| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 1805021840440 |
| Дугаар | 2022/ДШМ/85 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 17.10.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/85
2022 1 18 2022/ДШМ/85
Р.Б, Д.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Д.Цэнгэлмаа,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Р.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1805021840440 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Р-ийн Б, 1979 оны … дугаар сарын …-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн … дүгээр хороо, … дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:………./;
2. C овгийн Д-ийн Б, 1966 оны .. дугаар сарын …-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Баянгол дүүргийн нотариатч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, ….. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:…………/;
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Б-ийн эзэмшлийн …… улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” их дэлгүүрийн 2 давхарт нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа ..... УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Б-ийн өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийг байхгүйд, түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгийн эрхэд 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Р.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Б-ыг залилах буюу хуурч, баримт бичиг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б-г өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ын 48 цаг баривчлагдсан, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 6 хоног, нийт 8 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 төгрөгийн торгох ялыг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 11.880 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.880.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Б-н 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90.000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 7.310 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.310.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 11.880 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.880.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 7.310 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.310.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д, Д.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц .....УНЛ улсын дугаартай “Ланд круйзер” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, .... улсын дугаартай “Ланд круйзер” 200 загварын тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Төмөрчний .... тоотод оршин суух М овогт Г-ийн Б /РД:.........../-т олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-оос 71.171.250 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ...... тоотод байрлах “Т авто” ХХК /РД........./-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх нотариатчийг санаатайгаар илт хууль бус бэлэглэлийн гэрээг гэрчилсэн, хохирогчийн иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбар хувьтай тулгаж үзээгүй, Д.Б нь Нотариатын тухай хуулийн 21.1, 21.2, 21.3, 21.2.5, 21.2.8, 21.2.9, 21.3.2, 21.3.3-д заасныг зөрчсөн гэж дүгнэж Д.Б-ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Д.Б нь Г.Б, Р.Б нарын хооронд байгуулсан .......... улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашины Бэлэглэлийн гэрээг гэрчлэх үед бэлэглэгч нь Г.Б, Р.Б нарыг байлцуулан Бэлэглэлийн гэрээг гэрчилсэн. Г.Б мөн эсэхийг нотариатч таних үүрэггүй, Г.Б биш өөр эмэгтэйг Р.Б дагуулж орж ирснийг Д.Б мэдээгүй байхад шүүх гэрээг илт хууль бус гэж дүгнэж, яллах дүгнэлтээс хальж яллах дүгнэлтэд Д.Б-ыг нотариатын хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар дурдаагүй байхад шүүх яллах дүгнэлтээс хальж, Нотариатын хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж Д.Б-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Г.Б ирээгүй талаар зөвхөн бэр, хадам эх нар л мэдүүлдэг. Г.Б гарын үсэг шинжлүүлэх талаар нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй нь үнэхээр Г.Б өөрийн биеэр байгаагүй эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Дээрх болсон үйл явдлын талаар Р.Б болон Д.Б нар удаа дараа үнэн зөвөөр, тогтвортойгоор мэдүүлэг өгсөн байдгаас гадна холбогдох бичиг баримтуудыг мөрдөн шалгах явцад гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох нотариатчийн дэвтрийн хуулга, Бэлэглэлийн гэрээ дэх гарын үсгийг гэрээний 2 тал гарын үсэг зурсан зэргээс харагддаг билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотариатчийн үйлдлийн ямар нэг санаа сэдэл, зорилгыг тогтоосон талаар хэрэгт ямар нэг баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, Нотариатч Д.Б нь тухайн нөхцөл байдалд Р.Б өөрийн хадам ээжийгээ дагуулж орж ирж нотариатчийн үйлчилгээ хийлгэсэн гэж ойлгосон байдаг. Шүүх Р.Б-ын гуйлтаар нотариатчийн үйлдэл хийсэн гэж Д.Б-н үйлдэлд үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Р.Б, Г.Б нар иргэний үнэмлэхийн лавлагааг ТҮЦ машинаас авч эргэж ирж өгнө л гэж Д.Б-д хэлсэнд итгэж, “Бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн байдаг. Гэтэл шүүх Д.Б-ын энэхүү үйлдлийг прокурорын яллах дүгнэлтэд хөтлөгдөн мушгиж, хохирогчид ашигтай байдлаар дүгнэж, Д.Б-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Дээрх нотариатчийн үйлдэл хийлгэх үед Г.Б гэгч хүн, холбогдох бичиг баримтаа аваад явж байсан, хурууны хээгээр лавлагаа авчирч өгөхөө амласан. Р.Б мөн өөрийн хадам ээж гэж өөр хүнд мөнгө төлж, дагуулан орж, нотариатын үйлчилгээ хийлгэснээ хүлээн зөвшөөрч удаа дараа тодорхой мэдүүлсэн байдаг. Нотариатч Д.Б нь Р.Б-д холбогдуулан хуульд заасан журмаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст залилуулсан талаар гомдол гаргасан. Нотариатчийг Р.Б нь бусадтай нийлж хуурч мэхэлж гэрээг гэрчлүүлсэн талаараа мэдүүлсээр байтал ямар ч үндэслэлгүйгээр нотариатчийг яллагдагчаар татсанд хэргийг шалгах явцад мөрдөгч, прокурорт удаа дараа гомдол гаргаж, прокурорын зүгээс нотариатч Д.Б нь шунахай болон бусад сэдлээр Бэлэглэлийн гэрээг гэрчилсэн болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэх үйлдэл нь хангалттай баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 814 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдол хүлээн авсан талаар мэдэгдэж байсан. Гэтэл УЕПГ-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/35 дугаар тогтоолоор хохирогч гэх Г. Б-ийн гомдлоор 2 дахь удаагаа үндэслэлгүйгээр нотариатч Д.Б-ыг яллагдагчаар татах тогтоол гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлэн 4 удаа анхан шатны, 3 удаа давж заалдах шатны, 2 удаа Дээд шүүхэд хэргийг хянан шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүх нь зөвхөн хохирогч талын эрх ашгийг харж, Д.Б нь тухайн үед Р.Б-ын хэлсэнд итгэж, төөрөгдсөнийг үл хайхарч, анхаарч үзэлгүй, мэдсээр байж гэрээг гэрчилсэнтэй адилтган Д.Б-ыг “...илт хууль бус бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталсан гэж дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэж, нотариатчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Р.Б нь өөрийн хадам ээж гэх нэгэн эмэгтэйг дагуулан ирж, нотариатчид ойлгуулж, нотариатыг төөрөгдөлд оруулж, нотариатын үйлчилгээ хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. “Бэлэглэлийн гэрээнд бэлэглэгч, бэлэг хүлээн авагч 2 тал гэрээ болон нотариатчийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурсан, тухайн үед иргэний үнэмлэхээ олохгүй, лавлагааг авчирч өгнө гэж хэлсэн байдаг. Нотариатчийн нотариатын үйлчилгээ үзүүлэхдээ Нотариатын хууль зөрчсөн бүхэн нь эрүүгийн гэмт хэрэг биш бөгөөд Нотариатчийн үйлдлийн санаа сэдлийг тогтоохгүйгээр нотариатчийг гэм буруутайд тооцсон, яллах дүгнэлтэд нотариатын хуулийн ямар заалтыг санаатай зөрчсөн талаар нэг ч үг үсэг байхгүй байхад шүүх санаачилгаараа Нотариатын хуулийн 7 заалтыг зөрчсөн гэж дүгнэж, Д.Б-г гэм буруутайд тооцож, 7.400.000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай тогтоолын 7 дугаар талын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт “Шүүгдэгч Р.Б нь эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний биеийн байцаалтын хуулбарыг ашиглаж, өөр хүнээр төлөөлүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрх, захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн эсэх, эсвэл шүүгдэгч Д.Б нь өмчлөгч хүрэлцэн ирээгүй байхад түүний биеийн байцаалтын хуулбарыг үндэслэж бусдын эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эсэх хоорондоо зөрчилтэй үйл баримтуудыг хохирогч Г.Б-ийг өөр хүн төлөөлж нотариат дээр очсон эсэхийг эцэслэн тогтоохгүйгээр шийдвэрлэх боломжгүй. ...” гэснийг анхан шатны шүүх, прокурор анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Нотариатчийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5, 30.8, 30.9, 16.1, 16.2-д заасан үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн санаа зорилго, сэдэл, үйлдэл, шалтгаант холбоо, субъектив шинж байхгүй байхад шүүх нь мөн хуулийн 1.5, 30.15, 30.17-д заасныг зөрчиж шүүх гэм буруутайд тооцон ял оноосон нь үндэслэлгүй юм. Г.Б, түүний хүү А, Р.Б нарын гэр бүлийн таарамжгүй, биесээ үзэн яддаг гэр бүлийн маргааны золиос нь нотариатч байх ёсгүй юм. Нотариатчийн үйлдлийг хууль бус бол хүчингүйд тооцох Иргэний хуулийн болон Нотариатын тухай хуульд заасан байтал Р.Б-д эрүүгийн ял тохоох гэсэн хохирогчийн атгаг санааг шүүх гүйцэлдүүлэхэд нотариатч чирэгдэх нь шударга бус гэж үзэж байна. Шүүх нь хэлцлийн төрөл, хэлбэр, хуулийн хүчин төгөлдөр эсэхийг тогтоосон Иргэний хуульд байхгүй нэр томъёо бүхий "илт хууль бус хэлцэл” гэгчийг Иргэний хууль зөрчиж, эрүүгийн хуульд оруулан тогтоосныг дагаж миний үйлчлүүлэгчийг илт хууль бус гэрээ гэрчилсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Д.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь намайг өөрийнх нь байгууллага дээр ирсэн, бие нь муу байсан гэж гүтгэж байна. Ямар учраас одоо болтол ажлаа хийж байгааг ойлгохгүй байна. Би маш их хохирсон, гомдолтой байна. Энэ хэрэг 4 жил болж байна. Шинэ автомашин 165.000.000 төгрөгийн лизингээр авсан. Төлсөн төлбөр одоо 300.000.000 орчим төгрөг болж байгаа. Уг автомашин нь одоо 5.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийн засвар хийх шаардлагатай болсон. Автомашинаа хучих гээд очихоор хучуулдаггүй. Б.Оюунбилэг өмгөөлөгчийн үйлдлийг гайхаж байна, байнга өргөдөл, гомдол гаргадаг. Хүнийг өмгөөлөхдөө ёс зүйтэй байх хэрэгтэй. Автомашинаа авахгүй бол болохгүй байна. Эмчилгээ хийлгэхээр хөдөө их явдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ...” гэв.
Хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Д.Б нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн, нотариатын үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиар хориглосон үйлдэл хийсэн талаарх нотлох баримтад анхан шатны шүүх хангалттай дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Г.Б-н өмгөөлөгч Д.Цэнгэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.Баярсайхан өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогч Г.Б нь нотариатчийн хууль бус үйл ажиллагаанаас болж маш их хохирсон. Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Ц.Оюунбилэг нарын үндэслэлгүй гомдлуудаас болж энэ хэрэг шийдэгдэхгүй 4 жил болж байна. Ямар хуулийг зөрчсөн тухайн хуулиараа шийдвэрлэгдэх ёстой. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь иргэн хүн биш, төрийн нэрийн өмнөөс нотариатын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд юм. Төрийн нэрийн өмнөөс гэрчлэх үүргийг гүйцэтгэхдээ хөндлөнгийн байр сууриас оролцох ёстой. Гэрээ байгуулж байгаа этгээдүүд сайн дураараа хүсэл зориг нь нэгдсэн байх ёстой байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс иргэний хэргийн шүүх илт хууль бус хэлцэл гэж тогтоогоогүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар Д.Б-н гэрчилсэн хэлцэл нь илт хууль бус, уг хэлцлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэдэг нь нотлогдон тогтоогдсон. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учраас яллагдагчаар татсан. Анхан шатны шүүх үндэслэлтэйгээр хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүх болон Нотариатын танхим уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсоны дараагаар энэ хэргийг шийдвэрлэх ёстой гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ талаар заасан зүйл байхгүй. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу салбар хуулиудыг судлаад, хууль зөрчсөн байна гэдэг талаар шүүх дүгнэлт хийсэн. Д.Б уг гэрээг гэрчлээгүй байсан бол Г.Б-н өмчлөх эрх зөрчигдөхгүй, 140.000.000 төгрөгийн хохирол учирч, 4 жилийн хугацаанд хохирохгүй байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Б-н эзэмшлийн ..... УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” их дэлгүүрийн 2 давхарт нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа ..... УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Б-н өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийг байхгүйд, түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгийн эрхэд 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Б-н “...Би “М” компаниас 2015 онд Тоёота Ланд 200 маркийн автомашин 3 жилийн гэрээгээр лизингээр авсан. Тэгээд лизингээр хугацаа 2018 оны 2 дугаар сард төлбөрөө хийж дуусгасан. Энэ хугацаанд тэр автомашиныг манай хүү А унадаг байсан. Одоогоор манай хүү харваснаас хойш гэртээ байнгын асаргаанд байдаг. Тэр хооронд түүний эхнэр Б тэр автомашиныг унаж хоол унд болон бусад ажилд нь унаж бай гэж өгсөн. Уг автомашины гэрчилгээ Хаан банкны нэр дээр байсан бөгөөд Б нь зээл дууссаны дараа Хаан банкнаас тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх бичгийг Авто тээврийн үндэсний төв рүү явуулсан байсан. Үүний дагуу машинаа өөрийн нэр дээр болгох гэхэд Б нь би хөөцөлдөөд таны нэр дээр болгоод өгье гэж хэлээд авсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус ..... УНЛ улсын дугаартай автомашиныг миний нэр дээр бичиг баримтыг шилжүүлээд мөн тухайн өдрөө Баянгол дүүргийн 18 дугаар хороо Гурван-билэг их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Д.Б гэх нотариатаар Б-ээс Б-д автомашиныг шилжүүлэх бэлэглэлийн гэрээ байгуулж тэр гэрээгээр Авто тээврийн үндэсний төвд дахин хандаж 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Тус өдөр болох 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ..... УНЛ улсын дугаартай автомашиныг Т ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байсныг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байгаа юм. Одоо Б нь хаана байгааг мэдэхгүй, тус газраас зээлийн гэрээний барьцаанд 70.000.000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн. Б нь хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр машинаа аваад ирье гэж хэлээд гэрээсээ гараад явсан. А болон Б нар нь одоо 4 хүүхэдтэй, хамгийн бага нь 2 настай. ...2018 оны 2 дугаар сарын байдлаар Хаан банкны лизингийн 17.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Намайг юу ч мэдээгүй байхад Б ..... банкны төлөх ёстой үлдэгдэл 17.900.000 төгрөгийг миний охин А данс руу хийхэд Хаан банк авто төлөлт хийсэн. Хаан банкнаас Авто тээврийн үндэсний төвд өгсөн бичгийг миний охин А-с би шилжүүлэг хийе гэж хэлэн миний нэр дээр гаргуулан аваад нотариатч Б-тай нийлэн өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Дараа ломбардад тавьсан байсныг машинаа хайж яваад сүүлд мэдсэн. Р.Б болон Б гэх хүмүүст их гомдолтой байна. ...А банкны лизинг төлж байсан шалтгаан гэвэл миний эзэмшлийн авто угаалгын газрыг түрээсэлж байсан бөгөөд уг түрээсийн төлбөртөө зээлийн эргэн төлөлтийг өгч байсан. Б ямар нэгэн зээлийн эргэн төлөлт төлж байгаагүй. Б нөхөр А нь миний төрсөн хүү учраас ..... УНЛ улсын дугаартай ланд 200 маркийн авто машиныг жолоодож хувьдаа болон бусад хэрэгцээнд хэрэглэдэг байсан. Миний хувьд байнга автомашиныг ашигладаггүй байсан учир нь миний нас өндөр болсон учир өөрөө жолоодож чаддаггүй. Хааяа л рашаан сувилалд явахдаа л хүүхдүүдээрээ жолоодуулж явдаг байсан. ..... УНЛ улсын дугаартай автомашиныг захиран зарцуулах эрх надаас өөр хэн нэгэн хүнд байхгүй юм. 140 сая төгрөгөөр үнэлэгдсэн байсан үүнийг зөвшөөрч байна. Миний хувьд Б холбоотой өөр ямар нэгэн төрлийн эд хөрөнгийн асуудал байхгүй. Манай хүү А нь Б-тэй гэр бүл болоод 20 жил болж байгаа бөгөөд энэ хүмүүс гэр бүл салсан. Энэ асуудал нь миний ..... УНЛ улсын дугаартай автомашинтай ямар нэгэн холбоо байхгүй. Би уг автомашинаар хол явж рашаан сувилалд явдаг учир автомашиныг нэхэмжилж байна. Б нь зээл чөлөөлөх үедээ 18.970.000 төгрөгийг миний өмнөөс төлсөн гэсэн бөгөөд уг мөнгийг миний бие гаргаж өгөхөд бэлэн байна...” /1хх 7-8, 9, 2хх 246-248, 3хх 142-143/,
гэрч Ц.А-н “...2014 оны 6 дугаар сард “Мөнххада “ХХК-наас Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаатай лизингээр ээж Г.Б-н нэр дээр авсан. Би тээврийн хэрэгслийг худалдан авахад ээж Г.Б-тэй хамтран зээлдэгчээр орсон. ...2018 оны 2 дугаар сарын сүүлээр 10 гаран сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэгтэл 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Р.Б над руу утсаар залгаад машины чинь үлдэгдэл мөнгийг чинь төлчихлөө таныг банкин дээр хүрээд ир гэж байна гээд олон удаа утсаар ярьсан. Би тухайн үед итгээгүй юм. Тэгсэн чинь Хаан банкны теллер над руу залгаад Амараа эгчээ Хаан банкнаас ярьж байна. Зээлийг чинь төлж дууссан байна. Ирж бичиг баримтаа чөлөөлж ав гэж хэлэхээр нь Р.Б-д итгэсэн. Сүхбаатар дүүргийн Хаан банкны Пирамид төв дээр очсон. Тэгэхэд Хаан банкнаас миний бичиг баримтыг өгөөд 17.906.274 төгрөгийн зээлийг чинь хаасан талаар хэлээд бичиг баримт өгсөн. Банкнаас гарсан чинь манай бэр Б хүлээлгийн өрөөнд сууж байсан. Б надтай уулзаад би ээжийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлье гээд надаас барьцаа хөрөнгө чөлөөлөх бичиг, байрны ордер, Хаан банкнаас гаргаж өгсөн. Тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх гэсэн гурван албан бичгийг авсан. Тэгэхээр нь ээж Г.Б-г аваад явна биз дээ гэхэд тэгнэ гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр манай дүү над руу залгаад Б-г ломбардад машин тавьсан талаар хэлсэн. Гомбосүрэн овогтой Г.Б нь миний ээж юм. Уг тээврийн хэрэгслийг ээж өөртөө зориулж авсан. Миний хоёр дүү болох А, А хоёр ээлжлэн ээжийн жолооч хийж тээврийн хэрэгслийг хэрэглэдэг байсан. Би ээж Г.Б-н өмнөөс тээврийн хэрэгслийн Хаан банкны лизинг төлж байсан. Манай ээж Г.Б надад объект түрээсэлдэг. Ээж түрээсийн мөнгө авахгүйгээр сар болгоны түрээс болгож үйл ажиллагааны зардлаас тээврийн хэрэгслийн лизинг төлдөг байсан. Би зээл хаа гэж хэн нэгэнд хэлээгүй. 10 гаран сая төгрөгийн зээлийн төлөлт хийх дутуу байсан. Тэгтэл 5.............. дугаарын данснаас миний 51........... дугаарын Хаан банкны машины лизингийн данс руу 17.906.274 төгрөг орсны улмаас автоматаар банк татсаны дагуу миний зээл хаагдсан. 50.......... дугаарын дансыг хэний данс гэдгийг мэдэхгүй. Р.Б хэн нэгний данснаас шилжүүлсэн юм шиг байна. Тээврийн хэрэгслийг ломбардад тавих гэж намайг өөртөө итгүүлсэн. Тэгээд мөнгөжих гэж л тээврийн хэрэгслийг ломбардад тавьсан. ...2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн эргэн төлөлт гэж 18.000.000 төгрөг төлсөн нь Б-н төрсөн дүү Г нь 2016 оны 10 дугаар сард автомашины гарааш болон угаалгын газрыг 1 сарын 2.500.000 төгрөгөөр түрээсэлж түрээсийн төлбөрөө төлөхгүй байж байгаад 2018 оны 1 сарын 17-ны өдөр түрээсийн мөнгийг миний Хаан банкны 502............ тоот дансанд шилжүүлсэн. Уг мөнгө нь автомашины зээлийн эргэн төлөлтөд төлөгдсөн. Харин Б зээлийн эргэн төлөлтийг төлж байгаа асуудал биш. Харин Түрээсийн мөнгийг төлж байгаа асуудал юм. ..... УНЛ улсын дугаартай ланд 200 маркийн авто машины зээлийн эргэн төлөлтийг Хаан банкны 50.............. тоот данснаас хаан банкны 51............... дугаар данс руу татдаг...”/1хх 93-94, 2хх 249-250/,
гэрч Ц.Аы “...Уг тээврийн хэрэгслийн лизингийг миний ээж Г.Б төлдөг байсан. Би ээжийнхээ жолооч хийгээд ..... УНЛ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Монги эм” гэх нэртэй эмнэлэгт хэвтэхэд ..... УНЛ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр Б намайг эмнэлэгт хүргэж өгөөд машины түлхүүрийг авч үлдсэн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 2018 оны 3 дугаар сарын 20, 22-ны өдөр тус тус намайг эргэж ирээд дахин ирээгүй юм. Би Б-г ирэхгүй болохоор нь гайхаж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгээс гарсан. Гэртээ очоод Б-с машиныг хаана байгаа талаар асуухад миний дүү Г гадаадаас ирсэн. Хүмүүст үйлчлэхээр 1, 2 хоногийн хугацаатай аваад явсан гэж хэлсэн. Арав хоног болсны дараа машин яасан юм бэ ээж хөдөө гадаа явах хэрэгтэй байна. Эмчилгээ хийлгэхэд машин хэрэгтэй байгааг хэлэхэд Б гэртээ ирэхээ больсон. Байгаа газар нь хайж очоод явъя машин тэрэг хаана байгаа талаар асуухад юун сүртэй юм өгнө гэж хэлж байхаар нь орхиод яваад өгсөн. Нэлээн хэд хоногийн дараа гэртээ хүрээд ирэхээр нь машин яасан юм гэхэд маргааш нөгөөдрөөс Г-с авчирна гэж хэлж байсан. Миний ээж Г.Б машин хаана байгаа юм, яагаад машинтайгаа ирэхгүй байгаа талаар надаас асуухаар нь Б дүү Г-д унуулах гээд түр өгсөн байна гэдгийг хэлсэн. Г-той утсаар яриад ..... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл танайд явж байна уу гэхэд хэрэглээгүй талаараа хэлсэн. Би төрсөн дүү А-г хүрээд ир машин байхгүй болчихлоо гэж хэлэхэд Авто тээврийн газар очин машиныг шүүлгэж үзэхэд “Т” гэх компанийн нэр дээр шилжсэн байна гэдгийг хэлсэн. “Т” гэх газарт очиход Сайн ломбардад 70.000.000 төгрөгөөр Б-г барьцаанд тавьсан талаар мэдээлэл гарч ирсэн. “Сайн” ломбардад тавьсан бичиг баримтыг үзэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн газар нь Б гэх хүн байсан. Б гэх нотариатын хүн дээр очоод яагаад нотариатын газраар хүний машиныг хүнд шилжүүлдэг юм бэ гэхэд хэзээ ч буруу зүйл хийдэггүй талаараа хэлж байсан. Б гэх хүн хүнийг гэрээгээ гаргаад ир гэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн байсан. Тэр гэрээнд ээж Г.Б-н иргэний үнэмлэхийг хавсаргасан байсан. Энэ талаар Б гэх хүнээс асуухад Б-г нэг эмэгтэй хүнтэй ирээд иргэний үнэмлэхийг канондсон хуулбар байхаар нь батлаад өгөөд явуулсан гэдгийг хэлсэн. Тэгээд л Цагдаагийн байгууллагад хандах болсон. 2017 оны 6 дугаар сард лизингийн хугацаа дууссан ба хугацаа хэтрээд алдангитай явж байгааг манай гэрийнхэн ярьж байсан. Алданги өдрийн 6.000 төгрөг байсан учир төлөх гэж яараагүй. Р.Б бид хоёрт тухайн тээврийн хэрэгслийн банкны лизинг төлбөрийн талаар ямар нэг оролцоо байхгүй. Энэ машин бол манай гэр бүлийн машин биш юм. Миний ээж Бат-ийн машин юм” /1хх 95-97, 2хх 1/,
гэрч Ц.Ц-н “...Би авто тээврийн үндэсний төв орж ..... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэний нэр дээр байгаа талаар асуухад Т ХХК-ийн нэр дээр байна гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Г.Б-ийн нэр дээрээс Б гэх хүний нэр дээр шилжээд тэндээсээ Т компанийн нэр дээр шилжээд гэрээ хийгдсэн байсан. Бэлэглэлийн гэрээг Баянгол дүүргийн нотариатч Б гэх хүн баталгаажуулсан байсан. Энэ бүгдийг ээж Б-т хэлсэн. Миний ээж Б зохих журмын дагуу цагдаад гомдол гаргасан. Нотариатч Б гэх хүн хууль бус бэлэглэлийн гэрээг хийсний улмаас үр дагаварт хүргэж байна...” /1хх 98-99/,
гэрч Р.Г “...А, Б нар нь Нарны зам дагуу байрлалтай Болор нэртэй автомашины угаалгын газар болон тус объектыг ажиллуулдаг байсан юм. ...Манай гэр бүлийг дэмжиж туслаач гэх зэргээр надтай олон удаа уулзаж байсан. Үүний дараа цайны газар дахин сэргээж нээчихсэн А нь бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь надад итгэл үнэмшил төрж А, Б нар нь идэвхтэй амьдрах гэж байна гэсэн үнэмшил төрсөн. Үүний үндсэн дээр тусалж байсан. Хамгийн бага хүүхэд төрөх үед нь тусалж байсан. Энэ үед хоёулаа надаас гуйж байсан. Үүний дараа цагаан сар болсон учир тусламж гуйсан учир тусалсан. А нь алдарт уяач болсон цайллага хийх гэсэн учир надаас мөнгө авч байсан. Найз Сумъяабазар нь сайд болсон Оюутолгой руу явах ажлын хэсэгт орсон дагаж явах гэсэн нь машины бензин байхгүй гэсэн учир тусалсан. Хамгийн том охин 10 дугаар анги төгсөж байгаа гээд тусалж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ланд круйзер 200 маркийн автомашины төлбөр төлөгдөөгүй учраас Хаан банк хураах гээд байна А, Б нар нь хамгийн бага нялх хүүхдийнхээ хамт манай ажил дээр өөрсдийн биеэр ирж тусламж хүссэн. Бн худалдаа хөгжлийн банкны данс руу 20.650.000, 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин миний хувьд бусад байдлаар уг мөнгийг өгөөгүй дахин мөнгө гуйсан огт өгөөгүй юм. Г.Б-н эзэмшлийн гэх авто угаалгын газрыг түрээслэх зорилгоор гэрээ байгуулсан боловч уг газарт нь үйл ажиллагаа явуулсан нэг ч өдөр байхгүй. Харин би өөрийн зардлаар авто засварын газарт нь засвар хийсэн. Харин сантехникийн асуудлыг шийдэж өгөхгүй байсан болохоор үйл ажиллагаа эхлүүлэх боломж байгаагүй юм. Ер нь миний хувьд энэ мөнгийг эхнээс нь төрсөн эгч Б-д туслах зорилгоор түрээс маягаар өгсөн. Учир нь, манай гэр бүлийн хүн байнга А, Б нарт мөнгө өглөө гэдэг байсан. Ингээд түрээсэлж байгаа мэтээр халхавч болгож А, Б нарт өгсөн юм. Миний хувьд дээрх мөнгийг Б-с нэхэмжлэхгүй. Ланд круйзер 200 маркийн автомашиныг Г.Б-ийн үр хүүхдүүд нь эзэмшээд унаж байдаг л байсан. А, Б нар нь над дээр ирэхдээ бид хоёрын машин гэж л байдаг байсан юм. ...” /3хх 34-38/,
шүүгдэгч Р.Б-н яллагдагчаар өгсөн “...Уг ....... улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл бол манай гэр бүлийн машин. 2014 оноос хойш нөхөр А, 19 настай Хүслэн, 17 настай Халиун, 13 настай Хулан, 2 настай Нандий нарын хамт Хан Уул дүүргийн 15 хороо, Нархан хотхоны 51-05 тоотод амьдарч байсан. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр билүү 11-ний өдрөөс хойш А бид хоёр тусдаа амьдарч байгаа. 2017 оны Сант сургуулийн төлбөр 18 сая төгрөгийг нөхөр А өвчилсний улмаас дүү Г-с зээлж төлсөн. Энэ төлбөр 18 сая төгрөгийг Ланд 200 тээврийн хэрэгслийг ломбардад тавьсан мөнгөнөөс өгсөн. 2018 оны 3 дугаар сард Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төлбөр болох 2.400.000 төгрөгийг Хүслэнгийн сургалтын төлбөрт төлсөн. 2018 оны 3 дугаар сард Хаан банканд Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн лизингийн үлдэгдэл болох 18.970.000 төгрөгийг төлж, зээлээс тээврийн хэрэгслийг чөлөөлсөн. 2017 оны 8 дугаар сард Аы үеэл дүү Энхтүвшинээс зээлж авсан 10 сая төгрөгийг 2018 оны 3 дугаар сард 5 сая төгрөгийг өөрийнхөө 500......... дугаарын данснаас шилжүүлсэн. Нэг жилийн хугацаанд гэрт гарч байгаа урсгал зардал болох байрны мөнгө гэрэл, цахилгаан, интернэт, хоол унд, эм тариа, эмнэлгийн зардлыг дандаа төрсөн дүү Г-с авч төлдөг байсан. Тэр мөнгийг буцаан өгсөн. Гадаа гудамжинд явсан хүнийг 20.000 төгрөг өгөөд хадам ээж Г.Б-ийг төлөөлүүлэн оруулж нотариатын хүнийг урьд таньдаг байсан болохоор манай ээжийн иргэний үнэмлэх байхгүй гэж хэлэхэд ТҮЦ машинаас лавлагаа аваад ир гэж хэлсэн. Ажиллахгүй байна зээлийн асуудал шийдэх хэрэгтэй байна нөгөө газар хаах талаар хэлээд бэлэглэлийн гэрээ хийлгүүлсэн. ...2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1 хувийн зээлийг өдөрт олгодог хүнийг интернэтээр хайгаад Аы эгч Ц.А-н нэр дуур байсан Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн Хаан банкны зээлийн данс руу 17.970.000 төгрөг шилжүүлсэн. Хаан банкны зээлийн эдийн засагч нь намайг мэддэг учраас Ц.А-н машины зээлийн дансыг өгсөн. Хаан банк мөнгийг хийхээр автоматаар татаад авдаг учир машин суллах бичгийг зээлийн дансны эзэн Ц.А-д өгнө гэсэн. Тэгэхээр нь Ц.А-г утсаар дуудаад та ирээд машины бичиг баримт аваад өг гэхэд Ц.А Сүхбаатар дүүргийн хаан банкны тооцооны төвд ирсэн. Тэгээд би өөрийн эд зүйлсийн бичгийг Ц.А-с авснаа Ад хэлэхэд А нь ээжид мэдэгдмээргүй байна, ээжийг оролцуулахгүйгээр зээл авмаар байна гэсэн. Сайн ломбардаас зээл авсны дараа зээл олгодог хүнд 20 сая төгрөг өгсөн. ...Үнэлгээгээр гарсан 140.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Т ХХК-д 70.000.000 төгрөгөөр барьцаалсан. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 18.970.000 төгрөгийг төлж авто машиныг чөлөөлсөн. Миний буруутай үйлдлийн улмаас Г.Б нь .......... улсын дугаартай ланд 200 маркийн автомашинаа одоог хүртэл өөр дээрээ авч чадахгүй Т авто ХХК-ийн нэр дээр зогсоолд байгаа учир Г.Б-т 140 сая төгрөгийн хохирол учраад байгаа юм. Миний хувьд автомашиныг Т авто ХХК-аас чөлөөлж авах хүсэлтэй байгаа бөгөөд Хаан банкнаас чөлөөлсөн нийт 36.970.000 төгрөгийг Г.Б-н өмнөөс төлсөн учир уг мөнгийг Г.Б ломбардад төлүүлж, миний бие үлдэгдэл мөнгийг нэмж төлж автомашиныг чөлөөлж авах хүсэлтэй байгаа юм. Г.Б нь Мөнххада ХХК-аас гэрээ байгуулж худалдаж авсан бөгөөд Ц.А нь хамтран зээлдэгчээр оролцсон юм. Уг автомашиныг манай нөхөр жолоодож байсан. ...Р.Г-с мөнгийг зээлэхдээ нөхөр Аы хамт Р.Г-н ажил дээр очиж Ланд 200 маркийн авто машин хураагдах гээд байна туслаач гэж гуйсаар байгаад авсан. Г.Б-н нэр дээр байдаг Болор нэртэй авто угаалгын газрыг түүний охин Ц.А түрээслэн ажиллуулдаг. Миний бие залгаа байх объектод хоолны газар ажиллуулдаг байсан. Тэгтэл Г нь А та хоёроос 22.450.000 төгрөгийг буцааж авна гэж худлаа тийм учраас танай хоолны газрыг түрээсэлье гэхээр нь зөвшөөрсөн учир 1 сар нь 2 сая төгрөгөөр тооцож 12 сар нь 24 сая төгрөгөөр түрээслэхээр болсон юм...” /1хх 107-109, 112-113, 2хх 2, 3хх 2, 94-95/ гэх мэдүүлгүүд,
мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б-с гарган өгсөн Мөнххада ХХК болон Г.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 14/026 дугаартай Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх 17-26/,
Хаан банк болон Ц.А, Г.Б нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Ц.А-н Хаан банкны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 27-39, 193-198, 201-211/,
Хаан банкны 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх тухай, Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан бичгүүд /1хх 42-43/,
мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх 44-47/,
Автомашин өмчлөгчдийн жагсаалт, тээврийн хэрэгслийн лавлагаа, Барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ /1хх 50, 53, 58, 60, 63/,
“Т авто” ХХК-ийн “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Р.Б-н манай байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу дээрх барьцаа авто машиныг зогсоолд байршуулан 09800276 зээл болон фидуцийн гэрээг өөрчлөн 70.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй нэг сарын хугацаатайгаар дахин 09........... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Манай байгууллага нь зээл олгохдоо зээлдэгчийн барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийг зохих хууль журмын дагуу шалгаж тодруулсны үндсэн дээр зээл олгодог бөгөөд Р.Б-н хувьд барьцаа эд хөрөнгийг шалгаж тодруулсны үндсэн дээр зээл олгодог бөгөөд Авто тээврийн үндэсний төвд илгээсэн 18/4-3019 албан бичгийн дагуу манай байгууллага өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээл болон фидуцийн гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн барьцаат зээлийн 01........... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 18/04-3019 тоот албан бичиг, 01........ тоот гэрчилгээ зэргээр нотлогдож байгаа. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 09...........тоот барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд Р.Б нь зээлээ төлөхгүй гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн учир, манай байгууллагад үндсэн зээлийн үлдэгдэл 70.000.000 төгрөг, хүү 2.100.000 төгрөг, алданги 9.016.250 төгрөг, зогсоолын төлбөр 55.000 төгрөг, нийт 81.171.250 төгрөгийн төлбөртэй болсон. Иймд эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож, битүүмжилсэн ..... УНЛ улсын дугаартай ЛВНУ053Х04141110 арал дугаартай, саарал өнгийн Тоёота, Ланд круйзер маркийн авто машиныг манай байгууллагын өмчлөлд шилжүүлэн өгнө үү...” гэх нэхэмжлэл /1хх 70-71л/,
Ухаа шүрт консалтинг ХХК-ийн “Тоёота Ланд круйзер 200 автомашиныг 140.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 75-81, 82-83/,
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1508 дугаартай шийдвэр /1хх 120-121/,
“Т авто” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг /1хх 181/,
Р.Б нь ...... Тоёота Ланд круйзер 200 автомашиныг “Т” ХХК-нд барьцаалсан “Барьцаат зээлийн гэрээ 2018.03.22”, “тээврийн хэрэгслийн лавлагаа Т авто ХХК”, “Зээлийн гэрээ 2018.03.02", “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ 2018.03.02”, “тээврийн хэрэгслийн лавлагаа Р.Б ”, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 182-190/,
Хаан банкны 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 5111/01-46 дугаартай “Тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх тухай "... 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлийн үүргийн гүйцэтгэл дуусаж хаасан тул ..... УНЛ улсын дугаартай ЛМНV053Х04141110 арлын дугаартай хар саарал өнгөтэй Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг ХААН банкны барьцаанаас чөлөөлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г овогтой Б /РД: ........... /-Н нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн албан тоот /1 хх 199/,
Авто тээрийн хэрэгслийн лавлагаа /1хх 215/,
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Монголын Нотариатчдын танхимын нотариатч Д.Б-н бүртгэлийн дэвтэр, бэлэглэлийн гэрээ, мөнгөний тасалбар /1хх 216-220/,
шүүгдэгч Р.Б-н ..... банкны депозит дансны хуулга /2хх 22/,
Мөрдөгчийн хүсэлт хангах тухай тогтоол, Р.Б-н 94ХХХХХ дугаарын утаснаас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нотариатч Д.Б-тай ярьсан ярианы билл хэрэгт хавсаргуулахаар өгч байна гэх хүсэлт, Мобиком корпорацын хэрэглэгчийн 94ХХХХХХ дугаарын ярианы талаарх мэдээлэл /2хх 34-51/, ш
шүүгдэгч Р.Б-с гаргаж өгсөн банкны хуулга /3хх 31, 39/,
гэрч Р.Г-с гаргаж өгсөн Ц.А-ын Ю ХХК-тай хийсэн түрээсийн гэрээ, худалдаа хөгжлийн банкны орлогын баримтууд /3хх 40-46 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Б-г залилах буюу хуурч, баримт бичиг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Б-г өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүгдэгч Р.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Р.Б-д тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Б-д тухайн зүйл, хэсэгт зааснаар 7.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Оюунбилэг “...Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Монголын Нотариатчдын танхимын нотариатч Д.Б-н бүртгэлийн дэвтэр, бэлэглэлийн гэрээ, мөнгөний тасалбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” их дэлгүүрийн 2 давхарт нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа ..... УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Б-ийн өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийг байхгүйд, түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгийн эрхэд 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, өмчлөгчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх тул шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ