Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/02150

 

 

 

 

 

 

 

2024 05 22 181/ШШ2024/02150

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А овогт Ц.Ч /РД:..................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК /РД:................./,

 

Хариуцагч:  М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорт 42,966,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мэндбулган оролцож, тэмдэглэл хөтлөв.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар талуудын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ч хариуцагч М ХХК, М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорт 42,966,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие А овогт Ц.Ч нь М ХХК-ийн Дотоод аудитын албаны дарга албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн 18 дугаар тогтоолоор үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан болно. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан.

Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаад уулзалтын өрөөнөөс гарах үед өрөөний дрожийг чийгтэй цэвэрлэсэн байсан бөгөөд гарахдаа шалан дээр хальтирч Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтын дагуу үйлдвэрлэлийн осолд өртсөн.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт-ын дагуу шөрмөс сунасан, булчин няцарч, зөөлөн эд гэмтэн хэвтэн эмчлүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт нэг сарын дундаж цалин хөлсийг 7 дахин нэмэгдүүлж нөхөн олговор олгоно гэж заасан. Гэвч М нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нөхөн олговрыг олгоогүй болно.

Иймд дээрх нэг сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо үйлдвэрлэлийн ослын үе буюу 2020 оны 4, 5, 6 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцсон болно. 2020 оны 4 дүгээр сард 6,150,000 төгрөг, 5 дугаар сард 6,141,000 төгрөг, 6 дугаар сард 6,123,000 төгрөгийн цалин хөлсийг авсан бөгөөд нэг сард ногдох дундаж цалин хөлс 6,138,000 төгрөг байна,

Иймд Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт заасны дагуу 7 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор нийт 42,966,000 төгрөгийг Мнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Цогсайхан овогтой Чандмань миний бие М, Мны Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан Үйлдвэрлэлийн ослын төлбөрт /нөхөн олговорт 42,966,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Тус нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч би татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч М ХХК, М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорт 42,966,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч М ХХК, М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорт 42,966,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, М ХХК, М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ