Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2023/0157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Сайнбуян

Хариуцагч: Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ням-Осор нарын хоорондын  “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сайнбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ням-Осор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Сайнбуян нь “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сайнбуяныг халах тухай” Б/18 дугаар тушаалыг гаргажээ. Б.Сайнбуян дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж, улмаар 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 72 албан бичгээр хариуг ирүүлсэн. 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Б.Сайнбуян нь Галуут сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар түр томилогдон ажиллаж байсан.

3.2. Миний бие төрийн албаны шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгч төрийн албан хаагчийн нөөцөд орсон байсан. Ингээд албан үүргээ гүйцэтгэж байтал Галуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батбаяр нь 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Б/18 дугаар тушаал гарган ажлаас халсан. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-д заасан байсныг үндэслэсэн байсан бөгөөд миний бие төрийн жинхэнэ албанд түр томилогдсон байтал гэрээгээр талууд харилцан тохирч дуусгавар болгохоор үндэслэл заан ажлаас халсан.

3.3. Миний бие төрийн төрийн жинхэнэ албанд түр томилогдсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн заалтад хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл гаргаагүй мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй зэрэг зөрчил гаргасан гэж үзэж байна. Мөн би 2023 оны 5 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотод сургуульд сурахаар чөлөө авч явсан хойгуур ажлаас халсан гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа:  “

1. Төрийн албаны тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг  “эрх бүхий байгууллага шаардах” эрхгүй байдаг бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” дахь заалтын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичиг тус тус гарсан тул тус тогтоол, албан бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Шүүр” ажиллагааны хүрээнд Б.Сайнбуяныг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар халсан.

2. Тус сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал танаа” 1/75 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолын дагуу зөрчилтэй томилгоотой албан хаагчдын мэдээллийг хүргүүлж мөн тус мэдээллийн дагуу Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 2/51 дүгээр албан бичгээр нэр бүхий албан хаагчдад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 30 хоногийн дараа дуусгавар болгохыг мэдэгдсэн.

3. Б.Сайнбуян нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Их сургуулийн төгсөлтийн комиссын шийдвэрийг үндэслэн, захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/12 тоот тушаалаар 0-053205 дугаартай мэргэжил буюу “Геофизик”-ийн бакалаврын зэрэг авсан байдаг энэ нь тухайн эрхэлж байсан ажил үүрэгтэй хамааралгүй бөгөөд тухайн ажил, мэргэжлийн шаардлагад Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын дагуу Хүрээлэн буй орчин судлал /052/, хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/, уул уурхай, олборлолт /0724/, аялал жуулчлал /101501/) дугаартай мэргэжилтэн Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах эрхтэй байдаг. Тухайн албан хаагчийн хувьд мэргэжлийн индекс зөрүүтэй байсан.

4. Тус албан хаагч нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын    26-ны өдрийг хүртэл чөлөө хүссэн боловч тус чөлөөний хуудас нь баталгаажаагүй тамга, тэмдэггүй тухайн албан хаагч дур мэдэн ажил үүргээ хаяж явсан.

5. Б.Сайнбуянгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлөө ч эгүүлэн ажилд томилогдох эрх үүсэхгүй болно. Иймд анх байсан эрх нь сэргэхгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхгүй учир давж заалдах эрхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Сайнбуян шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нэхэмжлэл үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

3.1. Маргаан бүхий захиргааны актыг гаргаж халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд миний бие төрийн жинхэнэ албанд түр томилогдон ажиллаж байсан. Гэтэл талууд харилцан тохирч дуусгавар болгохоор үндэслэл заан халсан.

3.2. Миний бие төрийн жинхэнэ албанд түр томилогдсон бөгөөд төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл гараагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй.

3.3. Мөн намайг 2023 оны 5 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод сургуульд сурахаар чөлөө авч явсан хойгуур ажлаас халсан.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичиг тус тус гарсан тул тус тогтоол, албан бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Шүүр” ажиллагааны хүрээнд Б.Сайнбуяныг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар халсан.

4.2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолын дагуу зөрчилтэй томилгоотой албан хаагчдын мэдээллийг хүргүүлж мөн тус мэдээллийн дагуу Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 2/51 дүгээр албан бичгээр нэр бүхий албан хаагчдад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 30 хоногийн дараа дуусгавар болгохыг мэдэгдсэн.

4.3. Б.Сайнбуян нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Их сургуулийн төгсөлтийн комиссын шийдвэрийг үндэслэн, захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/12 тоот тушаалаар 0-053205 дугаартай мэргэжил буюу “Геофизик”-ийн бакалаврын зэрэг авсан нь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн индекстэй тохирохгүй.

4.4. Тус албан хаагч нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын    26-ны өдрийг хүртэл чөлөө хүссэн боловч тус чөлөөний хуудас нь баталгаажаагүй тамга, тэмдэггүй тухайн албан хаагч дур мэдэн ажил үүргээ хаяж явсан.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

5. Нэхэмжлэгч Б.Сайнбуян Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батбаярын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Сайнбуянг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилох тухай” Б/34 дүгээр тушаалаар[1] Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогджээ.

6. Улмаар Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сайнбуяныг ажлаас халах тухай” Б/18 дугаар тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 заалтыг тус тус үндэслэн төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөөгүй, мэргэжлийн индекс таарахгүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан[2] байна.

7. “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1. Б.Сайнбуянгийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан албан тушаал буюу сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “...сум, дүүргийн ...Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах бөгөөд уг албан тушаалд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, 27 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” 25 дугаар тогтоолд заасан болзол, шаардлагыг хангасан иргэнийг томилох зохицуулалттай атал үүнийг зөрчиж, томилогдсон байх тул нэхэмжлэгчид хамгаалагдвал зохих эрх хуулийн дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болохоор хуульчилсан. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Б.Сайнбуян Галуут сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдохоосоо өмнө тус газарт ажиллаж байгаагүй нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор[3], төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

7.2. Түүнчлэн Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 40 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан[4] бөгөөд албан тушаалд Хүрээлэн буй орчин судлал /052/, хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/, уул уурхай, олборлолт /0724/,аялал жуулчлал /101501/ гэсэн мэргэжлүүдийг тусгай шаардлагад хамруулахаар тогтжээ.

Иймд хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй[5] буюу Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизикч мэргэжилтэй[6] этгээдийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасны дагуу түүний зөрчигдсөн гэх эрхийг шүүхээс сэргээх хууль зүйн боломжгүй юм.

7.2. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ням-Осор нарын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт дурдсан нэхэмжлэгчийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл чөлөө хүссэн ч чөлөөний хуудас баталгаажаагүй, тухайн албан хаагч дур мэдэн ажлаа хаяж явсан үндэслэлээр халах сахилгын шийтгэл ногдуулаагүй байх тул эдгээр зөрчил гэх үйл баримтыг шүүх дүгнээгүй болно.

7.3. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагааг явуулаагүй, Б.Сайнбуянг хуулийн зүйл, заалтыг буруу үндэслэн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халсан зэрэг нь хууль бус хэдий ч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргэхээргүй байна.

8. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж зааснаас үзвэл хууль бусаар халагдсан, улмаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч Б.Сайнбуянг төрийн албанаас хууль бусаар халаагүй, шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлага мөн үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сайнбуянгийн “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

               

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСАЙХАН

                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 4 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 27-33 дугаар талууд

[5] 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.  

[6] 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.