| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/04247/И |
| Дугаар | 181/ШШ2024/01318 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/01318
| 2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 181/ШШ2024/01318 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин байх *** ХХК /РД:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин байх *** ХХК /РД:***/,
Хариуцагч: *** тоот хаягт оршин байх *** ХХК /РД:***/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,172,526,706 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мэндбулган нар оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК, *** ХХК нарт холбогдуулан 2,172,526,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 200,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас 1,972,526,706 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*** ХХК нь *** ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 05-ы өдөр №22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр талууд Сэлэнгэ аймгийн *** суманд байрлах, *** төмрийн хүдрийн уурхайд төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр барьж суурилуулан, тохиролцсон хувь хэмжээгээр хүдрийн баяжуулалт хийх зорилготой байсан.
Гэрээний нэг тал болох *** ХХК нь төслийн санхүүжилтийг бүрдүүлж, нөгөө тал болох *** ХХК нь төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр барьж суурилуулах, төмрийн хүдэр баяжуулан нийлүүлэх ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Энэхүү боловсруулах үйлдвэр барьж суурилуулах ажил нь тус гэрээний талуудын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд *** ХХК-ийн ирүүлсэн захиалгын дагуу манай компани *** ХХК-иар төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн суурийн ажлыг гүйцэтгүүлсэн байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс №22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний баталгаа болгон 200,000,000 төгрөгийг *** ХХК-ийн толгой компани, гүйцэтгэгчийн батлан даагч *** ХХК-ийн Төрийн банкны *** тоот данс руу шилжүүлсэн байдаг.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч *** ХХК нь төмрийн хүдэр боловсруулах уурхай барьж, суурилуулах ажлыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 46 хоногийн хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 46 хоногийн хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн боловсруулах үйлдвэрийг угсарч, ажиллагаанд оруулахаар үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч *** ХХК, *** ХХК нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүдэн төмрийн хүдэр баяжуулах боломжгүй болж, нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа доголдож, үүний улмаас их хэмжээний хохирол учраад байна.
Нэхэмжлэгч *** ХХК-ийн зүгээс үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан зардал, учирсан хохирлыг хариуцагч нартай уулзаж биечлэн хэлж байсан бөгөөд мөн гэрээний үүргээ биелүүлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 22/39 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр тус тус хариуцагч *** ХХК-д төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрээ барьж угсрах ажил гүйцэтгэх талаар нэмэлт хугацаа тохирсон боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Ийнхүү нэхэмжлэгчээс удаа дараа ажлыг хүлээлгэн өгөх нэмэлт хугацаа олгосон боловч хугацаа хэтрүүлэн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулаагүй учир цаашид нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэн шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Гэрээний талууд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр №22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт өөрчлөлтөөр уурхайн баяжуулах үйлдвэрийг бүрэн барьж гүйцэтгэн, ашиглалтад оруулах хугацааг 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр болон дахин нэмэлт хугацаа тохирсон боловч хариуцагч нар нэмэлт хугацаанд ажлыг гүйцэтгээгүй.
Цаашлаад нэхэмжлэгч *** ХХК нь төслийг санхүүжүүлэх зорилгын дагуу *** ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 22/02 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, төслийн үйл ажиллагааг зээлээр санхүүжүүлэн ажилчдын цалин хөлс, тээврийн хэрэгслийн түрээс, түлшний зардал, тээврийн хэрэгслийн худалдан авалт, албан томилолт зэрэг 1,122,384,180 төгрөгийн санхүүжилтийг төсөлд зарцуулсан байна.
Баяжуулах үйлдвэр баригдаагүйн улмаас бид орлого олох боломжгүй болсон тул *** ХХК-иас авсан зээлийн эргэн төлөлт, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл түүний хугацаа хэтрүүлсэн хүү, алданги нэмэгдсэн дүнгээр нийт 1,415,047,841 төгрөгийн өр төлбөртэй болсон ба эдгээр зардлууд бүгд Зээлийн гэрээний тооцоолол, Санхүүжилтийн задаргаа, Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан зэрэг санхүүгийн баримтаар тогтоогдох болно.
Мөн тус баяжуулах үйлдвэрийг суурилуулахын тулд хариуцагч *** ХХК нь суурийн ажлыг гүйцэтгэх компани шаардлагатай гэсний дагуу тэдгээрийн захиалгаар баяжуулах үйлдвэрийн суурийн ажлыг гүйцэтгүүлэхээр *** ХХК нь *** ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 22/04 дугаартай Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг 557,478,865 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Тодруулбал, хариуцагч *** ХХК-ийн өгсөн зааврын дагуу тэдний барих төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт зориулан суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн Ажил хүлээлцсэн акт №2022/001 тэсэлгээний ажлын паспорт зэрэг нотлох баримтаар тогтоогдох бөгөөд тус гүйцэтгэлийн ажлын төлбөр болох 557,478,865 төгрөгийн зардал нь манай компанийн санхүүжилтээр хийсэн ажил учир манай компанид учирсан хохирол гэж үзэж байна.
Иймд хамтран ажиллах гэрээний баталгаа болгон хариуцагч нарт шилжүүлсэн 200,000,000 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу төслийн үйл ажиллагаанд зарцуулсан зардал 1,415,047.841 төгрөг, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн зардал 557,478,865 төгрөг, хариуцагч нараас нийт 2,172,526,706 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Харин гэрээ цуцлагдаагүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний баталгаанд шаардсан 200,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас 1,972,526,706 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч *** ХХК болон *** ХХК нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.
Тус гэрээний нэгдүгээр зүйлд зааснаар *** ХХК нь Сэлэнгэ аймгийн *** суманд байрлах өөрийн *** төмрийн хүдрийн уурхайд төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр барьж, суурилуулан, тохиролцсон хувь хэмжээгээр баяжуулалт хийх, *** ХХК-ийн зүгээс сар бүр 80,000-100,000 тонн, дундаж нь Fe 47%-ийн агуулгатай төмрийн хүдрийг нийлүүлэх үүргийг харилцан хүлээсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас эдгээр ажил цаг хугацаандаа биелээгүй.
Талууд дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч тухайн үйлдвэрийг бүрэн угсарч, ашиглалтад оруулахад шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүдийн сэлбэг хэрэгсэл эвдрэх, дутах, санхүүгийн хүндрэлд орох зэрэг асуудлууд бий болсноор угсралтын ажил удааширсан.
Тэдгээр тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн дийлэнхийг Бүгд Найрамдах Хятад Ард улсаас хайж, захин авчруулж байсан. Энэ талаар бид нэхэмжлэгчтэй удаа дараа санал солилцож, нөхцөл байдлаа танилцуулсаар ирсэн ба тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл Монгол Улсад орж ирэхэд нэхэмжлэгч талын төлөөлөгч нар ирж хяналт хийн, давхар баталгаажуулдаг байсан.
Үйлдвэрийн барилга угсралтын үйл ажиллагаа, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг захих, худалдан авах, ачуулах, угсрах зэрэгт манай талаас одоогийн байдлаар нийт 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Бид бүхэн одоо ч тоног төхөөрөмжүүдийг засан сэлбэж, үйлдвэрийн угсралтын ажлыг хэвийн үргэлжлүүлж байна.
Хэдийгээр бидний зүгээс гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрсэн ч гэрээний үүргээ биелүүлэхээр үйлдвэрийн барилга угсралтын ажилтай холбоотой ажлыг тасралтгүй явуулж компанийн үйл ажиллагааны талаар болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга угсралтын ажлын мэдээллийг нэхэмжлэгчид тогтмол хүргүүлсэн.
Гэрээний хугацаа сунгах болон нөхцөл байдлын талаар хэд хэдэн удаагийн яриа хэлцэл хийж, тухай бүрд нэмэлт гэрээ байгуулсан.
Гэтэл эдгээр үйл ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж нэхэмжлэгч *** ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Мөн уг нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Гэтэл тухайн нэхэмжлэлийг гаргасны дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талуудын удирдлагуудын хооронд уулзалт болж, гэрээний явц, үйл ажиллагаатай холбоотойгоор нэмэлт нөхцөл, хугацаа зааж, талуудын хооронд тухайн өдрөө 23/012 дугаартай нэмэлт гэрээ байгуулагдсан.
Тус гэрээнд заасан хугацаанд бид холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд бүхий л тоног төхөөрөмжийг 2023 оны 12 дугаар сард БНХАУ-аас татан авч дууссан.
Тухайн үед мөн нэхэмжлэгч талын төлөөлөгч байлцаж гэрэл зургаар баталгаажуулж байсан. Тоног төхөөрөмжийн татан авалт, угсралтын тодорхой хүндрэл, бэрхшээлтэй асуудлаас үүдэн бид 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрийн барилга, угсралтын ажлын бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд гэрээний хугацаа 3 жил байх ба гэрээний хугацаа 2022 оноос эхлэн 2025 оны хугацаанд хүчинтэй байх талаар заасан ба мөн тус гэрээний 9.1-д Энэхүү гэрээний 3.1.1-д заасан хугацаа дуусгавар болсноор гэрээ дуусгавар болсонд тооцно гэж, 9.2-т Гэрээний аль нэг тал нөгөө талдаа мэдэгдэлгүйгээр дангаар гэрээг цуцлах эрхгүй гэж, 8.6-д Захиалагчийн санаачилгаар эсвэл түүний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг цуцлах болон дуусгавар болгосон тохиолдолд гэрээнд заасан хугацаанд ажиллах байсан үйлдвэрийн бүтээл болон хүн хүч техникийн, техник тоног төхөөрөмжийг буцаан зөөвөрлөх зардал зэрэг мөнгөн төлбөрүүдийг захиалагч тал төлнө гэж тус тус заасан тул уг гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байна.
Эндээс үзвэл гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор үүссэн асуудлыг талууд бүрэн ухамсарлаж аль, аль нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхээр шуурхайлан ажиллаж байх ба бидний зүгээс тохиролцсон нэмэлт хугацаандаа гэрээний үүргийг гүйцэтгэхээр гуравдагч этгээдээс зээл, санхүүжилт авч, мөн өөрсдийн зүгээс маш их хөрөнгө, санхүүжилт оруулан ажиллаж байгаа энэ үед гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 11,020,590 төгрөг төлсөн баримт, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн шинэчилсэн дүрмийн хуулбар, *** ХХК, *** ХХК нарын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар, *** ХХК-иас *** ХХК-д шилжүүлсэн 200,000,000 төгрөгийн баримтын хуулбар, *** ХХК, *** ХХК нарын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, *** ХХК-иас *** ХХК-д шилжүүлсэн төлбөрийн баримтууд, *** ХХК, *** ХХК нарын байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №22/04 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, Баяжуулах үйлдвэрийн суурийн ажлын гүйцэтгэлийн төлбөрийн задаргааны хуулбар, *** ХХК, *** ХХК нарын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил хүлээлцсэн актын хуулбар, барилгын явцын талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-83/, барилгын угсралтын ажлын бүдүүвч зураг /хх-84-92/, Баянголын уурхайг түшиглэн баригдаж буй *** ХХК-ийн төмрийн хүдрийн хуурай баяжуулах үйлдвэрийн угсралтын ажлын явцын тайлан мэдээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *** ХХК-иас *** ХХК-д хүргүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 22/39, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22/43 дугаартай шаардлагын хуулбар, *** ХХК-иас *** ХХК-д хүргүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23/20 дугаартай шаардлагын хуулбар, *** ХХК-иас *** ХХК-д хүргүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23/18 дугаартай мэдэгдлийн хуулбар, *** ХХК-ийн 2022 оны Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангийн хуулбар, 2022 оны Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл, Тэсэлгээний ажлын №2022/001 дугаартай паспортын хуулбар, *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ц-н 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 031/24 дугаартай өмгөөлөгч Дд тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, *** ХХК-ийн *** ХХК-д хүргүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 24/45 тоот албан бичгийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар: *** ХХК, *** ХХК нарын хуулийн этгээдийн лавлагааны хуулбар, Т.П, Э.Г нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, *** ХХК, *** ХХК нарын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр барьж угсрах болон 40,000 тн хүдэр боловсруулах гэрээ, *** ХХК-иас *** ХХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23/27-01 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, *** ХХК-иас *** ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн 22/11 дугаартай баталгаа гаргах тухай албан бичиг, *** ХХК-иас *** ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн тайлан хүргүүлэх тухай албан бичиг, *** ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн ажлын явцын тайлан гэрэл зургийн үзүүлэлт, *** үйлдвэрт Монгол Улсаас авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн жагсаалт, *** үйлдвэрт Бүгд Найрамдах Хятад ард улсаас захиалж авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн жагсаалт зэргийг ирүүлсэн.
/Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 172-175 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдав./
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч *** ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ээр хүлээсэн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу төслийн үйл ажиллагаанд зарцуулсан зардал 1,415,047.841 төгрөг, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн зардал 557,478,865 төгрөг, нийт 1,972,526,706 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хэдийгээр бидний зүгээс гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрсэн ч гэрээний үүргээ биелүүлэхээр үйлдвэрийн барилга угсралтын ажилтай холбоотой ажлыг тасралтгүй явуулж компанийн үйл ажиллагааны талаар болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга угсралтын ажлын мэдээллийг нэхэмжлэгчид тогтмол хүргүүлсэн. Гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээг нэг талын санаачилгаар дангаар цуцлах эрхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. *** ХХК нь *** ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр захиалагч талын Сэлэнгэ аймаг, *** сумд байрлах, *** төмрийн хүдрийн уурхайд гүйцэтгэгч тал төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр барьж суурилуулан тохиролцсон хувь хэмжээгээр хүдрийн баяжуулалт хийхээр тохиролцсон байна. /хх14-19/
4.2. Талууд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор Сэлэнгэ аймаг, *** суманд байрлах *** ХХК-ийн эрх эзэмшдэг талбайд төмрийн хүдрийн уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг төслийн талбарт бүрэн хүргэж байршуулж, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор уурхайн баяжуулах үйлдвэрийг бүрэн барьж гүйцэтгэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх20/
4.3. *** ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр *** ХХК-ийн Төрийн банк дахь *** тоот дансанд 22/25 гэрээний урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь 447 дугаартай төлбөрийн даалгавраар тогтоогдож байна.
4.4. *** ХХК нь *** гол ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайд уурхайн төслийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтээ шийдвэрлэх үүднээс *** ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,122,384,180 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зээлсэн, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 1,415,047,841.31 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, зээлийн тооцоолол гэх баримтаар тогтоогдож байна. /хх22-25/
5. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
6. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.1.3-т Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 46 хоногийн хугацаанд гүйцэтгэгч тал өөрийн боловсруулах үйлдвэрийг угсарна. Үйлдвэрийг угсарч бэлэн болсны дараа үйлдвэрийн хүчин чадал, хэвийн ажиллагаа, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл зэргийг шалган 14 хоног туршилтын журмаар ажиллуулна гэж, 3.1.5-д Туршилтын хугацаа дуусч үйлдвэр хэвийн ажиллах боломжтойг тогтоосон өдөр төмрийн хүдэр баяжуулах үйл ажиллагаа эхэлнэ гэж заажээ.
Гэвч *** уул баяжуулах ХХК гэрээний 3.1.3-т заасан хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрийг угсарч бэлэн болгох үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Улмаар, талууд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор Сэлэнгэ аймаг, *** суманд байрлах *** ХХК-ийн эрх эзэмшдэг талбайд төмрийн хүдрийн уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг төслийн талбарт бүрэн хүргэж байршуулж, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор уурхайн баяжуулах үйлдвэрийг бүрэн барьж гүйцэтгэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч мөн тохиролцсон хугацаанд үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаагүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7. Хариуцагч *** ХХК нь гэрээнд заасан хугацаанд төмрийн хүдрийн үйлдвэр барьж суурилуулан ашиглалтад оруулах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч *** ХХК нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан.
Гэрээний 8.4-т Учирсан хохирол гэдэгт талууд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан шууд болон шууд бус хохирол, гуравдагч этгээдийн гомдлын шаардлагыг ойлгоно гэж заажээ.
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК, *** ХХК нарыг гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн зардал 557,478,865 төгрөг, төслийн үйл ажиллагаанд зарцуулсан зардал 1,415,047.841 төгрөг, нийт 1,972,526,706 төгрөг гаргуулахаар шаардсан.
7.1. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 22/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.3-т Захиалагч тал тог цахилгаан, үйлдвэрийн барилгын бетон суурийг өгсөн зургийн дагуу бэлдэж, үйлдвэр угсрах талбайг хариуцна гэж заасан байна.
Иймд талууд гэрээгээр үйлдвэрийн барилгын бетон суурийг өгсөн зургийн дагуу бэлдэж, үйлдвэр угсрах талбайг хариуцагч *** ХХК хариуцахаар заасан байх тул *** ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 22/04 дугаартай Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу *** ХХК-д төлсөн 557,478,865 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна.
7.2. *** ХХК нь *** гол ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайд уурхайн төслийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтээ шийдвэрлэх үүднээс *** ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,122,384,180 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зээлсэн, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 1,415,047,841.31 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Мөн талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №22/25 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-нд *** ХХК-ийн охин компани болох *** ХХК гэж тодорхойлсон, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Гэрээний нэмэлт өөрчлөлт-д гүйцэтгэгчийн батлан даагч гэж *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О гарын үсэг зурсан, *** ХХК нь гэрээний баталгаа болох 200,000,000 төгрөгийг *** ХХК-ийн Төрийн банк дахь Төрийн банк дахь *** тоот дансанд 22/25 гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн байх тул *** ХХК, *** ХХК нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй.
*** ХХК нь гэрээнд заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 46 хоногийн хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төмрийн хүдрийн үйлдвэр барьж суурилуулан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах байсан хугацаа болох 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тооцогдсон хүү 166,771,182 төгрөг /үндсэн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор/-ийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК-д учирсан хохиролд тооцох үндэслэлтэй байна.
Харин *** ХХК-ийн *** ХХК-иас гэрээний дагуу зээлж авсан 1,122,384,180 төгрөгийг болон үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд бодогдсон хүү 125,892,480 төгрөгийг хариуцагч нар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.7-д заасныг баримтлан хариуцагч *** уул баяжуулах ХХК, *** ХХК нараас 166,771,182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,805,755,524 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,020,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 991,806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ