Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1947

 

МАГАДЛАЛ

2019.11.18                                                Дугаар 1947                                     Улаанбаатар хот

 

“НЭИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02380 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “НЭИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,                                                              

Хариуцагч Б.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 776 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага нь Иргэний хуулийн 451, 452, 154, 156 дугаар зүйлийг үндэслэн зээлдэгч Б.А-д 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу төлж байгаад таслалт үүсэхэд нь биечлэн очиж мэдэгдэл хүргүүлсэн. Зээлдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг, үндсэн хүү 5 220 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 056 000 төгрөг, нийт 13 776 000 төгрөгийн үлдэгдэлийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгө болох Б.А-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Шавартын 1 дүгээр гудамж, 9 тоотод байрлах 88 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай байшин, мөн хаягт байршилтай Г-2201015773 дугаарт бүртгэлтэй 555 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.А нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч байгууллагаас өөрийн эзэмшлийн хашаа байшингаа барьцаалан 7 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь үндсэн зээлийн хүүгээ сар бүр төлж байсан. Ингээд нэмж зээл авахаар нэхэмжлэгч байгууллагад очиход дахиж зээл гарах боломжгүй манайх дампуурч байгаа учраас үндсэн зээлээ төлнө үү гэдэг шаардлага тавьсан байсан. Ингээд үндсэн төлбөр 7 500 000 төгрөгийг авч очиход нэхэмжлэгч байгууллага нь хаяган дээрээ байхгүй, ямар дансанд төлөхөө мэдэхгүй байсан учраас төлөх боломжгүй байсан. Гэтэл 2018 оны 08 дугаар сард захирал нь солигдсон гэж ирээд уулзаж эвлэрэх талаар ярилцсан боловч шийдэлд хүрээгүй байсан. Зээлдэгчийг таслалт хийсэн гэдэг шалтгаанаар дахиж зээл олгоогүй байдаг. Гэтэл зээлдэгч нь хөдөө орон нутагт томилолтоор явсан. Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр болох 7 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч тал нь өөрсдөө урт хугацаагаар алга болчихоод, зээлээ төлөх талаар ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй байж гэнэт ийм их хэмжээний мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг асуудал нь 2016 онд болсон. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрийг төлж байсан. Хөдөө ажил хийдэг учраас хугацаа хэтрүүлэх асуудал гарч байсан. 2017 онд хуучин ажиллаж байсан газарт нь очиход хаяган дээрээ байхгүй, утас нь болохгүй байсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байхад яагаад тухайн үед нь шүүхэд хандаж болоогүй юм бэ. Мөн яагаад зээлээ төлөх талаар мэдэгдэж болоогүй юм бэ. Өөрсдөө ингэж удаан хугацаагаар алга болчихоод одоо ингэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос хэлбэрээ өөрчил гэсэн шаардлага тавьсан байсан. Цаг хугацаа алдаж хэлсэн дээр л хэлээд байх шиг байна. Зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байх ёстой. Ингэж удаан хугацаагаар шаардахгүй байж байгаад өндөр үнийн дүн шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Б.А нь 7 500 000 төгрөгийг зээлээ төлөх гэж очиж байсан. Данс хөтлөг гээд 80 000 төгрөг өгч байсан. Зээлийн хүүгээ 1 жил 5 сарын хугацаанд төлж байсан. Би энэ талаар цаг хугацааны хувьд зөрүүтэй хэлсэн байж магадгүй. Байгуулсан гэрээгээ өөрсдөдөө ашигтай байдал үүсгэж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-аас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 764 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НЭИ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Шавартын 1 дүгээр гудамжны 9 тоотод байрлах 88 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Ү-2201027420 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 18638314513432 нэгж талбарын дугаартай, Г-2201015773 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 555 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297 330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 292 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НЭИ ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Урт хугацаагаар алга болсон, хаяг өөрчилсөн тухайгаа мэдэгдээгүй талаар дэлгэрэнгүй тайлбарласан атал шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй ямар учраас удаан хугацаанд зээлдэгчтэй холбоо бариагүй, төлбөр төлөхийг шаардаагүй талаар асууж тодруулалгүй зээлдэгчийн хүлээсэн үүрэгтэй холбож тайлбарлаж байгаа нь алдаа дутагдалтай. Нэхэмжлэгч тал манайх албан ёсны хаяг дээрээ байгаа холбоо барих утас нь ч бас байгаа гэж тайлбарлаж байгаа энэ асуудлаа Б.А-д мэдэгдээгүй учир санал нийлэхгүй байна. Б.А нь зээлдүүлэгч байгууллагаас ахин зээл авах талаар биечлэн уулзахад байгууллагаа өөр газар руу нүүх тухайгаа мэдэгдэх боломжтой байсан, хэрэв тухайн үедээ хэлээгүй бол энэ талаар утсаар дамжуулан мэдэгдэж болох байсан. Хаягаасаа нүүсэн талаар нь утсаар асууж тодруулах гэхээр гэрээ байгуулсан Золзаяагийн утас огт холбогддоггүй байсан. Нэхэмжлэгч нь байгууллагын хаяг өөрчлөгдсөн тухайгаа мэдэгдээгүй улмаас хариуцагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байх тул зээлийн хүү болон хүүгийн хүүг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлээ төлөх боломжтой байсан хугацаанд нь ор сураггүй алга болчиход урт хугацаа өнгөрсний дараа өөрсдийн эрх ашгийг бодон бусдыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүү болон хүүгийн хүү болох 6 264 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “НЭИ ББСБ” ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 776 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд “НЭИ ББСБ” ХХК болон хариуцагч Б.А нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ1609002 дугаар бүхийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр      7 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэж, зээлдүүлэхээр тохиролцсон байх бөгөөд мөн өдрийн огноотой ЗБ1609002, ЗБ1609003 дугааруудтай барьцааны гэрээгээр Б.А-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Шавартын 1 дүгээр гудамжны 9 тоот хаягт байршилтай 88,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 555 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалуулсан үйл баримт тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, бичгээр байгуулагдаж талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурагдсан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх6-15/

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа дууссан, 969 хоног хэтрүүлсэн, үндсэн хүүнээс 4 470 000 төгрөг төлөгдсөн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Хуульд зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг тул хариуцагчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж мэдэгдэл хүргүүлж байгаагүй атал 969 хоногийн хугацаагаар шаардсан, үндсэн зээлээ төлөх гэтэл зээлдэгч хуулийн этгээд хаягаа өөрчилсөн тухайгаа мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх зохигчдын барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул барьцааны зүйл болох дээр дурдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохйрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 24-ны өдрийн 184/ШШ2019/02380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 115 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                               Ч.ЦЭНД

                                                               М.НАРАНЦЭЦЭГ