Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0765

2023 10 18                           128/ШШ2023/0765

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Маргааны төрөл: Газрын маргаан тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж*******, Г.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:

2.1 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар С******* ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсангийн аманд 34156 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 0******* дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон, гэрээ байгуулаагүй.

2.2 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай тушаалаар өмнөх 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:

3.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн нэр дээр олгогдсон газрыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай тушаалаар хүчингүй болгосон үндэслэл нь С******* ХХК-д 34156.4 м.кв газар ашиглах эрх олгохдоо Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.1, 3.2, 3.4 дэх хэсэгт заасан шаардлага, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлээгүй байхад газар ашиглах эрх хууль бусаар олгосон." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч С******* ХХК нь байгаль орчны төлөв байдлын болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгүүлж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1261 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гарсан санал хүргүүлэх тухай албан бичигт "С******* ХХК нь...солбилцол бүхий газартаа Цагаан уулын оргил ХХК-иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд тайлантай танилцсан тул байгальд орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй болно" гэж дурдсаны дагуу нэхэмжлэгч С******* ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын еренхий болон нарийвчилсан үнэлгээг холбогдох байгууллагаар хийлгүүлсэн.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3-р зүйлийн 3.4-т "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно", Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т "Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна. Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмне палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сард байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, тус үнэлгээг холбогдох байгууллагууд хянаж үзсэний үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаал гарсан.

Байгаль орчны үнэлгээ хийгдсэний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг олгосон тушаал гарсан тул С******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал нь хууль болон баримтад үндэслээгүй байна. Мөн нэхэмжлэгч С******* ХХК-ийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаал гарсан өдөр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 03 дугаартай албан бичгээр гомдол гаргасан боловч хариуцагч талаас ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж******* тайлбартаа: Нэг. Хариуцагч хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09/2949 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Уг мэдэгдэлд нэгдүгээрт анх газар ашиглах эрх олгохдоо Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.1, 3.2 дэх хэсэгт заасныг хянан, шалгаж үзээгүй хэмээн дурдсан боловч мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл бий болсон талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан нөхцөл байдал бий болсон талаар сонсох ажиллагаа явуулаагүй юм. Гэвч маргаан бүхий 2022 оны А/212 дугаар "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4-дэх заалтыг тус тус үндэслэсэн хариуцагч сонсох ажиллагаа явуулсан мэдэгдлийн хүрээнээс хэтэрсэн буюу сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч газар ашиглах хүсэлтийг гаргахдаа хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.1, 3.2-р тус тус шаардсан баримтыг хариуцагч бүрэн гүйцэд гаргаж өгсөн болно.

Хоёр. Сонсох ажиллагааны 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 09/2949 дугаар мэдэгдэлд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.4-т заасныг хэрэгжүүлээгүй учир газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох тухай захиргааны акт гарах болсныг мэдэгдэж байдаг.

Эл мэдэгдлийн хууль зүйн үндэслэлээс үзэхэд хуульд заасан хугацаанд газар ашиглуулах гурван талд гэрээг байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар сонсох ажиллагаа хийгдсэн. Гэтэл маргаан бүхий бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/212 дугаар "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" тушаалаар мөн сайдын 2021 оны А/356 дугаар тушаалын нэхэмжлэгч С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо уг тушаалын 1 дэх заалтад гурван талт гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр биш байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/356 дугаар тушаалын нэхэмжлэгч С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь мөн л сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан үндэслэлээс өөр үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Гурав. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.4 дэх заалт нь газар ашиглах эрхийн эрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн гэрчилгээ 2021.12.22-ний олгогдсон. Иймээс нэхэмжлэгч гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш журамд заасан хугацаанд гурван талт гэрээ байгуулах 2023 оны 03 дугаар 23-ний өдрийн 02 тоот хүсэлтийг Богд хан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн болох нь шүүхээс Богд хан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байранд 2023 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон билээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С******* ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаартай тушаалаар маргаан бүхий тушаалаар хүчингүй болгосон газар буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсангийн ам нэртэй газарт 34156.4 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан зориулалтаар ашиглах эрхийг олж авсан. Улмаар хуульд заасны дагуу мөн хуулийн 37 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журамд заасны дагуу гурван талт гэрээ байгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай албан тоотоор гаргасан. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл нэхэмжлэгчид ирсэн бөгөөд ямар үйл баримт дурдагддаг гэхээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг цуцлах үндэслэл бүрдсэн байна. Цуцлах үндэслэл нь нэгдүгээрт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын түр журам гэж байгаа, тус журмын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.1, 3.2 дахь хэсгийг зөрчсөн байна гэх асуудлыг дурдсан. Эхний ээлжид журмыг зөрчсөн эсэхэд тайлбар хэлэх нь зүйтэй байх. Яагаад гэхээр Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын бүрэн эрхийг хуульчилсан. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам нь Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9 дэх заалтыг үндэслэж гарсан. Тус заалтыг авч үзэхээр өмнөх газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгох үндэслэлд дурдсан газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмыг батлах эрх зүйн чадамж байсан эсэхийг шүүхээс онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Яагаад үүнийг ярьж байна гэхээр Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хууль батлагдаж маргаан бүхий захиргааны акт гарах үед сонсох ажиллагаа явагдаж байх үед хуулийн 27.9 дэх заалт  тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтооно гэж заасан. Хариуцагчаас үйл ажиллагаа явуулахдаа мөрдөж ажиллаагүй гэж байгаа журам нь юу гэхээр газар ашиглах зөвшөөрөл олгоход юу бүрдүүлэх вэ гээд хуулиас давсан журам гаргаж, үүнийгээ мөрдөж ажиллагаагүй байна гэх үндэслэлээр өмнөх сайдын гаргасан тушаалыг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Тус журмыг баримталж ажилласантай холбоотой ямар асуудал гарч ирсэн гэхээр сонсох ажиллагааны мэдэгдлийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.1, 3.2 дахь заалтыг баримталж ажиллагаагүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч талаас газар ашиглах тухай хүсэлтийг Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу бүрдүүлж өгсөн. Гэтэл өнөөдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон хариуцагч байгууллагын бичиг баримтын замбараагүй байдлаас болж нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд бүрэн хэрэгт цуглараагүй. Шүүхээс нотлох баримт цуглуулах чиг үүргийг хангалттай биелүүлсэн гэж үзсэн. Гэсэн хэдий ч шүүхээс цуглуулах боломжгүй, очиж архивд нь үзлэг хийхээр 2021 оны 08, 09 дүгээр сарын бичиг баримтын бүртгэлийн дэвтэр байхгүй, алга болсон гэдэг зүйл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гаргасан хүсэлт 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн. Үүнд хариуцагчийн ямар тайлбар харагддаг гэхээр бид задгай байсан баримтыг бүртгэсэн, түүнд хавсаргаж өгсөн боть материалуудыг скайнердаж цахим порграмм руу оруулдаггүй гэсэн тайлбараар тогтоогдож байгаа. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна гэхээр нэхэмжлэгч тал Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.1 дэх хэсэгт заасан баримтыг бүгдийг нь бүрдүүлж өгсөн бөгөөд төсөл хэрэгжүүлэгч санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа буюу "С*******" ХХК төслийг гүйцэтгэх бүрэн боломжтой компани юм. Энэ нь хоёрдугаар хавтаст хэрэгт авагдсан зардлын баримтуудаар тогтоогдож байгаа гэж ойлгож байгаа. Татварын өргүй талаарх баримтыг бүрэн гаргаж өгсөн. Энэ баримтыг хадгалж авч, үлдээгүйн бурууг нэхэмжлэгчид хүлээлгэж, газар ашиглах эрх олгосон 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь хууль бус байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.1, 3.2 дахь хэсэгтэй холбоотой асуудал нь бодит байдалд тогтоогдоогүй гэж харж байгаа.

Сонсох ажиллагааны мэдэгдэлд ямар асуудлыг дурдсан гэхээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дэх хэсгийг биелүүлээгүй байна гэсэн. Тус зохицуулалт нь газар ашиглах гэрээ байгуулах талаар ба газрын гэрчилгээ олгосноос хойш 3 сарын дотор гэрээ байгуулна гэсэн зохицуулалт. Энэ үүргийг хэнд хүлээлгэх ёстой вэ гэдгийг харах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дотоодын хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гарсан бусад хууль дүрэм, журам, эрх зүйн акт гэсэн дарааллаар хэрэгжих ёстой. Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд газар ашиглах гэрээ гэсэн заалт бий. Мөн хуулийн 37.1 дэх хэсэгт Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга байгуулахаар заасан. Энэ асуудлаар гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа бол хуульд нийцэхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу гэрчилгээ олгосон өдрөөс эхлүүлэн 3 сарын хугацаанд газар ашиглагч батлуулна гэсний дагуу захиргаа батлах ёстой. Тэгэхээр батлуулах үүрэг хуульд зааснаас арай өөр буюу журмаар зохицуулагддаг юм байна. Журмыг Засаг дарга байгуулах ёстой, журмаар батлуулах чиг үүргийг газар ашиглагч хүлээхээр зохицуулсан байна. Уг зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч тал газар ашиглах хүсэлтийг гаргаж байсан эсэх асуудлыг шүүхийн журмаар болон үзлэгээр бэхжүүлсэн. Холбогдох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Нотлох баримт шинжлэх судлах явцад тодорхой болох байх. Газар ашиглах эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тус гэрчилгээ нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн огноотой, газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас удаа дараа гаргаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр гэрээ байгуулъя, гэрчилгээгээ авсан гэх агуулгатай хүсэлтийг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж байсан. Түүнийг хүлээн авч бүртгэж байсан үйл баримт тогтоогддог. Гэтэл хариуцагч болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас юу гэж тайлбарладаг гэхээр  шүүхээс үзлэг хийхэд эдгээр баримтууд бид бүхэнд огт ирээгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 4 хуудас баримт өгсөн гэдэг. Харин бүртгэл хяналтын картад 30 хуудас, 2 боть баримт байна гэсэн боловч эдгээр баримтууд ирээгүй. Скайнер хийж,  pdf файл болгосон баримт нь 10 хуудас л байсан.  Сонсгох ажиллагааны мэдэгдлийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4 дэх хэсэгт заасан асуудлын хүрээнд гэрээ байгуулаагүй, холбогдох баримтыг бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй гэж  "С*******" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл бүрдсэн гэх сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан. Бидний зүгээс хариу тайлбарыг хүргүүлсэн. Сонсох ажиллагаа гэдэг нь хуульд заасны дагуу захиргааны акт гаргах болсон үндэслэлийн талаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, холбогдох тайлбарыг авах ажиллагаа юм.

Гэтэл маргаан бүхий захирамж нь сонсох ажиллагаанаас зөрүүтэй үйл баримт байна. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийг авч үзэхээр Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан ерөнхий зохицуулалт, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон зохицуулалт нь Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт юм. Тус хуульд 2023 онд өөрчлөлт орохоос өмнө маргаан бүхий тушаал гарсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах эрх нь энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу дуусгавар болох бөгөөд 39 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг цуглуулсан баримтын хүрээнд харах хэрэгтэй. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахын тулд ямар нөхцөл байдлыг тогтоосон бэ гэдэг асуудал яригдана. Нөхцөл байдлыг хэрхэн тогтоохыг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлүүдэд тодорхой заасан. Захиргааны байгууллага шинээр захиргааны акт гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулна гэж заасан. Нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас аливаа этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж байгаа учраас нөхцөл байдлыг бүрэн  тогтоож, зорилгодоо нийцсэн, бодитой, хуульд үндэслэсэн шийдвэр гаргахаар хуульчилсан. Гэтэл өнөөдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хийсэн гэх ямар үйл баримт тогтоогдсон бэ. Бид бүхний гаргаж өгсөн баримтыг алга болгоод олохгүй байна гэх тайлбарыг өгсөн атлаа та нар баримт ирүүлээгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ маргаан бүхий захирамжийг гаргах үед сонсох ажиллагаа хийсэн бол ард хэсэгт нь хавсаргасан байх байсан. Үүнтэй холбоотой зүйлийг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу цуглуулж бүрдүүлсэн. Ийм учраас манай шийдвэр хуульд нийцсэн, хуульд үндэслэсэн тушаал гэж хариуцагчаас ярих ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй өөрсдийн алга болгосон материалд нэхэмжлэгчийг буруутгах байдлаар цуцалсан үйл баримт байна гэж харсан. 

Тушаалын дараагийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг баримталсан байсан. Үүнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай асуудал л байгаа. Түүнээс биш газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ хариуцагч талд байхгүй. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бол гэж заасныг баримталчихсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь Газрын тухай хуулиар тусдаа зохицуулагдах асуудал. Тиймээс тус хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар үйл баримт бий болсон бэ, холбогдох нотлох баримт байхгүй. Сонсох ажиллагааны мэдэгдэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо гэсэн хүрээнд явагдаагүй. Гэтэл сонсох ажиллагаа явуулснаас өөр үндэслэлээр тушаал гарсан. Тус заалт нь газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, газар эзэмшигч этгээд газар эзэмших явцдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай зохицуулалт бөгөөд сонсох ажиллагаатай тушаал нь зөрчилдөж байгаа юм. Тиймээс захиргааны акт нь хуульд нийцэхгүй байна.  

Тушаалын дараагийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт юм. Тус зохицуулалт нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай бөгөөд актын үндэслэл болгож буй заалтууд болох Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтууд нь хоорондоо зөрүүтэй зохицуулалтууд байна. Хүчингүй болгох, цуцалж болох ямар заалтууд байна гэж харж байгаад гаргасан болохоос биш бодит нөхцөл байдалд тохирсон судалгаа, нотлох баримт, үйл баримт, зохицуулалтууд байхгүй бөгөөд тушаалын нэг дэх хэсгээр баталгаажна. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаартай тушаалаар  34156.4 м.кв талбайг олгосон, олгохдоо Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалын хавсралтын 31, 3.2, 3.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 

Үүн дээр дахин нэг сонсох ажиллагаа явуулаагүй асуудал гарч ирж байгаа. Тушаалын нэг дэх заалтад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийгээгүй байхад газар олгосон гэсэн. Гэтэл сонсох ажиллагаа нь үүнтэй холбоотой асуудлаар биш. Миний бодлоор Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт баримтыг бүрдүүлж өгөөгүй, хүлээж авах эрхгүй этгээдэд олгосон гэж заасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй байна гэх агуулгаар актыг гаргахдаа сонсох ажиллагаанаас дахин зөрүүтэй байдлыг бий болгосон. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цахимаар оролцсон бөгөөд тус өдрийн тэмдэглэлд цахим бүртгэл нь эхний хэдэн хуудсыг скайнер хийж, үлдсэн материалыг боть эсхүл хавтас гэж бүртгэдэг. Боть гэдэг нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн газар ашиглахтай холбоотой төсөл, байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээ зэргийг нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн гэж хэлсэн тайлбар байгаа. Хариуцагч байгууллагаас өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбараас зөрүүтэй байдлаар бодит байдалд маргаан бүхий захиргааны акт гарсан. Байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээ болон сонсох ажиллагаа явуулаагүй гэх асуудлаар өмнө нь гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. 

Нэхэмжлэгч тал газар ашиглах эрх авах хүсэлтийг ямар журмын дагуу гаргасан эсэх, хэрхэн бүртгэгдсэн үйл баримтыг шүүх тогтоосон гэдгийг түрүүн тайлбарласан. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Ингэхдээ өмнө нь холбогдох нотлох баримтуудыг бүрэн гүйцэд гаргаж өгсөн. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа хуулийн этгээдүүд ямар баримт бичгийг бүрдүүлж, газар ашиглах эрх олж авдаг талаарх баримтыг цуглуулсан. Мөн 60 гаруй хуудас материалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн. Бусад компаниудын материалыг авч үзэхээр нэхэмжлэгчтэй адил төрлийн материалуудыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн бөгөөд дэмжсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, улмаар газар ашиглах эрх олгосон. Гэтэл нэхэмжлэгчийг холбогдох ямар нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй гэх байдлаар уг тушаал гарсан нь эргэлзээтэй. Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны субъектүүд нь эрх мэдлээ хэрэгжүүлж мэддэггүй субъектүүд юм уу. Хариуцагчийн хэлж байгаа асуудал хууль бус гэж үзвэл тухайн хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ. Танай газрыг цуцалсан гэх шийдвэрийг гаргаж байгаагаас биш тайлбарыг сонсох ч боломжгүй нөхцөл байдалд энэ захиргааны акт нь гарсан үйл баримт харагдаж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү?

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О******* тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актад хоёр зүйлийн талаар дурдаж байгаа юм. ер нь 2 л үндсэн асуудал яригдаад байгаа юм. Нэгдүгээрт, Г.Ж******* өмгөөлөгч хэлсэн нэхэмжлэгч талын эрх ашиг нь хөндөгдөх гэж байгаа учраас мэдэгдэл ирүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг харахаар 90 хоногийн дотор гэрээ байгуулаагүй учраас газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцаллаа гэсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу оролцож байтал цуцалсан захиргааны акт нь тэс өөр үндэслэлээр гарч ирсэн. Өөр үндэслэлээр гарч ирэхдээ байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй гэх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр гарсан. Үүний улмаас захиргааны акт цуцлагдах шууд үндэслэл бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийг захиргааны байгууллага хатуу дагаж мөрдөх ёстой. Монгол Улсын Үндсэн хууль захиргааны бусад хуулиудыг зөрчихгүйн тулд Захиргааны ерөнхий хуулийг чанд баримталж ажиллана гэж тогтоосон. Үүний дагуу оролцогчдын эрх ашиг нь хөндөгдөж байвал гаргах гэж байгаа захиргааны актын үндэслэлийг танилцуулах ёстой. Тэрнээс оролцогчид нэг юм ярьж зүүн тийш нь явуулж байгаад захиргааны акт гаргахдаа гэнэдүүлж баруун тийш нь дарж захиргааны акт гарга гэж огт зохицуулаагүй. Тэгэхээр тус захиргааны актыг анхнаас нь хүчингүй болгох хангалттай үндэслэл байсан гэж хэлмээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмыг үндэслэл болгож ярилаа. Тус журмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан зохицуулалтаас давсан зохицуулалтууд байгаа юм. Журам нь хуультай нийцэхгүй байгаа маш олон тохиолдол гарна. Хамгийн эхний жишээ нь төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актын гол цөм нь журмын 3.4 дэх хэсэгт заасан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй байна гэх үндэслэлээр цуцалсан гэсэн. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх хүсэх тухай зохицуулалт гэж бий. Мөн тухайлаад газар ашиглах хүсэлт гаргахад юу бүрдүүлэх талаар зохицуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /1994/ нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт ороогүй хувилбараар үйлчилж байсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн мэдэж байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийг харахаар газар ашиглах эрх хүссэн зохицуулалт нь 33 дугаар зүйлд зааснаар зохицуулагдсан. Газар ашиглах хүсэлтийг тус хуулийн 35 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримталж гаргана гэж заасан. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт газар ашиглах хүсэлт гаргахдаа 33 дугаар зүйлийг иш татсан. Тэгэхээр хуулийн нарийвчилсан зохицуулалтыг түр журам гэх зүйлээр хуулиас давсан зохицуулалт оруулсан нэг зөрчил байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмыг хэрэгжүүлэхдээ төрийн захиргааны байгууллагаас хууль, журам хоёр нь зөрчилдөж байгаа учраас хэрэгжүүлэх практик нь зөрчилддөг. 

Бид хариуцагчийн төлөөлөгчийн ярьсныг сонссон. Нэхэмжлэгчээс байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэе гэж хүсэлт гаргахад нь төрийн захиргааны байгууллагын холбогдох газраас нь байгуулсан гэрээгээ авчрах шаардлагатай гэж хариу өгсөн гэлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дэх хэсэгт хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга гэрчилгээ олгоно гэж заасан. Гэрчилгээ олгосноос 3 сарын дараа гэрээ байгуулна гэсэн. Үүнийг энгийн логикоор бодохоор журам юу шаардаж байна гэхээр эхлээд нарийвчилсан үнэлгээ хийгдэнэ. Хуульд заасны дагуу ерөнхий үнэлгээ гарсны дараа шаардлагатай гэвэл нарийвчилсан үнэлгээ хийдэг. Энэ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиар зохицуулагдсан асуудал. Тэгэхээр оролцогч яах ёстой гэхээр эхлээд ерөнхий үнэлгээ хийлгэж дараа нь нарийвчилсан үнэлгээ хийлгэж. улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж, газар ашиглах эрх олж авсны дараа гэрчилгээ авч гурвалсан гэрээ байгуулах талаар тус журмын 3.4 дэх хэсэгт зохицуулсан. Гэтэл байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэе гэж хандахаар гэрээ шаардаж байгаа юм. Тэгэхээр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам нь хуультай нийцэхгүй учраас практикт огт хэрэгжихгүй байгаа. Газрын эрхийг авъя гэж хандахаар байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийлгэсэн байхыг шаардана. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам нь  хуультай зөрчилдсөн зүйл хийсэн. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам нь 2001 онд гарсан. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 2012 онд шинэчлэгдэн батлагдсан байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2012 оны нэр томьёонуудыг дурдаж яриад байгаа. Жишээлбэл, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журамд юу гэж заасан гэвэл байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гэсэн. Гэтэл 2012 оны хуульд байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гэж нэр томьёо байхгүй. Байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гэж хуваагддаг. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нь дотроо 4 хуваагдаад стратегийн үнэлгээ, төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн үнэлгээ хуримтлагдах, нөлөөллийн үнэлгээ гэж хуваагдана. Түүнээс биш байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гэдэг нэр томьёо байхгүй. Мөн 2001 оны журам гарч байх үед төлөв байдлын үнэлгээ гэх ойлголт хуульд байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гэдэг нь шинэ хуулийн 4.1.2 дахь хэсэгт орж ирсэн. Маргаан бүхий захиргааны актад ямар нэр томьёо байна гэхээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байхад газар ашиглах эрх хууль бусаар олгосон байх тул гэж байгаа. Тэгэхээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан төлөв байдлын үнэлгээг нэхэмжлэгч тал хийлгэсэн бөгөөд энэ үйл баримт нь тогтоогдсон.

Маргаан бүхий захиргааны акт шууд хүчингүй болох дараагийн нэг үйл баримт юу гэхээр захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дахь хэсэгт заасан энэ захиргааны актыг гаргахтай холбоотойгоор бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийн тайлбар, байр суурийг авах үүргийг огт биелүүлээгүй бөгөөд юугаар нотлогдож байна гэхээр захиргааны байгууллага акт гаргасныхаа дараа шүүхэд цугласан баримтуудыг нөхөх байдлаар тайлбар хийж байгаа юм. Захиргааны байгууллага анх нэхэмжлэл гаргахад ямар хариу тайлбар өгсөн гэхээр нэхэмжлэгч тал 2 хуудас баримт өгсөн гэх тайлбаруудыг өгсөн. Захиргааны акт гаргахтай холбоотой цуглуулсан баримтуудаа шүүхэд тайлбарын хамт хавсаргаж ирүүлсэн. Тус баримт нь хүсэлт, дүрэм, нэг хүний иргэний үнэмлэх байгаа. Тэгэхээр захиргааны байгууллага акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг судалж тогтоох үүргээ биелүүлээгүй. Уг маргаан нь шүүхэд хянан хэлэлцэгдээд 2 жил болоход бид шүүхээр үзлэг хийлгэж, нотлох баримт цуглуулсан үйл баримтад тулгуурлаж эд нар сүүлд ингэж хүсэлт гаргасан гэдэг зүйлийг одоо ярьж байгаа. Анх шүүхэд гаргасан тайлбарт тийм зүйл огт байхгүй үнэлгээ хийлгээгүй, гэрээ байгуулаагүй байгаа гэдэг зүйлийг л ярьж байсан. 

Захиргааны байгууллага захиргааны акт гаргахын тулд хууль зөрчсөн гэж байгаатай холбоотой нотлох баримтаа цуглуулж бэлдсэн байх ёстой. Гэтэл захиргааны байгууллага гаргаж өгөхгүйгээр барахгүй олоогүй, байхгүй гэдэг. Энэ үндэслэлээр захиргааны акт шууд хүчингүй болох ёстой эрхэм шүүгчээ. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг захиргааны байгууллага хэлбэрийн төдий хэрэгжүүлж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байдаг. Захиргааны байгууллагаас таамгаар энэ байгууллагыг системээс харахад 2 гэж гарчихсан байна, 0 гэж гарчихсан байна, өгөөгүй гэх зэрэг хувийн бодол орсон уу, хэн нэгэн хүний хувийн сонирхол орсон уу тааж хэлж чадахгүй байна. Тэгэхдээ захиргааны байгууллага захиргааны актыг гаргахдаа сэжиг таамагт хөтлөгдөж гаргасан гэдэг нь хөдөлшгүй бодитоор тогтоогдсон. Яагаад гэвэл захиргааны байгууллага маргааны бүхий захиргааны актыг гаргахдаа л энэ бүгдийг хөтөлбөргүй тогтоох ёстой байсан. Манайхаас гаргаж өгсөн баримтуудыг ингэж үзье, ингээд бодчихъё гэх байдлаар тайлбарлаж байгаа юм. 

Захиргааны байгууллага журамд зааснаар 3 сарын дотор гэрээ байгуулах ёстой. Гэтэл гэрээ байгуулаагүй байна гэсэн. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын  3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт гэрчилгээ авснаас хойш 3 сарын дараа гэрээ байгуулна гэж байгаа. Гэтэл оролцогч байгууллага гэрчилгээ авснаас хойш 3 сарын дотор гэрээ байгуулъя гэх хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг хариуцагч цахим системд бүртгэснээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл захиргааны байгууллага гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй атлаа гэрээ байгуулаагүй гэж цуцлах сонсох ажиллагаа явуулж байгаа нь зөрчилтэй юм. 

Захиргааны хэрэгт огт нотлогдоогүй, маргаан бүхий акт болон сонсох ажиллагаанд дурдаагүй хувийн шинжтэй зүйлийг ярьж байна. Энэ юу гэхээр орон сууцны барилга барих, зөвшөөрөлгүй газар ухсан зэрэг зүйлийг ярьж байна. Төслийн баримт бичиг зориулалтын дагуу өгөгдчихсөн үүнийг хариуцагч талаас авсан гэж тооцъё гэсэн. Өнөөдөр орон сууцны барилга баригдсан уу гэвэл баригдаагүй. Газрыг нэхэмжлэгч байгууллага ухсан уу гэвэл ухаагүй. Тусдаа хэрэгт өмнө нь эзэмшиж байсан байгууллага ухсан гэдгийг ярьчихсан. Гэтэл захиргааны байгууллага дурдагдаж, нотлогдоогүй үйл явдлыг ярьж байна. Захиргааны байгууллага ямар ч хамаагүй аргаар нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг зөрчсөн шийдвэрээ хамгаалах хүсэл зоригтойгоор ийм ёс зүйгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн эхний ашиглах эрх цуцлаад шүүхээд маргаад 3 хоногийн дотор нэхэмжлэгч газрыг авсан гэж хэлээд байгаа. Гэтэл тухайн байгууллага 08 дугаар сард хүсэлт гаргаж энэ процесс үргэлжилж байсан гэдэг нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдсон. Маргаан дуусаад хүсэлт гаргаж 3 хоногийн дотор авчихсан зүйл биш. Маргаан бүхий захиргааны актын хувьд шүүхийн маргаан дууссанаас хойш 3 хоногийн дотор олгосон гэж яриагүй шүү дээ. Захиргааны байгууллагын төлөөлөгч ямар ч ёс зүйгүй байна. Дараагийн тайлбаруудаар Захиргааны ерөнхий хуулийн зарчмын талаас дахин тайлбар хийх боломж гарах байх. 

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С******* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалыг үндэслэн Зайсангийн аманд 34156.4 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгосон. Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/212 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгохдоо Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.1, 3.2, 3.4 дэх хэсэгт заасан шаардлага, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байхад газар ашиглах эрх олгосон нь хууль бус гэж үзэн газар ашиглах эрх олгосон тушаалын холбогдох хэсгийг сайд өөрийн хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн хүчингүй болгосон.

Сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.1-д Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь иргэн, аж ахуйн нэгж, 2 байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзнэ. Төсөл хэрэгжүүлэгч уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа, татварын болон банкны өргүй гэдгийг баталсан баримт бичиг, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх, гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр баримт., 3.2-т Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна. Дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ., 3.4-т "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.

Нэхэмжлэгч нь тус журамд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг тогтоосон хугацаанд хийлгээгүй газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан бөгөөд мөн түр журамд газар ашиглагч иргэн нь 3 сарын дотор гурвалсан гэрээг байгуулж хууль болон гэрээнд зааснаар газрын төлбөрийг төлж үйл ажиллагаа явуулахаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл гэрээг байгуулж газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй байна.

Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн болно. Мөн нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон анх газар ашиглах эрх авах хүсэлт гаргаж байсан цаасан материалд байсан гар утас руу "viber" ашиглаж, мэдэгдлийг хүргүүлж, тухайн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөл хүлээн авч танилцсан болох нь баримтаас тодорхой харагдана.

Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 28- ны едрийн А/212 дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: "С******* ХХК нь анх 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 13 албан тоотоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах тухай хүсэлтийг гаргаж, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандаж байжээ. Хүсэлтдээ холбогдох баримтыг хавсаргасан. Нэг нь төсөл байж, нөгөөх нь байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээ байж гэдэгтэй маргахгүй, үлдсэн 10 хуудас баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан холбогдох байгууллагуудаас нотлох баримтын шаардлага хангуулж авсан. Хүсэлт гаргаснаас хойш 2 сарын дараа 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А356 дугаартай тушаалаар нэхэмжлэгч компанид газар ашиглах эрхийг олгосон. Газрын гэрчилгээг 2021 оны 12 дугаар сард олгосон. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээний аудитын хэлтэст байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээг холбогдох байгууллагаар хийлгэсэн, хуульд заасны дагуу ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр танай байгууллагын хүсэлт, холбогдох материалтай танилцлаа. Байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу дараах материалыг ирүүлнэ үү. Нэгт, төслийн эскиз зургийг мэргэжлийн компаниар хийлгэж, Нийслэлийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнаар батлуулах. Хоёрт, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж ирүүлэх. Гуравт, Хан-Уул дүүргийн Засаг дарга Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээг ирүүлэх, тухайн төлөв байдлын үнэлгээг хянах, дүгнэлт гаргахаас татгалзаж буцаасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компани үнэлгээ хийлгэхээр хүсэлт өгснөөс хойш 1 сар 3 хоногийн дараа 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан үйл баримт байгаа. 

Маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А212 дугаартай  захирамж гарахад сонсох ажиллагаа хийсэн талаар маргахгүй байна гэж ойлголоо. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Ингэхдээ нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан Чингэлтэй дүүргийн 5-р хороо 47-16 тоотод шуудангаар хүргүүлсэн. Мөн гэрчилгээнд заасан утасны дугаарт вайбэр-аар хүргүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. 

Нэхэмжлэгч талаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт 39 дэх хэсэгт заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгоно. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал нь тус заалтыг баримталж хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж байна. Тус актыг гаргах болсон эрх зүйн үндэслэл болон шалтгаан нөхцөл, үнэлэлт дүгнэлт хийсэн зүйл юу гэхээр 2021 оны 10 дугаар сард газар ашиглах эрх авахдаа хууль бусаар газар ашиглах эрх олж авсан. Тиймээс тус эрхийн гэрчилгээ нь хүчингүй болж байгаа юм. Эрхийн гэрчилгээ хүчингүй болж байгаа учраас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хүчингүй болгох зохицуулалт зайлшгүй байх ёстой. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай зохицуулсан. Яагаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийг баримталсан гэхээр Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө хүчингүй болгуулах талаар тус хуулиар зохицуулж өгөөгүй байсан бөгөөд Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Газрын тухай хуулийн дагуу зохицуулахаар заасан. Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө газрыг хүчингүй болгох талаарх харилцааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон гэж заасныг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны актынхаа үндэслэл болгосон. 

Тушаалын нэг дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4 дэх хэсэгт заасан шаардлага, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлээгүй байхад газар ашиглах эрх олгосон нь хууль бус гэж үзэж газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Журмын 3.1 дэх заалт нь газар ашиглах эрх олж авах гэж байгаа этгээд дараах баримтыг бүрдүүлнэ гэжээ. Үүнд 3.4 дэх хэсэгт гэрээ байгуулаагүй гэх нөхцөл байдлыг дурдаж байна гэж нэхэмжлэгч талаас хэлдэг. Гэтэл 3.4 дэх хэсгийг бүхэлд нь үзвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэнэ. Тухайн саналыг үндэслэж хийгдсэн байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлт, дүгнэлтэд тулгуурлаж гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах тухай шийдвэр гэсэн. Тэгэхээр газар ашиглуулах шийдвэр гарахын тулд тухайн санал холбогдох баримтад үндэслэсэн төлөв байдлын ерөнхий үнэлгээ, үүнд үндэслэж байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гарна. Тус дүгнэлтээр тухайн газар хийгдэх гэж байгаа ажил нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн тохиолдолд Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас тушаал гаргаж, улмаар гурвалсан гэрээг байгуулахаар заасан.

Тус журмыг хуульд нийцээгүй гэж маргаж байна. Гэтэл тухайн журам нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай тушаал гарах үед хэрэгжиж байсан бөгөөд нийтээр дагаж мөрдөж байсан. Тус журамд зааснаар үнэлгээг хийсний дараа тушаал гарах ёстой гэж заасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна гэж заасан. Хуулийн 4.1.1.байгаль орчны стратегийн үнэлгээ /цаашид "стратегийн үнэлгээ" гэх/; 4.1.2.байгаль орчны төлөв байдлын үнэлгээ /цаашид "төлөв байдлын үнэлгээ" гэх/, 4.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /цаашид "нөлөөллийн үнэлгээ гэх/, 4.1.4.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ эдгээр үнэлгээнүүд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамаарахаар зохицуулжээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээг хийлгэж болзошгүй нөхцөлийг судалсан байна гэж байгаа. 6.6 дахь хэсэгт эрх бүхий мэргэжлийн байгууллага нь боловсруулсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон нөлөөллийн үнэлгээний тайланг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж хянуулна гэж заасан. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэгч төсөл эхлэхийн өмнө байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн байх шаардлагатай. Дараалал нь эхлээд төлөв байдлын үнэлгээ хийлгэсний дараа 7 дугаар зүйлд нөлөөллийн үнэлгээ гэж байна. Энэ нөлөөллийн үнэлгээ нь 4 дүгээр зүйлд заасан байгаль орчны үнэлгээнд хамаарч байгаа нэг үнэлгээ нь юм.

Нөлөөллийн үнэлгээ нь юунаас бүрддэг вэ гэхээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнээс бүрдэнэ гэж 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт  заасан. 7.2 дахь хэсэгт байгаль орчны ерөнхий үнэлгээг байгууллагын нөөцийг ашиглах газрын болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болсон. Төсөл хэрэгжүүлэгч хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан. Тэгэхээр ерөнхий үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч төслөө бичиж, газар ашиглах эрх авахаасаа өмнө ерөнхий үнэлгээ хийлгэхийг заасан. Улмаар 7.3 дахь хэсэгт төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник эдийн засгийн үнэлгээний зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны нөлөөллийн төлөв байдлын үнэлгээний тодорхойлолт зэргийг хавсаргаж албан байгууллагад нөлөөллийн үнэлгээг хийлгэнэ гэж байгаа. Улмаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзвэл нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр хуульд тодорхой заасан. Гэтэл тус төлөв байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй, тухайн төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тооцоолоогүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын тухайн үеийн сайд н.Уртнасан 2021 оны 10 дугаар сард С******* ХХК-д газар олгосон нь хууль бус гэж үзэж газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож энэ тушаал нь гарч байгаа.

Мөн газар ашиглагчийн эрх, үүргийг Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4 дэх хэсэгт тогтоосон журмын дагуу газрын төлөв байдал чанарын баталгааг хийлгэсэн байх ёстой. Гэтэл хийлгэсэн зүйл байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  45 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүрэг гэж байх бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсгээс 3.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр түрүүн дурдсан 35.3.4 дэх хэсэг хамаарахаар заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авахаар заасан. Хариуцагчийн зүгээс энэ заалтыг яагаад дурдсан гэхээр нэхэмжлэгч компани 2021 оны 09 дүгээр сард газар ашиглах хүсэлт гаргасан бөгөөд ингэхдээ нийслэлийн хотын өнгө үзэмжид нийцэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тав тухтай орчин бүрдүүлэх нөхцөл болзлоо хангах, амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор барих төсөл гэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг он цаг, дарааллаар нь харахаар 2022 онд хийж байгаа төлөв байдал, төслийн эскиз зураг зэргийг харахаар нэхэмжлэгч компанийн анх 2021 оны 8 дугаар сард ярьж байсан төслөөс өөр өндөр давхрын орон сууцын барилга байгууламж байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийг тусгай зөвшөөрлөөр тогтоодог. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх, байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байх гэсэн шаардлагыг нэн хатуу тавьдаг Тийм ч учраас байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ шаарддаг. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмаар баталсан зохицуулалт, дараалал нь юу вэ гэхээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зайлшгүй хийлгэж, тухайн этгээдийн хэрэгжүүлэх гэж байгаа төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байвал тушаалаар газар ашиглах эрх олгоно. Нэхэмжлэгч талаас хэлэхдээ бид аялал жуулчлалын зориулалтаар авсан гэдэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан зориулалтаар авсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс судалгаа шинжилгээ хийх зориулалтаар барьсан орон байрыг ашиглах л боломжтой. Гэтэл энэ зориулалтаас өөрөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар эрх авсан. Тусгай хамгаалалттай газар тухай хуульд дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгох зохицуулалт байхгүй. Хуульд заагаагүй зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон байгаа.

Тус хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 11.7 дахь хэсэгт заасан судалгаа шинжилгээ хийх зориулалтаар үндэслэлээр газар ашиглах эрх олгож байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар н.Бат-Эрдэнэ сайд томилогдож, өмнөх сайдууд хуульд байхгүй зориулалтаар газар олгосон байна гэж үзээд тушаалыг хүчингүй болгох, хууль ёсны дагуу газраа ашиглаж хугацаандаа төлбөрөө төлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг сунгахдаа зориулалтыг хуулийн 11.7 дахь хэсэгт нийцүүлж өөрчлөх, байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээ зэрэг хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй газар ашиглагч нарын газар ашиглах эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу хүчингүй болгох, арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэсэн бөгөөд ингэх явцад С******* ХХК-д тухайн нөхцөл байдал тогтоогдсон учраас газар ажиллах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн гэж холбогдох баримтуудаа хавтаст хэрэгт өгсөн. Гэтэл тэр үйл баримтуудыг харахаар 2022 он гэж байсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас батлахгүй гэж буцаасан. Ерөнхий үнэлгээ батлагдаагүй тохиолдолд нарийвчилсан үнэлгээг хийлгэх боломжгүй. Тийм болохоор нэхэмжлэгчийн зүгээс нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох байгууллагаар хийлгэхээр өгсөн байгаа. Үүн дээр мөн адил Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан үйл баримт байхгүй.

Мөн маргаан бүхий тушаалд "С*******" ХХК нь 3 сарын хугацаанд газар ашиглах гэрээгээ байгуулах үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй учраас нэхэмжлэгч компанийн  газар ашиглахтай холбоотой төлбөрөө төлөөгүй байна гэсэн. Гэтэл Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэгт зааснаар газар ашиглагч, эзэмшигч нь гэрчилгээг авснаас хойш газрын төлбөрийг төлөх үүрэг үүсэж байгаа. Яагаад гэхээр гэрчилгээ нь дугаартай бөгөөд улсын бүртгэлд бүртгэгддэг. Улсын бүртгэлд бүртгэснээс хойш газар ашиглагч, эзэмшигчид газрын төлбөрийг төлөх үүрэг үүсэж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан баримтад Хан-Уул дүүргийн газрын албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19/1441 албан тоотоор нэхэмжлэгч компанийн гэрээ бүртгэлгүй газрын төлбөр төлсөн баримт байхгүй гэсэн баримт ирсэн.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ батлагдсан бол И Ай Си системд цахимаар бүртгэгдэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Үнэлгээ аудитын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13/7209 албан бичгээр тухайн компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ батлагдсан мэдээлэл, бүртгэл цахим бүртгэлд байхгүй гэсэн.

Бодит нөхцөл байдлыг тогтоосон талаарх баримтыг шалгаагүй гэх зүйлийг ярьж байна. Гэтэл хариуцагч байгууллагын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журамд заасан үндэслэл, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг батлуулаагүй зэрэг үйл баримтууд, төлөв байдлын үнэлгээг 2022 оны огноотой хийлгэчихсэн. Тус төлөв байдлын үнэлгээг харахад 2021 оны 10 дугаар сард газар эзэмших эрх авахаасаа өмнө энэ бичиг баримтуудыг бүрдүүлж өгч байсан гэх бөгөөд энэ талаарх үйл баримт тогтоогдохгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг батлуулахаар 2022 оны 02 дугаар сард төлөв байдлын үнэлгээтэйгээ хамт өгч байгаа. Хариуцсан үнэлгээ батлуулахаар хүсэлт гаргаж байгаа. Анх 2022 оны 08 дугаар сард өгч байсан төслөөс өөрчилж орон сууцын барилга байгууламж болсон. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэж 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаар тушаал гарсан.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг баримталсан нь энэ газарт өмнө нь Цогт-Идэр компани газар ашиглах эрхтэй байсан бөгөөд цуцлаад шүүхийн маргаан үргэлжилж байхад нэхэмжлэлийн шаардлагаа татаж, "С*******" ХХК хүсэлт гаргаж удалгүй шийдвэрлэгдсэн. Тухайн газрыг дүүргийн Засаг дарга, иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах зөвшөөрөл аваагүй байхад газар ухсанаас болж ойр амьдарч байгаа иргэдийн тайван байх эрхүүд зөрчигдөж байна гэх байдлаар гомдол гаргаж байсан. Эдгээр нөхцөл байдал байгаа гэдэг үндэслэлээр Захиргааны ерөнхий хулийн 48.2.2 дахь заалтыг тушаалын хууль зүйн үндэслэл болгосон.

Төлөв байдлын үнэлгээг яам батлах шаардлагагүй. Мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. Төслөө төлөв байдлын үнэлгээтэйгээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас төсөлд нь солбицлын цэгээр нь газрын давхцалгүй гэсэн саналыг яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар руу, төлөв байдлын үнэлгээнд нь хуулийн дагуу ерөнхий үнэлгээг хийлгэж өгнө үү гээд яамны Үнэлгээ аудитын хэлтэс рүү явуулдаг, ийм 2 санал явдаг. Яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар руу явсан саналд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдох процесс, хяналт шалгалтын ажил, төлөв байдлын үнэлгээн дээр нь үнэлгээнийх нь асуудал гардаг. Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг яамны шинжээч гаргадаг. Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргасны дараа нарийвчилсан үнэлгээ шаардлагатай тохиолдолд нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж өгдөг. Гэтэл шууд тухайн этгээдийн төсөлд санал нь ирээд саналынх нь дагуу газар ашиглах эрх олгогдчихсон байна гэж үзээд байгаа. гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 34156 м.кв газрыг С******* ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон ч, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай тушаалаар газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.1, 3.2, 3.4 дэх хэсэгт заасан шаардлага, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байхад газар ашиглах эрх олгосон нь хууль бус хэмээх үндэслэлээр газар ашиглах эрх олгосон дээрх А/356 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж тайланг газар ашиглах хүсэлт гаргахдаа өгсөн, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхээр, гэрээ байгуулахаар, газрыг мэдээллийн санд бүртгүүлэхээр хандсан боловч шийдвэрлээгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиас өмнө батлагдсан байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үе шат, нэр томьёо хуулиас зөрүүтэй зохицуулалт бүхий газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмаар өмнөх газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль бус гэж маргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр хариуцагчаас нөхцөл байдлыг шинжлэн судалж дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргаан бүхий А/212 дугаар тушаалын үндэслэл буюу газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэл болох Сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.1-д Төсөл хэрэгжүүлэгч уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа, татварын болон банкны өргүйг баталсан баримт, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх, гэрчилгээний үнэ, эрхийн бичгийн хураамж төлсөн баримт, 3.2-т байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ., 3.4-т "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно, гэрчилгээ олгосноос хойш 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна. гэж заажээ.

Журмын зохицуулалтын дарааллаас үзвэл 3.1 дэх заалтаар эхлээд тодорхой шалгуураар хэрэгжүүлэх төслийг хянан үзнэ, дараа нь 3.2 дахь заалтаар төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ, 3.3 дахь заалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ, 3.4 дэх заалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэн сайдаас ашиглуулах шийдвэр гаргаж, гэрчилгээ олгож, үүнээс хойш 3 сарын дотор газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга батална.

2. Тушаалын үндэслэл, баримталсан журмын заалтаас үзвэл төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байхад газар ашиглах эрх олгосон, энэ нь хууль бус болсон гэж үзсэн байна.

3. Гэтэл тухайн төсөл байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, сөрөг нөлөөллийг хэрхэн арилгах, бууруулах арга хэмжээг хэрхэн тодорхойлох харилцааг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээр төсөл хэрэгжүүлэхэд анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохоор, 3.1.6-д байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж бууруулах, арилгах арга хэмжээг тогтоохоор заасан ба төлөв байдлын үнэлгээ болон нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамаарахаар, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6-д төсөл хэрэгжүүлэгч нь төлөв байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, тайланг яаманд хүргүүлж хянуулахаар, 7.2-т байгаль орчны ерөнхий үнэлгээг газар ашиглах эрх авах, төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийхээр, 7.4.3-т ерөнхий үнэлгээний дүгнэлтээр шаардлагатай гэж үзвэл нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр тодорхой заасан.

Тэгэхээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэх ойлголтод төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ багтах бөгөөд эхлээд мэргэжлийн байгууллагаар төлөв байдлын үнэлгээ хийлгэж, яаманд хянуулсны дараа нөлөөллийн ерөнхий үнэлгээг яамаар, шаардлагатай гэж үзвэл нарийвчилсан үнэлгээ хийгдэхээр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь төсөл хэрэгжүүлж эхлэхээс өмнө хийгдсэн байх шаардлага хуулиар болон түр журмаар тавигджээ.

4. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, дэглэмийг тогтоож, газар ашиглуулах харилцааг зохицуулсан, тодруулбал дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр газар ашиглуулж болохоор хуульчилсан ч дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ямар үе шаттай хийлгэх, аль үе шатанд ашиглах эрх олгох талаарх зохицуулалт тусгагдаагүй.

5. Ийнхүү дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ямар үе шаттай хийлгэх, аль үе шатанд ашиглах эрх олгох талаарх зохицуулалт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулаагүй, нөгөөтэйгүүр газар ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг нийтлэгээр зохицуулж буй Газрын тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь байгаль орчныг хамгаалах, орчны тэнцвэрт байдлыг алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглах, үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулдаг болохоос тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг аль үе шатанд шаардах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аль үе шатанд нь ашиглах эрх олгох, гэрээ байгуулах зохицуулалтгүй, тиймээс тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгохдоо байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй, дархан цаазат газрын дэглэм горимыг хангуулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих процессын зохицуулалт шаардлагатай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар олгосон эрх хэмжээ чиг үүргийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх шалгуур шаардлага тогтоосон хэм хэмжээний акт баталсан, уг акт нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдсэн, нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох үед ч, эрхийг дуусгавар болгох үед ч хүчин төгөлдөр үйлчилж байсан тул хариуцагч уг журмыг шийдвэрийн үндэслэл болгож хэрэглэснийг, уг журмын дагуу шалгуур тавьсныг буруутгахгүй.

6. Гэхдээ журмын зохицуулалтыг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, тухайн төсөл байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, сөрөг нөлөөллийг хэрхэн арилгах, бууруулах арга хэмжээг хэрхэн тогтоох харилцааг нарийвчлан зохицуулж төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн үнэлгээг тодорхойлсон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуультай уялдуулан хэрэглэх учиртай.

7. Маргаан бүхий 2022 оны А/212 дугаар тушаалаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байхад газар ашиглах эрх олгосон нь хууль бус гэж үзсэн байдаг ч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамаарах байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн байсан, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан газар ашиглах хүсэлтдээ байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг хүргүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогддог, тухайлбал,

7.1. С******* ХХК 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд[1], мөн өдрийн 14 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд[2] төсөл хэрэгжүүлэхээр газар ашиглах эрх хүссэн хүсэлтээ тус тус хүргүүлсэн,

7.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ирсэн бичгийн бүртгэлд С******* ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоотоор гаргасан газар ашиглах хүсэлт 30 хуудас, 2 боть хавсралттайгаар 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 7457 дугаарт бүртгэгдсэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэлд С******* ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот хүсэлт 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 21/1039 ХК-1263 дугаарт бүртгэгдсэн, ирсэн бичгийн бүртгэлийн хяналтын картад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1260, 1261 тоот албан бичгээр шийдвэрлэсэн[3] гэж тэмдэглэгдсэн байдаг.

7.3. Тэгвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1260 тоот албан бичгээр[4] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт газар ашиглах хүсэлтэд татгалзах зүйлгүй гэсэн санал, мөн өдрийн 1261 тоот албан бичгээр[5] яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст ... солбицол бүхий 3.4 га газарт Цагаан-Уулын оргил ХХК-иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн, тайлантай танилцсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал тус тус хүргүүлсэн байдаг.

7.4 Сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар С******* ХХК-д газар ашиглах эрх олгохдоо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1260 тоот албан бичгээр гаргасан саналыг үндэслэсэн байх тул хамгаалалтын захиргааны мөн өдрийн 1261 тоот албан бичгээр тус яамны Байгаль орчны үнэлгээний хэлтэст хүргүүлсэн санал дахь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэнийг танилцсан, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгүүлэх-ээр хандсан нөхцөл байдлыг үгүйсгэх боломжгүй.

7.5 Нэхэмжлэгч нь анх газар ашиглах хүсэлт гаргахдаа байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэн тайланг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоотоор яаманд мөн өгсөн гэх боловч яамны ирсэн бичгийн бүртгэлийн 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 7457 дугаарт бүртгэгдсэн хүсэлтийн хавсралт 30 хуудас, 2 боть баримтаас архивын цахим материалд 13 тоот албан бичиг, хамгаалалтын захиргааны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1260 тоот санал хүргүүлэх албан бичиг, кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, хуулийн этгээдийн улсны бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, иргэний үнэмлэхний хуулбар нийт 10 хуудас баримтыг pdf файлаар хадгалсан[6], 2 боть баримтыг цахимаар хадгалаагүй, цаасан суурьтай архивын баримтыг архиваас гаргаж өгөх, хайж олох боломжгүй байгааг шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгийн явцад[7] болон яамнаас дахин илэрхийлсэн[8].

7.6. Цагаан-Уулын оргил ХХК-д байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөгийн төлбөр төлсөн баримт[9], Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1261 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээний хэлтэст байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн, тайлантай танилцсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэх санал хүргүүлснээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрх хүсэхдээ байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэсэн, үнэлгээний тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн, төлөв байдлын үнэлгээний тайланг үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхээр хамгаалалтын захиргаанаас яамны холбогдох хэлтэст хандсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий актын байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр ашиглах эрх авсан хэмээх газар ашиглах эрх олгосон тушаалаа хууль бус гэж үзсэн үндэслэл няцаагдаж байна.

8. Тухайн газрын хувьд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах бөгөөд өмнөх газар ашиглагч газрын хэвлийд халдсан[10] болохыг эрх бүхий байгууллага шалгаж тогтоосон, хөрсөнд буюу байгаль орчинд сөрөг өөрчлөлт, нөлөөлөл үүссэн нөхцөл байдлыг С******* ХХК-ийн хийлгэсэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланд 14.1 хувь ухагдсан газар, 3.8 хувь овоолсон шороо эзэлж байна хэмээн тусгасан[11] байх бөгөөд байгаль орчны төлөв байдлын үнэлгээг 2022 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 21-нд дахин хүргүүлж, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхээр хандсаар байхад төлөв байдлын үнэлгээний тайланг хянаагүй, цаашлаад байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж дүгнэлт гаргах, дүгнэлт гаргахаас татгалзах ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй нөхцөл байдалд тухайн газрыг нэхэмжлэгчид ашиглуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч компани газар ашиглах эрхийн гэрчилгээг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аваад 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 01 тоот албан бичгээр, 2 дугаар сарын 21-ний өдөр 01 тоот албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг дахин хүргүүлж, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахаар хандсан[12], яам е-монголия цахим системээр 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан нь, 2 дугаар сарын 25-нд дахин хуваарилсан нь, 3 дугаар сарын 14-нд нэмэлт материал эскиз зураг хийлгэж батлуулах, ТЭЗҮ боловсруулж ирүүлэх, газар ашиглах гэрээ байгуулж, батлуулан ирүүлэхийг шаардсан нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хуулбарласан баримтаар[13] тогтоогджээ. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 02 тоот албан бичгээр хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт[14], 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 06 тоот албан бичгээр газрыг мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт[15] тус тус гаргасан боловч захиргааны байгууллагаас хариу өгөөгүй, шийдвэрлээгүй байдаг.

9. С******* ХХК нь Цагаан Уулын оргил ХХК-иар тухайн газарт хэрэгжүүлэх төсөлд байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний төсөл, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулуулсан байх бөгөөд эдгээр баримт бичгүүдэд туссан тухайн төсөл нь ашиглах эрх олгосон аялагч түр буудаллах, отоглох, судалгаа хийх зориулалт бүхий орон байр ашиглах зориулалтад буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн байгаль орчин сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр дээрх зориулалтаар ашиглах дэглэмд нийцэх эсэхийг, 12 дугаар зүйлийн 1, 6-д заасан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа эсэхийг, өөрөөр хэлбэл газар ашиглагчийн хэрэгжүүлэх төсөл нь байгаль орчинд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэхийг байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгээр тогтоохоор байна.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, шаардлагатай бол нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байхад тухайн газарт хэрэгжүүлэхээр боловсруулсан төслийг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа гэж шүүх шууд дүгнэх боломжгүй, тухайн төсөл ашиглах эрх олгосон зориулалтад нийцэх эсэхийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр хариуцагч дүгнэхээр байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 5-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр, гэрээний үндсэн дээр газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, ашиглуулахаас татгалзах бүрэн эрх байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдана.

10. Захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх учиртай.

2021 оны А/356 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан аялагч түр буудаллах, ... орон байр ашиглах зориулалтаар хамгаалалтын захиргааны 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн саналыг үндэслэн олгосон, тухайн газрыг ашиглах аялагч түр буудаллах, судалгаа шинжилгээний зориулалтад төслөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нийцэх, тохирох эсэхийг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсгийн хориглох үйл ажиллагаанд хамаарах эсэхийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтооно. Гэтэл байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгүйгээр ийм зөрчлийг тогтоогдсон гэж, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж шууд дүгнэх нь маргаан бүхий актын хувьд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчмыг хангаагүй гэж үзнэ.

11. Түүнчлэн сонсох ажиллагаа хийсэн үндэслэл, уг ажиллагааны дагуу гарсан шийдвэрийн үндэслэл өөр гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна, тодруулбал 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09/2949 тоот албан бичгээр хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэлд[16] газар ашиглах эрх олгох түр журмын 3.1, 3.2-т заасныг шалгаагүй, гэрээ байгуулаагүй гэх газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох үндэслэлийн талаар тайлбар, баримт шаардсан байдаг, гэтэл маргаанд хамаарах тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо гэрээ байгуулаагүй гэх үндэслэл өөрчлөгдсөн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд хариуцагч байгууллага байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг хянаж, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдэх эсэхийг, тухайн төсөл нь ашиглах эрх олгосон аялагч түр буудаллах, отоглох, судалгаа хийх зориулалт бүхий орон байр ашиглах зориулалтад буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн байгаль орчин сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр дээрх зориулалтаар ашиглах дэглэмд нийцэх эсэхийг шинжлэн судалсны үндсэн дээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон шийдвэр хуульд нийцсэн эсэхийг дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй, энэ ажиллагаа шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарахаар байна гэж шүүх үзсэн тул ийнхүү дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 5, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримтлан байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг хянаж, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдэх эсэхийг, тухайн төсөл нь ашиглах эрх олгосон зориулалтад заасан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд нийцэх эсэхийг шинжлэн судалсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч шийдвэрт заасан ажиллагааг хийж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд сайдын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/212 дугаартай тушаал хүчингүй болох үр дагавартайг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 67-73 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 78-81 дүгээр хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 79 дүгээр хуудасны арын нүүр

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 122 дугаар хуудасны эхний нүүр

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 122 дугаар хуудасны арын нүүр

[6] Хэргийн 3 дугаар хавтсын 18-27 дугаар хуудас

[7] Хэргийн 3 дугаар хавтсын 16-17 дугаар хуудас

[8] Хэргийн 3 дугаар хавтсын 31 дүгээр хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 37 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 145-151, 157-163 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 124 дүгээр хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 33, 110-112 дугаар хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 110-113 дугаар хуудас

[14] Хэргийн 3 дугаар хавтсын 5-9 дүгээр хуудас

[15] Хэргийн 3 дугаар хавтсын 5-6, 10-12 дугаар хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 49 дүгээр хуудас