Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

  

 

 

 

 

 2021            12             28                                         2022/ДШМ/23

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

яллагдагч Н.Б-ын өмгөөлөгч О.Мөнхболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1726 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.Б-д холбогдох 1902009910088 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Н-ийн Б, 1985 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Э” группын “....” банкны төслийн зээл хариуцсан зөвлөх, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн … дугаар хороо, …. дугаар байрны ….. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:…………/;

Н.Б нь ….. банкны бизнесийн хөгжлийн газрын Жижиг дунд бизнесийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн таньж мэддэг, …… банкнаас зээлийн эрхтэй карт авч ашиглах хүсэл зорилго байгаагүй зургаан хүмүүсийн нэр дээр тэдгээрт мэдэгдэлгүйгээр хувийн мэдээллийг нь ашиглан …… банкны зээлийн эрхтэй кредит картыг захиалан гаргуулж, өөртөө авч, ашиглаж буюу

Д.Б-ын нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …… банкны “…..-ын тойрог” тооцооны төвөөс,

Ж.Б…..ын нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Л.О, Д.Д, Д.Дариймаа нарын нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус тус Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ……. банкны 120 мянгатын салбараас,

Д.Д-ын нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах …… банкны “З........” тооцооны төвөөс ……… банкны зээлийн эрхтэй кредит картыг гаргуулан авч улмаар Д.Б-ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 22.878.140 төгрөгийг,

Ж.Б-ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15.623.500 төгрөгийг,

Л.О-ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 15.678.178 төгрөгийг,

Д.Д-ийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15.626.612 төгрөгийг,

Д.Д-ийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15.482.529 төгрөгийг,

Д.Д-ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15.524.578 төгрөгийг автомат төгрөгийн машинаас бэлнээр зарлага хийж авсан болон тухайн картуудаар худалдан авалт хийсэн зэргээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ….. банкийг залилсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, нийт 100.813.537 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч О.Анхбаяраас “...өмгөөлөх талын хүсэлт гаргах, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгүүлэх, хүсэлт гомдолдоо хариу авах, шийдвэрлүүлэх зэрэг хууль ёсны эрх ашиг удаа дараа зөрчигдсөн тул энэ тухай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр тайлбар хэлэхэд шүүхээс шүүгчийн 2021/ШЗ/1185 дугаартай захирамжаар өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүгчийн захирамжийг огт биелүүлэлгүй, өмгөөлөгч надад 2 заалт бүхий мөрдөн шалгах ажиллагааны хүсэлтийг хэрхэх талаар ямар ч хариу өгөөгүй болно. Иймд дээрх асуудлыг хэлэлцүүлэх урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж өгнө үү” гэсэн бичгийн хүсэлт гаргажээ. Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1185 дугаартай шүүгчийн захирамжид “...яллагдагчийн өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлт, гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан “...мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан” гэсэн заалтад хамаарч байна. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч О.Анхбаярын шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үед гаргасан “...хүсэлт, гомдлыг шийдвэрлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь гомдолтой байна” гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Иймд яллагдагч Н.Б-д холбогдох хэргийг дээрх үндэслэлээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.” гэжээ. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн 1185 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн үндэслэлээр яллагдагч Н.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасан байхад хяналтын прокуророос өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлт, гомдлыг огт шийдвэрлэлгүйгээр хэргийг дахин шүүхэд ирүүлж байгаа нь шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж үзнэ. Иймд өмгөөлөгчдийн гаргасан “...өмнөх хүсэлт, гомдлыг одоог хүртэл прокурор шийдвэрлээгүйд гомдолтой, 1185 дугаартай шүүгчийн захирамжид прокурорт эсэргүүцэл бичээгүй атлаа биелүүлэхгүй байна...” гэсэн хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч, Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын зүгээс 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ хэргийн материалыг бүрэн хянаж дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргах боломжтой, одоогоор шийдвэрлэх боломжгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Гэтэл тус шийдвэрт дээд шатны прокурорт гомдол гаргаагүй атлаа хэрэг шүүхэд шилжсэний дараа тухайн хүсэлтийн хариу гараагүй гэж удаа дараа гомдол гаргаж байгаа нь буруу байна. Шүүхээс прокурорт буцаасан өмнөх 1185 дугаартай шүүгчийн захирамжид заасны дагуу тодорхой мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд прокурорын шатанд гаргаж байсан хүсэлт, гомдлыг тухай бүрт нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн шийдвэрүүд хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэсэн байх бөгөөд гомдол, хүсэлтийг тухайн үед нь шийдвэрлэсээр байхад шүүхээс ийнхүү дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан үйлдэл гаргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Н.Б-ын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийн 2 дугаар нүүрэнд “Гэтэл тус шийдвэрт дээд шатны прокурорт гомдол гаргаагүй атлаа хэрэг шүүхэд шилжсэний дараа тухайн хүсэлтийн хариу гараагүй гэж удаа дараа гомдол гаргаж байгаа нь буруу байна.” гэж бичжээ. Хяналтын прокурор, өөрийнх нь шийдвэрт дээд шатны прокурорт гомдол гаргаагүй мэтээр ор үндэсгүй худал зүйл бичсэн байна. Гэтэл өмгөөлөгч миний, дээд шатны прокурорт гаргасан гомдол хавтаст хэргийн 6 дугаар хавтасны 23 дугаар хуудсанд баримтаар авагдсан байна. Уг гомдлыг миний бие 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 67 дугаартайгаар Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн ба Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх агуулгатай хариу мэдэгдэх хуудас 6 дугаар хавтасны 21 дүгээр хуудсанд авагдсан байна. Нэгэнт гомдлыг маань шүүхэд хүргүүлсэн гэх хариу өгсөн тул миний бие шүүхэд хандаж урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан болно. Анхан шатны шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1185 дугаартай захирамжаар “оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан" хэмээн хэргийг прокурорт буцаасан байдаг. Гэтэл прокуророос анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг огт биелүүлэлгүй хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх дахин урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд 1726 дугаартай захирамжаар мөн л шүүхийн шийдвэр огт биелэгдээгүй, оролцогчийн гомдлыг шийдвэрлэлгүй эрхийг нь хууль бусаар хязгаарласан байна хэмээн дүгнэсэн байдаг. Төрийн прокурор, хэргээ сайтар судлалгүй, ор үндэсгүй, худал агуулга бүхий эсэргүүцэл гаргаж хэрхэвч болохгүй. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Н.Быг …. банкны бизнесийн хөгжлийн газрын Жижиг дунд бизнесийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн таньж мэддэг, …. банкнаас зээлийн эрхтэй карт авч ашиглах хүсэл зорилго байгаагүй зургаан иргэдийн нэр дээр тэдгээрт мэдэгдэлгүйгээр хувийн мэдээллийг нь ашиглан …… банкны зээлийн эрхтэй кредит картыг захиалан гаргуулж, өөртөө авч, ашиглаж буюу

Д.Б-ын нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ….. банкны “32-ын тойрог” тооцооны төвөөс,

Ж.Б-ын нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Л.О, Д.Д, Д.Д нарын нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус тус Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ….. банкны 120 мянгатын салбараас,

Д.Д-ын нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах …… банкны “З.......” тооцооны төвөөс ....... банкны зээлийн эрхтэй кредит картыг гаргуулан авч улмаар Д.Б-ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 22.878.140 төгрөгийг,

Ж.Б-ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15.623.500 төгрөгийг,

Л.О-ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 15.678.178 төгрөгийг,

Д.Д-ийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15.626.612 төгрөгийг,

Д.Д-ийн нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15.482.529 төгрөгийг,

Д.Д-ын нэр дээр гаргуулан авсан зээлийн эрхтэй картаас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15.524.578 төгрөгийг автомат төгрөгийн машинаас бэлнээр зарлага хийж авсан болон тухайн картуудаар худалдан авалт хийсэн зэргээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан …… банкийг залилсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, нийт 100.813.537 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “...Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1185 дугаартай шүүгчийн захирамж биелэгдээгүй. ...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон түүнийг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж,  болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Н.Б-ыг гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 62 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1726 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1726 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ