Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 119

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сод овгийн Бүдээгийн *******т холбогдох 1728000000033 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

........................................

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* 2017 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг *******-*******ын 9-13 тоот гэртээ эхнэр О.*******гийн бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.******* 2017 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг *******-*******ын 9-13 тоот гэртээ эхнэр О.*******гийн бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.******* 2017 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг *******-*******ын 9-13 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шалтаг шалтгаангүй, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр эхнэр О.*******гийн бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Б.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч О.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хохирогч О.*******гийн... “2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө ******* эрт босоод дэлгүүр онгойлгосон байсан. Би унтаж байгаад 07 цаг өнгөрөөгөөд босоод дэлгүүрт ороход нөхөр ******* уурлаад дэлгүүрийн лангуу хоосон байна. Мөнгө ч алга гээд уурлахаар нь би “Чи ямар сонин юм бэ?” гээд мөнгөний асуудлаас болоод маргалдсан юм. Орой нь би 23 цаг өнгөрөөгөөд хүүхдээ аваад нөгөө өрөөнд ороод унтсан. ******* том өрөөнд интернэтээр юм үзээд сууж байсан. ******* намайг унтаж байхад 2 цагийн үед өрөөнд орж ирээд “Хөөе Аасаа гээд дуудаад ороод ирсэн. /Намайг манай гэрийнхэн Аасаа гэж дууддаг юм./ Намайг босч амжаагүй байхад ирээд толгой руу гараараа цохиод эхэлсэн. Би гараараа хаасан чинь гар луу олон удаа цохиод байсан. Тэр үед би өөрийн гар утсаараа дүү рүүгээ залгаад дэрэн доогуураа хийчихээд “авраарай, туслаарай” гээд орилсон. ******* намайг цохиод л байсан. Тэр үеэр манай дүү ******* орж ирээд хориод байж байхад нь би цагдаа дуудсан юм. Цагдаа ирээд *******ыг аваад явсан, ийм асуудал болсон юм. ******* архи уусан согтуу байхдаа зодсон. Бодвол өглөө муудалцсанаас болсон байх гэж бодож байна. Хэзээг нь санахгүй байна, бараг жилийн өмнө байх ******* согтуу байхдаа машин унаж гарах гээд байхаар нь түлхүүр булаацалдсан юм. Тэгэхэд намайг хүзүүгээр боож байсан. Бусдаар бол нэг их сүртэй юм байхгүй. Сая бол унтаж байхад зодсон. Толгой тархи, гар өвчин орсон байсан, одоо бол бие зүгээр болсон. 100 граммын архи 5 ширхэгийг ганцаараа уусан байсан. Намайг хэл үгээр доромжилж, агсам тавих үед нь цагдаа дуудаад эрүүлжүүлдэг байсан. Одоо нөхөртэйгээ хэвийн харилцаатай байгаа. Манай нөхөр тархи толгойны өвчтэй группт байдаг юм. Архи уухгүй бол тархины өвчин нь хөдлөөд байдаг юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Э.Бат-Эрдэнийн... “2017 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 03 цагийн орчим байсан байх. Тэр үед манай ээжийн төрсөн дүү *******гийн утаснаас дуудлага ирсэн. Утсаа авахад эгч зодуулж байгаа хүүхэд нь уйлж байгаа чимээтэй байсан.  Би гэрээс гараад машинаараа яваад очсон. Явах замдаа Цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэдний гэрийнх нь хашааны хаалган дээр ирэхэд эгч дахиад залгасан. Утсаа авахад эгч дахиад уйлж байгаад аллаа гэхээс өөр юм хэлэхгүй байсан. Би гэр лүү нь гүйгээд ороход эгч ******* орон дээр хэвтчихсэн дээрээс нь нөхөр ******* нь гараараа цохиж байсан. Би очоод *******ын араас тэврээд нөгөө өрөө рүү нь чирээд ороход над руу эсэргүүцэх маяг үзүүлэхээр нь унагааж байгаад та боль гэх зэргээр хэдэн үг хэлсэн.  ******* намайг хэл үгээр янз бүрээр хэлж байсан. Маргалдаад түүнийг дараад байж байхад цагдаа ирээд харахад ******* тасарсан дүр үзүүлж хэвтсэн. Цагдаа босгож аваад явсан.  ******* ******* хоёр зургаан настай хүүтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2017 оны 08 дугаар сарын 30-ны орой гэртээ амарч байгаад орой болоод унтах гээд хэвтэхэд нойр хүрэхгүй толгой өвдөөд байхаар нь интернэтээр юм үзсэн. Дараа нь зурагт асаагаад хэсэг үзэж байгаад бие өвдөөд байхаар нь эм хайсан боловч олдохгүй байсан. 02 цагийн үед гэрээс гараад гадаа байх өөрийн дэлгүүрт орж 100 граммын ерөөл архи авч уусан. Дахин уумаар санагдахаар нь дахин 1 ширхэг 100 граммтай ерөөл архи уусан. Халуураад нэмж З ширхэг нийт 5 ширхэг 100 граммтай архи уугаад өөрийн ухаан мэдрэлгүй болсон байсан.  Нэг сэрэхэд эрүүлжүүлэх байранд орчихсон байсан.  Тухайн үед би юу болсныг мэдээгүй, эрүүлжүүлэхээс гараад эхнэртэйгээ уулзахад эхнэр “Тархи, толгой, гар хөндүүр байна, чи намайг цохиж зодсон” гэж хэлсэн. Би архи ууж согтоод өөрийн ухаан мэдрэлгүй үедээ ямар нэгэн маргаан гаргах үндэсгүй байхад агсам тавьж эхнэрээ зодсон минь үнэн. Би өмнө нь гэртээ агсам тавьж дуудлагаар цагдаагийн байгууллагад ирснээ санахгүй байна. Одоо бид хоёр хэвийн харилцаатай байгаа. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би сүүлийн 6 жил огт архи уугаагүй, тэгээд өдий насан дээрээ эхнэрээ зодоод хуулийн өмнө зогсож байгаадаа харамсаж байна. Энэ гэмт хэрэг надаас болсон зүйл учраас би худлаа ярьж архи руу өөрийн буруугаа өгөх шаардлага байхгүй. Би архинаас татгалзах албан бус сургалтад хүртэл сууж байсан. Би нийгмийн доод шатнаас эхэлсэн, архи уухгүй хэдэн жил амьдрахад үр хүүхэдтэй болсон. Би 38 настай байхдаа эхнэр авсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би эхнэрийнхээ асрамжид амьдарч байгаа. Намайг эрүүлжүүлэх байранд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авсанд надад харамсах зүйл байхгүй. Намайг тэнд аваачаагүй байсан бол энэ хэрэг юу болохыг сайн мэдэхгүй байна. Шүүх хуралдаанд зогсож байх байсан уу? Би сайн мэдэхгүй байна. Би дагавар 2 хүүхэдтэй хүнтэй суусан. Гэр бүлийн харилцаанаас хол хөндий өссөн учраас сайн ойлгохгүй явж байсан. Надад энэ гэр орныг авч явах тал дээр дутагдал байдаг. Би гэртээ байж байгаад толгой өвдөөд байхаар нь архи уусан, ямар ч ухаан мэдрэлгүй болоод эхнэрээ зодсоныхоо маргааш нь ухаан ороод хүнээс чи эхнэрээ зодсон гэж сонссон гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 05 дугаар хуудас/,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,

Зөрчлийн талаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 06-11 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №417 дугаар шинжээч эмч Б.Ганшагайгийн дүгнэлт:

1. О.*******гийн биед тархины доргилт, уруулын язарсан шарх, зүүн мөр, сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн 1728000000033 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, шилжин ирсэн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 23 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******-*******ын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №856 тоот тодорхойлолтод: Бүдээ овогтой ******* нь Даланзадгад сумын *******-*******ын 2 дугаар багийн 9-13 тоотод, ам бүл 3-уул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 27 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-ийн 30 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.*******т холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 35-44 дүгээр хуудас/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/ шинжлэн судлав.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* хохирогч *******гийн халдашгүй байдалд шууд санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шудрага ёсны зарчимд нийцнэ.

Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т прокурорын торгох ял оногдуулах саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч О.******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1,5,7,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сод овгийн Бүдээгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ