Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/86

 

 

 

 

 

2022            1             18                                             2022/ДШМ/86

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Э.Чингис, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюун-Эрдэнийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.С-д холбогдох 2106 00000 1434 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н С, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Б” ХХК-ийн алтны уурхайд оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Жанжины ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн;

Б.С нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 203 тоотод иргэн Д.М-н цээж тус газарт хутгалж амь насыг нь хохироон, хүнийг алах,

мөн иргэн Б.Ц-н зүүн бугалгад хутгаар зүсэж шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-н С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, “Хүнийг алах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлж тооцсон 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 10 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.С-д оногдуулсан нийт 10 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г урьд нь цагдан хорьсон 125 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.С нь оршуулгын зардал 5.382.488 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхпүрэвт нөхөн төлсөн, хохирогч Б.Ц нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 32 см урттай, ажлын хэсэг 20 см, бариул хэсэг 12 см, ажлын хэсгийн өргөн 3.9 см хэмжээтэй хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.С-с жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлагын хэсэгт шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг “...шүүгдэгч урьд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж, шүүхээс хорих ял шийтгэгдэж байсан боловч 14 жил дахин гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв...” гэж тодорхойлсон. Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтад хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж заасан. Мөн шүүх хуралдааны танхимд шүүхийн шийдвэрийг уншин сонсгоход шүүгдэгчийн эдлэх хорих ялыг “...нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр...” гэж уншиж сонсгосон боловч прокурорт гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй ...” гэж тусгажээ. Ийнхүү шүүх хуралдааны танхимд уншин сонсгосон шүүхийн шийдвэр нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй болон шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлага хангаагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна. Мөн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт ...эдлэх ялын төрөл, хэмжээг 10 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай ... гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/1209 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь 14 жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш гэмшиж байгаа, оршуулгын зардлыг төлсөн гэдэг үндэслэлээр хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх талаар танилцуулсан. Цаг хугацааг буруу бичсэнийг засаж болох алдаа гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхгүйгээр давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Б.С нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 203 тоотод иргэн Д.М-н цээж тус газарт хутгалж амь насыг нь хохироон хүнийг алах,

мөн иргэн Б.Ц-н зүүн бугалгад хутгаар зүсэж шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ц-н “...С манай гэрт орж ирж намайг хутгалаад дараа нь Ц ахынд очиж Мөөгий ахыг хутгалаад алсан юм шиг байна лээ. ...гаднаас Сайханаа ах согтуу орж ирээд миний зүүн гарын бугалгын дотор хэсэгт 2 удаа хутгалсан. ...” /1хх 28/,

гэрч Э.Д-н “...М доошоо харсан байдалтай шал нэлэнхийдээ цус болсон байсан. “Юу болсон бэ” гээд Ц-с асуухад “С М-г хутгалчихлаа” гэж хэлж байсан. ...” /1хх 38-39/,

гэрч Д.Б-н “...Ц-н зүүн гарын булчин хэсэгт нь 2 удаа зүсээд, дараа нь М ахын сууж байхад араас нь гараа давуулаад цээжний зүүн хэсэгт 1 хутгалтал М ахын уг хутгалуулсан хэсгээс их хэмжээний цус гарахаар нь О, С болиулж хутгыг нь булааж аваад гаргаад шидчихсэн. ...” /1хх 7-48/,

гэрч Б.О-н “...С ягаан өнгийн иштэй хутга аваад М ахын баруун эгэм орчим хутгалсан. ...Цус олгойдоод ирсэн. Нэлээн гүнзгий хутгалсан. М ах сандал дээр доошоо хараад унасан. ...Тэгээд С дараа нь Ц-н зүүн гарт хутгалсан. ...” /1хх 51-52/,

гэрч Ц.Ц-н “...М, С хоёр хоорондоо хэрэлдэж, муудалцан зодолдоод байгаа бололтой түчигнэж байгаад С манай гал тогооны шүүгээнээс хутга гаргаж ирээд М руу дайраад байсан. ...” /1хх 61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “...Талийгаач нь цээжний зүүн урдаас цээжний хөндий рүү арагш доош чиглэж уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурын дээд аны булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд шингэн хурснаас зүрх чихэлдэж нас баржээ. Талийгаачид учирсан цээжний зүүн урдаас цээжний хөндий рүү арагш доош чиглэж зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурын дээд аны булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн бугалга дахь гэмтлүүд хурц иртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан зүүн бугалгын шарх нь үхэлд хүргээгүй. Талийгаачид тархины судасны хатуурал, бөөрний олдмол уйланхай, нойр булчирхайн архаг үрэвсэл архаг хууч өвчтэй байна. Талийгаачийн цусанд 2.4 промилл, ходоодны шингэнд 2.8 промилл, энд 3.0 промилл спиртийн агууламж илэрсэн. Цусанд 2.4 промилл спиртийн ... илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Ирүүлсэн дээжүүдэд хорт баъодис болон эмийн бодис илрэх боломжгүй. Ирүүлсэн дээжүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. ...” гэх шинжээчийн 1349 дугаартай/1хх 90-91/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “...Ц-н биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх шинжээчийн 6065 дугаартай дүгнэлтүүд,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 23-24/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-19/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-19/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, хүнийг алах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлж тооцсон 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тогтоохдоо 10 жил 40 хоногийн хугацаагаар гэж бичиглэлийн шинжтэй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-д 10 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1209 дугаартай шийтгэх тогтоолд буюу 2 дугаар хавтас хэргийн 27 дахь тал, мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгч нарын тайлбараар анхан шатны шүүх шийтгэх тогтоол уншиж сонсгохдоо “нээлттэй хорих байгууллагад” гэснийг дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.С-д оногдуулсан 10 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэж дүгнэлээ.

Иймд прокурор Б.Оюун-Эрдэнийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1209 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1209 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 10 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 10 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

4 дэх заалтын “...шүүгдэгч Б.С-д оногдуулсан нийт 10 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Б.С-д оногдуулсан нийт 10 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Прокурор Б.Оюун-Эрдэнийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ