Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/51

 

 

 

 

 

 

2022                 1           11                                          2022/ДШМ/51

 

 

Ж.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Ж.О-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонзаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд  даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.О-т холбогдох 2107 00000 0202 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ийн О, 1973 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн … дугаар хороо, … дугаар байрны ….. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:………../;

Ж.О нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн …. дугаар хороо, …. дугаар байрны … давхрын …. тоотод байрлах өөрийн гэрийн тагтнаас … сартай бага насны хүүхэд болох Б-ийн С-ыг шидэж түүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар: Ж.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.О-т холбогдох эрүүгийн 2107 00000 0202 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байх тул гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, учирсан хохирол зэрэгт дүгнэлт хийсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох, шүүгдэгч Ж.О-ийг цагдан хорих прокурорын саналын дагуу шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №46 тоот шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад уг таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар ирүүлсэн прокурорын санал нь хавтаст хэрэгт хавсрагдаагүй, шүүгдэгч Ж.О-ийн дүүг Ж.О-г ямар хуулийн үндэслэлээр иргэний хариуцагчаар татсан нь тодорхойгүй, түүний хууль ёсны төлөөлөгч эсэхтэй холбоотой ажиллагааг явуулаагүй зэрэг үндэслэлүүдээр хэргийг прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, учирсан хохирол зэрэгт дүгнэлт хийсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох гэсэн асуудлын хувьд хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 500 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Ж.О нь ...5 давхрын тагтнаас 9 сартай бага насны хүүхэд болох Б.С-ыг шидсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон. Мөн шүүх сэтгэц, эмгэг судлалын “...Ж.О нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. ...гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан ба солиорлын шинж бүхий гүн сэтгэл гутрал бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолтын эмгэг, сэтгэл гутрал дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан, ...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сараар авах шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар Ж.О нь сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон, сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, солиорлын шинж бүхий гүн сэтгэл гутрал бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолтын эмгэг, сэтгэл гутрал дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан хүний гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Яллагдагч Ж.О-т 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хүргүүлсэн санал хэрэгт авагдаагүй байна гэх асуудлын хувьд хэрэг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ж.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүхэд хүргүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгасан, уг шүүгчийн захирамж хэрэгт авагдсан. Прокурорын саналын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хавсаргах боломжтой ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ж.О-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд прокурорын эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүх хэрхэн шийдвэрлэхээс үл хамаарч хэрэг прокурорт ирсний дараа дээрх саналыг тус хэрэгт нөхөж хийх боломжтой. Яллагдагч Ж.О-ийн дүү Ж.Отгонзаяаг ямар хуулийн үндэслэлээр иргэний хариуцагчаар татсан нь тодорхойгүй гэх асуудлын хувьд мөрдөгч яллагдагч Ж.О-ийн төрсөн дүү Ж.Отгонзаяа-ийн хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тогтоол үйлдэн, түүнийг иргэний хариуцагчаар татсан бөгөөд шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагч Ж О. “...өөрийн хүсэлтээр иргэний хариуцагчаар татагдсан ба цаашид гарах зардлыг хариуцаж, эгч Ж.О-ийг асран хамгаалах болно” гэж, хохирогч Г.Б “...гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй" гэж тус тус мэдүүлдэг тул Ж.О-г иргэний хариуцагчаар татсанаар хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр эсэргүүцэл гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.О-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонзаяа-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолд “... хүн нь амьд байна. Иймд санаатайгаар алах гэмт хэргийн санаа сэдлийг агуулсан байх боломжгүй тул зүйлчлэлийг өөрчилж, дахин эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналыг оруулж ир” гэсэн байдаг. Би прокурортой санал нэг байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчлэх эрх нь шүүхэд байгаа. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж, саналыг хүлээн авах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Ж.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Ж.О-ийг 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн …. дугаар хороо, …. дугаар байрны … давхрын … тоотод байрлах өөрийн гэрийн тагтнаас 9 сартай бага насны хүүхэд болох Б-ийн С-ыг шидэж түүнийг алахыг завдсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Ж.О-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сарын хугацаагаар хэрэглэх саналыг гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байх тул гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, учирсан хохирол зэрэгт дүгнэлт хийсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох ...прокурорын санал нь хавтаст хэрэгт хавсрагдаагүй, шүүгдэгч Ж.О-ийн дүүг Ж.Отгонзаяаг ямар хуулийн үндэслэлээр иргэний хариуцагчаар татсан нь тодорхойгүй, түүний хууль ёсны төлөөлөгч эсэхтэй холбоотой ажиллагааг явуулаагүй. ...” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийн материалыг судлахад, прокурорын саналын хүрээнд шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд хэргийг шалгаж үйл баримтыг тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Ж.О-т холбогдох прокурорын саналд шүүх хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ж.О-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ж.О-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл Ж.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ