Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1981

 

МАГАДЛАЛ

2019.11.25                                               Дугаар 1981                              Улаанбаатар хот

“АУГ” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02619 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “АУГ” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 55 150 988 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 13344 Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байрны 68 тоотод орших 68.5 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ0662015 тоот зээлийн гэрээ, БГ0662015 тоот барьцааны гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 544 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж авсан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгдээгүй ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар оны 03-ны өдөр дуусгавар болоход зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон. Зээлийн үлдэгдэл 25 325 000 төгрөг, зээлийн хүү 4 526 509 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 419 383 төгрөг, нийт 30 270 892 төгрөг. Нэхэмжлэл гаргаж буй 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 25 325 000 төгрөг, зээлийн хүү 25 949 431 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 757 557 төгрөг, нийт 55 031 988 төгрөг болсон байна. Өнгөрсөн хугацаанд байгууллагын зүгээс зээлдэгч Д.Н-тай утсаар холбогдох болон гэрт нь албан шаардлага хүргүүлэх зэргээр зээлээ төлөхийг шаардахад тэрээр байнга зээлээ бүрэн төлж дуусгахыг илэрхийлдэг байсан ба хэд хэдэн удаа тодорхой хугацаа зааж төлбөр төлөхийг амлаж, заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй болохоо өөрийн гараар бичсэн хүсэлтдээ дурдсан байдаг. Зээлдэгч Д.Н-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 55 031 988 төгрөг, зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 11 удаа очсоны зардал 110 000 төгрөг, шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 9 000 төгрөг, нийт 55 150 988 төгрөгийг зээлдэгч Д.Н-аас гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “АУГ” ББСБ ХХК-тай ЗГ0662015 тоот зээлийн гэрээг байгуулж, 35 000 000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийж байсан боловч санхүүгийн нөхцөл байдал, тус банк бус санхүүгийн байгууллагын хуулиас давсан гэрээ зэргээс шалтгаалан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлж чадаагүй. Зээлийн гэрээ 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дууссан, үүнээс хойш хоёр талаас гэрээг сунгахтай холбоотой санал гаргаагүй тул зээлийн хугацааг ахин нэмэлт хугацаагаар сунгасанд тооцохгүйгээр ойлгох нь зөв юм. Гэвч миний бие зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн эргэн төлөлтөө хийж байсан билээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай гэрт очсоны 11 удаагийн зардал болох 110 000 төгрөгийг хэн хэдэн удаа очсоныг яаж нотлох юм. Зүгээр 11 удаагийн тоо гэдгийг зохиогоод тавиагүй юм бол шүүхэд энэ талын баримтаа ирүүлэх ёстой. Шүүхэд өгөх материал батлуулсан нотариатын хөлсөнд 9 000 төгрөг нэхэмжилжээ. Энэ нь тус хэрэгт бичгийн нотлох баримттай холбоотой үйлчилгээ авсан гэх байдал нотлогдохгүй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж үзэх тул хасч тооцож өгнө үү. 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 11 удаагийн төлөлтөөр 23 681 239 төгрөгийг бэлнээр төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2 500 000 төгрөгийг тус тус төлсөн болохыг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтаас харж болно. Зээлийн гэрээ дууссанаас хойш хийсэн сүүлийн гурван удаагийн эргэн төлөлтийг бодсон дараалал нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу бодогдох ёстой. Энэ дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 4 000 000 төгрөг маань одоогийн зээлийн үлдэгдэл 25 325 000 төгрөгөөс хасч тооцогдон 21 325 000 төгрөг болох ёстой. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг нэхэмжлэл гаргаж буй тал нь өөрөө баримтлах ёстой тул нэхэмжилсэн 55 031 988 төгрөг нь хууль зүйн хувьд ямарч үндэслэлгүй гэж үзэхээр юм. Тэгэхээр гэрээ дуусахад үлдсэн 21 325 000 төгрөг, түүний зээлийн хүү 4 526 509 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 419 383 төгрөг, нийт 26 270 892 төгрөгийг төлөх боломжтой байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцсон үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 55 031 988 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний өмчлөлийн орон сууц нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд 68.5 м.кв зах зээлийн одоогийн ханш нь 140 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий байр билээ. Миний бие нь “АУГ” ББСБ ХХК-д нийт 23 681 317 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд одоо үлдэгдэл 26 270 982 төгрөгийн төлөлт хийгээд зээлийн гэрээгээ хаахад татгалзах зүйлгүй. Барьцааны гэрээ байгуулсан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн байх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус юм. “АУГ” ББСБ ХХК нь 35 000 000 төгрөг зээлээд зээлсний ашиг болгож хүүгийн төлбөр 9 442 767 төгрөг авахаар тохиролцож гэрээ хийж байсан. Анх гэрээ хийж байсан үнийн дүнгээс миний нийт төлсөн 23 681 317 төгрөгийг хасвал 20 761 528 төгрөгийг төлөх үлдэгдэл дутуу байгаа билээ. Гэвч миний бие хугацаа хожимдуулсны хөлс болгож 20 761 528 биш 26 270 892 төгрөг төлөх боломжтойгоо ахин илэрхийлж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н-аас47 976 054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АУГ” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 174 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Н-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204043798 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 13344 Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 68.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Н-аас 468 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АУГ” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503 904,94 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдолыг гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 7 174 934 төгрөг хасч байгаа шалтгааны хуулийн үндэслэлийг тодорхой заагаагүйгээр шууд хасч шийдвэрлэж байгаа нь тус шийдвэрийн тухайн хэсгийг хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна хэмээн үзэж байна. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан байгаа бөгөөд талууд гэрээнд заасны дагуу харилцан тохирсоны үндсэн дээр төлөлтөөс хасч байгааг үндэслэлгүй хэмээн үзсэнийг ойлгохгүй байна. Анхан шатны шүүгчийн тооцоолсноор бодоход дараах зүйлүүдийг орхигдуулж буруу тооцоолсон байна. Зээлийн хүү графикт өдөр болох 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн зээл 6 025 000 төгрөг, зээлийн хүү 648 245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118 521 төгрөг, нийт 6 791 766 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл огт төлөлт хийгээгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны хугацааны 174 хоногийн хүү 3 819 010 төгрөг нэмэгдээд 2016 оны 04 дугаар сарын 26-ны өдөр 4 467 255 төгрөгийн хүү төлөх ёстой байсан. Гэвч 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг авчирсан бөгөөд зээлийн хүүнээс 2 102 483 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 897 517 төгрөг төлөгдөж 2 364 772 төгрөг үлдсэн. Нэмэгдүүлсэн хүү хуваарьт төлбөр төлөгдөөгүй 2016 оны 04 дүгээр сарын 27-ноос 2016 оны 08 дугаар сарын 03-ны хугацааны 99 хоногт 434 577 төгрөг болох ёстой байсныг 92 хоног 66 976 гэж бодон 367 601 төгрөгөөр дутуу байна. Гэрээний хугацаа дууссанаас хойшхи 2016 оны 08 дугаар сарын 04-нөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны хугацааны 64 хоногт 280 939 төгрөг болох ёстой байсныг 1 хоног дутуу бодогдсон бөгөөд 4 390 төгрөгөөр дутуу байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлсөн 4 000 000 төгрөгөөс манайх зээлийн хүүнд 2 544 658 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 455 342 төгрөг тооцож суутгасан байсан тул нэмэгдүүлсэн хүүний тооцоолол нэхэмжилсэн өдрөөр 3 757 557 төгрөг болсон. Шүүгчийн шийдвэрээр энэ 4 000 000 төгрөг үндсэн зээлээс хасагдвал нэмэгдүүлсэн хүүнд тооцож хассан 1 455 342 төгрөг нэмэгдэж манай нэмэгдүүлсэн хүү 4 578 700 төгрөг болох ёстой юм. Дээрх үндэслэлээр бодоход хариуцагч Д.Н-аас зээл 21 325 000 төгрөг, зээлийн хүү 25 258 270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 578 700 төгрөг, нийт 51 161 970 төгрөг болохоор тооцогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хууль хэрэглээ болон шударга ёсны үүднээс энэ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “АУГ” ББСБ ХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 150 988 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч 26 270 892 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 35 000 000 төгрөгийг 30 хоногт 2.6 хувийн хүүтэй, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай хариуцагчид зээлдүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 13344 Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 68.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулж гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч дээрх гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зөрчсөн нь зохигчдын тайлбар, зээлийн төлбөрийг буцаан төлөх хуваарь, дансны хуулга, зээлийн төлбөрийн зөрчлийн талаар сануулах албан мэдэгдэл, шаардлага зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүргийг тохирсон хугацаанд төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 ШҮҮГЧИД                                                 Т.ТУЯА

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ