| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 147/2016/00101/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2017-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 97
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Е.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Е.Б-д холбогдох 17170001610055 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн харьяат, 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах нарын хамт Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Цагаан Овооны 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛМ83102118, Модчин овгийн Е.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Е.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд 2017 оны 05 дугаар сарын 19-ний оройн 21 цагийн орчим Даюун маркийн мотоцикль жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д заасан ““тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 2.7а-д заасан “ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Отгонбаярыг мөргөж, баруун гарын шууны үеийн зөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Е.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 сарын 19-ний өдөр би сумын төв рүү орж ирсэн. Би хөдөө гэр рүүгээ явж байхад хүүхэд зам дээр гараад ирсэн. Өглөө нь би найзтайгаа архи уусан. Тэгээд орой хөдөө гэр рүүгээ гарах гэж явж байсан. Гэнэт зам дээр хүүхэд гарч ирээд осол болсон гэв.
-Хохирогч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг сумын төвийн баруун талын жишиг хорооллоос дэлгүүр орчхоод буцаад харьж явсан юм. Тэгээд соёлын төвийн урд замын баруун талаар явж байтал араас нэг мотоцикл ирээд намайг мөргөсөн. Тэр үед миний баруун гарын шууны ёс хугарсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан, харин мотоцикл жолоодож явсан Баасанжаргал ах согтуу байдалтай байсан. Баасанжаргал ах тухайн үед эмчилгээндээ хэрэглээрэй гээд 150.000 төгрөг өгсөн. Миний гар утасны дэлгэц нь хагарсан болохоор надад Samsung note-1 гар утас авч өгсөн. Одоо надад гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 23-24 х /
- Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай хашаанд гэрийн гадаа Баасанжаргал нь Наранбаатар гэдэг хүнтэй хамт 0.75 литрийн Ерөөл архи ууж байсан. Хэзээ явсан талаар мэдэхгүй, агсам согтуу тавьсан зүйл болоогүй болохоор би анзаараагүй, нэг мэдэхэд гараад явсан...гэх мэдүүлэг, / хх-н 32 х /
- Гэрч Г.Амартуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай байгууллага дээр Баасанжаргал гэх хүн духан дээрээ хавантай, нэг гар нь хөндүүр гээд үзүүлэхгүй гээд согтуу байсан, ар гэрийнхэн нь ирээд үзүүлэх шаардлага байхгүй гээд аваад явсан. Тухайн үед бичиж үлдээсэн бичиг нь байгаа. Согтуу байсан учир даралтаа ч үзүүлэхгүй, цус авахуулахгүй байсан...гэх мэдүүлэг, /хх-н 33 х /
-Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай дүгнэлтэнд: “ 1. Жолооч Е.Баасанжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 2.7а-д “ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 9.2-д “ жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Явган зорчигч Б.Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт /хх-н 42 х/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Отгонбаярын биед баруун гарын шууны үеийн зөрсөн хугарал гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи баруун гарын шууны үений зөрсөн хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна, цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, / хх-н 36 х /
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-9-18 х /,
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 187/26 дугаартай тодорхойлолт, / хх-63 х /,
- Е.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-55 х /,
- Е.Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-60 х /
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 5/14 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол / хх-н 82 /
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын 14 дугаартай санал зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Е.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу Е.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч Е.Б нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний оройн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд Даюун маркийн мотоцикл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх ”, 2.7-ийн а “ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2 “ жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.Отгонбаярыг мөргөж эрүүл мэндэд нь ” баруун гарын шууны үеийн зөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгч Е.Б-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Отгонбаяр, гэрч Б.Ганхуяг, Г.Амартуяа нарын мэдүүлгүүд, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-9-18 х /, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 198, Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Е.Б тухайн ангиллын буюу А ангиллын эрхгүй атлаа, согтуугаар мотоцикл жолоодож, шөнийн цагт хурд тохируулж яваагүйтэй холбоотой болох нь түүний “ 2017 оны 05 сарын 19-ний өдөр би сумын төв рүү орж ирсэн. Би хөдөө гэр рүүгээ явж байхад хүүхэд зам дээр гараад ирсэн. Өглөө нь би найзтайгаа архи уусан. Тэгээд орой хөдөө гэр рүүгээ гарах гэж явж байсан. Гэнэт зам дээр хүүхэд гарч ирээд осол болсон” гэх, хохирогч Б.Отгонбаярын “ Соёлын төвийн урд замын баруун талаар явж байтал араас нэг мотоцикль ирээд намайг мөргөсөн. Тэр үед миний баруун гарын шууны яс хугарсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан, харин мотоцикл жолоодож явсан Баасанжаргал ах согтуу байдалтай байсан ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдох бөгөөд уг ослын талаар гарсан техникийн шинжээчийн 26 дугаартай “ жолооч Е.Баасанжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх “, 2.7 а-д “ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2-д “ жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна “ гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
Е.Б-ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Учир нь тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, согтуурсан үед, шөнийн цагт жолоодох чадвар буурах, үүний улмаас осол гарах, унаж бэртэх зэрэг хор уршиг учирч болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй, анхаарал болгоомжгүй хандсанаас осол гаргажээ.
Шүүгдэгч Е.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Е.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Е.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Е.Б-ын үйлдсэн хэрэг нотлогдсон, уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан боловч эдгэрсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардалд 150.000 төгрөг, эвдэрсэн гар утсыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж ” эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Е.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Е.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Отгонбаяр нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Модчин овгийн Е.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Е.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар дээрх тэнссэн хугацаанд Е.Б-д А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Е.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Отгонбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Е.Б-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН