Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1898

 

МАГАДЛАЛ

 

2019.11.08                                                Дугаар 1898                                    Улаанбаатар хот

Г.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01845 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ОК” ХХК, Д.Б нарт холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг, хариуцагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.М,

Хариуцагч: Д.Б-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байрны 42 тоот хаягаар орших, үл хөдлөх эд хөрөнгийн 0063028 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204006277 тоот дугаартай орон сууцны өмчлөгч ба 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “ОК” ХХК-тай Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр “ОК” ХХК нь нурсан барилгын суурин дээр орчин үеийн технологиор, чанар стандартад нийцсэн орон сууцны барилга барих, баригдсан барилгаас 60,2 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, барилгын төслийг бүх талаар дэмжих эрх, үүргийг харилцан хүлээсэн. Түүнчлэн 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “ОК” ХХК-тай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулж барилгын ажил эхлэх зөвшөөрлийг оршин суугчийн хувьд “ОК” ХХК-д бүрэн өгсөн болно. Гэрээний хэрэгжилтийн явцад 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулсан ба гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 2.1-д тодорхойлсон орон сууц буюу В блок байрны 4-р давхар, 08 тоот хаалга, 71,9 мкв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Г.А гэрээгээр тохирсон үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөрийг бүрэн төлсөн боловч “ОК” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас өнөөдрийг хүртэл өөрийн орон сууцанд орж чадахгүй байна. Иймээс хариуцагч “ОК” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн захиалгын гэрээний нэрийг Д.Б-ыннэр рүү шилжүүлэх хэлцэл хийсэн ба тухайн хэлцлийн агуулга нь нөхөр Л.Н нь бусдаас зээлийн гэрээний дагуу зээл авсан бөгөөд дээрх гэрээний баталгаа болгож дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээг Д.Б гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн. Хожим зээлийн төлбөрийг төлсний дараа буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гарсан тохиолдолд зээлийн гэрээний баталгаа болгож барьцаалах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргахаар тохиролцсон ба энэ тухайгаа ч хариуцагч “ОК” ХХК-д бичгээр мэдэгдсэн байдаг. Гэтэл хариуцагч Д.Б-ын зүгээс захиалгын гэрээг шилжүүлэн авсан учраас эзэмших, өмчлөх эрхийг олж авсан гэж хариуцагч “ОК” ХХК-д хандаж тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн ба “ОК” ХХК-ийн хувьд бидний төлбөрийг авсан атал өөр этгээдэд шилжүүлэн өгсөн нь бидний хооронд байгуулсан гэрээг зөрчсөн байна. Д.Н-тзахиалгын гэрээний эрх үүргийг шилжүүлсэн үйл баримтын тухайд тэрхүү захиалгын гэрээг түүний нэр дээр шилжүүлэх, хожим нөхөр Л.Н-ын зээлийн гэрээг дуусгавар болгосноор өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх байсан ба зээлийн гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд үл маргах журмаар түүний өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх тохиролцоо байгаагүй. Гэтэл зээлийн гэрээний үүрэг зөрчсөн, гүйцэтгээгүй гэдэг байдлаар тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй тохиолдолд, шүүхийн журмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал орон сууцны өмчлөлийг шууд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Г.А-ы хувьд нөхөр Л.Н зээлээ төлчихнө, хэрвээ төлж чадахгүй тохиолдолд орон сууцаа ашиглалтад орсон даруйд өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулан аваад худалдан борлуулах замаар зээлийг төлнө гэж тооцсон байсан. Нөхөр Л.Н авсан зээлийн 20 000 000 төгрөгөөр орон сууцны зөрүү үнийг төлсөн учраас бид төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж байгаа. Иймд захиалгын гэрээний нэрийг Д.Н-т шилжүүлсэн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Энхтайваны өргөн чөлөө 8а-8 тоот орон сууцны өмчлөгчөөр Г.А-ыг тогтоож, “ОК” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж дээрх орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ОК” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэргийн 44 гэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин барилгажуулахаар 2013 оноос эхлэн иргэд оршин суугчидтай тохиролцон 2015 оноос барилгын суурийн ажлыг эхэлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд хуучин байрны оршин суугч Г.Атай 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/469 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан 60,2 м.кв талбайг үнэ төлбөргүйгээр өгөхөөр харилцан тохиролцон байгуулсан бөгөөд барилга угсралтын ажлын явцад зураг төсөлд өөрчлөлт орсны улмаас орон сууцнуудын талбайн хэмжээнд өөрчлөлт орж, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/264 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, В блок 4 дүгээр давхрын 08 тоот 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч ГАмарсайхан нь талбайн хэмжээний зөрүү төлбөр болох 29 250 000 төгрөгийн төлбөрийг манай компанид төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр нэхэмжлэгч Г.А нь 01/264 тоот гэрээгээр хүлээсэн эрх үүргээ Д.Н-тшилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг манай компанид гаргасан байдаг. Энэхүү хүсэлтэд зөрүү төлбөр болох 29 250 000 төгрөгөөс 9 250 000 төгрөгийн төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасуулж тооцуулах, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тусгасан. Түүнчлэн Д.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр мөн ижил хүсэлтийг гаргаж Г.Атай байгуулсан 01/264 тоот гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн 01/330 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулсан байдаг. Захиалагч Г.А болон Д.Б нарын тус тусын хүсэлтийг үндэслэн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг шилжүүлсэн. Нэгэнт тухайн В блок 4 дүгээр давхрын 08 тоот 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалагч Д.Бболж гэрээ хүчин төгөлдөр болсон тул өмнөх Г.А-тай байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/264 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ нь дуусгавар болсон тул биднийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Д.Б болон Г.А нарын хооронд ямар харилцаа үүссэнийг бид мэдэхгүй төдийгүй бид өмчлөх эрхийг баталгаажуулдаг байгууллага биш бөгөөд хүчин төгөлдөр гэрээг үндэслэн холбогдох материалыг харилцагчдад гаргаж өгдөг. Иймээс тухайн орон сууцтай холбоотой маргааныг Д.Н-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд “ОК” ХХК-д холбогдуулан гаргасан Г.Аы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн захиалгын гэрээний нэрийг шилжүүлсэн гэх хэлцэл нь ямар хэлцлийг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Д.Б нь захиалгын гэрээний нэр шилжүүлэх хэлцлийг хийгээгүй, захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлтийг Г.А гаргаж уг хүсэлтийн дагуу Д.Б-ын нэр дээр хийсэн болно. Г.Аын өөрийн хүсэлтээр түүний “ОК” ХХК-тай хийсэн гэрээг дуусгавар болгож улмаар гэрээг Д.Б байгуулж талуудын хооронд гэрээний эрх үүрэг бий болсон. Энэхүү гэрээний дагуу “ОК” ХХК нь тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээсний дагуу үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй атлаа орон сууцаа шаардаж   байгаа нь үндэслэлгүй, хэрэв зээлээ төлчихвөл орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл огт байхгүй. Тэгээд ч гаргасан нэхэмжлэл нь тодорхойгүй байгааг шүүх анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх арилжааны гэрээний үүргээ биелүүлэхийг “ОК” ХХК-д даалгаж, Д.Н-тай амаар байгуулсан шаардах эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Г.Аы нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099498 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 8А байрны 8 тоотод байрлах 73,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ад шилжүүлэхийг Д.Н-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн1 056 700 төгрөгийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Д.Н-аас 1 056 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүх нэхэмжлэгчийн огт гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө гаргаж улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хуулийн заалтыг өөрөө тодорхойлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь уг хуулийн зүйл заалтад заасан шийдвэрийг гаргалгүй өөрөө нэхэмжлэлийг шаардлагыг өөрчилөн шийдвэр гаргасан болно. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан “өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг одоогийн өмчлөгч Д.Н-т тухайн орон сууцыг шилжүүлэхийг даалгах агуулгаар хангасан гэж үзвэл шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү өөрөө дур мэдэн өөрчлөх эрх байхгүй юм. Хариуцагч Д.Н-т холбогдуулан орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй тул тухайн асуудлаар тайлбар өгөх, нотлох баримт гаргах, мэтгэлцэх ямар ч боломж байгаагүй. Ийнхүү шүүх өөрөө дур мэдэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснөөр хариуцагчийн хуульд заасан эрхийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх үндсэн эрхүүдийг эдлэх боломжгүй болж байгаа. Учир нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ийнхүү нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөхийг огт мэдэх боломжгүй байсан. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “ОК” ХХК, Д.Бнарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзвэл     Г.А нь “ОК” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 01/264 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр зохигчид Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байр, 42 тоотод байрлах 60,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тухайн байршилд “ОК” ХХК-ийн барьж ашиглалтад оруулах орон сууцны барилгын В блок 4 давхрын 8 тоот 71,9 м.кв талбай бүхий орон сууцаар солихоор тохиролцож, орон сууцаа чөлөөлөх, зөрүү м.кв-ын үнэ 29 250 000 төгрөг төлөх үүргийг Г.А, газрыг чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, 2 өрөө бүхий 71,9 м.кв орон сууцыг 2017 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр, дээрх зөрүү төлбөрөөс 9 250 000 төгрөгийг түр суурьшуулах зардалд хасаж тооцох үүргийг “ОК” ХХК нь тус тус хүлээсэн, Г.А гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцаа чөлөөлж, 29 250 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Харин хариуцагч нь “ОК” ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний хооронд хийгдсэн нэр шилжүүлэх гэрээг үндэслэн орон сууцыг Д.Н-тшилжүүлсэн байх тул орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, шүүх “ОК” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

Хэдийгээр Л.Нацагням, Д.Энхцэцэг нарын хооронд байгуулагдсан 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн дээр орон сууцыг Д.Н-тшилжүүлэх нөхцөл байдал үүссэн боловч Г.А, Д.Бнарт уг зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэг болон гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А нь Д.Н-аасшаардах эрхтэй гэж анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ынитгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 056 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                       М.НАРАНЦЭЦЭГ