Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 360

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч С.С-д түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт С-ын С-д холбогдох 1708000000060 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2006 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ... овогт С-н С /РД: .../

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

            Яллах талын нотлох баримтууд:

Шүүгдэгч С.С-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Ү.О гэж эмэгтэйтэй 2009 онд танилцаад тэрнээс хойш хамт амьдрах болсон. Бид дундаасаа хоёр охинтой, Томыг нь С гэдэг, 7 настай, багийг нь С гэдэг 4 настай. О бид 2009 оны 12 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Эхнэр О ... дэлгүүрт худалдагч хийдэг. Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхнэрийнхээ ажил дээр очсон. Манай эхнэрийн найз У-н төрсөн өдөр байсан болохоор төрсөн өдрийн мэнд хүргэх гээд очсон байсан. Би эхнэрийн ажлын хүмүүстэй хамт У-н төрсөн өдрийг тэмдэглэх гээд ажлаас нь бөөнөөрөө гараад Өргөөгийн хойд талд байдаг караокед орж дуу дуулж төрсөн өдрийн хоол унд авч идээд ойролцоогоор 3 цаг гаран болсон. Бид хоёр бөөнөөрөө хэсэг дуу дуулж юм ярьж байгаад би 00-ын өрөөнд ороод бие засах гэж байхад О араас орж ирсэн. Би О-г хоёулаа одоо дуусгаад гэртээ харъя, хоёр хүүхэд хэцүүдлээ гэсэн чинь чамд миний амьдрал хамаагүй би өнөөдөр наргиж цэнгэж болохгүй юу гэхээр нь би тухайн үед тэгж хэлэхээр нь миний уур хүрээд О-тэй яахаараа ингэдэг юи гэж хэлээд хэсэг маргалдсан. Тэгээд нэг мэдсэн О-тэй хамт өөрийнхөө аав, ээжийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн ... тоотод ирчихсэн эхнэр О-тэй маргалдаж байсан. Бид хоёрын хэрүүлийг манай дүү С болиулж байсан. Тэгээд нэг мэдсэн би хөл нүцгэн гэрээсээ гараад О-н араас гүйж байснаа санаж байна. Тэр үед цагдаагийн ажилтнууд намайг гавлаад цагдаагийн газар руу аваад явсан. Би О-н ажлын газрын хүмүүстэй төрсөн өдөрт ороод архи, пиво нэлээд уусан болохоор их хэмжээний согтолттой байсан.  Болсон явдлыг заримыг нь санаад, заримыг нь юу ч санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ү.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ... төвд худалдагчийн ажил хийдэг. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай ажлын газрын охин У-н төрсөн өдөр нь болоод орой ажлаа тараад манай ажлынхан У-н төрсөн өдрийг тэмдэглэх гээд гарахад манай нөхөр С намайг хүлээгээд байж байсан. Тэгэхээр нь би нөхөртөө манай ажлын газрын охины төрсөн өдөр болж байна гэсэн чинь “би хамт явъя” гээд дагаад байхаар нь С-г ажлын газрын хүмүүстэйгээ хамт дагуулаад явсан. Ингээд хорооллын баруун талд байдаг ... гэдэг диско бааранд  шөнийн 3 цаг хүртэл бүжиглэж шоудсан. Баарнаас гарахад бид нар нилээн согтсон байсан ба С мөн согтсон байсан. Тэгээд нөхөр бид 2 манай ажлынхнаас салаад Өргөөгийн урдаас такси барьж суугаад би таксинд ороод зүүрмэглэсэн байсан. Тэгээд сэрэхэд С өөрийнхөө ээж, аавынхаа амьдардаг Сонгинохайрхан дүүргийн ... тоотын гадаа ирсэн байсан. Би тухайн үед хадмынх руугаа орохгүй гэсэн чинь С бид хоёрт ярилцах зүйл байна гээд байхаар гэррүү нь дагаад хамт ороход С-н төрсөн дүү болох С хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгсэн чинь С надаас хэрүүл өдөөд намайг хэл амаар доромжлоод чи дандаа шоу зугаа цэнгэл хөөцөлддөг гэх зэргээр хэл амаар доромжлоод хашгирахад дүү С босч ирээд та хоёр хэрүүлээ болиочээ, яагаад ингээд хэрэлдээд байгаа юм бэ? гээд миний талд орж ахыгаа болиоч гэхэд дүүгийнхээ үгэнд орохгүй над руу улам дайрч давшилсан. С С-г хорьсон боловч дийлээгүй  ба С миний нүдэн тус газар гараараа маш хүчтэй цохиод авахаар нь би манараад газар тонгойж хэсэг суусан, энэ үед С та яаж байгаа юм бэ гэж ахдаа хэлж хориглож байхад би гэрээс нь гараад зугатаасан бөгөөд араас С гарч ирээд намайг хөөж гүйцэж ирээд үснээс зулгаагаад  газар унагааж ууц, нуруу руу өшиглөж, толгой тархи руу гараараа цохиж, үсдэж байгаад гэрлүүгээ чирж орсон. Тэгээд би ухаан алдаад сэргэхэд хадам дүү С ах та болиочээ, О эгч ухаан алдчихсан байна гэж хэлж байсан. Тэгэхэд С “энэ муу яадаг юм бэ? Дандаа ингэж жүжиглэж байдаг юм гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нар ирээд С-г гавлаад аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-19, 20 х/

 

 

Гэрч С.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө гэртээ 7 настай Э-н хамт нойр хүрэхгүй интернэт үзээд сууж байтал миний төрсөн ах С утсаар залгаад ах нь гадаа чинь ирчихсэн байна, таксины мөнгө аваад гараад ирээч гэхээр нь би гартал С ах, эхнэр О-н хамт такси дотор маргалдсан байдалтай байсан. Тэгээд би таксины мөнгийг нь өгөөд тэр хоёртой цуг гэртээ орсон. С ах, О эгч хоёр хоёулаа согтуу байсан. Тэр хоёр гэрт орж ирээд хоорондоо маргалдаад байхаар нь би одоо та хоёр унтаж амраачээ, өглөө ажилтай, эрт унтаж амаръя гэсэн чинь О эгч би гэррүүгээ явлаа гээд байсан. Тэгээд маргаан нь ширүүссэн, би тэр хоёрыг салгах гээд хүчрэхгүй байхаар нь ... гэсэн дугаараас 102-т дуудлага өгөөд байж байтал С ах О эгчийн нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан, О эгч доошоо тонгойгоод газар  суусан, би С ахыг та яаж байгаа юм бэ? гээд цааш нь түлхээд холдуулсан чинь О эгч гэрээс гараад зугатаасан, араас нь С ах гүйгээд гарсан, би араас нь гарахад хашаан дотор О эгч газар уначихсан, Б ах плажнаас нь татаад  гэрт орж ярилцъя гээд хэд, хэдэн удаа цохиж, өшиглөж байхад нь би очиж салгасан. Тэгж байтал цагдаагаас миний утасруу яриад хаана дуудлага өгсөн бэ? хаягийг чинь хайгаад олохгүй байна гээд ярихаар нь би хаягаа зааж өгөөд гэр рүү ороход  О эгч жижиг өрөөнд уйлаад чарлаад хэвтэж байсан, харин Б ах шкаб уудлаад муухай, муухай орилж хашгичаад байж байхад нь цагдаа нар орж ирээд Б ахыг гавлаад аваад явсан. О эгчийг аав, ээж хоёр нь ирээд аваад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

Гэрч Д.Ү-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр охин О над руу утсаар яриад С намайг урьд шөнө гэртээ дагуулж ирээд зодчихлоо, миний хамаг бие хөндүүр, нүүр ам хөхөрч хавдаад аймаар болчихлоо гээд уйлаад ярихаар нь эхнэр Н-н хамт С-н гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн ... тоотод очсон. ...О жижиг өрөөнд нь ухаангүй байдалтай, хувцас хунар нь цус нөж болчихсон, үс гэзэг нь сэгсийчихсэн байсан. ...Урд нь олон удаа зодож байсан. 2017 оны 01 дүгээр сард ажил дээр нь очиж байгаад зодсон. Гэхдээ өргөдөл гомдол өгч шалгуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 х/

 

Гэрч Б.Ө-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг: “...Би 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Бүргэд 112 дугаар чиглэлд машинт эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан. 2017 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнөийн 05 цаг 14 минутанд Бүргэд 10-аас  “Сонгинохайрхан дүүргийн ... тоотод ах агсраад байна” гэсэн дуудлага мэдээллийг шалгаадах гэсний дагуу цагдаа Батжаргал бид хоёр тухайн хаяганд очиход 30 орчим насны залуу агсам согтуу тавьж байсан ба жижиг өрөөнд 30 орчим насны эмэгтэй нүүр ам нь цус болчихсон зодуулсан байдалтай уйлаад байж байсан. Дуудлага өгсөн хүн нь болохоор агсам согтуу тавьж эхнэрийгээ зодсон гэх залуугийн дүү нь гэж танилцуулж байсан...” /хх-ийн 26 х/

 

Шинжээчийн 10747 тоот дүгнэлт:

1.Ү.О-н биед нүүр, хүзүү, их бие, хөлийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 өвдөгт зулгарал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 32 х/

 

Хувийн байдлын талаарх болон бусад баримтууд:

С.С-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/

Хохиролын баримт /хх-ийн 76 х/

Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 9 х/ зэрэг болно.

Гэр бүлийн баталгааны хуулбар /хх-ийн 56 х/ гэх зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтуудыг талуудыг хүсэлтээр шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ү.О-с 3 удаа мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсгүүдэд заасан журмыг ноцтойгоор зөрчиж мэдүүлэг авсан тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлэх боломжгүй.Мөн гэрч Д.Ү-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хуульд заасан журмын дагуу авагдсан хэдий ч уг мэдүүлгийн эх сурвалж болсон хохирогч Ү.О-н мэдүүлэг хуульд заасан журам зөрчсөн тул Д.Ү-н гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэж үзэх нөхцлийг бүрдүүлж байгаа учраас мөн яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.

 

Гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод хамт архидан согтуурсан эхнэр Ү.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар “байнга” зодсон /хөнгөн хохирол учруулсан/ гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэр бүлийн баталгааны хуулбар /хх-ийн 56 х/, шүүгдэгч С.С-н мэдүүлэг /хх-ийн 40-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч С.С-н мэдүүлэг /хх-ийн 23-24 х/, шинжээчийн 10747 тоот дүгнэлт /хх-ийн 32 х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн баталгаатай, С.С нь эхнэр болох Ү.О-г зодож хөнгөн хохирол учруулсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч, хохирогч нар хамтран согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар С.С нь эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь нэг удаагийн шинжтэй байнга зодсон гэх гэмт хэргийн шинж байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байгаа.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг нь “байнга” зодсон байхаар хуульчлагдсан. “Байнга” гэдэг бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон асуудал тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдэх эсвэл удаан хугацаагаар хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн зодсон, энэ байдал нь дадал зуршил болсон шинжтэй байхыг ойлгоно.

С.С-ын 2017 оны 8 сарын 22-ны шөнө хамтран архидан согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ү.О-г зодсон асуудал нь нэг удаагийн шинжтэй гэж үзэхээр байгаа бөгөөд тодорхой нөхцөлд нэг удаагийн хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл хийсэн нь хүний бие махбодид үзүүлж байгаа нөлөөлөл эрчимтэй тасралтгүй байдлаар үргэлжилсэн, хохирогчид бие махбодын ноцтой зовиур шаналал үүсгэж үйлдсэн тохиолдолд “байнга” үйлдсэн гэх ойлголтонд хамаарах бөгөөд С.С-ын хохирогчийг зодсон үйлдэл нь давтамжийн хувьд мөн хохирогчид үзүүлж байгаа хүч нөлөөллийн хувьд ноцтой биш, урт удаан хугацаанд үргэлжилсэн шинжгүй, уг үйлдэл нь гэр бүлийн хүрээнд тогтмол давтагддаг, дадал зуршил болсон шинж байдал хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлий хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг С.С үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тул мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “холбогдох шийдвэр” гэдэгт С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 38 х/, Яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 118 х/-г хамааруулж ойлгохоор байгаа тул  шүүхээс дээрх тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн гол нотлох баримт нь хохирогчийн мэдүүлэг тул мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай учраас шүүхээс уг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тухайн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасан болно.

 

Хэрэг прокурорт очтол С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

С.С-д холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцааж буй тул хохирол төлбөр, болон бусад асуудлын талаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.2017 оны 08 сарын 29-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 204 дугаартай Яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 1708000000060 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

3.С.С-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар цагаатгагдсан этгээд түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ