Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 

 

 

 

     2021            12             28                                        2022/ДШМ/22

С.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогч Я.Д,

шүүгдэгч С.Х-н өмгөөлөгч Г.Намуун,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/679 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Х-н өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Х-д холбогдох 2103000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн С-н Х, 1989 оны … дугаар сарын …-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, “Б” ХХК-нд архитекторч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Баянхошуу … дугаар гудамжны … тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн … дугаар хороо, …. дугаар байрны …. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:………../;

С.Х нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Нарантуул” зочид буудлын зүүн талд Тоёота Приус-20 загварын ……. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас моторт дугуй унаж явсан Я.Д-г мөргөснөөс эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газар: С.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт С-ын Х-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-г 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч С.Х-д шүүхээс оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-аас 4.890.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Д-д олгож, хохирогч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, олох ёстой байсан орлогын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Х-н өмгөөлөгч Г.Намуун гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр машинд мөргүүлээд нэг ч удаа хөл өвдөж байна гэж хэлээгүй, хохирогч Я.Д нь хэрэг болсон өдрөөс 42 хоногийн дараа баруун хөлдөө Компьютер томографын шинжилгээ хийлгэж, улмаар дахин шинжээч томилуулж “Өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дунд чөмөгний булуу ясны няцрал” бүхий гэмтэл тогтоолгож, уг гэмтлийг миний үйлчлүүлэгчийг учруулсан хэмээн, жийргэвчний хагалгаанд 4.890.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь огт бодит үнэнтэй нийцэхгүй байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу хүндэвтэр гэмтэл байх тул миний үйлчлүүлэгчид сонсгосон зүйл ангид өөрчлөлт орохгүй боловч эдийн засгийн хувьд асар их зөрүүтэй байгааг шүүх анхаараагүйд гомдолтой байна. Я.Д урьд нь зүүн хөлдөө хүнд гэмтэл авч, хагалгаанд орж байсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний асуултад хариулт өгөх байдлаар мэдүүлдэг. Учир нь осол болсон өдөр Я.Д “Би хөлөө гэмтээгээд маш хүнд хагалгаанд орж байсан. Одоо бас дахиад хөлдөө хагалгаа хийлгэх заалттай” гэж миний үйлчлүүлэгч С.Х-д хэлж байсан гэсэн тул би шүүх хуралдааны үед энэ тухай тодруулсан юм. Я.Д дээрх яриаг өрнөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч гэмтсэн хөл нь зүүн хөл байсан бөгөөд гар дээрээ эргэх гэж байгаад унаад хөлөө гэмтээсэн хэмээн мэдүүлсэн. Иймд өмгөөлөгч миний бие Я.Д-н хэлсэнчлэн зүүн хөлөө гэмтээх үед баруун хөлдөө гэмтэл авсан байж болзошгүй хэмээн тайлбарласан. Гэтэл шүүхэд мэдүүлэг өгөхөөр ирсэн шинжээч эмч Ч.Эрдэмболор нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн “Дүгнэх” хэсгийн 2-т “...Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн атлаа шүүх хуралдаан дээр хөлийн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Учир нь, шинжилгээгээр ясны эдийн хавантай гэсэн байна. Тэгэхээр хуучин гэмтэл байх боломжгүй хэмээн өөрийн дүгнэлтээ үгүйсгэсэн мэдүүлэг өгснийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Хэрэг болсон өдөр Я.Днь өвдгөө цохьсон, өвдөг, хөл өвдөж байна гэж хэргийн газарт дуудлагаар очсон түргэний эмч, гэмтлийн эмнэлэгт огт хэлээгүй. Түүний хөл гэмтсэн байхаар эмзэглэл огт анзаарагдаагүй. Гадна харагдах байдалд нь ч ямар нэг хөхрөлт, хаван, хавдар үүсээгүй, хөл нь зөв зүгээр байсан. Харин 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр буюу ослоос хойш 14 хоногийн дараа цагдаад өргөдөл өгөхдөө “...2 хоногийн дараанаас явган сууж босоход баруун хөлийн өвдөг үеэрээ зовуурьтай байсан. ...” хэмээн тусгасан байдаг. Миний мэдэхийн хүн бүр ширээний буланд ч юм уу ямар нэг байдлаар өвдөг, хөлөө цохих үед орь дуу тавьтал өвдөлт мэдрэгдэж, нэг хэсэгтээ хөл өвчин орж, алхаж гишгэхэд бэрхшээлтэй болдог тул Я.Д-н биед “Өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дунд чөмөгний булуу ясны няцрал” гэмтэл тогтоогдсон байхад бүтэн 2 хоног огтхон ч хөндүүрлэхгүй, юу ч мэдэгдэхгүй яваад байсан гэдэг нь эргэлзээ төрүүлж, энэ тухай Я.Д-г эмчилж байсан “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч Б.Даваабаяр болон Гэмтлийн эмнэлгийн хэд хэдэн эмчээс тодруулж асуухад бүгд л “Дээрх гэмтэл нь маш ноцтой гэмтэл, яг энэ гэмтэл учирсан дариу хүнд маш хүчтэй өвдөлт мэдрэгдэж хөл дээрээ гишгэж, алхах боломжгүй болно. Гадна талаасаа ч тэр хөл нь хөхөрч, хавдах ёстой” гэж байсан.

Иймд миний    бие дүгнэлт гаргасан шинжээч эмч Эрдэмболорыг шүүх хуралдаанд дуудаж дээрх асуултыг асуухаар хүсэлт гаргасан юм. Гэтэл шинжээч эмч ямар ч эргэлзээгүйгээр “...яс ямар нэг байдлаар тасарч, хугараагүй учраас хүн зогсоод, яваад байх боломжтой. ...ямар нэг зовуурь илрэхгүй эрүүл хүн шиг алхаад явах боломжтой. Жийргэвч мөгөөрс нь урагдаад  яс нь зүгээр няцарсан буюу бүтэн тасраагүй учраас яваад байх боломжтой.” Гэмтлээс үүдээд хөлийн гадна талд хавдалт, хөхрөлт гарах нь тухайн хүнээсээ л шалтгаална...” хэмээн мэдүүлснийг  өмгөөлөгч миний бие огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй, худал мэдүүлсэн гэж үзэж байгаа. Яс бяцарна гэдгийг шинжээч эмч зүгээр л бяцарсан, хугарч салаагүй өнгөцхөн, хөнгөн ухааны тайлбар хэлээд байгааг би огт ойлгоогүй. Угтаа бол бяцарна гэдэг нь яс үйрч хэлбэр дүрсээ алдах тухай ойлголт. Гэтэл шинжээчийн ийм эргэлзээтэй хариултыг шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгосонд миний бие маш их гомдолтой байна.

Д нь өргөдөл дээрээ 2 хоногийн дараанаас хөл зовуурьтай болж эхэлсэн гэх боловч хохирогчоор мэдүүлэг өгөхдөө, гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ шүүх эмнэлэгт үзүүлэхдээ дахин огт хөл өвдөж байгаа тухай дурдаагүй байгаа юм. Харин зүүн гар буюу яс нь хугараагүй гарынхаа зовуурийг анх өргөдөл гаргахдаа, гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ, шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хөндүүрлэж өвдөөд байгаа гэж зогсолтгүй мэдүүлсэн байдаг. Нэмээд шүүх хуралдаан дээр толгой өвддөг болсон тухайгаа ч хэлсэн. Үүнээс үзэхэд үнэхээр Я.Д-н хөл 2 хоногийн дараанаас өвдөөд, зовуурилаад эхэлсэн бол энэ олон удаа үзүүлж харуулахдаа яагаад нэгэнд нь ч хөл өвдөж байгаа тухайгаа дурдаагүй нь сонин. Тэр тусмаа өмнө нь хөлөө хүнд гэмтээж, хагалгаанд орж байсан хүний хувьд тулгуур эрхтэн болох хөлөө илүү анхаарах ёстой. Я.Д-н шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлгийн гэмтлийн эмчид 30.000 төгрөгөөр үзүүлээд хоёр хоногийн дараа өөр эмнэлэгт Компьютер томограф хийлгэсэн баримт байдаг. Өөрөөр хэлбэл, 8 дугаар сарын 02-нд гэмтлийн эмчид үзүүлж КТГ хийлгэх зөвлөмж аваад 8 дугаар сарын 04-ний өдөр шинжилгээ хийлгэж өвдөгний үе гэмтсэн оношоо мэдсэн байхаар харагдаж байгаа юм. Гэтэл гэмтлийн эмчид үзүүлсэн өдрөөсөө өмнө буюу 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Я.Д “Мон Арго" гэх газраас 1.010.000 төгрөгийн үнэ бүхий яг ижилхэн үений шингэн нөхөх үйлчилгээ бүхий гурван эм авсан тухай тооцооны хуудсыг хэрэгт хавсаргасан байдаг. Шүүх ч НӨАТ-ийн баримт биш Тооцооны хуудас байхад уг эмүүдийн үнийг хохиролд тооцсон. Хамгийн сонирхолтой нь Я.Д хөлийнхөө оношийг эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэхээсээ өмнө мэдээд эм авсан гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ нь түүнийг хөлдөө аль эрт гэмтэл авсан, ийм гэмтэлтэй гэдгээ мэдэж байсан гэдгийг нотолж байна хэмээн миний бие шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлуулж, хэлж байсан боловч шүүгч огт ойшоогоогүй бөгөөд тогтоол дээрээ няцаагаагүй байна. Я.Д болон миний үйлчлүүлэгч С.Х нар хэн аль нь хохирогчийг скутернийхээ дээрээс унахдаа хоёр гараараа тулаад цааш биеэрээ өнхөрч унасан гэж тогтвортой мэдүүлдэг. Тийм учраас яг яаж өвдгөө цохисон болохоо Я.Д хэлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хохирогч хөлөөрөө тулж, хөлөө цохиж унаагүй байхад хөл нь тэгж ноцтой гэмтсэн байх боломжгүй. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр миний үйлчлүүлэгч С.Х-н унаж явсан автомашины хар хайрцагт Я.Д-н мөргүүлж байгаа бичлэг тод бичигдсэн байдаг. Уг бичлэгт Я.Д нь автомашины баруун талаас цахилгаан скутертэй маш хурдтайгаар уруудаж орж ирээд автомашины хамарт нь тулаад скутер дээрээс энерцээрээ цааш хоёр гараа тулаад, нуруугаараа өнхөрч унаж байгаа нь харагддаг. Гэтэл хэргийн газрын маш чухал уг бичлэгийг хэрэг бүртгэгч н.Сүхбаатар гэгч нь С.Х-г хэлсээр байхад дараа нь шаардлагатай бол баримт үйлдэж чамаас авна гээд аваагүй байдаг. Энэ тухай өмгөөлөгч миний бие шүүх хуралдааны өмнө мэдээд шүүх хурал дээр бичлэг бүхий СД-ийг баримт болгон өгөх гэхэд шүүх СД-ийг хүлээж аваагүй. Хэдийгээр шүүхийг шууд буруутгах боломжгүй ч миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хэрэг бүртгэгчийн буруугаас зөрчигдөж байгаад гомдолтой байдаг. Шинжээч эмч Ч.Эрдэмболор нь шүүх хуралдаанд асуулт хариулт дууссан хойно өөрийн саналаар “...Би мэргэжлийн хүний хувьд нэг зүйл дээр тайлбар хиймээр байна. Өмгөөлөгч Я.Д-н гар шуу хэсгээрээ цуурсан. Тохой буюу үе хугарч гэмтээгүй байхад үений эмийг юунд уусан юм гэж асуугаад байна. Гарын хугарал гэмтэл дээр дүгнэлт гаргасан шинжээч нь ерөнхий байдлаар шууны ясны хугарал гэж буруу бичсэн байна. Уг нь энэ нь тохойтой залгаа учир тохойнд ойрхон, үе гэмтээсэн буюу тохойн яс цуурсан гэж бичигдэх ёстой байсан...” гэх утга бүхий тайлбар өгсөн нь шинжээчийн ёс зүй, шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Гэтэл шүүхийн нарийн бичиг шүүх хуралдааны тэмдэглэлд энэ тухай огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан процессын хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Я.Д нь 4.890.000 төгрөгийн хагалгаа хийлгээгүй. Мөн уг хагалгааг яаралтай хийхгүй бол амь нас, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй гэсэн эмчийн бичиг байхгүй. Харин ч бүр цахилгаан скутер, унадаг дугуйгаа хэвийн унаад, ямар ч зовуурьгүй алхаж гишгээд явж байгааг нь шүүгч харж байсан. Гэтэл зүгээр л нэг нэхэмжлэхэд үндэслээд 4.890.000 төгрөгийг С.Х-гаас гаргуулахаар шийдсэн нь шүүгч хэтэрхий нэг талыг барьж хэрэг маргааныг шийдсэн болохыг харуулж байна. Я.Д

Д нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр С.Х-д 6.000.000 төгрөг аваад тохиролцъё гэж санал тавиад 14 хоногийн хугацаа өгч хүлээсэн байдаг. Гэвч С.Х Монгол улсын шударга шүүхэд итгэж, хэрэг маргааныг нь үнэн зөв шийдэж, хохирогчийн ямар ч үндэслэлгүй нэхсэн 6.000.000 төгрөгийг багасгаж, бодит хохирлыг төлүүлнэ хэмээн найдаж Я.Д-н саналаас татгалзсан. Гэхдээ С.Х хүн чанар гаргаж хохирогчид 2.398.400 төгрөгийн хохирлын мөнгө төлсөн нь хэрэгт авагдсан. Гэтэл Я.Д нь хэзээ хойно гэнэт л хөлдөө гэмтэл авсан, хөлийн хагалгаанд орно гэж 4.890.000 төгрөг шаардсан. Үүнээс үзэхэд Я.Д нь миний үйлчлүүлэгчээс ямар нэг аргаар анх тохиролцсон 6.000.000 төгрөгөө авахаар улайрч, шаралхсан гэж харагдахаар байна. Гэвч эцэст нь Шүүхэд итгэж, үнэн зөвийг олох гэснээрээ С.Х эдийн засгаараа хохирогч болж байгаад гомдолтой байна. Эцэст нь хохирогч Я.Д нь цагт 85км\ц хурдлах хүчин чадалтай цахилгаан скутер унаж, явган хүний гарцаар гарсан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл. Уг скутер нь 18см-ийн өндөр диаметртэй, хоёр дугуйтай. Өөрөөр хэлбэл, эгзэгтэй мөчид тэнцвэр алдах өндөр эрсдэлтэй. Дээр нь осол болсон өдөр Я.Д ганц хуруудаад баруун гараа боолгосон хэрнээ уг төхөөрөмжөө унаж замын хөдөлгөөнд оролцож байсан. Энэ бүх хууль бус үйлдлээс болж дээрх осол болсон гэдэгтэй Я.Д өөрөө ч маргадаггүй. Гэтэл шүүх нэгэнт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй гэдэгт юм уу, эсвэл өөр ямар ашиг сонирхлын үүднээс ийнхүү хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг гайхаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед улс орон, иргэн бүрт санхүүгийн асар их бэрхшээл үүсч байгаа. Иймд шүүх уг хэргийг зөвхөн хохирлын мөнгө нэмэх, хасах гэж өнгөц дүгнэхгүй, нухацтай хандаж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Я.Д-н баруун хөлд С.Х гэмтэл учруулсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. ...” гэв.

Хохирогч Я.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний гарын тохойн яс 2 хэсэг явдаг. Миний хугарсан яс нь үе хэсэгтээ хугарсан. Маш олон судас шөрмөстэй холбогдсон байдаг. Хөлөө мэдээгүй байхдаа эм уусан гэж байгаа нь миний гарын хугарсан яс үе дээрээ байсан тул эм уусан. Тухайн үед гараа хугалчхаад бүтэн гипстэй байсан. Энэ хугацаанд хөдөлгөөний идэвхгүй байдалтай байсан. Манай гэр бүл бүгд Соvid-19 халдвар авсан байсан. Иймд гэрээсээ гарахгүй хөдөлгөөний идэвхгүй байсан тул хөдөлгөөн багассан тул өвдөлт нь намдсан байсан. Хөдөлгөөн ихсээд ирэхээр өвдөгний урагдал гэмтэл нь бүтэн явган суух болон удаан яваад ирэхээр зовуурь илэрч байсан. Өвдөгний жийргэвч нь саран хэлбэртэй үений дунд хэсэгт байдаг зүйл урагдсан. Энэ нь мөгөөрсөн эд учир өвдөг хоорондын ясыг тусгаарлаж үеийг зөөллөж хөдлөх нөхцөл боломжоор хангадаг. Энэ нь тухайн үедээ гэмтчихээд яваандаа урагдсан хэсгээрээ яс нь ястайгаа харьцаж явсаар байгаад өвчин нь мэдэгдэж эхэлсэн. Яс нь ястайгаа хавиралдаад ирэхээр үрэвсэл үүсэж эхэлсэн. Сүүлийн үед өвдөг маань улам зовуурьтай болж байгаа. Эмчилгээ хийж хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдсон. Гадна талаас нь харахад надад өөрт мэдэгдэх зүйл байхгүй. 300.000 төгрөгийн үнэтэй МRI-д орж техник технологийн дэвшлийг ашиглаж байж дотор урагдалтай байна гэж тогтоосон. Мөн одоогоос миний өвдөг явж гишгэхэд зовуурьтай болж 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эмчилгээ хийлгэсэн. Физик эмчилгээ хийлгэсэн баримт нь байгаа. Эмчид очоод үзүүлж өвдөгний Эхо-д харуулсан. Удаан явсан тул үрэвсэж дундаа шингэн хурсан байдалтай гадна талаас хуруугаа хүргэх төдийд зовуурьтай болж ирсэн. Иймд 319.900 төгрөгийн нэмэлт физик эмчилгээ болон эм тариа авч хэрэглэсэн. “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч Даваа нь “хагалгаанд орох хүртлээ чиг авч зүү” гэж хэлсэн. “Ингээд удаан яваад байх юм бол чиний гэмтэл урагдалт биш сэтрэлт байсан бол сэтэрсэн хэсгийг таслаад авчихдаг. Үүнийг чинь эмчлэх боломжгүй болно” гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж бодож байна. Зүгээр явж байсан хүний гарыг хугалж, хөлийг гэмтээсэн. Миний гар 40 хоног гипстэй байсан. Гипсээ авхуулчхаад 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Санхүү болон эд материалын хувьд асар их хүнд байдалд орсныг нэхэмжилж чадаагүй. 4.890.000 төгрөг нь надаас гарцаагүй гарах мөнгөн дүн байгаа юм. Би хагалгаа хийлгэхгүй бол надад зовуурь нь илэрнэ. Зүгээр явж байсан хүний биед хохирол учруулчхаад маргаж байгаад гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2 удаагийн шинжээчийн дүгнэлт мөн анхан шатны шүүх хурал дээр шинжээч эмч оролцож энэ талаар тодорхой ярьсан тул анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 679 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Х нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Нарантуул” зочид буудлын зүүн талд Тоёота Приус-20 загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас моторт дугуй унаж явсан Я.Д-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Я.Д-н “...Машин замаар чигээрээ гартал төв зам руу орж явсан “Тоёота Приус” загварын ........ улсын дугаартай шар өнгийн машинд явган хүний гарц дээр мөргүүлсэн. Би уг машинд мөргүүлээд цаашаа хоёр гараараа тулаад өнхөрч унасан. Тэгээд би бостол намайг мөргөсөн жолооч машинаасаа бууж ирээд “яасан” гээд цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. ...” /хх 12/,

шүүгдэгч С.Х-н яллагдагчаар өгсөн “...Төв зам руу орох гээд явж байтал явган хүний гарц дээр баруун талаас цахилгаан дугуй унасан хүн гарч ирсэн. Би тэр хүнийг хараад шууд тоормосоо гишгээд зогсох үедээ машиныхаа урд хэсгээр уг цахилгаан дугуйг мөргөөд унаж явсан жолооч залуу нь цаашаа газарт хоёр гараа тулаад унасан. Би машинаасаа бууж очоод түргэн, цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 66/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “...Я.Д-н биед баруун гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэх 6607 дугаартай /хх 23-24/,

2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6607 дугаартай дүгнэлтэд хохирогчийн өвдөгний гэмтэл нь тусгагдаагүй. Учир нь, Я.Д нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр баруун талын өвдөгний үений СРТ шинжилгээ хийлгэж гэмтэл нь оношлогдсон байна. Дээрх 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн баруун талын өвдөгний үений СРТ шинжилгээгээр өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дунд чөмөгний булуу ясны няцрал гэмтэл тогтоогджээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зураг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” гэх 621 дугаартай /хх 73/ шинжээчийн дүгнэлтүүд,

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “...Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай шар өнгийн автомашиныг жолоодож явсан жолооч С-ын Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх магадалгаа /хх 27-28/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/ хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Х-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас моторт дугуй унаж явсан Я.Д-г мөргөснөөс эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч С.Х-д тухайн зүйл, хэсэгт зааснаар 850.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түүнд шүүхээс оногдуулсан 850.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэсэн нь С.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.Х-н өмгөөлөгч Г.Намуун “...Анхан шатны шүүхээс хагалгаанд 4.890.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь огт бодит үнэнтэй нийцэхгүй байна. ...Шинжээчийн эргэлзээтэй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.Хнь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Нарантуул” зочид буудлын зүүн талд Тоёота Приус-20 загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас моторт дугуй унаж явсан Я.Д-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх тул шүүгдэгч С.Х-н өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүх хохирогч Я.Д-н 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “Мөнгөн гүүр” эмнэлгийн хагалгааны нотлох баримтыг үндэслэн /хх 102/ шүүгдэгч С.Х-аас 4.890.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/679 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х-н өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/679 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х-н өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ