиллаж байгаад Ван Гуа Юү Дү караокед зөөгч, хүлээн авагчаар 2017 оны 3 сарыг хүртэл ажилласан. Караокед ажиллаж байсан чинь Зүүн Сүнд хошуунд миний найз Гэрэлцэцэг ирсэн байна чи ирж мөнгөө аваа гэж хэлсэн. Тэгээд ажил дээр зочдыг хүлээн авч үйлчилж байгаад жаахан уусан. Тэгээд шөнийн 12-01 цагийн хооронд би Гэрэлцэцэг рүү яриад “Чи Эрээнд ирсэн үү?” гэж асуухад “Би Эрээн рүү явж амжихгүй нь ээ чи өөрөө ирээд мөнгөө аваа” гэсэн. Тэгэхээр нь согтуу зээл дээр очоод такси аваад Гэрэлцэцэг дээр явж очсон. Гэрэлцэцэгийн байсан газар нь Эрээнээс 190-195 км зайтай газар байсан. Очоод Гэрэлцэцэг рүү ярьсан чинь "буудалд байна хүрээд ир” гээд байгаа газарт нь очоод түүнтэй уулзаад, ярилцаж байгаад унтсан /их ч уусан байсан/. Гэрэлцэцэг болон өмнө нь хамт ажиллаж байсан Шо Жи гэдэг хятад охин байсан. Маргааш өглөө 9 өнгөрч байхад сэрсэн чинь өрөөнд Гэрэлцэцэг бид хоёр л байсан. Нөгөө хятад охин байгаагүй. Гэрэлцэцэгийн утас нь байхгүй байна гээд миний дугаараас залгасан тэгсэн чинь утас нь нөгөө хятад охинд байсан "одоо очлоо байж байгаарай” гэж утсаар хэлсэн. Бид хоёр үсээ сүлжээд сууж байхад буудлын ресепшин орж ирээд "бид хоёрыг паспортаа өг, паспорт өгөхгүй бол хурдан гар” гэсэн. Тэгэхээр нь хайгаад юу болсон талаар асуухад та нартай хамт байсан хүмүүс чинь 1 давхарт баригдчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр буудлаас гарсан. Гарч явахдаа Гэрэлцэцэг иргэний үнэмлэх болон түрүүвчээ буудалд үлдээсэн байна гэсэн. Миний эд зүйлс бүрэн байсан. Тэгээд Гэрэлцэцэг иргэний үнэмлэхээ үлдээсэн байсан болохоор буцаж очих шаардлагатай болоод найз залуугаа буудал руу оруулсан чинь хятад цагдаа Гэрэлцэцэгийн найз залууг дагуулаад бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг цагдаа саатуулаад 10 хоног хорьсон. Хорихдоо бид нараас хар тамхины бүх шинжилгээг авсан. Учир нь баригдсан хүмүүс нь бүгд хар тамхи хэрэглэсэн гэж байсан. Намайг шалгаад юу илрээгүй, би ч хэрэглээгүй, хамаг үнэнээ хэлсэн чинь цагдаа нь “Заза ойлголоо” гэж хэлээд 10 хоног хориод намайг явуулсан. Тэгээд цагдаа нартай хамт Эрээнд ирээд намайг хилээр гаргаж өгсөн. Зүгээр штамп дараад л гарсан. 2017 оны 3 дугаар сарын 21 байна уу 22-ны өдөр. Тэгээд Монголд ирээд Увс аймаг руу гэр рүүгээ явсан. Гэртээ 2 сар гаран байж байгаад 2017 оны 5 дугаар сард Улаанбаатараас Эрээний чиглэлийн галт тэргэнд суугаад Замын-Үүдэд ирээд шалгуулаад штампаа даруулаад, цааш БНХАУ-ын хил дээр очоод галт тэрэгнээс буугаад гадаад паспортаа шалгуулахад 5 жилийн хар даруулсан гэдгээ мэдсэн. Тэгээд ямар учиртай юм бэ гэж асуусан чинь хятадын цагдаагаас чамайг 5 жил хилээр орохыг чинь хориглосон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад паспорт дээр тэмдэг дараагүй байгааг асуусан чинь “цагдаагаас хилээр орохыг хориглосон болохоор тэмдэглэгээ хийдэггүй юм” гэж хэлсэн. Тэгээд хятадын хилийнхэн ирээд намайг машинд суулгаад Монголын хил рүү буцаагаад явуулсан. Тэгээд Монголын хил дээр ирээд штампаа хүчингүй болгуулаад хот руу очоод замын унаанд сууж Увс аймаг дахь гэр рүүгээ явсан. Тэгээд байж байтал 2 дүүгийн сургалтын төлбөр нэхэгдээд мөнгө хэрэгтэй болсон. Урд ажиллаж байхад хүмүүс өөр хүний гадаад ашиглаад хилээр орж, гардаг гэснийг сонссон. Тэгээд л өөрийн төрсөн дүү Отгонгэрэлийн гадаад паспортыг ашиглаж урагш гарч дүү нарынхаа төлбөрийг олох санаатай Шивээхүрэн боомтоор 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсаас гарч БНХАУ-руу орсон. Тэгээд Эрээнд очоод өмнө нь ажиллаж байсан караокедоо очоод ажиллаж байсан чинь манай найз залуу ирээд караокед ажиллуулахгүй гээд Лан Чи гэдэг газар руу гэр рүүгээ намайг авч явсан. Эрээнээс 500-600 км зайтай газар юм. Очоод бид хоёр цайны газар ажиллуулаад 2 хонож байхад Эрээнээс харын бүлгээр Хилийн цэргийнхэн хайлгаад байна гэж Цэцэн гэдэг эмэгтэй найз маань утсаар хэлсэн. Ямар учиртай юм бол гээд би өөрөө очоод уулзая гээд Эрээнд 2017 оны 6 дугаар сарын 19-ний 15 цагт ирээд харын бүлгийнхэнтэй нь уулзаад тэр хүмүүс нь намайг хилийн цэргийнхэнтэй уулзуулсан. Намайг буцаагаад Монгол улсын хилийн цэргийнхэнд 2017 оны 6 дугаар сарын 19-ний 22 цагт хүлээлгэж өгсөн. Миний гадаад паспорт Улаанбаатар хотод байгаа. Нэг л удаа авч байсан. Дугаарыг нь мэдэхгүй байна. Отгонгэрэлийн гадаад паспортыг ашиглан 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Шивээхүрэн боомтоор Монгол Улсын хил нэвтэрсэн. Нэг л удаа ашигласан. Хар даруулснаа мэдээд Монгол руу буцаж ороод, тэгээд Увс аймаг руу гэр рүүгээ очсон. Тэгээд гэрээ цэвэрлэж байгаад дүүгийнхээ гадаад паспортыг авдраас олсон. Надтай төстэй харагдаад байсан болохоор авчихсан. Дүү нарын маань сургалтын төлбөр нэхэгдсэн учраас Отгонгэрэлийн гадаад паспортыг авдраас нууцаар аваад 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Шивээхүрэнгийн боомтоор хил нэвтэрсэн. Өмнө нь ашиглаж байгаагүй. Одоогоор надад эд хөрөнгө гэхээр зүйл байхгүй. Улаанбаатар хотод дүүгийнхээ дотуур байранд хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-25, 95-96 дугаар хуудас/, Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Миний ээж төрийн албан хаагч хийдэг, цалингаараа зээл төлөөд гар дээрээ 70000 гаруй төгрөг авдаг. Дүү нар маань оюутан, сургалтын төлбөр нэхэгдээд маш хэцүү байдаг. Манай гэрийнхэн миний гарыг харж амьдардаг учраас би ажил хийж ар гэрээ авч явдаг юм. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

Гэрч Б.Отгонгэрэлийн... “Миний бие 1993 оны 1 сарын 23-ны өдөр төрсөн эцэг эхээс 4-үүлээ, том эгч Мөнхгэрэл, миний доод талын дүүг Сарангуа, бага дүүг Охинзаяа гэдэг. Би одоо гэртээ ээж Пүрэвдоржийн Оюунгэрэл, дүү Охинзаяа нарын хамт амьдардаг. Эгч Мөнхгэрэл, дүү Сарангуа нар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Би Хөдөлмөрийн дээд сургуулийн оройн ангийн 2-р курст сурдаг бөгөөд Ундарга-Увс ХК-д түгээгч ажилтай. Мөнхгэрэл эгч маань Улаанбаатар нэг хувийн компанид ажилладаг ба яг ямар нэртэйг нь мэдэхгүй, адууны яснаас гаргасан кальц гаргадаг эмийн борлуулалт хариуцсан ажилтан гэсэн. Бид хаяа утсаар ярьдаг ба жилд нэг удаа амралтаараа эгч хотоос ирдэг юм. Сүүлд 2017 оны 5-р сард Увсад амралтаараа ирсэн юм. Тэгэхдээ миний гадаад паспортыг авч яваад Өмнөговь аймгийн хилээр гарсан байна. Би паспортыг авч явсныг мэдээгүй, сүүлд хэрэгт холбогдсоны дараа эгч Мөнхгэрэл надад Е паспортыг гэрээс авч яваад хилээр гараад баригдсан, шалгагдаж байна гэж хэлсэн. Өөрийн паспорт хурагдсан гэлүү нэг юм хэлсэн одоо мартсан байна, тэгээд чиний Е паспортаар хил гараад баригдчихпаа гэж хэлсэн юм. Мөнхгэрэл Увсад ирэхдээ хил гарах, миний гадаад паспортыг авч явах талаар юу ч яриагүй, надад өөр мэдэх зүйлгүй. Би тухайн үед Увс аймагт байсан. Ямар нэг гадаад улс руу явсан зүйл байхгүй. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би хилээр гарч, БНХАУ руу хил нэвтрээгүй. Урьд нь би эгч Мөнхгэрэлд паспортаа өгч байгаагүй. Мөнхгэрэл эгч миний паспортаар урьд нь хил гарч байсан удаа байхгүй. Ямар учраас миний паспортыг авч явсныг мэдэхгүй. Гомдол санал, учирсан хохирол надад байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Ц.Загдаагийн... “...Би 2012 онд Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийг шалган нэвтрүүлэх албаны ажилтан мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хилийн 0166 дугаар ангид Хилийн 0141 дүгээр салбарт Мэдээлэл соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор 2012 оны 07 дугаар сарын 26-наас 2014 оны 04 дүгээр сарын 15-нд томилогдсон. 2014 оны 04 дүгээр сарын 15-нд тус ангидаа Хилийн албаны шуурхай жижүүрээр 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тус ангид Хил хамгаалалтын албанд албаны бэлэн байдал дүн шинжилгээ эрхэлсэн ахлах офицерын албан тушаалд ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс одоог хүртэл тус ангид ээлжийн дарга, ахлах шалгагчаар ажиллаж байна. Би 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шивээхүрэнгийн боомт дээр Заставын даргын томилгооны дагуу зорчигчийн бичиг баримт шалгах манааны гарах чиглэлд шалгагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Миний штампын дугаар “Шивээхүрэн 436” юм. Тухайн өдөр иргэн Б.Мөнхгэрэл нь Б.Отгонгэрэлийн ­Е1884950 дугаартай паспортыг ашиглан Шивээхүрэнгийн боомтоор гарах чиглэлд шалгуулан “Шивээхүрэн 436” дугаартай штамп даруулан гарсан. Би ажлын хариуцлага алдаж ажилласан байна. Энэ албан тушаалд ажиллаад 3 сар болж байгаа болохоор туршлага дутсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

Гэрч Т.Наранбаатарын... “2017 оны 06 дугаар сарын 19-ний 21:30-22:00 цагийн хооронд БНХАУ-ын хилийн цэргээс уулзалтаар хүн хүлээлгэж өгье гэсэн хүсэлт тавьсаны дагуу уулзалтыг 0 цэг дээр хийсэн. Уулзалт хийх шалтгаан нь Монгол улсын иргэн Б.Мөнхгэрэлийг Батмөнхийн Отгонгэрэлийн бичиг баримт ашиглан хууль бусаар БНХАУ-д нэвтэрсэн байна гээд шилжүүлж өгсөн. Шилжүүлэхдээ Мөнхгэрэл болон Отгонгэрэлийн гадаад паспортын хамт хүлээлгэн өгсөн. Тэгээд уулзалт дуусч Мөнхгэрэлийг ангийн байранд авчран хилийн зөрчлийн материал бүрдүүлж тагнуулд шилжүүлсэн. Мөнхгэрэлээс тайлбар авсан. Урд хар тамхи хэрэглэсэн хүмүүстэй хамт байж байгаад хар даруулж Монгол улс руу буцаагдаад, БНХАУ-руу дахин явахаар дүүгийнхээ бичиг баримтыг ашиглаж Шивээхүрэн боомтоор нэвтэрсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Гэрч Б.Сарангуагийн... “Би Монгол улсын үндэсний их сургуульд 2016 онд элсэж ороод одоо 2 дугаар курсэд элсэн орно. Хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа. Би одоогоор “Газар шим” ХХК-д үйлдвэрийн туслахаар ажиллаж байгаа. Ажиллаад 2 сар болж байна. Би Б.Мөнхгэрэлийн төрсөн дүү нь юм. Бид нар эхээс 4-үүлээ. Том эгч Б.Мөнхгэрэл, дараагийнх нь Б.Отгонгэрэл, би, миний доор Охинзаяа гээд охин дүү маань байдаг. Б.Мөнхгэрэл нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар 10-н жилийг төгсөөд хотод ирж ажил хийсэн. Их дээд сургуульд суралцаж байгаагүй. Одоо эгч маань “Тэсо” ХХК-д савлагчийн ажил хийдэг. Энэ ажилдаа саяхан орсон. Түргэн ууртай болохоос биш томоотой хүн байгаа. Эгч маань хар багаасаа дүү нарынхаа төлөө гэж явсан. Хийсэн ажилдаа чармайлттай. Ажилд гологдохгүй хүн байгаа. Отгонгэрэл эгч маань Увс аймагт Хөдөлмөрийн дээд сургуульд сурдаг. 2 настай хүүхэдтэй. Одоогоор утасгүй байгаа. Утсаа хаясан гэж хэлж байсан. /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Хилийн зөрчлийн материал /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Мөнхгэрэлийн гараар бичсэн тодорхойлолт, баталгаа /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Уулзалт хийсэн дүнгийн тухай /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хил зөрчигч шилжүүлэн өгсөн акт /хх-ийн 18 дугаар хуудас/,

Тагнуулын ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын 2017 оны 07 дугаар сарын №29/181 тоот албан бичиг /хх-ийн 26 дугаар хуудас,

Автотээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын 2017 оны 08 дугаар сарын №1/177 тоот албан бичиг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Тагнуулын ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №29/180 тоот албан бичиг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №7/5678 тоот албан бичиг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Тагнуулын ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №29/182 тоот албан бичиг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №12/5607 тоот албан бичиг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Улсын бүртгэлийн төв архиваас авсан Б.Отгонгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33, 36 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн төв архиваас авсан П.Оюунгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34, 37 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн төв архиваас авсан Б.Сарангуагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,

Тагнуулын ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №29/178 тоот албан бичиг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №7-2/5170 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

Б.Отгонгэрэлийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-48 дугаар хуудас/,

Хилийн 0166 дугаар ангийн АЗШНБ-ын шалган нэвтрүүлэх албаны ээлжийн дарга, ахлах шалгагчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 67-70 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №3847 дүгээр шинжээч Х.Баярмаагийн дүгнэлтэд:

1. Е1884950 сери дугаартай Батмөнх овогтой Отгонгэрэл, Е1549420 сери дугаартай Батмөнх овогтой Мөнхгэрэл гэсэн эзэмшигчтэй Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортууд жинхэнэ.

2. Уг шинжилж буй энгийн гадаад паспортууд ямар нэгэн засваргүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн Е1549420 сери дугаартай Батмөнх овогтой Мөнхгэрэл гэсэн эзэмшигчтэй энгийн гадаад паспорт дахь зураг нь Хавсралт-1 дээрх Батмөнх овогтой Мөнхгэрэлийн гэх зурагтай тохирч байна. /хх-ийн 77-91 дүгээр хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн 1720000010005 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Улсын бүртгэлийн төв архиваас авсан Б.Мөнхгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32, 38 дугаар хуудас/,

Б.Мөнхгэрэлийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-56 дугаар хуудас/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Б.Мөнхгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дугаар хуудас/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Б.Мөнхгэрэлийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Б.Мөнхгэрэлийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Б.Мөнхгэрэл урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 100 дугаар хуудас/,

Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №957 тоот тодорхойлолтод: “Улаангом сумын 9 дүгээр багийн иргэн Батмөнхийн Мөнхгэрэл нь ам бүл 4, аав, ээж, дүү, хүүхдийн хамт тус багийн 13-26 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Иймд шүүгдэгч Б.Мөнхгэрэлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхгэрэлийн үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх тул шүүгдэгч Б.Мөнхгэрэл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх буюу 1350000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхгэрэлд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е серийн 1884950 дугаартай гадаад паспортыг хууль ёсны эзэмшигч Б.Отгонгэрэлд, Е серийн1549420 дугаартай гадаад паспортыг хууль ёсны эзэмшигч Б.Мөнхгэрэл нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхгэрэл нь хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Борлууд овгийн Батмөнхийн Мөнхгэрэлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхгэрэлийг 1350 нэгжтэй тэнцэх буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхгэрэлд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн .......дугаартай гадаад паспортуудыг эзэмшигч Б.Отгонгэрэл /регистрийн дугаар ..................., гадаад паспортын дугаар........./, Б.Мөнхгэрэл /паспортын дугаар ..................../ нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхгэрэл нь хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхгэрэл нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ