Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 93

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ч.Улаанхүүд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000060048 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн харьяат, 1989 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛЭ89051915, Дархад овгийн Ч. У 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

           Шүүгдэгч Ч.У нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 5-14 тоотод  2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн С.Галбадрахтай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал, буйлны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв.Үүнд:

 - Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай хүргэн Галбадрах Мөнххаан сумаас ирчихээд манай эгчтэй ажил дээр нь ч очиж хэрүүл хийгээд, утсаар ч очиж хэрүүл хийгээд байсан гэсэн. Тэгээд эгч гэртээ очвол бөөн хэрүүл болно гээд ажлаа тараад манайд ирсэн. Эгч манайд ирээд намайг бага охиноо аваад ир гэсэн. Би ээжтэй хамт Бямбаа гэдэг хүнийг гэрт нь хүргэж өгөх замаараа бага охиныг нь авах гээд очиход өөдөөс “янхан охиноо дууд” гээд байсан. Би “битгий ээж, аав руу янхан охиноо аваад ир гээд яриад бай” гэж хэлсэн. Манай ээж, болж бүтэхгүй бол сал бид нар чамайг нийлүүлсэн биш гэж хүргэнд хэлсэн. Гэтэл хүргэн ах янхан охиноо дууд гээж ээж бид хоёр руу агсраад байхаар нь би нэг цохисон. Би хүргэнд охиныг чинь авах гэж ирлээ гэхэд янхан эгч чинь хаана байна гэхээр нь би эгчийгээ дарамтлуулахгүй шүү гээд уурандаа нэг цохисон… гэв. 

- Хохирогч С.Галбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: Би эхнэрийгээ нэг залуутай яриад байхаар нь хар хөдөлсөн. Тэгээд хадам аав руугаа залгаад “ та нар охиндоо хэлээч, нэг нь амьдрахын төлөө яваад байхад нэг нь шоудаад байх юм, та нар охиноо ав” гэж хэлсэн. Ингээд гэртээ байж байтал манай хадам ээж Цогзолмаа, хадам дүү Улаанхүү нар ирээд Улаанхүү нь намайг зодсон. Миний доод хоёр шүд сул болсон, буйланд цус хурсан, Ч.Улаанхүү нь надаас уучлалт гуйсан, тийм болохоор гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-5-6 х/,  

 - Гэрч Ч.Энхсаруулын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай нөхөр Галбадрах Мөнххаан суманд барилга барьж байгаа юм. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр утсаар яриад Мөнххаан сумаас ирчихээд байна гээд намайг хардаж хэрүүл хийгээд байхаар нь би утсыг нь авахгүй байсан. Өдөр нь намайг лангуун дээр байхад хэрүүл хийгээд байхаар нь орой ажил тараад аавындаа очоод байж байтал Галбадрах аавын утас руу элдвийн зүйл бичээд намайг доромжлоод байсан. Тэгээд манай ээж Цогзолмаа, дүү Улаанхүү нар Бямбаа гэдэг хүнийг хүргэж өгөнгөө манайхаар дамжиж манай бага охиныг аваад ирнэ гээд явсан. Удалгүй ирээд Галбадрах гэртээ согтуу байна, Улаанхүү, Галбадрах нар зодолдсон гэсэн ...гэх мэдүүлэг / хх-11-12 х /,

- Гэрч О.Цогзолмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Хүргэн Галбадрах нь хардалтын улмаас байнга эхнэртэйгээ хэрүүлтэй байдаг. 2017 оны 09 сарын 05-ны өдөр мөн эхнэрээ хардаад утсаар охиноо ирж ав гэж загнасан. Энэ үед Энхсаруул манайд байсан. Оройхон 19 цагийн үед манай хүү Улаанхүү бид хоёр Бямбаа гэдэг хүнийг гэрт нь хүргэж өгөнгөө Галбадрахынхаар орж бага охиныг нь авах гэтэл тэр хаалгаа алдалж зогсоод “ янхан охин чинь хаана байна” гэсэн, тэгэхээр нь манай хүү Улаанхүү нь “ чамд эгчийгээ доромжлуулахгүй” гээд зууралдаад байсан. Нэг харахад Галбадрахын амнаас цус гарч байсан... гэх мэдүүлэг / хх-13-14 х /,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 327 дугаартай дүгнэлтэд: 1.С.Галбадрахын биед доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал, буйлны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-20 х/,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 х /

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37 х/ 

- Ч.У-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28 х /

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.09.08-ны өдрийн 3/343 тоот тодорхойлолт /хх-31 х / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

           Шүүгдэгч Ч.У нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр   орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 5-14 тоотод иргэн С.Галбадрахтай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал, буйлны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Галбадрах, гэрч Ч.Энхсаруул, О.Цогзолмаа нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 327 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Ч.У дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

Хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Ч.Улаанхүү нь өөрийн эгч Ч.Энхсаруулыг хэл амаар доромжлолоо гэх зүйлээр шалтаглан хүргэн ах  С.Галбадрахтайгаа маргаан үүсгэн, түүнийг зодож С.Галбадрахын биед хөнгөн хохирол учруулсан хийгээд түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Учир нь тэрээр бусдын эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй буюу буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсч хохирогчийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч Ч.У-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймд шүүгдэгч Ч.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүхээс шүүгдэгч Ч.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

          Ч.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан боловч эдгэрсэн, уг гэмт хэрэг гарахад эгчийг нь хэл амаар доромжилсон хохирогч С.Галбадрахын зүй бус үйлдэл нөлөөлсөн, тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан үзвэл түүнд торгох ял оногдуулах нь зохистой байна. 

Ч.У-ийн эрхэлсэн тодорхой ажилгүй буюу цалин хөлсгүй байгаа байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, энэ торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтооно.

        Шүүгдэгч Ч.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Галбадрах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Дархад овгийн Ч.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-г 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.У-д оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Ялтан Ч.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Галбадрах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ч.У-д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН