Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 111/ШШ2023/0158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, *******ыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, *******ыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохыг даалгах”-аар маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дүгээр захирамжаар Заг сумын Засаг дарга *******ыг огцруулсан байна. Мөн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар Заг сумын Засаг дарга *******ыг огцруулах аймгийн Засаг даргын 2023 оны  4 дүгээр сарын 17-ны өдөр дүгээр захирамжийг хүчингүй болгосон. ******* дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2023 оны 4 дүгээр сарын 01-нд хуралдсан Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаас төлөөлөгчдийн 72,7 хувийн саналаар тус сумын Засаг дарга *******ыг огцруулах нь зүйтэй хэмээн үзсэн тул сумын ИТХ-ын ******* тоот тогтоолоор энэ шийдвэрийг баталгаажуулан, аймгийн Засаг даргад уламжилсан. Үүнийг аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрч, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжаараа *******ыг Заг сумын Засаг даргаас огцруулж, түүний бүрэн эрхийг Засаг даргыг шинээр томилогдох хүртэл сумын Засаг даргын орлогч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.

Улмаар аймгийн Засаг даргаас Заг сумын ИТХ-ын дарга д хүргүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1а/280 дугаартай албан тоотдоо шинээр сумын Засаг даргад шаардлага хангасан нэр дэвшигчийг хуулийн хугацаанд нэр дэвшүүлэхийг хүссэн байдаг. Энэ дагуу 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 12 дугаар хуралдаанаас олонхын санал авсан ******* намайг Заг сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлж, түүнийг томилж өгөхийг аймгийн Засаг даргад санал болгон уламжлахаар 12/02 дугаар тогтоол гаргасан. Харин, сумын Засаг даргад нэр дэвшигч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн    56.5.4-т заасан шаардлага хангаснаа нотлох бичиг баримт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* намайг мөн сумын Засаг даргад томилохоос татгалзаж буйгаа Баянхонгор аймгийн Засаг даргаас Заг сумын ИТХ-ын даргад хүргүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичгээрээ мэдэгдсэн.

Тиймээс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 13 дугаар хуралдаанаар сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшигчийн талаар дахин хэлэлцэхэд өмнөх нэр дэвшигч ******* нийт төлөөлөгчдийн бүрэн дэмжлэгийг авсан тул Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас ******* дугаартай тогтоол гаргаж, ******* намайг Заг сумын Засаг даргад томилуулахаар дахин нэр дэвшүүлж, түүнийг томилж өгөхийг аймгийн Засаг даргад санал болгон уламжилсан.

Гэтэл, Баянхонгор аймгийн Засаг дарга ******* нь мөн өдрөө “Сумын засаг дарга *******ыг огцруулах Аймгийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” ******* дугаартай захирамж гаргаж, Заг сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ыг огцруулсан захирамжаа хүчингүй болгож, энэ тухайгаа Заг сумын ИТХ-ын даргад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1а/472 тоот албан бичгээр мэдэгдсэн. Түүгээр зогсохгүй, дараа нь аймгийн Засаг дарга ******* 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1а/473 тоот албан бичгээрээ Заг сумын ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдааны ******* дугаартай тогтоолын үндэслэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн байна гэж сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн холбогдох тогтоолыг буцааснаа мэдэгдсэн байдаг.

Бид Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамж, мөнхүү Засаг даргын мөн өдрийн 1а/472,1а/473 дугаартай албан бичгийг хууль бус гэж үзэж байна. Тус аймгийн Заг сумын Засаг даргыг нэгэнт огцруулсан Баянхонгор аймгийн Засаг дарга ******* нь энэ нөхцөлд сумын Засаг даргад томилуулахаар сумын иргэдээс нэр дэвшүүлсэн хүнийг томилох үүрэгтэй байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.8, 56.9-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг дарга *******д гагцхүү Заг сумын Засаг даргад томилуулахаар сумын ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаас дахин нэр дэвшүүлсэн ******* миний биеийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 13 дугаар хуралдааны ******* дугаар тогтоол гарсан 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойших ажлын 5 хоногийн дотор томилох үүрэг ногдож байсан. Сумын ИТХ-ын хуралдааны тогтоолыг буцаах эрх огт байгаагүй.

Нөгөөтээгүүр, маш олон зөрчил, хэрэг маргаанд холбогдох, харилцаа хандлагын доголдол, ёс зүйн алдаа гаргах зэргээр Заг сумын Иргэдийн итгэл алдсанаас сумын Засаг даргаас огцорсон *******ыг огцруулахаар захирамжилсан захирамжаа цуцалж буй Баянхонгор аймгийн Засаг дарга ******* үйлдэл бол Заг сумын иргэдийн ашиг сонирхол, үзэл бодлыг дэвсэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд халдсан бусармаг үйлдэл гэж буруушааж байна.

Аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг огцруулах захирамжаа хүчингүй болгосон үндэслэлийг “хурлын тогтоол нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн” гэж тодорхойлсон байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.7-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сумын Засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэсэн тул “хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн” гэж үзэхгүй.

Аймгийн Засаг дарга хуульд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй. Гэвч Засаг дарга *******ыг огцруулахаар шийдвэрлэсэн захирамж нь Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан улс төрийн шийдвэрийг баталгаажуулсан, хуульд нийцсэн шийдвэр болсон байхад үндэслэлгүйгээр дугаар захирамжаа хүчингүй болгосон байна.

Иймд Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад нэр дэвшигчийн томилохтой холбоотойгоор 2023 онд тус аймгийн Засаг даргаас гаргасан захиргааны актуудыг хянан үзэж, “Сумын засаг дарга *******ыг огцруулах Аймгийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай" Баянхонгор аймгийн Засаг дарга *******ы 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч ******* намайг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохыг тус аймгийн Засаг дарга *******д даалгаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны ******* дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт авсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 /сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах/, 65 дугаар зүйлийн 65.1.2 /нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн/ дахь заалт нь тухайн хурлын бүрэн эрх биш бөгөөд сумын Засаг даргыг огцруулахтай хамааралгүй заалт юм.

Тус хуулийн 39 дүгээр зүйл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүргийг зохицуулж байгаа нь тухайн сумын Засаг даргыг огцруулах үндэслэл биш юм.    

 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны ******* дугаар тогтоолын үндэслэх хэсэгт авсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь /Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна/ заалт нь нэр дэвшигчийн шаардлагын талаар тусгасан зохицуулалт болохоос нэр дэвшүүлэх санал хүргүүлэх заалт биш юм.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт буюу тогтоол байх тул аймгийн Засаг даргаас тус сумын Засаг дарга *******ыг огцруулсан 2023 оны дүгээр захирамжийг 2023 оны ******* дугаар захирамжаар хүчингүй болсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, *******ыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нэхэмжлэл үндэслэлтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

3. *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамж, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, улс төрийн албан хаагчийн тэтгэмжийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 111/ШШ2023/0153 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр тогтоол, *******ыг огцруулах шаардлагатай гэж үзсэн үндэслэл зэрэгт шүүх дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

4. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111/ШЗ2023/0320 дугаар захирамжаар *******ыг гуравдагч этгээдээр татаж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүхийн ажиллагааны холбогдох баримтуудад гарын үсэг зуруулсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тайлбар ирүүлснийг үндэслэн түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Заг сумын Засаг даргаар томилохыг даалгахыг шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

5.1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3, Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны ******* дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Заг сумын Засаг дарга *******ыг огцруулсан. Аймгийн Засаг дарга захирамжаа өөрөө хүчингүй болгох эрхийг МУЗЗНДНТУТХ-ийн 66 дугаар зүйлийн 66.3-т олгосон боловч “захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол” гэсэн урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамж нь ямар хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй.

5.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-60.1.21 дэх хэсэгт тодорхойлон заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхүүдэд “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолыг хуульд нийцэж байгаа эсэхийг хянах” эрх олгогдоогүй.

5.3. Баянхонгор аймгийн Засаг дарга нь нэгэнт сумын засаг даргыг огцруулсны дараа тэрхүү захирамжаа хүчингүй болгосон нь Засаг даргыг шинээр томилж байгаатай ижил эрх зүйн үр дагавар үүсгэж байна. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Засаг даргыг зөвхөн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нэр дэвшүүлэх зохицуулалттай.

5.4. Аймгийн Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр *******ыг томилохоос татгалзсан тухайгаа мэдэгдсэн. Ийнхүү томилохоос татгалзахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.1-56.3.5 дахь хэсэгт заасан яг аль шаардлагыг ******* хангахгүй байгаа талаар тодорхой тусгаагүй.

5.5. Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор *******ыг сумын Засаг даргаар томилуулах саналыг 2 дахь удаагаа аймгийн Засаг даргад уламжилсан. Гэтэл аймгийн Засаг дарга 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1а/472 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамжийг 2023 оны ******* дугаар захирамжаар хүчингүй болгосныг хүргүүлж, сумын Засаг даргаар *******ыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг гаргасан.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

6.1. Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны ******* дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт авсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь заалт нь тухайн хурлын бүрэн эрх биш бөгөөд Засаг даргыг огцруулахтай хамааралгүй заалт юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүргийг зохицуулж байгаа нь тухайн сумын Засаг даргыг огцруулах үндэслэл биш.

6.2. Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны ******* дугаар тогтоолын үндэслэх хэсэгт авсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалт нь нэр дэвшигчийн шаардлагын талаар тусгасан зохицуулалт болохоос нэр дэвшүүлэх санал хүргүүлэх заалт биш.

6.3. Дээрх тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт байх тул Баянхонгор аймгийн Засаг дарга 2023 оны дүгээр захирамжаа 2023 оны ******* дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

7. Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Сумын Засаг дарга огцруулах санал хүргүүлэх тухай”******* дүгээр тогтоолоор *******ыг 72.7 хувийн саналаар огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан байна.

8. Уг тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Заг сумын Засаг дарга *******ыг огцруулах тухай” дүгээр захирамжаар сумын Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэжээ.

9. Улмаар Баянхонгор аймгийн Засаг дарга Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга д хаяглан, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1а/280 дугаар албан бичгээр хуульд заасан шаардлага хангасан этгээдийг нэр дэвшүүлэх талаар мэдэгдсэн.

10. Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, санал уламжлах” 12/02 дугаар тогтоолоор 55.5 хувийн санал авсан *******ыг Заг сумын Засаг даргад томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан.

11. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг хангаагүй гэж үзэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасны дагуу *******ыг томилохоос татгалзаж шийдвэрлэжээ.

12. Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, санал уламжлах тухай” ******* дугаар тогтоолоор 100 хувийн санал авсан *******ыг сумын Засаг даргаар томилуулахаар дахин нэр дэвшүүлж, уг тогтоолыг *******ын холбогдох баримтуудын хамт аймгийн Засаг даргад 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/27 дугаар албан бичгээр хүргүүлсэн болох нь тогтоогдоно.

13. Харин Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Заг сумын Засаг дарга *******ыг огцруулах аймгийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг үндэслэн өөрийн 2023 оны дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

14. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

14.1. Хариуцагч маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэсэн заалтыг үндэслэжээ. Уг хуулийн заалтыг үндэслэн шийдвэр гаргахад Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй байх хуулийн шаардлага хангагдсан тохиолдолд өөрөө захирамж гарган, хүчингүй болгох нөхцөл бүрдэх юм.

Тухайн тохиолдолд Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамж нь хууль тогтоомж зөрчсөн бус, харин Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *******, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн гэж үзэн, буцаасан нь үндэслэлгүй.

14.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн тайлбарт дурдагдсан Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр тогтоол “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн, хуульд заасан огцруулах үндэслэлгүй бол 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг гаргахгүй байх үндэслэл болохоос биш нэгэнт огцруулсан бол шийдвэрт үндэслэсэн тогтоолууд нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн эсэхийг дүгнэх эрх хэмжээ хуулиар аймгийн Засаг даргад олгогдоогүй байна.

14.3. Дээрх нөхцөл байдлуудаас гадна Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *******, 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/02, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолууд хүчинтэйг харгалзалгүйгээр хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжаа 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх;” иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэнд халдсан, “хуульд дээдлэх зарчим”-ыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

15. *******ыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

15.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно.” гэж заасны дагуу Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, санал уламжлах” 12/02 дугаар тогтоолоор *******ыг томилуулахаар уламжилсныг татгалзсан нь хариуцагчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүлийн 42.1-д заасан сонгох боломжоо хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

15.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан.

Тухайн тохиолдолд Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, санал уламжлах тухай” ******* дугаар тогтоолоор 100 хувийн санал авсан *******ыг сумын Засаг даргаар томилуулахаар дахин нэр дэвшүүлж, тогтоолыг хариуцагчид хүргүүлснийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 2114 дүгээрт 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгэн авсан байна. Ийнхүү бүртгэн авснаас хойш Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.9-д “Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй.” гэж заасны дагуу ажлын 5 өдөрт багтаан томилох үүргийг дээд шатны засаг даргад хуулиар хүлээлгэсэн атал томилохоос татгалзсан ямарваа нэгэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлээгүй, томилоогүйг хууль бус эс үйлдэхүй гэж үзэв.

15.3. Баянхонгор аймгийн Засаг дарга өөрийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгон, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1а/472, 1а/473 дугаар албан бичгүүдийг Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хаяглан өмнөх захирамжаа хүчингүй болгосон, Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны ******* дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн гэж хариу хүргүүлснийг *******ыг томилохоос татгалзаж, түүнд хариуг хүргүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэр дэвшигчийг дахин томилохоос татгалзах эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар дээд шатны Засаг даргад олгоогүй атал хууль бусаар эс үйлдэхүй гаргасан нь нэхэмжлэгч *******ын Заг сумын Засаг даргын албан тушаалд томилогдох эрхийг зөрчсөн гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.9, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, *******ыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, *******ыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүнийг Заг сумын Засаг даргын албан тушаалд томилохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСАЙХАН