Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ц.Амармэнд |
Хэргийн индекс | 181/2024/00072/И |
Дугаар | 181/ШШ2024/02044 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02044
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХК/РД:6/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С
хХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг сунгаж, түрээсийн гэрээ байгуулахыг а ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Түрээсийн гэрээний хугацаа хэтэрсэн алданги 31,668,264 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Аг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хХХК нь 2019 оны 12-р сарын 1-ний өдөр а ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулж, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж 23/1 хаягт орших АМО Төвийн 309, 311 тоотын 106 м.кв талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэрээний хугацаа дуусахад, 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр түрээсийн хугацааг сунган, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг 2023 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар дахин байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн сарын төлбөр нь 3,498,000 төгрөг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт 170 гаруй сая төгрөгийг а ХХК-д төлсөн байдаг. 2021 оны 12-р сарын 01-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 11-р сарын 30-ны өдрөөр дуусахад, түрээслүүлэгч а ХХК-ийн зүгээс түрээсийн хугацааг сунгахгүйг мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар түрээсийн төлөгдөөгүй төлбөр байхгүй буюу гэрээний зөрчил байхгүй, бүр 2023 оны 12-р сарын түрээсийн төлбөрийг төлчихсөн. Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д гэрээний хугацаа дуусахад хөлслөгч уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй гэж заасан тул манай компани а ХХК-тай шинэ түрээсийн гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй. а ХХК түрээсийн хугацааг сунгахгүй, түрээсийн шинэ гэрээг байгуулахгүй, талбайг лацдах зэргээр ашиглах үйл ажиллагаанд саад учруулах эрсдэл байгаа тул хХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг сунгаж, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахыг а ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөрийг байнга хугацаа хоцроож төлдөг байсан. Гэрээний үүргээ ноцтойгоор зөрчдөг тул цаашид хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ 100 хувь биелүүлж, хариуцагчид аливаа хүндрэл, саад, чирэгдэл огт учруулж байгаагүй, мөн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байсан. 2019 онд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Бид түрээсийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 2021 оны 12 сар хүртэл цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчид хөнгөлөлттэй үнээр буюу зах зээлийн үнээс доогуур үнэ ханшаар түрээслүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч а ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани хариуцагчтай гурван Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан. Үүнд:
1. 2019 оны 5 сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ (Гэрээ №1) - 1 жилийн хугацаатай; 2. 2019 оны 12 дугаар сарын 01 -ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ (Гэрээ №2) - 2 жилийн хугацаатай;
3. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ (Гэрээ №3) -2 жилийн хугацаатай. Хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш түрээсийн төлбөрийг байнга хугацаа хэтрүүлэн, элдэв шалтаг тоочин хойшлуулдаг байсан. Бид нөхцөл байдалд аль болох нааштай хандаж, хугацаа хэтрэх, хойшлох бүрт алданги тооцолгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагчтай байгуулсан Гэрээ №1 /2019 он/-ийн хугацаа хэтэрсэн алданги: 625,140 төгрөг, Гэрээ №2 /2020, 2021 он/-ын хугацаа хэтэрсэн алданги: 7,577,844 төгрөг, Гэрээ №3 /2022, 2023 он/-ын хугацаа хэтэрсэн алданги: 23,465,280 төгрөг, нийт 31,668,264 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
3.1. Хариуцагч а ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: хХХК-ийн хууль бус эзэмшлээс манай өмчлөлийн талбайг чөлөөлж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч хХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан алданги нь түрээслэгч 2019-2023 онуудад аль хэдийн төлчихсөн, ямар нэгэн үлдэгдэл байхгүй, түрээсийн төлбөрийн үүрэг дуусгавар болсны дараа нэхэмжилж буй алданги юм. Түрээсийн төлбөр нь төлөгдөж түрээслэгч үүргээ бүрэн биелүүлж дуусгавар болж, түрээслүүлэгч алданги тооцохгүйгээр тухайн сарын түрээсийн төлбөрүүдийн тооцоог талууд хийж, төлбөр тооцоогүйгээ бодит үйлдэл, баримтаар баталгаажуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хХХК нь хариуцагч а ХХК-д холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг сунгаж, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч а ХХК нь нэхэмжлэгч хХХК-д холбогдуулан, Түрээсийн гэрээний хугацаа хэтэрсэн алданги 31,668,264 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах нөхцөлүүдээр харилцан тохирч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд:
Нэг. Гэрээний гол нөхцөл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг сунгаж, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагатай, нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийн дагуу төлбөр гүйцэтгэх хугацаа хэтэрсний алданги 31,668,264 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг албадан чөлөөлүүлэх" тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн талбайг чөлөөлөх шаардлагыг тодорхой хугацааны дараа чөлөөлж өгөх нөхцөлөөр хүлээн авч, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн алданги шаардсан шаардлагаасаа татгалзаж, зохигч тал эвлэрэн хэлэлцэхээр тохиролцож, дараах нөхцөлүүдээр энэхүү гэрээг байгуулж байна.
1.2. Гэрээг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг удирдлага болгон байгуулав.
1.3. Энэхүү гэрээ нь ямар нэг байдлаар гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
1.4. Гэрээний дагуу талууд маргаан бүхий асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, гэрээг баталгаажуулсан шүүхийн шийдвэрт дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон болно.
1.5. Шүүхийн шийдвэрээр баталгаажсан Эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелэгдэх учиртайг ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
Хоёр. Эвлэрлийн нөхцөлүүд
2.1. А талаас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б тал түүний хариуд түрээсийн талбайг ашигласан хугацааны төлбөрийг А талаар нөхөн төлүүлж, тодорхой хугацаагаар түрээсийн гэрээ байгуулж төлбөртэйгөөр ашиглуулах, А тал түрээсийн талбайг тохирсон хугацаанд чөлөөлж, хүлээлгэн өгөх, хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн 31,668,264 төгрөгийн алданги гаргуулах шаардлагаас татгалзаж, эвлэрэн хэлэлцэхээр тохиролцлоо.
2.2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж 23/1, АМО төв, 3 давхар, 309, 311 тоотод байрлах 106 м.кв талбайг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, чөлөөлөн, түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө. Түрээсэлж байсан талбайг түрээслэх үеийн хэмжээнд засаж тохижуулан, засвар хийж хүлээлгэн өгнө.
2.3. А тал үндсэн нэхэмжлэлээс татгалзаж, Б тал түрээсийн талбайг ашигласан хугацааны төлбөрийг А талаар нөхөн төлүүлж, тодорхой хугацаагаар түрээсийн гэрээ байгуулж төлбөртэйгөөр ашиглуулж, А тал талбайг чөлөөлөн өгөх тохиролцооны дагуу А талын 2024 оны 2,3,4-р саруудын /ашигласан хугацааны/ Түрээсийн төлбөрийн хэмжээ, хугацаа болон энэхүү гэрээний 2.4-д заасан түрээсийн хугацааны түрээсийн төлбөрийн хэмжээ, хугацааг тус тус гэрээний 2.5-д тусгав.
2.4. Талууд түрээсийн гэрээг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулна. Талууд гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлнэ.
2.5. А тал нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуучин тариф /1 м.кв-33,000 төгрөг/-аар 2024 оны 2,3,4-р саруудын төлбөрийг тооцож, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шинэ тариф /1м.кв-55,000 төгрөг/-аар тооцож түрээсийн төлбөрийг төлнө. Төлбөр гүйцэтгэх хуваарийг харуулбал:
Төлбөр төлөх огноо | 1 м.кв-ын үнэ | Түрээсийн талбайн нийт м.кв | Түрээсийн үнэ /сар тутамд/ /НӨАТ орсон/ | Тоо хэмжээ /сар/ | Нийт үнэ |
2024 оны 05 сард багтааж | 33,000 төгрөг | 106 м.кв | 3,498,000 төгрөг | 2, 3, 4-р сар | 10,494,000 төгрөг |
| 55,000 /шинэ тариф/ | 106 м.кв | 5,830,000 төгрөг | 5-р сар | 5,830,000 төгрөг |
2024.06.10-ны өдрийн дотор | 55,000 төгрөг | 106 м.кв | 5,830,000 төгрөг | 6-р сар | 5,830,000 төгрөг |
2024.07.10-ны өдрийн дотор | 55,000 төгрөг | 106 м.кв | 5,830,000 төгрөг | 7-р сар | 5,830,000 төгрөг |
2024.08.10-ны өдрийн дотор | 55,000 төгрөг | 106 м.кв | 5,830,000 төгрөг | 8-р сар | 5,830,000 төгрөг |
2024.09.10-ны өдрийн дотор | 55,000 төгрөг | 106 м.кв | 5,830,000 төгрөг | 9-р сар | 5,830,000 төгрөг |
2024.10.10-ны өдрийн дотор | 55,000 төгрөг | 106 м.кв | 5,830,000 төгрөг | 10-р сар | 5,830,000 төгрөг |
| Нийт | 45,474,000 төгрөг |
2.6. А тал нь Гэрээний 2.5-д заасан хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулна.
2.7. А тал нь Түрээсийн төлбөрийг Б талын дараах дансанд шилжүүлнэ:
Арилжааны банк:ХААН БАНК Данс эзэмшигч:а ХХК Дансны дугаар:5009 864 625 |
2.8. Түрээсийн төлбөрийг бэлэн мөнгөөр хийвэл бэлэн мөнгө хүлээлцсэн акт үйлдэнэ.
Гурав. Талуудын эрх, үүрэг
3.1. А талын эрх, үүрэг:
3.1.1. Энэхүү гэрээний 2.5-д заасан төлбөрийг тус бүрийн хуваарийн дагуу хугацаанд нь Гэрээний 2.7-д заасан Б талын дансанд шилжүүлнэ.
3.1.2. Төлбөрийг шалтгаангүйгээр, санаатайгаар төлөхөөс татгалзах, зайлсхийхийг хориглоно.
3.1.3. Гэрээний үүргээ биелүүлэхэд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий болсон бол гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацааг сунгуулах хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
3.1.4. Гэрээнд заасан үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй.
3.1.5. Гэрээнд заасны дагуу Б талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
3.1.6. Гэрээний хугацаа дуусгавар болох өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн байх бөгөөд түрээсийн талбайн түлхүүрийг Б талд гардуулж өгнө.
3.2. Б талын эрх, үүрэг:
3.2.1. Гэрээнд заасны дагуу А талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
3.2.2. Түрээсийн талбайг энэхүү гэрээнд заасан хугацаанд хүлээж авна.
3.2.3. А талыг гэрээнд заасны дагуу талбайг чөлөөлж, хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд А талын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор түрээслэгчийн авто зогсоолыг зохих журмын дагуу ашиглуулах, ачаа бараа ачих, буулгах хөдөлгөөнд саад учруулахгүй, чөлөөтэй нэвтрүүлнэ.
Дөрөв. Хариуцлага
4.1. Гэрээний А тал нь гэрээнд заасан үүргээ заасан хугацаанд нь үе шаттай биелүүлэх үүрэгтэй.
4.2. Хэрэв А тал Түрээсийн төлбөрийг Гэрээний 2.5-д заасан хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцно.
Тав.Бусад зүйл
5.1. Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.
5.2. Гэрээний хугацаа, нөхцөл байдлын талаар өөрчлөлт оруулахаар бол хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэжээ.
Зохигчид үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгүүдээс татгалзаж, маргаантай асуудлыг харилцан тохиролцож, тодорхой нөхцөл тохирон эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч хХХК, хариуцагч а ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээгээр,
-хХХК нь Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж 23/1, АМО төв, 3 давхар, 309, 311 тоотод байрлах 106 м.кв талбайг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон түрээслэх үеийн хэмжээнд засаж тохижуулах, засвар хийж а ХХК-д хүлээлгэн өгөх,
-хХХК нь үндсэн нэхэмжлэлээс татгалзаж, а ХХК-д түрээсийн талбайг ашигласан хугацааны төлбөрийг нөхөн төлж, тодорхой хугацаагаар талууд түрээсийн гэрээ байгуулж, төлбөртэйгөөр ашиглах, хХХК талбайг чөлөөлөн өгөх тохиролцооны дагуу 2024 оны 2,3,4-р саруудын /ашигласан хугацааны/ Түрээсийн төлбөрийг эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацаа, хэмжээгээр төлөх,
-Талууд түрээсийн гэрээг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулах,
хХХК нь 2024 оны 05 дугаар сард багтаан
-2,3,4 дүгээр сарын түрээсийн төлбөрт 10,494,000 төгрөг,
-5 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,830,000 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,830,000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,830,000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,830,000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт 5,830,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,830,000 төгрөг буюу нийт 45,474,000 төгрөгийг эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцсон хуваарийн дагуу а ХХК-ийн Хаан банкны 5009-864-625 дансанд хугацаанд нь төлөх,
хХХК түрээсийн төлбөрийг Эвлэрлийн гэрээний 2.5-д заасан хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцох, зэрэг үндсэн нөхцөлөөр харилцан тохирч, бусад нөхцөлийг энэ захирамжийн Үндэслэх хэсэгт заасан эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч а ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /316,292+70,200/ 386,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч а ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД