Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1896

 

МАГАДЛАЛ

 

2019.11.08                                                Дугаар 1896                              Улаанбаатар хот

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/01585 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О-д холбогдох,

Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn вэб сайтаараа ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.А-ийн“ХЖ” ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтайгаар нэр төр алдар хүндийг гутаасан худал мэдээ тараасан, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Хариуцагч: Д.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: www.tvmongolia.mn вэб сайтын эзэн Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд өөрийн мэдлийн дээрх сайтаараа Шинэчлэлийн ерөнхий сайдын бизнесийг дэмжих зорилгоор ТЭДС-аас зээл олгосон, тухайн үеийн ерөнхий сайд эдүгээ МУ-ын Ерөнхийлөгч Х.Б-ын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Н.А одоогийн байдлаар 750 000 000 төгрөгийг “ХЖЭБТ” ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байна. Н.А улсын төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлэгч анхны Ерөнхий сайд болж таарч байна гэсэн байна. ЖДҮ-ээс зээл авсан улс төрчид өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа нуун дарагдуулахын тулд Н.А миний нэр төрд халдах, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой бөгөөд дээрх сайтын бичсэн ерөнхий сайдын бизнесийг дэмжих зорилготой ТЭДС-аас 750 000 000 төгрөгийн зээл авсан, зээл авах шинэчлэлийг эхлүүлсэн гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл, гүтгэлэг юм. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9 дэх хэсэгт тус тус заасны дагуу Н.А миний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан Д.О-д уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, Н.А-ийнажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н.А нь Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ өөрийн хамаарал бүхий “ХЖЭБТ” ХХК-нд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 158 500 000 төгрөгийн хүүгүй зээл авсан нь Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг худал мэдээлэл, гүтгэлэг гэж үзэх боломжгүй. Дээрх үйл баримт нь олон нийтийн сүлжээнд ил тод нээлттэй байгаа мэдээлэл бөгөөд тухайн үед нийгэм даяараа энэ сэдвээр амьсгалж байсан. Энэ нь сэтгүүлчийн хийсэн ажил, ямар нэгэн байдлаар улс төржөөгүй. “ХЖЭБТ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч Н.А нь одоо 40 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн хамаарал бүхий “ХЖЭБТ” ХХК-д Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 158 500 000 төгрөгийн хүүгүй зээл авсан нь Үндэсний аудитын 2015 оны тайлан Тариалангийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, газар тариалангийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хийсэн нийцлийн аудитын тайлан, Шилэн дансны хуулга зэргээс харагдана. Энэ талаар цувралаар нийтлэл гарах байсан боловч намайг цагдаа, шүүхэд өгсөн учраас би нийтлэлээ зогсоосон. Зээлийн мөнгөн дүн ярихаасаа илүү зээл авсан нь үнэн гэдэг талаар маргаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.О-д холбогдох Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn вэб сайтаараа ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.А-ийн “ХЖ” ХХК тэргүүлж байна гэсэн гарчигтайгаар нэр төр алдар хүндийг гутаасан худал мэдээ тараасан, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Н.А гэдэг хувь хүн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл аваагүй, “ХЖЭБТ” ХХК-ийг зээл авсан эсэхийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 9.3 дах хэсэгт зааснаар “ХЖЭБТ” ХХК зээл авсан эсэхтэй нь холбогдуулж нэхэмжлэгч иргэнд хариуцлага хүлээлгэж болохгүй юм. Гэвч хариуцагч нь тухайн компанийн өмнөөс Н.А-т холбогдуулж нэр төр алдар хүндийг нь гутаасан байхад анхан шатны зохих хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Ат нь цагдаагийн ахмад А.Н-ийн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст буцаасан байдаг. Иймээс анхан шатны шүүх хариуцагчид холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.А нь “ХЖЭБТ”ХХК-нд 30 хувийн хувьцаа эзэмшдэг болно. Мэдээллийн гарчиг нь “Зээл авсан компаниудыг Н.А-ийн “ХЖ” ХХК тэргүүлж байна” гэж худал мэдээлэл тараасан. Хариуцагч тухайн худал мэдээллээ үнэн гэдгийг нотолж чадаагүй хавтаст хэрэгт ч баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан компаниудын жагсаалт, тухайн компаниуд нийт хичнээн төгрөгийн зээл авсан, тэр зээл авсан компаниуд дотор “ХЖЭБТ” ХХК нь үнэхээр тэргүүлээд байгаа эсэх нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх бодит байдалд нийцсэн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шаты шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.О-д холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn вэб сайтаараа ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.А-ийн “ХЖ” ХХК тэргүүлж байна гэсэн гарчигтайгаар нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээ тараасан, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.О нь www.tvmongolia.mn сайтад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.А-ийн “ХЖ” тэргүүлж байна.” гэсэн гарчигтай “...Н.А750 000 000 төгрөгийг “ХЖЭБТ” ХХК-ийн нэр дээр авсан, ...зээл авсан компаниудыг “ХЖ” тэргүүлж байна.” гэсэн агуулгатай мэдээллийг нийтлүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Н.Анарын нэр бүхий 3 хүний хамтран үүсгэн байгуулсан “ХЖЭБТ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг нэхэмжлэгч эзэмшдэг, тус компани нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах зээлийн гэрээ”-ний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 158 500 000 төгрөгийг 7 жилийн хугацаатай, хүүгүй зээлсэн, 2018 оны 12 дугаар сарын 27-ны байдлаар 39 625 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

/хэргийн 5-6, 25, 33-40, 74-75, 79 дүгээр хуудас/

Хэргийн баримтаас үзэхэд нэр бүхий 8 аж ахуйн нэгж, компанид Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нийтдээ 750 000 000 төгрөгийн зээлийг 7 жилийн хугацаатай олгосон байх ба нэр бүхий аж ахуйн нэгж, компаниудад 40 000 000-170 000 000 төгрөгийн зээл олгогдсоны дотор “ХЖЭБТ” ХХК-д олгосон 158 500 000 төгрөгийн зээл багтжээ.

Дээрхээс дүгнэвэл зээл авсан компаниудыг тэргүүлж байна гэх мэдээллийн агуулга бодит байдалд нийцэхгүй байна. “ХЖЭБТ” ХХК-ийн авсан зээл нь зээл авсан компаниудыг тэргүүлж байгаа гэх мэдээллийг давж заалдах шатны шүүх тодруулсан ба 2 дугаар хавтаст 26-31 дүгээр хуудаст авагдсан баримтыг хариуцагч заасан болно.

Хариуцагчийн нэрлэн заасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх уг баримтыг үнэлэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.А нь тухайн үед албан тушаалын байдлаараа нөлөөлөн өөрийн хамаарал бүхий компанид хөнгөлөлттэй зээл авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд хариуцагч Д.О нь “...Н.А750 000 000 төгрөгийг “ХЖЭБТ” ХХК-ийнхаа нэр дээр авсан, ...зээл авсан компаниудыг “ХЖ” тэргүүлж байна...” гэсэн мэдээлэл нийтлүүлсэн нь бодит байдалд нийцээгүйгээс гадна тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцагч нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын “...нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хамгаалагдах бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалт зөрчигдсөн бол тухайн зөрчигдсөн эрхийг шүүх сэргээх учиртай.

Хүний нэр нь эцэг, эхээс нь оноосон нэр бөгөөд уг нэрийг тухайн хүн өөрөө үнэлэх үнэлэмжийг нэр төр гэж үзнэ. Хүний алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь тухайн этгээдийн ёс зүй, хөдөлмөрлөх үйл явцтай холбоотойгоор нийгмийн зүгээс өгөх үнэлэмж юм.

Хариуцагч нь бичиж нийтлүүлсэн дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг баримтаар нотлоогүй тул тэрээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул зөвтгөх нь зүйтэй.

Хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/01585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-ийннэр төр, алдар хүндийг сэргээж, түүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээрээ няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Д.О-д даалгасугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...Н.А-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэсний дараа “...хариуцагч Д.О-с 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧИД                                               Ч.ЦЭНД

                                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ