Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1899

 

МАГАДЛАЛ

 

2019.11.08                                               Дугаар 1899                              Улаанбаатар хот

Г.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02164 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д-д холбогдох,

Өв залгамжлагчаар болон өмчлөгчөөр тогтоолгох тухай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын Баянгол дүүргийн, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-70 дугаар байр, 7 тоот хаягт байрлах 48.76 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Бие даасан шаарлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.З,

Хариуцагч: Б.Д,

Бие даасан шаарлага гаргасан гуравдагч этгээд: Ж.Б,

Өмгөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б, Б.Ж нар нь 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг баталсан гэрчилгээг олгосон байдаг. 2011 онд хүү Ж.А, 2013 онд хүү Ж.Т нарыг төрүүлсэн. Б.Ж 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр автомашины ослоор нас барсан. Тэд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 70 дугаар байрны 7 тоотод 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн амьдарч байсан. Тус орон сууц нь талийгаач Б.Ж болон Б.Д нарын өмчлөлд байдаг. Нэхэмжлэгч Г.Б нь өөрийгөө болон 2 хүүхдээ талийгаач Б.Ж-ын өв залгамжлагчаар, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэмж тогтоолгох хүсэлтэй байдаг. Энэ хэргээс өмнө нотариат, эвлэрүүлэн зуучлах болон хариуцагчтай эвлэрэх талаар зөвшилцсөн боловч хариуцагч нартай таарамжгүй харилцаатай байгаа. Иймд Г.Б, Ж.А, Ж.Т нарыг Б.Ж-ын өв залгамжлагчаар, дээрх орон сууцны өмчлөгчөөр нэмж тогтоолгож өгнө үү, Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын тухайд гэвэл Иргэний хуульд зааснаар дээрх этгээдүүд нь талийгаачийг нас барсны дараа 1 жилийн дотор өв хүлээн авах талаар нотариатын байгууллагад хандаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би энэ байрыг 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдан авах гэрээ хийж ээж аавдаа зориулж, 70 хувийг нь буюу 22 200 ам.долларыг бэлнээр төлж авсан. 2008 онд аав, ээж 2 минь амьдарч эхэлсэн. Тодорхой хугацаанд дүү маань эхнэр авч байгаа гэж хэлээгүй учраас энэ байранд амьдарсан. Цалингийн зээл аваад үлдэгдэл 30 хувийг нь төлөхөөр тохиролцсон. Цалингийн зээлээрээ төлсөн 6 500 000 төгрөгийг өгнө. Байрны үлдэгдэл     5 000 000 төгрөгийг аав, ээж 2 минь тэтгэвэрээрээ төлсөн. Тиймээс ээж аавыг маань цаашид энэ байрны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй. Г.Б-ийн хүүхдийг сургуулиас нь аваад ирэхэд Г.Б согтуу хэвтэж байсан. Эрх ашгийг нь би хамгаална гэдгийн дор энэ байрыг зараад эцэст нь 2 хүүхэд юучгүй болчих вий гэж айж байгаа учраас 18 нас хүртэл нь энэ байрыг худалдан борлуулах эрхээс нь татгалзахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна. Эх нь хэдий энэ 2 хүүхдийг асран хамгаалах эрхтэй ч гэсэн энэ 2 хүүхдийн амьдрах эрх, асар их зөрчигдөж байгаад манай гэрийнхэн маш их эмзэглэж байгаа. Энэ байрны өмчлөгч нь би болон миний ээж, аав байх ёстой. Энэ 2 хүүхдийг 18 нас хүртэл нь хүн шиг өсгөхийн тулд бид туслая гэсэн боловч ээж, аав хоёрыг минь үх, далд ор, наад байрандаа үх гэж хэлж, харанхуй шөнө хөөж гаргаж, оруулахгүй гэж хаалганы түгжээ, цоожийг сольж байсан. Цаашдаа энэ 2 хүүхдийг 18 нас хүртэл нь аав, ээжтэй минь хамт амьдруулж, хүн шиг өсгөмөөр байна. Г.Б болон 2 хүүхдээс нь энэ байрыг харамлаад байгаа зүйл байхгүй. Та нар эндээ амьдар, энд амьдраад 2 хүүхдийнхээ хоол унд, хичээл сургалтанд нь анхаараад өг. Ээж, аав 2 энэ байрны мөнгө төгрөг, гарч байгаа бүх зардлыг нь төлъе гэсэн. Гэтэл энэ байранд Г.Б-ийн төрсөн эгч нь гэж хүн ирээд дандаа согтуу, хэдэн өдрөөр архидаад 4, 5 хоног босохгүй хэвтэж байсан. Ийм нөхцөлд энэ 2 хүүхэд яаж эрүүл өсөж, зөв хүмүүжил олох юм. Өнөөдөр энэ байрны асуудлаас гадна энэ 2 хүүхдийн ирээдүй бүрхэг байна. Г.Б-г шүүх хуралдаа өөрөө орооч, нүүр тулж уулзаач, хэлж ярих зүйл байна. Зөвхөн байрны асуудлаар шийдэгдэх зүйл биш гэдгийг хэлсэн. Өвөө дээрээ ирэхэд нь харахад том хүүгийн урд 2 шүд нь уначихсан 4 сар болж байхад ямар ч эмчилгээ хийлгээгүй байсан. Би авч яваад кальцийн шинжилгээ, ясны бүтцийн шинжилгээ хийлгэсэн. 2 сар уух ёстой кальцийг нь авч өгөөд явуулсан. Үнэхээр байрны өв залгамжлагч болохыг хүсээд байгаа юм бол энэ хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол хүмүүжилд яагаад анхаарахгүй байгаа юм. Энэ байрны асуудлаас гадна 2 хүүхдийн асуудал маш хүнд байна. Энэ үүднээс бид байранд миний аав, ээж хоёрын нэрийг оруулж өгөхийг хүсээд байгаа юм. Миний аав, ээж 2 тэтгэвэрийн 5 000 000 төгрөгөөрөө байрны мөнгөнөөс төлсөн учраас нэрээ оруулах эрхтэй гэж үзэж байгаа. Энэ 2 хүүхдийн ирээдүй, өсөлт бойжилтонд анхаарч үзээч гэж гуйж Г.Б-д би хэлсэн. Гэтэл хууль миний талд үйлчилнэ, би 2 хүүхдээ авна, байрыг чинь авна гэж хэлээд гарч явсан. Нэмж хэлэхэд энэ Г.Б гэдэг хүн хуулиараа хүүхдүүдийг асран хамгаалах эрхтэй л байх. Өмнө нь гаргаж байсан, үйлдэлийг нь баталгаажуулж байсан бол бид эрхийг нь хасуулах боломжтой байж гэвч тийм зүйл байхгүй байна. Бид энэ байранд ээж, аавынхаа нэрийг оруулах хүсэлтэй байгаа гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2000 оны үед хотод орж ирээд нэг тух муутай газар хашаатай байсан. Охин минь нэг байр хөөцөлдөж, 2008 онд байранд орсон. Охиныхоо болон хүүгийнхээ нэр дээр байрыг авсан. Тэр байранд ороод 3, 4 жил болж байгаад эхнэртэйгээ хөдөө гараад манай том хүү Н.Ц энэ байранд орсон. Тэгж байтал удалгүй бага хүү минь эхнэр аваад том хүүгээ түрээсийн байшинд оруулаад бага хүүгээ энэ байранд амьдруулсан. Анх хүүгээ энэ байранд оруулахдаа аавынхаа байранд түр амьдарч бай, яваандаа чамд 3 өрөө байр авч өгнө. Хурим найрыг чинь хийж өгнө гэж хэлсэн. Ингээд энэ байранд амьдраад 10 гаруй жил болчихсон байна. Тэгээд 2 ачийгаа хараад гэртээ амьдръя гэж ирээл 5 сар хамт амьдарсан. Гэтэл юу болсон нь мэдэгдэхгүй Г.Б хүүхдүүдээ аваад явсан. Би хөөсөн зүйл байхгүй. Тэртээ тэргүй бид 2 өнхрөөд өгөхөөр тэр байр энэ 2 хүүхдийн нэр дээр очно. Би Г.Б-д 2 хүүхэдтэйгээ миний хажууд тааваараа бай, ажил төрөл хий гэж хэлсэн. Гэтэл намайг хөөлөө, хүүхэд зодлоо гэж худлаа хэлсэн. Гэтэл одоо шүүх дээр ирээд байран дээр нэр оруулна гэсэн өргөдөл гаргасан байна. Энэ 2 хүүхэд үнэхээр өрөвдөлтэй, хэцүү нөхцөлд өсөж байгаа. Хүүхдүүдийг авч яваад 8 сар болж байна. Г.Б-ийн санаа нь энэ 2 хөгшинийг байрнаас нь хөөгөөд гаргачихъя, эсвэл мөнгө салгаад авчихъя гэж бодоод байх шиг байна. Хамт байхдаа хүүхэд надруу ойртхоор загнаад цааш нь хөөгөөд явуулчихдаг. Одоо гаргаад байгаа зан аашийг нь бодохоор энэ 2 хүүхэд миний хүүхдийн хүүхэд биш, өөр хүний хүүхэд юм шиг байна. Тэгсэн ч энэ 2 хүүхэд миний хүүхдийн хүүхэд мөн ч бай, биш ч бай асран хамгаалагчийг нь тогтоогоод болохгүй бол улсын асрамжинд өгүүлнэ. Хэрвээ бидний дэргэд байвал энэ 2 хүүхдийг 10 дугаар анги төгсөх үед нь энэ байрыг том хүүгийн нэр дээр шилжүүлээд өгнө. Хамгийн гол нь энэ 2 хүүхдийн хувь заяа өрөвдөлтэй байна. Хоёр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй сэтгэлийн там эдэлж байна. Би 78 нас хүрч байгаа, хөгширч ирээд бэртэйгээ шүүх хуралд ордог юм байна. Хоёр хүүхдийн нэр энэ байрны гэрчилгээнд орсон, ороогүй энэ байрыг аваад амьдраад явах учиртай юм. Гэтэл нэг жил ч хамт амьдарч үзээгүй байж тусдаа гарна. Хүүхдээ байрны дансанд оруулна гээд байгааг гайхаж байна. Уг маргаан бүхий байрыг миний охин Б.Д бидэнд цаашид амьдрах зориулалтаар 2007 онд авч өгсөн. Байрны урьдчилгаанд 31 700 ам.долларыг гэрээ хийсэн өдрөө компанид нь өгч бариулж авсан. Ингээд уг байрыг ашиглалтанд орсон үеэс бид энэ байранд амьдарч байсан. Миний хүү талийгаач Б.Ж эхнэр авах болж, Г.Б-тай гэр бүл болсон. Тухайн үед амьдрах орон сууц байгаагүй учир түр байранд амьдруулсан. Миний хүү Б.Ж 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр автомашины ослоор нас барсан. Уг байрыг анхнаасаа бидэнд зориулж авсан бөгөөд байрны төлбөрөөс 5 000 000 төгрөгийг манай эхнэр бид 2 өөрийн тэтгэвэрийн мөнгөнөөс төлсөн. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас энэ байрны өмчлөгчөөр Ж.Б, Г.Д бид нарыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-70 дугаар байрны 7 тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий орон сууцны өвлүүлэгч Б.Жт ногдох хэсгийн өв залгамжлагчаар Г.Б, Ж.Т, Ж.А нарыг тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, Ж.Т, Ж.А нарыг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-70 дугаар байрны 7 тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий, Ү-2205037389 дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ж.Б, Г.Д нарын Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-70 дугаар байрны 7 тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий, Ү-2205037389 дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-ээс 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.Д нь бидний төрсөн охин бөгөөд талийгаач хүү Жамъян-Осортой уг байрыг хамтран өмчилж ирсэн хэдий ч маргаан бүхий 48.76 мк 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээгээр 1 м.кв-ыг 650 доллароор тооцож нийт үнийн дүн болох 31 700 долларын 70% болох 22 200 долларыг гэрээ хийсэн өдрөө бэлнээр төлж “UMD” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах худалдан авах гэрээ байгуулж уг байрыг бидэнд зориулан захиалсан. Дээрх байрыг ашиглалтанд орсон цагаас бид өнөөдрийг хүртэл уг байрандаа амьдарч ирсэн. Талийгаач уг байранд түр амьдрах хугацааандаа 6 500 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлсөн байдаг. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ж.Б, Г.Дбид мөн өөрсдийн тэтгэврээ хурааж хадгалсан мөнгөнөөсөө зээлийн үлдэгдэл 4 996 730 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримтаа хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “гуравдагч этгээд Ж.Б, Г.Д нар нь     4 996 730 төгрөгийн эх сурвалжаа нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл 4 996 730 төгрөгийн тэтгэврийн зээл авч орон сууцны зээлийг хаасан гэх боловч тэтгэврийн зээлийн гэрээ, дансны хуулгаа гаргаж өгөөгүй, бие даасан шаардлагаа өөрөө ноглох үүргээ биелүүлээгүй” гэжээ.

Шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн зүгээс уг зээлийг хаахдаа тэтгэврийн зээл авч хаасан гэж огт тайлбар гаргаагүй бөгөөд тухайн үед тэтгэврийн мөнгөө хурааж, цуглуулсан байснаасаа зээлийн үлдэгдэлийг хаах зорилгоор 4 996 730 төгрөгийг зарцуулсан гэдгээ тайлбарлаад хэрэгт мөнгө төлсөн баримтаа гарган өгсөн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт зээлийн үлдэгдэл болох 4 996 730 төгрөгийг төлсөн баримтаа Ж.Б гаргаж өгсөөр байтал шүүх бнднээс шаардаж байна. Уг байрыг анх өндөр настай аав ээждээ зориулан авч өгсөн тухайгаа хариуцагч Б.Д удаа дараа тайлбарласан.

Дээрх байрны төлбөрт Ж.Б, Г.Д бид бодитоор хувь нэмэрээ оруулсан баримт нь хэрэгт авагдсан байтал шүүх буруу дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэснээр бидний эрх ашиг хөндөгдөөд зогсохгүй өвлийн хүйтэнд тэтгэврийн насны 2 хөгшин гэр оронгүй болж гудамжинд гарахад хүрээд байна. Бид нэхэмжлэгч Г.Б-г уг байрнаас хөөж туусан тохиолдол байхгүй, тэр ч бүү хэл 2 өрөө байрандаа зохицоод хамт амьдаръя гэж олон удаа аргадаж, гуйж хэлсэн. Нэгэнт маргаан бүхий Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 70 дугаар байрны 7 тоот  48,76 м/кв талбай бүхий орон сууцанд хариуцагч Б.Д, талийгаач Б.Ж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч эггээдүүд болох Ж.Б, ээж Г.Дбид адил тэгш хувь нэмэр оруулсан учир Б.Д, Г.Б, Ж.Т, Ж.А нарын хамт уг байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлага нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.Д-д холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2164 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шаны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Д-дхолбогдуулан хүү Ж.А, хүү Ж.Т нарыг Б.Ж-ын өвлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээдээр оролцсон Ж.Б, Г.Д нар нь нэхэмжлэлд заасан, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын ХД-70 дугаар байрны 7 тоот, 48,76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрчээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Б.Жтой 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлж 191 тоот гэрчилгээ авсан, хүү Ж.А 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, хүү Ж.Т 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Б.Ж 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын ХД-70 байрны 7 тоот орон сууц нь Б.Ж, хариуцагч Б.Д нарын өмчлөлд бүртгэлтэй байдаг зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй. Харин Ж.Б, Г.Д нарын гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага болох дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч Б.Д хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх шийдвэр гаргахдаа мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02164 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын ХД-70 дугаар байрны 7 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Б, Г.Д нарын шаардлагыг хариуцагч Б.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...94 950 төгрөгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Б, Г.Днарт олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн улсын тэмдэгийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                                                    Ч.ЦЭНД

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ