| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03960/И |
| Дугаар | 181/ШШ2024/01347 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/01347
| 2024 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 181/ШШ2024/01347 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин байх, *** ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин байх, *** ХХК /РД:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 26,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Гомбо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч: М.А,
Гэрч: С.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан 26,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
*** ХХК нь *** ХХК-тай байгуулсан №20221228-2 дугаартай Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр *** ХХК-ийн үйлдвэрлэдэг *** ус, *** иода брэнд бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги буюу нөхцөл байдлын шинжилгээ, идэвхижүүлэлтийн төлөвлөгөө /медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсөв/ болон эдгээр ажлын гүйцэтгэлийн хяналт хийлгүүлэхээр нийт 52,250,000 төгрөгөөр тооцон, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр урьдчилгаа төлбөрт 26,125,000 төгрөгийг хариуцагч *** ХХК-ийн Хас банкин дахь *** тоот дансанд шилжүүлсэн.
Хариуцагч *** ХХК нь №20221228-2 тоот Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр тохиролцсон ажил болох *** ус, *** иода брэнд бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги буюу нөхцөл байдлын шинжилгээ, идэвхижүүлэлтийн төлөвлөгөө /медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсөв/-г 45 хоногт хийж гүйцэтгэх, гүйцэтгэлийн хяналт буюу дээрх ажлын төлөвлөгөөнд мониторинг хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг 2 сард хийж гүйцэтгэх ёстой байсан ч огт материал ирүүлээгүй, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй өдий хүрсэн.
Гэрээнд талуудын гүйцэтгэх үүргийг тодорхой заасан, гэрээний хавсралтад хийгдэх ажлын задаргаа бичигдсэн байдаг. Гэтэл хариуцагч талын хийсэн гэж тайлбарлаад байгаа ажил нь гэрээний хавсралтад огт дурдагдаагүй. Иймд гэрээнд заасны дагуу ажлаа хийгээгүй гэж үзэж байна.
Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулчхаад, бүтэн 3 сарын дараа буюу 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлын төлөвлөгөөг гаргасан байдаг. Тухайн төлөвлөгөөнд хариуцагчийн хэлээд буй судалгааны талаар юу ч дурдагдаагүй. Улмаар гэрээний хугацаа дууссан байхад буюу 5 дугаар сард Бид нар одоо ажлаа хийх гэж байна гэсэн төлөвлөгөө маягийн зүйл дахиад явуулсан байгаа юм. Гэвч гэрээний хугацаа дууссан байсан.
Манай зүгээс бүтээгдэхүүний борлуулалтын оргил үеийн өмнө буюу 4 дүгээр сар гаргаад, борлуулалтаа өндөр байлгахын тулд оны өмнө гэрээ байгуулаад, эхний 3 сард нь эдгээр төлөвлөгөө гаргуулаад, маркетингаа хийлгүүлье гэсэн бодолтой байсан. Гэтэл хариуцагч тал огт төлөвлөгөө гаргаагүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж дуусаад, захиалагчид хүргүүлнэ. Захиалагч уг ажлыг хүлээн авснаар төлбөр төлнө гэж заасан. Гэтэл хариуцагч талаас захиалагч талд захиалгын дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талын хувьд гэрээнд заасан хугацаанд урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Ямар нэгэн гэрээний зөрчил гаргаагүй, үүргээ шударгаар биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь үүргээ шударгаар биелүүлээгүй. Иймээс үүргийн харилцаа зөрчигдсөн.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан. *** ХХК-иас нэмэлт хугацаа тогтоохгүй, танайх ажлаа хийгээгүй учраас бид нар шилжүүлсэн мөнгөө авъя гэдэг шаардлага тавьсан. Тэгэхээр гэрээнээс татгалзах эрх нь бол хэрэгжсэн.
Хариуцагч талаас төлбөрөө хугацаанд төлөөгүй гэсэн тайлбар гаргасан. Гэрээнд заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажил эхлэх байсан. Нэхэмжлэгч тал ажил эхлэх үеэр буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Төлбөр авсан дээр аль, аль тал маргахгүй байгаа. Хэрвээ төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж үзэж байгаа бол гэрээнээс татгалзах эрх нь байсан. Гэтэл төлбөрийг нь аваад үргэлжлүүлээд, төлөвлөгөө явуулаад байгаа нь гэрээ хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд, энэ ажлыг хийх гээд аваад байна гэж ойлгож болно.
Мөн төлөвлөгөөг батлаагүй, мэдээлэл өгөхгүй байсан гэж тайлбарлаж байна. Ямар ажил хийх гээд байгаа нь тодорхойгүй, төлөвлөгөөгөө гаргаж өгөөгүй. Үзлэгээр 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр анхны төлөвлөгөөгөө гаргаж өгсөн гэдэг нь тогтоогдсон. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар *** ус, *** иода гээд 2 бүтээгдэхүүний брэнд хийх байсан. Гэтэл ганцхан *** Иода гэсэн бүтээгдэхүүний төлөвлөгөө гээд эксел программ дээр хийсэн хүснэгт явуулсан. Хариуцагч *** ХХК 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа эхлэх ёстой байж, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэг л бүтээгдэхүүний төлөвлөгөөг явуулчхаад, мэдээлэл өгөөгүй гэж тайлбарлаад байна. Мэдээж төлөвлөгөө батлагдаж байж, төлөвлөгөөний дагуу мэдээллийг нь солилцох ёстой байх. Мөн төлөвлөгөө гаргасны дагуу санал гаргаагүй гэж байна. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.3-т санал гаргаагүй бол зөвшөөрсөнд тооцож, ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Тэгэхээр хариуцагч үүргээ гүйцэтгээгүй. Түүнчлэн 16,500,000 төгрөгийн ажил хийсэн гэдэг нь баримтаар тогтоогддоггүй.
Иймд талуудын хооронд байгуулсан №20221228-2 тоот Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 6.4-т Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирвал нөгөө тал учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасныг тус тус үндэслэн гүйцэтгэгч талд урьдчилан төлсөн нийт 26,125,000 төгрөгийг *** ХХК-иас гаргуулан *** ХХК-д олгож зөрчигдсөн эрхийг сэргээн хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талууд харилцан тохиролцож, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний зорилго нь гүйцэтгэгч гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гүйцэтгэгчид төлбөр төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршиж байсан. Энэ нь гүйцэтгэлгүй буюу зөвхөн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгаа. Энэ гэрээгээр маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, гүйцэтгэлийг хийдэггүй.
Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.1-т Гүйцэтгэгч тал гэрээний дагуу заагдсан ажлыг гүйцэтгэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, гүйцэтгэгчтэй нэг баг болж үр ашигтай хамтран ажиллах тухай заасан. Мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.3-т Хийгдэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, саналаа оруулж батлах, тогтоосон хугацаанд саналаа өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцож, холбогдох ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, *** ХХК нь *** ХХК-тай хамтарч, хамтын ажиллагаатай байна гэсэн үг. Баг болж хамтарч ажиллах талаар гэрээнд заасан боловч баг болж хамтарч ажиллаж чадаагүй.
Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Гүйцэтгэгч талтай нэг баг болж, хамтран ажиллах, 1 дүгээр зүйлийн 1.2.5-д Гэрээний дагуу төлбөрийг шилжүүлэх зэрэг үүрэгтэй байсан бөгөөд *** ХХК-ийг гэрээгээр хүлээсэн баг болж, хамтран ажиллах үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.
Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Гэрээ байгуулснаас хойш урьдчилгаа хөлсийг 2 хоногийн дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх тухай заасан. Гэтэл нэхэмжлэгч тал 1 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгэгч рүү мөнгө шилжүүлсэн.
Нөгөөтээгүүр хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулах, уулзалт товлох мэйлд хариу ирүүлээгүй. Мөн хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээж авалгүйгээр гэрээ цуцлах шийдвэр гаргасан.
*** ус, *** Иода брэндийн зах зээлийн төсөв, маркетингийн идэвхжүүлэлтийн ажлын төлөвлөгөө боловсруулах, ажлын гүйцэтгэлийн явцад нэмэлт судалгаа хийх, хийж байгаа нөхцөл байдлыг тодорхойлж, тодруулахад асуудал тулгарсан тул өрсөлдөгчийн судалгаа болон хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийгдсэн байдаг.
Гэрээний хавсралтад тусгасан хийх ажлын задаргаанд тусгагдсан нөхцөл байдлын шинжилгээ, зах зээлд өрсөлдөх стратегийг гаргах гэх мэт ажлыг хийхийн тулд зайлшгүй хэрэглэгчийн судалгаа, календарчилсан төлөвлөгөө, өрсөлдөгчийн судалгаануудыг зайлшгүй гаргах шаардлагатай байсан. Заавал наана нь энэ судалгааг хийх шаардлагатай байна гэдгийг санал солилцоод, харилцан тохиролцчихсон байсан. Хэрвээ энэ суурь байхгүй бол бид нар цаашдаа төлөвлөгөөг боловсруулаад, идэвхжүүлэлтийг хийх боломжгүй.
Хэрэглэгчийн судалгаа, хэрэглэгчийн зан байдлын судалгаа, төлөвлөгөө, маркетингийн хэрэгжүүлэлтийг гаргахгүйгээр энэ гэрээ цаашид биелэгдэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нөгөөтээгүүр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.3-т зааснаар ажлын хэсэг томилж байгаа. Гэтэл томилсон ажлын хэсэг нь байнга өөрчлөгддөг. Гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Захиалагчийн буруутай үйлдлээс болоод, гэрээ бүрэн хэрэгжих, үүргээ биелүүлэх боломжгүй болж байгаа юм.
*** ХХК-иас 2023 оны 3 дугаар сард шаардлагатай мэйлүүдийг *** ХХК-д явуулсан. Энэ хамтын ажиллагааг цааш нь үргэлжлүүлэхэд ийм ийм хэрэгцээ шаардлага байна, төлөвлөгөөгөө баталмаар байна, ийм судалгаанууд хийх шаардлагатай гэдгийг удаа дараа мэйлээр явуулж илэрхийлж байсан боловч нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод гэрээний үүрэг биелэгдээгүй гэж үзэж байгаа.
Иймд захиалагч *** ХХК-ийг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.
Захиалагч *** ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэсэн хэдий ч хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч *** ХХК нь хийж болох шаардлагатай бүх ажлуудыг хийсэн, бас илгээсэн байна. Нэхэмжлэгч тал түүнийг батлаагүйн улмаас дараагийн шатууддаа орж, гэрээгээ биелүүлэх бусад нөхцөл байдал үүсээгүй. Тийм учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай нь тогтоогдож байгаа тул гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Бидний зүгээс хийж гүйцэтгэсэн дээрх ажлуудыг нийт 16,500,000 төгрөгөөр үнэлж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 288,575 төгрөг төлсөн баримт, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.О-д олгосон итгэмжлэл, *** ХХК-д 26,125,000 төгрөг шилжүүлсэн баримт, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №98/22 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай тушаал, *** ХХК, *** ХХК нарын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №20221228-2 дугаартай Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээний хавсралтыг ирүүлсэн.
Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар: *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.А, Б.Н нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Уулзалтын товч тэмдэглэлд хариу өгөх тухай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдийн *** ХХК-тай уулзсан товч тэмдэглэл, Мэдэгдлийн хариу өгөх тухай албан бичиг, *** иода брэндийн календарьчилсан төлөвлөгөө, Хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.Гоос гэрчийн мэдүүлэг авч, *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-ын ажлын ***.mn, ажилтан Х.С-ын ***.mn цахим хаягт 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн и-мэйлээр илгээсэн календарчилсан төлөвлөгөө, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн и-мэйлээр илгээсэн *** ус брэнд дээр хийсэн судалгааны ажлууд, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн и-мэйлээр илгээсэн албан бичигт үзлэг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч *** ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №20221228-2 дугаартай Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, *** ус, *** иода брэндийн зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги, идэвхижүүлэлтийн компанит ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хяналтыг гүйцэтгэж, нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 26,125,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч *** ХХК урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй. Мөн гэрээнд заасан баг болж, хамтарч ажиллах үүргээ зөрчсөн. Захиалагч *** ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. *** ХХК гэрээний хавсралтад заасан ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай өрсөлдөгчийн судалгаа болон хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийхэд 16,500,000 төгрөг зарцуулсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь заалтад заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай нь тогтоогдож байгаа тул гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. *** ХХК, *** ХХК нар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №20221228-2 дугаартай Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч *** ХХК нь *** ус, *** иода брэндийн зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги, идэвхжүүлэлтийн компанит ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хяналтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч *** ХХК нь 52,250,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх8-12/
4.2. Нэхэмжлэгч *** ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 26,125,000 төгрөгийг хариуцагч *** ХХК-д шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /хх6/
4.3. *** ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр *** иода брэнд дээр ажиллах маркетингийн календарьчилсан төлөвлөгөө, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *** ус брэнд дээр хийсэн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа, зах зээлийн нэмэлт судалгаа хийхэд төлөвлөснөөс их хугацаа орлоо гэх цахим шууданг *** ХХК-д илгээсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх174-183/
5. Шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээдэг ба гэрээний зүйл нь огт байхгүй зүйлийг шинээр бүтээн бий болгох буюу ажлын үр дүн байдаг.
*** ХХК, *** ХХК нарын байгуулсан Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, гэрээний гол зүйл нь ажлын үр дүн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд *** ХХК нь *** ус, *** иода брэндийн зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги, идэвхжүүлэлтийн компанит ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хяналт хийх, *** ХХК 52,250,000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс үзэхэд шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
6. Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр *** ХХК нөхцөл байдлын шинжилгээ, зах зээлд өрсөлдөх стратеги, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсвийг 45 хоногийн хугацаанд 40,000,000 төгрөгөөр, төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлд хяналт мониторинг хийж, төлөвлөгөөний дагуу хийхэд мэргэжлийн зөвлөгөө өгч чиглүүлэх ажлыг 2 сарын хугацаанд 10,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон боловч хариуцагч гэрээний хавсралтад заасан ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй байна.
Тодруулбал, *** ХХК нь гэрээгээр нөхцөл байдлын шинжилгээ, зах зээлд өрсөлдөх стратеги, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсвийг 45 хоногийн хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон атлаа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр *** иода брэнд дээр ажиллах маркетингийн календарьчилсан төлөвлөгөөг илгээсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.
Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 5.2-т зааснаар захиалагч *** ХХК гэрээ байгуулагдсанаас хойш 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөр шилжүүлэхээр тохиролцсон боловч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.
Гэвч нэхэмжлэгч *** ХХК-ийг урьдчилгаа төлбөрийг 8 хоног хугацаа хожимдуулж шилжүүлснээс шалтгаалж хариуцагч *** ХХК-ийг гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Мөн гэрээний 1.2.3-т Захиалагч хийгдэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, саналаа оруулж батлах, тогтоосон хугацаанд санал өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцож, гүйцэтгэгч холбогдох ажлыг хийж гүйцэтгэх-ээр заасан байна.
Хариуцагч *** ХХК-иас Нэхэмжлэгч *** ХХК ажлын төлөвлөгөө танилцуулах хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулах, уулзалт товлох мэйлд хариу ирүүлээгүйгээс гэрээ хэрэгжих боломжгүйд хүрсэн гэж тайлбарласан боловч хариуцагч *** ХХК гэрээний 1.2.3-т заасны дагуу холбогдох ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Иймд үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *** ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 4.8-д Захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах болсон тохиолдолд гүйцэтгэгчийн гэрээгээр гүйцэтгэсэн ажилд гарсан зардал, холбогдох ажлын тооцоог үл маргах журмаар бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан байна.
Гэвч хариуцагч *** ХХК нь 16,500,000 төгрөгийн үнэлгээтэй ажил хийж гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд хариуцагч *** ХХК-иас 26,125,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгохоор шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** ХХК-иас 26,125,000 төгрөг гаргуулан *** ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *** ХХК-иас 288,575 төгрөг гаргуулан *** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, шүүх хуралдаанд оролцсон тал мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ