Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/53

 

 

 

 

 

 

2022          1              11                                            2022/ДШМ/53

 

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

хохирогч Д.М-ын өмгөөлөгч Э.Хэрлэнхүү,

цагаатгагдсан этгээд Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/731 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Болорзулын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Д-д холбогдох 1909030441328 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн Б-ын Д, 1989 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, “Д групп” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн … дугаар хороо, Их Монгол хорооллын … дүгээр байрны  …. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:………/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан;

Б.Д нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хөдөө аж ахуйн яамны хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл бичиж өгнө гэж хуурч хохирогч Д.М-аас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр .... банкны дансаар 1.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилан мэхэлж, нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лха овогт Б-ын Д-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.М-ын нэхэмжилсэн 5.000.000 төгрөгт нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хохирогч Д.М, гэрч С.Ц, Т, Ж.О, Г.Б, Г.Д, А.Х, Н.Д зэрэг баримтууд зэрэг баримтууд авагджээ. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэв. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгохоор тодорхойлсон байдаг. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг байхаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг. Шүүх хэргийн үйл баримтад хохирогч Д.М-ын мэдүүлгээс дүгнэж үзэхэд тэрээр шүүгдэгч Б.Д-г танихгүй, төсөл бичих талаар ярилцаж, холбогдсон зүйл байхгүй, тэр ч байтугай шүүх хуралдаанаас өмнө бие биеэ огт харж байгаагүй бөгөөд гэрч Ц-гийн санал болгосноор 5.000.000 төгрөгийг төслийн хураамж гэж шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Д нь залилах гэмт хэргийн шинж болох хуурч, итгэлийг урвуулан ашиглах замаар бусдын эд хөрөнгийг олж авах санаа зорилгыг агуулж, хохирогч Д.М руу чиглэсэн ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан тохиолдлыг хуульчилсан бөгөөд үүнийг төсөл бичих талаар ярилцаж, холбогдсон зүйл байхгүй, тэр ч байтугай шүүх хуралдаанаас өмнө бие биеэ огт харж байгаагүй бөгөөд гэрч Ц-гийн санал болгосноор 5.000.000 төгрөгийг төслийн хураамж гэж шилжүүлсэн гэх үйлдлийг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэгт хамаарахгүй мэтээр илтэд буруу тайлбарлаж дүгнэсэн. Дээрх байдлаас үзэхэд дан ганц хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдэл хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байхаар, бусад тохиолдолд гэмт хэрэг биш гэж харьцангуй илтэд хууль буруу ойлгож тайлбарласан шийдэл нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй гэж байна. Уг дүгнэлтийг дараах байдлаар үгүйсгэж дүгнэхэд яллагдагч Б.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 05-ны хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д групп" ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулж байхдаа “төсөл бичих" нэрээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Ц-гаар дамжуулан хохирогч Д.М-ын шилжүүлэн өгсөн 5.000.000  төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн тухайд дээрх тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч, хуурч төөрөгдөлд оруулах хэлбэрээр хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар ашиглан төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна гэж үзэж байна. Тухайлбал хэрэгт авагдсан хохирогч Д.М, гэрч С.Ц, Т нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Д нь фэйсбүүк орчинд байрлуулсан зарын дагуу хуурч мэхлэх зорилгоор бусдаар түүний дансаар дамжуулан хохирогч Д.М-тай харилцаа үүсгэхгүйгээр 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын мөнгийг эргүүлж төлөхгүй байх санаа зорилгыг эхнээсээ агуулж байсан гэж дүгнэх боломжтой гэж үзэхээр байна. Шүүхийн дээрх дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Түүнчлэн прокуророос яллах талын бичгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, тэдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал, шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл яагаад болохгүй байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг оновчтой зөв хийсэн гэж үзэхээргүй болно. Шүүхээс Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь бусад ял завшуулсан байдал үүсгэсэн бөгөөд түүний 2018 оноос хойш хохирогчийн шударгаар хөдөлмөрлөж хураасан эд хөрөнгө болох мөнгийг түүнд эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг эхнээсээ агуулсан гэж дүгнэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, энэ талаарх шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ. Дээрх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаан иргэний журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцаа мэтээр дүгнэж байгаа нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан, өөрөө буруугүй мэтээр ойлгуулж гуравдагч этгээдийг дээрх байдлаар ашиглан төөрөгдүүлэн түүнээс эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан байхад иргэний журмаар шийдвэрлэх гэж эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахаар хуульчилсан иргэний харилцаанд хамаарна гэж буруу шийдэл үүсгэсэн байна. Иймд шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн 1909030441328 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 731 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.М-ын өмгөөлөгч Э.Хэрлэнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Нэгдүгээрт, Б.Д-гийн бусдыг залилах үйлдэл хийж байгаа нь хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд дээр дурдагдаад байгаа цахим хэрэгсэл ашиглаад Хөдөө аж ахуйн яамны тендерт сонгон шалгарах хэмжээний төсөл бичиж өгнө гэсэн санал гаргасны үндсэн дээр Ц-гаас 5 сая төгрөгийг авсан байгаа. Энэ үйлдлээрээ Б.Дбусдыг залилах, хууран мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт, мөнгийг авсны хариуд төсөл бичсэн гэж яриад байгаа боловч хохирогч М-ын өөрийн анхны бичсэн төслийг хэлбэр хийцийг нь бага зэрэг өөрчлөөд өөрөө бичсэн мэтээр тайлбарлаад байгаа. Үүнийг нь хохирогчийн зүгээс Б.Д ямар нэгэн байдлаар тухайн төслийг сайжруулсан, өөрөө оюуны хөдөлмөрөөрөө тухайн төслийг сайжруулсан зүйл байхгүй гэж дүгнээд байдаг. Тэгэхээр Б.Д ямар нэгэн байдлаар бодитоор хөдөлмөрлөх үйлдэл хийгээгүй байж бусдын эд хөрөнгийг залилан авсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гуравдугаарт, хохирогчийг хохирлоо иргэний журмаар шийдүүл гээд нээлттэй орхиж шийдвэрлэсэн. Иргэний журмаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, хохирогч М нь Ц-д мөнгөө өгсөн. Гэтэл бодит байдал дээр Б.Д гэдэг хүн хохирогч М-ын 5 сая төгрөгийг захиран зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Д-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Цагаатгах тогтоол гаргахаас өмнө энэ хэрэг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэг бол цагаатгах нэг бол хянан шийдвэрлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг хүн, байгууллага, албан тушаалтан биелүүлнэ гэж заасны дагуу магадлалд дурдсан бодит нөхцөл байдлуудыг хянаж үзээд анхан шатны шүүх дараах нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүнд нэгдүгээрт, прокуророос гуравдагч этгээдээр дамжуулан залилсан гэдэг. Гуравдагч этгээдээр дамжуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. Гуравдагч этгээдээр дамжуулсан гэдэгт гэмт хэрэгт холбогдсон этгээд хохирогчийн эд хөрөнгө бусад эрхэд хохирол учруулах зорилгоор зар мэдээлэл тавих, гуравдагч этгээдээр дамжуулан хохирогчийн эрх ашиг сонирхолд болон өмчлөх эрхэнд халдах зэрэг санаа зорилго өмнө нь бий болсон байж гуравдагч этгээдээр дамжуулан залилсан гэмт хэрэгт хамаардаг. Гэтэл прокуророос өөр байдлаар тайлбарладаг. Гуравдагч этгээдээр дамжуулаагүй гэж бид үзэхдээ хохирогчийн асуудлыг онцолдог. Хохирогч удаа дараа мэдүүлэхдээ “Б.Д гэх хүнийг огт хараагүй, шүүх хуралдаанаар анх удаагаа харж байна. Би энэ хүнд мөнгө өгөөгүй” гэдэг. Төсөл бичиж өгнө гээд гуравдагч этгээдээр дамжуулан мөнгийг залилсан гэж прокуророос өөр үйл баримтыг ярьж байна. Харин хохирогч М мэдүүлэхдээ “би Ц-гаар төсөл бичүүлэх ямар ч шаардлага байгаагүй. Харин бичсэн төслийг минь дэмжих хүн байна уу гэх утгаараа мөнгө шилжүүлсэн. Ц-аас мөнгөө удаа дараа нэхэх үед төсөл бичигдсэн гээд төсөл аваад ирсэн. Ц надад худлаа ярьсан” гэсэн байдаг. Хохирогчийн мэдүүлгийг дүгнэж үзэхэд Б.Д-г огт танихгүй байдаг. Хуурч итгэлийг урвуулан ашиглах замаар бусдын эд хөрөнгийг олж авах санаа зорилгыг агуулж М-ын эд хөрөнгөд хохирол учруулах идэвхтэй үйлдэл хийгээгүй. Үйлдэлд нь дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Б.Д-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хөдөө аж ахуйн яамны хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл бичиж өгнө гэж хуурч хохирогч Д.М-Лаас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ..... банкны дансаар 1.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилан мэхэлж, нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт, үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Хавтас хэргийг судлахад, гэрч А.Х /1хх 195-198/, Н.Д /1хх 199-200/, Ж.О /1хх 92/, Г.Б/1хх 93/, Г.Д /1хх 94/ нарын мэдүүлгүүд болон ..... банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 37-43/ зэрэг нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба цагаатгагдсан этгээд Б.Д-гийн хувийн байдал болон хохирогчийн хохирол нөхөн төлөгдөөгүй зэрэгт хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтууд зөрүүтэй байхад няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор С.Болорзулын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор С.Болорзулын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/731 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхээр хянан хэлэлцэх хүртэл Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                     ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ