Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1948

 

МАГАДЛАЛ

2019.11.18                                             Дугаар 1948                                        Улаанбаатар хот

М.А-ын нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01904 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “УМЭАЦТЛ” УТҮГ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: УМЭАЦТЛ-ийн үйл ажиллагааны шинэ бүтэцтэй холбоотойгоор тус лабораторийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар тус газрын захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн ажиллаж байх хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын 2015 оны А/82 дугаар тушаалаар тус газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар намайг захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд жинхэлсэн. Ингээд миний бие ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаад тус газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусч байгаа тул ажилдаа орох хүсэлтэй байгаа тухай өргөдлийг тус газарт хандан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор бичгээр гаргасан. Хүсэлтийн хариуг өгөөгүй, чөлөөний хугацаа дуусаж эхэлсэн тул 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин өргөдөл гаргасан. Тэгтэл надад өргөдлийн хариу болгож 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “сул байгаа орон тоо буюу архив, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах санал хүргүүлж байна” гэсэн ямар нэгэн тамга тэмдэггүй, хүлээлгэн өгсөн М.Р гэсэн бичгийг өгсөн. Үүнээс шалтгаалан Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон байна. Иймд М.А намайг УМЭАЦТЛ-ийн захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 107 хоногоор тооцон 2 665 049 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. М.А нь тус байгууллагын үндсэн ажилтан биш бөгөөд жирэмсний болон амаржсаны амралттай байсан захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн М.Р-ийн оронд хугацаатай түр томилогдсон М.А нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 тоот тушаалаар ажилд түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаалаар жирэмсний амралтаа авч ажлаасаа чөлөөлөгдсөн. М.А-ыг ажилд томилохоос өмнө болон хойно М.Р нь захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг албан ёсоор гүйцэтгэж байна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2015 оны А/82 тоот тушаалаар бүтэц өөрчлөгдсөн тул ажилтнуудыг чөлөөлж дахин томилох тушаал гаргах шаардлага бий болсон. Үүнийг ашиглан захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг түр эрхэлж байсан М.А нь 2015 оны Б/42 тоот тушаалаар албан хаагчдыг бөөнөөр нь нэрийг жагсааж халахдаа хавсралтад М.А гэсэн нэрийн ард тайлбар хэсэгт /жинхэнэ/ гэж бичээд ажлаас чөлөөлсөн ба томилсон тушаалыг гаргуулсан. Гэтэл М.А нь анх ажилд томилсон 2014 оны Б/29 тоот тушаалаас өөр албан тушаалд жинхэлсэн тушаал гараагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаалын хавсралтад жинхэнэ гэсэн бичвэр бичиж батлуулсан нь хууль зүйн дагуу биш үйлдэл гаргасан. Мөн амаржсаны амралттай байгаа ажилтны албан тушаал, ажлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д зааснаар захиргаа хэвээр хадгалах үүрэгтэй хуулийн зохицуулалт байдаг болон өөрөө эзгүй хүний оронд түр томилогдсон гэдгийг мэдэж байсан. М.А-ын ажлын байрны тодорхойлолтоор тушаалын төслийг боловсруулах үүрэг хүлээсэн байдаг. Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 3.5.8-д зааснаар хариуцлагыг М.А  өөрөө хүлээхээр байгаа. Хууль зөрчсөн эрхийн актаас болж өнөөдөр М.Р хохирох асуудал үүссэн гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу захиргаанд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан. Гомдол хянаж үзээд 2014 оны Б/29, 2015 оны Б/42, Б/43 тоот тушаалын М.А-тай холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бодит нөхцөлд нийцэх зарчмыг зөрчсөн хууль бус болжээ гэж захиргаа хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байсан. Захирлын зөвлөлөөр уг асуудлыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэж Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу М.А-тай холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өөрийн эрх хэмжээний хүрээнд жинхэнэ гэснийг түр болгож бодит үнэнийг тогтоосон ба хурлын шийдвэр, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.5, 7 дахь заалтыг үндэслэн А/41 тоот тушаал гаргаж шийдвэрлэсэн. Энэхүү захиргааны актыг оролцогч М.Р, М.А нарт мэдэгдсэн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-ыг “УМЭАЦТЛ” УТҮГ-ын Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “УМЭАЦТЛ”   УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 665 049 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “УМЭАЦТЛ” УТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “УМЭАЦТЛ” УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 127 790 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажиллах үүрэг бүхий төсөвт байгууллагыг хохироосон шийдвэр гаргасан. Ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчид өөр ажил олж өгөөгүй ажил олгогчийн буруутай үйлдлийг тогтоож хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Хэрэгт хэлэлцэгдсэн үйл баримтууд нотлох баримтаар тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, нэхэмжлэгчийг ажил, албан тушаал нь хуульд зааснаар хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд түр хугацаагаар томилсон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад жинхэнэ буюу байнгын хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажилтны эрх зүйн байдалтай адилтгаж хэргийг шийдвэрлэсэн. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчид жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг олгосон боловч хөдөлмөрийн гэрээг цаашид сунгаж ажиллах боломжгүй болсон нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 23.3 дахь хэсгийг хэрэглээгүйн улмаас Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд байнгын хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад жирэмсний амралт авсан байсан М.Р-ийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. Хавтаст хэргийн 90 дугээр хуудсанд авагдсан УМЭАЦТЛ-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/15 дугаартай   тушаалаас харахад ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгч М.А-ын ажил үүргийг Г.Б гэдэг хүнд шилжүүлсэн уг хүнийг ажлаас чөлөөлж М.Р-ийг Захирлын туслах хүний нөвцийн мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилсон байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ хуульд зааснаар дуусгавар болсон, цаашид үргэлжлүүлэх боломжгүй талаар ажил олгогч шийдвэрээ гаргасан байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд батлагдсан орон тоо, бүтцийн дагуу ажилладаг төсөвт байгууллага, байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн албан тушаалдаа хуулийн дагуу томилогдон ажиллаж байгаад хүүхэд төрүүлж амралт авсан байсан ажилтны эрх ашгийг хүндэтгэн үзэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч М.А нь “УМЭАЦТЛ” УТҮГ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

УМЭАЦТЛ-ийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр “ажилд түр томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтнээр М.А-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаатай томилж, талууд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулсан байна. Мөн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/43 дугаар “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” тушаалаар “...бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан албан хаагчдыг нэгдүгээр хавсралтад заагдсан ажлын байранд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсугай. Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний ажилд М.А-ыг/жинхэнэ/ томилох...” гэсэн байх бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 17/41 дүгээр захирлын тушаалаар “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.А-ын гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтнээр тус лабораторид 12 жил ажиллаж байгаа М.Р-ийн эрх зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрч захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/42, Б/43 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтын 3-т М.А гэсэн нэрийн арын тайлбар хэсэгт бичигдсэн жинхэнэ гэдэг бичвэрийг хүчингүй болгож, түр гэж залруулсугай” гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх талуудын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар болон үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хувиарлалт, мэтгэлцэх үндэслэл нь тодорхой болж, шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, тохирох хуулийг тайлбарлан хэрэглэх зэрэг нь зөв болох учиртай юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхтэй холбоотой гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01904 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                                    

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ