Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

 

 

2021               12             28                                       2022/ДШМ/21

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хаш-Эрдэнэ,

яллагдагч Д.М-ийн өмгөөлөгч Д.Оросоо,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/2229 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Хаш-Эрдэнийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.М-д холбогдох 2109012820250 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн Д-н М, 1983 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ..., ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Д.М нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Л-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч И.М, эргүүл хамгаалалтын цагдаа Д.Ганбаатар нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоогоос 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Д.М-г баривчлах саатуулах явцдаа биед нь халдсан гэх асуудалд мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн хэрэгт мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар тайлбар гаргасан бөгөөд прокуророос дээрх нөхцөл байдлыг үгүйсгээгүй байна. Нийслэлийн прокуророос яллагдагч Д.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2109012820250 дугаартай хэргийг судалж үзэхэд тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар баримт авагдаагүй байна. Иймд тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх холбогдох баримтыг хэрэгт хавсарган ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэргийн нэгтгэх үндэслэлээр гаргасан хэргийн оролцогч нарын хүсэлтийг шийдвэрлэх шаардлагатай байна. Яллагдагч Д.М-д 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд цагдаагийн албан хаагч болон цагдан хорих байрны ажилтныг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хэргийг нэгтгэн шалгахаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаартай Прокурорын тогтоол гарсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.М нь 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд хууль сахиулагчийн эсэргүүцсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна”, 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан хугацаанд прокурорын шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ.” гэж, мөн хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон... прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” талаар тус тус заажээ. Яллагдагч Д.М-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болон хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулж гомдол гаргах эрхээр хангасан эсэх нь тодорхойгүй байгаа нь мөрдөгч болон прокуророос хуульд заасан тодорхой ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6, 32.7 дугаар зүйлд заасан холбогдох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Г.Хаш-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын ажилтнууд нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Д.М-г баривчлах, саатуулах явцдаа эрүүл мэндэд нь хохирол учруулсан байж болзошгүй” гэх асуудалд Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба ийнхүү шалгаж байгаа талаарх тайлбарыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад прокуророос гаргасан. Гэтэл Д.М нь цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааны улмаас хохирсон байж болзошгүй үйлдэлд буюу өөрөөр хэлбэл, хохирогчийн хувиар гаргасан гомдлыг нэгтгэн шалгуулах тухай яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан илт үндэслэлгүй хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг прокурорт буцаах үндэслэл болгож буй нь хуульд нийцэхгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл нэг гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан ба яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэх талаар тодорхой тусгажээ. Гэтэл шүүх хуулийг илт буруу тайлбарлаж, хэрэглэн улмаар хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, эрүүгийн хэргийг нэгтгэх гэсэн үндэслэл дурдаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг.заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна. Мөн тухайн үед Д.М-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг мөрдөгч хүлээн авч шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг хэрэг нээхээс татгалзсан эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зэрэг шийдвэр гараагүй байсныг дурдах нь зүйтэй. Прокуророос Д.М-г “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хууль сахиулагчийг эсэргүүцсэн” үйлдэлд, мөн “...2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид бусадтай бүлэглэн цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг эсэргүүцсэн” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэргүүдийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар түүнд холбогдох зарим хэргийг буюу “...цагдан хорих 461 дүгээр ангид хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэх хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, яллагдагч Д.М-д холбогдох хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргээс хальж, улмаар шүүхэд ирээгүй хэргийн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж, “Д.М-д холбогдох дээрх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй нь хохирогч нарын гомдол гаргах эрхийг хангасан эсэх нь тодорхойгүй байна” гэсэн нь хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Учир нь, “2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Э.Одбаяр нар нь бүлэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэх хэргээс Д.М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг тухайн хэргийн буюу түүнд огт хамааралгүй хэргийн хохирогч нарт танилцуулсан эсэх нь энэ хэрэгт Д.М-ийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, уг баримтыг хэрэгт хавсаргах нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт хамаарахгүй юм. Мөн шүүх энэ шийдвэрийг гаргаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг зөрчсөн байхаас гадна яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууриас оролцох гэсэн шүүхийн байр суурийг гажуудуулж байна. Д.М-д холбогдох хэрэгт шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байхад шүүх хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.М-ийн өмгөөлөгч Д.Оросоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М-г 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хороо “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбай орчимд зохих хууль, журамд заасныг зөрчин цуглаан зохион байгуулах үедээ нэр бүхий цагдаагийн алба хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2109012820250 дугаартай хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа болно. Мөн дээрх үйл явдал болох үед буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Д.М-г цагдаагийн нэр бүхий албан хаагч баривчлах явцдаа биед нь халдаж, элэгдэх, гавлах, гарыг хөших, гаваас нь татах, шилэн хүзүүн дээр нь дарж угзрах, нуруун дээр нь дарж өвдөглөх зэргээр хүч хэрэглэн биед нь гэмтэл учруулсан үйлдэлд Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлт явуулна.” гэж заасан. Тус хэргүүд нь нэг цаг хугацаанд, нэг үйлдлийн улмаас бий болсон асуудал тул эдгээр хэргийг нэгтгэн шалгах ёстой, гэтэл прокурор хуулийг буруу тайлбарлаж байгаа бөгөөд анхан шатны шүүх үүнд зөв, үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үүрэгтэй бөгөөд Д.М-г Сүхбаатарын талбай дээр хууль сахиулагчдыг эсэргүүцсэн гэх хэрэгт яллаж байгаа бөгөөд үүнээс гадна мөн “2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Э.О нар нь бүлэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэх хэрэгт Д.М-г холбогдуулан шалгаж, түүний уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч уг тогтоол, шийдвэр нь энэ хэрэгт авагдаагүй байдаг. Уг тогтоол, шийдвэрийг энэ хэрэгт хавсаргах ёстой гэж үзэж байна. Учир нь хэргийг шүүхээр шийдвэрлэхэд яллагдагч нь өөр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх нь хамааралтай, шийдвэр гаргахад нөлөөлөх тул шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв дүгнэж, шаардлагатай ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт дутуу, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй юм. Мөн энэ нь шүүхэд хуулиар олгогдсон шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хуульд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа илт нэг талыг буюу яллах талыг баримталж явагдсан бөгөөд шүүх үүнд хөндлөнгийн байр сууриас оролцож, яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хангаж, нотлох баримтыг тал бүрээс нь судалж нотлох баримт цуглуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь харин ч яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан биш, дээрдүүлсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд Хэргийг прокурорт буцаах талаар заасан бөгөөд 33.3 дугаар зүйлийн 1-д “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:”, 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;” хэргийг прокурорт буцаана гэж заасан. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй юм. Иймд прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй тул эсэргүүцлийг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөхийг хүсье. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Д.М-г 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Л-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч И.М, эргүүл хамгаалалтын цагдаа Д.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Д.М-г баривчлах саатуулах явцдаа биед нь халдсан гэх асуудалд мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн хэрэгт мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар тайлбар гаргасан бөгөөд прокуророос дээрх нөхцөл байдлыг үгүйсгээгүй байна. Нийслэлийн прокуророос яллагдагч Д.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2109012820250 дугаартай хэргийг судалж үзэхэд тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар баримт авагдаагүй байна. Иймд тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх холбогдох баримтыг хэрэгт хавсарган ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэргийн нэгтгэх үндэслэлээр гаргасан хэргийн оролцогч нарын хүсэлтийг шийдвэрлэх шаардлагатай байна. Яллагдагч Д.М-д 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд цагдаагийн албан хаагч болон цагдан хорих байрны ажилтныг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хэргийг нэгтгэн шалгахаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаартай Прокурорын тогтоол гарсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.М нь 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд хууль сахиулагчийн эсэргүүцсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна”, 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан хугацаанд прокурорын шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ.” гэж, мөн хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон... прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” талаар тус тус заажээ. Яллагдагч Д.М-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болон хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулж гомдол гаргах эрхээр хангасан эсэх нь тодорхойгүй байгаа нь мөрдөгч болон прокуророос хуульд заасан тодорхой ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6, 32.7 дугаар зүйлд заасан холбогдох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон түүнийг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж,  болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Д.М-г гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/2229 дугаартай захирамжаар Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн байх тул цаашид анхаарч ажиллах нь зүйтэй.

Иймд прокурор Г.Хаш-Эрдэнийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/2229 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/2229 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл Д.М-д авсан хохирогч нартай харилцах, мөн оршин суух газар, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд болон өөртэй нь холбоотой хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллагад хүрэлцэн очихоос бусад газруудад зорчихыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ