Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2023/0159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Г.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Хариуцагч: Баянхонгор аймгийн сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Гуравдагч этгээд: “С” ХХК-ийн захирал нарын хоорондын “Баянхонгор аймгийн сумын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамж, “С” ХХК-д олгосон дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г. нь Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн сумын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамж, “ ” ХХК-д олгосон дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Г. нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гомдол гаргасан бөгөөд тус газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Газрын зөрчил арилгах тухай” 150 дугаар албан бичгийг Баянхонгор аймгийн сумын Засаг даргад хүргүүлсэн. Улмаар мөн газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 222 дугаар албан бичгээр “.. сумын Засаг дарга хариу ирүүлээгүй учир шүүхэд хандана уу...” гэсний дагуу 2023 оны 5 дугаар 12-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн.

 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Г. би суманд төрж өсөөд 1978-2007 он хүртэл сумынхаа худалдаа хоршоолол, банк санхүүгийн албанд тасралтгүй ажиллаж тэтгэвэрт гарсан билээ. 1990 оны өмч хувьчлалаар Эрдэнэ хоршоог байгуулахад хувь хөрөнгөө нийлүүлж үүсгэн байгуулсан. 1998 онд гишүүдийн тоо, хөрөнгийн тоо хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүйгээр хоршооны нэр солигдож “ ” хоршоо болсон бөгөөд 1998 оны 3 сард м.кв газрыг 2002-2022 он хүртэл хугацаатай эзэмших 01 тоот гэрчилгээ авч байжээ. 2007 онд хоршооны хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хоршоо татан буугдахад комиссын шийдвэрээр Г. миний хувь нийлүүлсэн хөрөнгийн тооцоонд м.кв газар дээр орших улсын бүртгэлийн *******-д бүртгэгдсэн хөрөнгөөс м.кв барилгыг олгож шийдвэрлэн өгсөн юм. Гэтэл Засаг дарга Улаанбаатар хотын “С” ХХК-ийн тэй үгсэн хуйвалдаж газрын тухай хуулийн 4 заалт үүнд: иргэн миний эзэмшил 01 гэрчилгээтэй м.кв газрыг оролцуулан тус компанид ******* м.кв газрыг олгосноор уг маргаантай асуудал гарсан юм. Тухайн үед би оюутан хүүхдээ дагаад хотод байсан. Энэ тухай мэдээлэл аваад даргатай утсаар ярьсан. “С” ХХК барилгад зөвшөөрөлгүй шууд засвар хийж байхад захирал тэй уулзаж хэлсэн засаг дарга тай биечлэн уулзаж байсан чи шүүхээр шийдвэрлүүл, бид чухал үйлдвэрлэл хийх гэж байна гээд тоомсорлоогүй. Би иргэний хэргийн хандсан баримт бүрдүүлэлт  шаардлага хангаагүй буцаагдсан хүлээгдэж байгаа. Иймээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газрын зөрчлийн талаар хүсэлт гаргасны дагуу шалгалт хийгдэж хуулийн 4 заалт зөрчигдсөн нь тогтоогдож, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 150 тоот албан бичгийг сумын Засаг дарга ид хүргүүлсэн боловч шийдвэр гаргаагүй. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын хууль зөрчигдсөн энэ асуудлаа захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гарган шийдвэрлэх тухай 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 222 дугаар бичгээр хариу өглөө. Захиргааны хэргийн шүүгч та Засаг даргын дугаар захирамж нь хууль бус шийдвэр гэдгийг тогтоон “С” ХХК-ийн газрын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

4. Хариуцагч Баянхонгор аймгийн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус сумын 6 дугаар багийн зүүн урд талд байрлах хуучин барилгын туурь бүхий газрыг анх 2013 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сүү, цагаан идээний зориулалттай төлөвлөгдсөний дагуу “С” ХХК нь хүсэлт ирүүлж сумын Засаг даргын 2014 оны тоот захирамжаар олгогдсон.

Өмнө газар эзэмшигч ашиглагчийн улсын бүртгэлд “-” хоршоо нь бүртгэл байгаагүй, хэрэв бүртгэлтэй байсан бол “С” ХХК-д уг газрыг давхардуулж олгохгүй байжээ.

“ ” хоршоо нь анх газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж 2017 онд өргөдөл ирүүлснийг Баянхонгор аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон байна. Анх 2014 онд газар олголт хийж байх үед тухайн газартай холбогдох гомдол гаргаагүй байна.” гэжээ.

5. Гуравдагч этгээд “С” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн гийн ын 2023 оны 5 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан гуравдагч этгээдийн хувиар дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

сум нь миний эцэг ийн -ын төрсөн нутаг тул эзэмшсэн мэргэжил, туршлага дээр тулгуурлан хангайн бүсийн сарлаг элбэгтэй энэхүү нутагт Сарлагийн сүүтээр “Хонгор” брэндийн европ маягийн бяслагийн үйлдвэрлэл-сургалтын төвийг байгуулж төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ 2013 оны 05 сарын 08-ны өдөр сумын Засаг дарга т анх хүргүүлсэн байдаг. /Төслийн баримт бичиг-7хуудас хавсаргав/ Сум хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авч хэлэлцэх ажлын хэсгийн шийдвэрээр малчин /аавын төрсөн дүүгийн хүү/-ын нэр дээр 10,0 сая төгрөгийн зээл гараад эхний ээлжид барилгыг битүүлэх ажилд ашиглаад, зээлийг “ ” ХХК сар бүр хуваарийн дагуу эргэн төлсөн болно.

2013 оны 4 сарын 27-ны өдөр Засаг дарга , “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал , малчин болон миний бие бяслагийн үйлдвэр барих боломжтой 3 байршлаас одоогийн байршлыг сонгосон. Г.ын “дээр нь засвар хийхээр хүлээгдэж байсан барилга” гэдэг нь тогтоогдоогүй. Барилгаас авч болох бүх материалыг иргэн Г. өөрөө тонож аваад сумын төвд 2005 онд дэлгүүр барьж түүнийгээ зараад аймагт шилжин амьдарсан байдаг. Маргаан болсон барилга нь 2005-2013 он хүртэл хаягдмал байдалтай, хог, шороогоор дүүрсэн, хана нь цуурч нурсан, дээвэр, цонхгүй дүр зурагтай байв. /Тухайн үеийн барилгын зургийг хавсаргав/

Үйлдвэрийн барилгын засвар, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажилд 2013-2014 онд нийт 260.0    сая төгрөг зарцуулсан, энэ нь компанийн тайлан балансад тусгагдсан. Баянхонгор аймгийн үл хөдлөх хөрөнгийн газар одоо болтол “С” ХХК-ийн энэ өмчийг бүртгээгүй байхад татварын газар үл хөдлөх хөрөнгөний татварыг /барилга 100,0 сая үнэлэгдсэн/ 2017 оноос тасралтгүй жил бүр авсан байдаг. Жич: татварын хэмжээ жилийн 600.0 төгрөг байж байгаад 2023 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1,100,000 төгрөг болсон /22 баримтыг хавсаргав/ Компанийн хувьд дахь үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй өдий хүрч эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд хохирсон билээ.

Барилгын газар эзэмшилтэй холбоотой асуудлыг албажуулахын тулд компанийн зүгээс сумын засаг дарга т 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 23/13 тоотоор хандан бяслаг, цагаан идээний төвийн барилга байгаа газрыг 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг илгээж 2013 он 12 сарын 26-ны өдөр уг асуудлыг дэмжсэн 1/189 тоот хариу хүлээн авсан байдаг. Сумын иргэдийн хурлын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээний, 2 дугаар бүсэд гэр хороолол гэж шийдвэрлэхэд компанийн зүгээс 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 27/14 тоотоор газар эзэмшлийн хүсэлтээ илгээснээр Засаг даргын 2014-12-24-ний өдрийн захирамж гарч, компанийн нэр дээр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг олгосон юм.

Хариуцагч газрын даамал ийн захиргааны анхан шатны шүүхэд 2023-06-30-ны өдөр гаргасан тайлбарт “Тус сумын 6 дугаар багийн зүүн урд талд байрлах хуучин барилгын туурьтай газрыг анх 2013 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сүү, цагаан идээний зориулалттай төлөвлөгдсөний дагуу “ ” ХХК нь хүсэлт ирүүлж сумын Засаг даргын 2014 оны тоот захирамжаар олгогдсон. Өмнө газар эзэмшигч ашиглагчийн улсын бүртгэлд “Г” хоршоо нь бүртгэл байгаагүй хэрэв бүртгэлтэй байсан бол “С” ХХК-д уг газрыг давхардуулж олгохгүй байсан гэжээ.

“Эрдэнэ” хоршоо нь хэрхэн “-” хоршоо болж байгуулагдсан, албан ёсоор татан буугдсан зэрэг асуудлууд баримтаар бүрэн тогтоогдоогүй, иргэн Г.ын хуулийн өмчлөгч гэдэг нь баталгаажаагүй тухай 2016 оны 212/МА2016/00007, 2017 оны 131/ШШ2017/00332 болон 213/МА/00014 шүүхийн магадлал, шийдвэрт байдаг тул эдгээр баримт материалыг дахин нягталж үзнэ үү. Хоршооны бланк дээр БХ аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан /2001 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот/ хуулийн этгээдийн тухай хүсэлтийг хоршоо нь эд хөрөнгөө бүртгүүлэх хүсэлт гэж ойлгож байгаа, үүнийг Г.ын өмч гэж ойлгохгүй байгаа, газрыг ч гэсэн аж ахуйн зориулалтаар олгосон боловч хоршооны дарга , Г.ын маргаанаас үүдэлтэй хоршоо хуваагдаад албан ёсоор татан буугдаж чадаагүй юм билээ.

2014 оноос хойш “С” ХХК дөрвөн бяслагийн технологийг улсын хэмжээнд анхлан сарлагийн сүүгээр нутагшуулж Улаанбаатар болон бусад зах зээлд борлуулж Хонгор брэндийн нэрийн доор борлуулж ирсэн, зохих шагналуудыг авч ирсэн. Компанийн танилцуулга, зургийн цомгийг хавсаргав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г. шүүхэд “Баянхонгор аймгийн сумын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамж, “С” ХХК-д олгосон дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан байна.

2. Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тоот регистрийн дугаартай “ ” хоршоог татан буулгах шийдвэр, тамга тэмдгээ хураалгасан тухай тодорхойлолтоор уг хоршоо татан буугдсан, татан буулгах комиссын шийдвэрээр иргэн Г.д хуучин бэлтгэлийн агуулахын барилгыг хувь нийлүүлсэн хөрөнгөнд 368000 төгрөгийн үнээр тооцон олгохоор шийдвэрлэсэн шийдвэр зэрэг баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.   

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дор дурдсан үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар захирамж, “С” ХХК-д олгосон 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

4.1. Иргэн Г.ын эзэмшлийн 01 тоот гэрчилгээтэй, м.кв газартай Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчин, дугаар гэрчилгээг “ ” ХХК-д олгосон нь үндэслэлгүй.

4.2. 2007 онд Хоршооны тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хоршоо татан буугдахад татан буулгах комиссын шийдвэрээр Г. миний хувь нийлүүлсэн хөрөнгийн тооцоонд м.кв газар дээр орших улсын бүртгэлийн *******-д бүргэгдсэн хөрөнгөөс м.кв барилгыг олгон шийдвэрлэсэн. Гэтэл сумын Засаг дарга Улаанбаатар хотын “ ” ХХК-ийн захирал тэй хуйвалдан, Газрын тухай хуулийн 4 заалт, үүнд миний эзэмшлийн м.кв газраас ******* м.кв газрыг олгосон.

4.3. Энэ объектыг бид эргэж ашиглах зорилгоор авсан учраас өөрийн өмчлөлөөс татгалзаагүй.

5. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

5.1. Баянхонгор аймгийн сумын 2013 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сүү, цагаан идээний зориулалттай гэж төлөвлөгдсөний дагуу “ ” ХХК хүсэлт ирүүлж, сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар захирамжаар 6 дугаар багийн зүүн урд талд байрлах хуучин барилгын туурь бүхий газрыг гуравдагч этгээдэд олгосон.

5.2. Газар эзэмшигч, ашиглагчийн улсын бүртгэлд “ ” хоршоо нь байгаагүй. Хэрэв бүртгэл байсан бол “ ” ХХК-д газрыг давхардуулж олгохгүй.

5.3. 2014 онд газар олголт хийж байх үед тухайн газартай холбогдох гомдлыг гаргаагүй.

6. Тогтоогдсон үйл баримтын талаар:

6.1. Баянхонгор аймгийн сумын нутагт орших 1080 м.кв 9 өрөө үйлчилгээний зориулалттай барилга, ******* м.кв талбайтай 3 өрөө барааны агуулах, кв.м талбайтай 5 өрөө бэлтгэлийн агуулах, ******* м.кв талбайтай тал хашааны хууль ёсны өмчлөгчөөр “ ” хоршоог /*******/ бүртгэж, 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар гэрчилгээг Баянхонгор аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас /товчоо/ олгосон, энэ бүртгэл одоо ч хүчинтэй хэвээр байна.

6.2. Улсын бүртгэлийн 03/131 дүгээр “ ” хоршоог мал аж ахуй, газар тариалан, худалдаа, түүхий эд зуучлал, талх үйлдвэрлэлийн эрхлэх ажлын чиглэлтэйгээр бүртгэж, 2003 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэрчилгээ олгожээ. Уг гэрчилгээ дээр удирдлагын овог, нэрийг гийн гэж тэмдэглэсэн.

6.3. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн доорх буюу Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт Газар эзэмших эрхийн 01 дүгээр гэрчилгээгээр м.кв газрыг “ ” хоршоонд 2002-2022 он хүртэл 20 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

6.4. Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших 1998 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* м.кв газрыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл эзэмшүүлэхээр гэрээ байгуулсныг сумын Засаг дарга ******* баталсан баримт хэрэгт авагдсан.

6.5. Баянхонгор аймгийн сумын “ ” хоршооны 2001 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Баянхонгор аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар”-т хаягласан 13 дугаар албан бичигт хуулийн этгээдийг төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдээр , Г. нар гэж дурдсан, уг хоршооны Тэргүүлэгчид гишүүдийн өргөтгөсөн хурлын 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр хоршоог татан буулгах комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэн, татан буулгасан нь Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тоот регистрийн дугаартай “ ” хоршоог татан буулгах шийдвэр, тамга, тэмдгээ хураалгасан тухай тодорхойлолтоор нотлогдоно.

6.6. Эдгээр үйл баримтын дараа Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 07 дугаар тогтоол гарч, сумын 6 дугаар багт сарлагийн хөөвөр, сүү, цагаан идээний зориулалтаар 0.1 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан.

6.7. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 0,1 га газрыг гуравдагч этгээд “ ” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжийг гаргасан.

6.8. Улмаар сумын газрын даамал 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ээр сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар захирамжид заасан хэмжээнээс хэтрүүлэн ******* м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулсан.

6.9. Мөн өдрөө “ ” ХХК-д сумын 6 дугаар баг, хэмээх газар сүү, цагаан идээ, Голланд бяслагийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг олгожээ.

6.10. Г.ын нэхэмжлэлтэй, “ ” ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00332 дугаар шийдвэрээр “Баянхонгор аймгийн сумын 11х25 м.кв талбай бүхий бэлтгэлийн агуулахын өмчлөгч болохыг тогтоолгох, түүний үнэ 22,050,000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 213/МА2017/00014 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

7. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан.

7.1. “ ” хоршоо татан буугдсан ч түүний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ хүчинтэй атал эдгээрийг нягтлахгүйгээр гуравдагч этгээд “ ” ХХК-д газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь хариуцагч Газрын тухай хуулийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” зарчим, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Учир нь Газрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг Монгол Улсын их хурлаас 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд 1994 оны Газрын тухай /хүчингүй болсон/ хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ.”, 32 дүгээр зүйлийн 1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасны дагуу “ ” хоршоонд газар эзэмшүүлэх харилцаа үүсжээ.

Гэхдээ Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувийн хэрэг дэх баримт болох Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт Газар эзэмших эрхийн 01 дүгээр гэрчилгээгээр м.кв газрыг “ ” хоршоонд эзэмшүүлсэн атал Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших 1998 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээгээр Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* м.кв гэж газрын хэмжээг зөрүүтэйгээр тэмдэглэсэн.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Баянхонгор аймгийн төрийн архивд хадгалагдах сумын Засаг даргын Тамгын газрын болон Татварын хэлтсийн /тухайн үед хоршооны бүртгэлийг аймгийн Татварын хэлтэс бүртгэж, гэрчилгээ олгодог байсан/ баримт бичигт хийсэн үзлэгээр “ ” хоршоонд газар эзэмшүүлсэн шийдвэр гэх сумын Засаг даргын 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр захирамж байгаагүй болно. /19 дүгээр захирамжаар өөр асуудал шийдвэрлэсэн/

Иймд хариуцагчийн “...газар эзэмшигч, ашиглагчийн бүртгэлд байгаагүй тул гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлсэн.”, нэхэмжлэгчийн “...хоршооны дарга солигдох үед газрын гэрчилгээг үрэгдүүлээд өгөөгүй...” гэх тайлбарууд, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн “...Газрын хувийн хэрэг архивд хадгалагдаагүй, ... тухайн үед газрын даамал хийж байсан хүний хариуцлагагүй байдал байх” гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл “ ” хоршооны эзэмшиж байсан гэх газрын бодит хэмжээг шүүх тогтоох боломжгүй байна.

7.2. Гуравдагч этгээд “ ” ХХК-д сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар захирамжаар 0.1 га буюу 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атал 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, дугаар “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нд газрын хэмжээг ******* м.кв гэж үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, бодит байдал дээр нэгж талбарын ******* дугаар бүхий 2716 м.кв газрыг гуравдагч этгээд эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгүүд, Баянхонгор аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/-ын 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр Баянхонгор аймгийн сумын нутагт орших 1080 м.кв 9 өрөө үйлчилгээний зориулалттай барилга, ******* м.кв талбайтай 3 өрөө барааны агуулах, кв.м талбайтай 5 өрөө бэлтгэлийн агуулах, ******* м.кв талбайтай тал хашааны хууль ёсны өмчлөгчөөр “ ” хоршоог /*******/ бүртгэсэн бүртгэл, хоршооны нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг засварлан “ ” ХХК сүү, цагаан идээ, Голланд бяслагийн үйлдвэрлэл явуулж байгаа зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд давхцалтай нь тогтоогдох хэдий ч хоршооны газар эзэмшүүлэх шийдвэр, түүнийг үндэслэн олгосон баримт бичиг, газрын хувийн хэрэг хадгалагдаагүй, түүнийг тодорхойлох боломжгүй тул ямар хэмжээгээр давхцалтайг шүүх мөн тогтоох боломжгүй юм.  

7.3. Иймд дээрх нөхцөл байдуудлаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг актууд хүчингүй болох, дахин шинэ акт гаргахдаа маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газарт бусдын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчинтэй байгаа, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж заасан зэргийг харгалзах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар захирамж, “ ” ХХК-д олгосон 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус зургаан сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас зургаан сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОЮУНСАЙХАН