Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 383

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Урангуа,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /ҮД:2142/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Т овогт Х-н О-д холбогдох 1708000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Кино драмын жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцэгийн хамт Сонгинохайрхан ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Х-н О, /РД: .../,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Яллах талын нотлох баримтууд:

Шүүгдэгч Х.О-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд гэрээсээ ганцаараа гараад Драгон руу тамхи авахаар явж байхад манай байрны дүү А хоёр ахтайгаа хамт явж байсан. Тэр гурав нэг шил архи авсан байна, хамт уух уу гэхээр нь тэгье гээд хамт байрны гадаа уусан. Архиа ууж дуусаад бөөнөөрөө босоод урагш алхаад явж байхдаа А-с тамхи байна уу гэж асуухад надад тамхи байхгүй гэсэн. Тэгээд би гэр рүүгээ алхаад явж байхад Москва центрийн урд өндөр нуруутай ах зүүн гартаа тамхи барьсан байхаар нь араас нь ахаа гэж хоёр удаа дуудахад эргэж харахгүй байхаар нь дөхөж очиж өмсөж байсан захтай фудболкных нь зүүн талынх нь мөр орчмоос таттал би баруун хөлөөрөө халтирч унахдаа хохирогчийн баруун хөл рүү нь өшиглөсөн, нөгөө хүн газарт унахаар нь дээрээс нь хартал гадаадын иргэн байсан, тэр үед А араас ирээд өнөөх хохирогчийн хоёр суганаас нь татаж босгоход нь би байрныхаа зүг явсан. А өнөөх хохирогчийг түшээд дотогш оруулж байсан. Би байрны үүдэнд А-г хүлээгээд санаа алдаад сууж байхад “Москва” центрээс махлаг хүн гарч ирээд над руу заагаад байхаар нь би өөдөөс нь очоод намайг уучлаарай ахаа би саяны хүнээс уучлалт гуймаар байна гэхэд тэг, тэг орж уучлалт гуй гэж хэлэхээр нь би “Москва” центэр рүү хамт ороход яаралтай түргэн тусламжийн эмч ирсэн өнөөх хохирогчийн хөлийг үзэж байснаа авч явна гэхэд нь өнөөх хохирогчоос уучлаарай гэж хэлэхэд хажуугаар байсан монгол хүмүүс чи яаж байгаа юм бэ? гээд байсан. Тэгтэл гаднаас хоёр цагдаа орж ирээд намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч К -ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 09:30-аас 09:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” төвийн 2 давхрын оффисын өрөөнд Монголын төлөөлөгчидтэй бизнесийн уулзалт хийгээд гадагш агаарт гарсан юм. Гадаа гараад тамхи татаад ганцаараа зогсож байхад миний баруун гар талаас үл таних эрэгтэй хүн ирээд баруун мөр талд зогсоод миний мэдэхгүй монгол үгийг хэлээд баруун гараараа заамдан авч, зүүн гараараа шууд миний толгойны ар хэсэг рүү хэд, хэдэн удаа цохиод, өнөөх залуу дахин гуталтай баруун хөлөөрөө миний баруун хөлний шагайны гадна хэсэг рүү нэг удаа өшиглөн хавсарч унагаасан. Намайг газарт унасан байхад миний ар талд зогсож баруун талын бөөр орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд ойр орчимд гудамжаар явсан хүн өнөөх залууг салгаж, намайг дотогш оффис руу оруулж өгөхөд оффисынхон юу болсон талаар сонсоод, надтай зөрөөд гадагш гараад өнөөх залууг барьж аваад цагдаа дуудсан гэсэн.Намайг зодсон гэх хүнийг оффисын ажилтан манай өрөөнд оруулж ирсэн үед нөгөө залуу ярихдаа намайг Хятад улсын иргэн байна гэж бодоод зодсон гэж ярьсан байна лээ. ...Миний баруун хөлийн шагай орчимд 3 хэсгийн яс цууралт болон хугаралттай байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

 

Гэрч Г.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр 09 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр Дархан төвийн ойролцоо явж байхад Москва центрийн урд талд нэг хөгшин настай хүн газар эвхрэлдээд унасан байдалтай, хажууд нь манай байрны зүс таних О гэх нөхөр өшиглөх гээд зогсож байхаар нь би очоод О-г болиоч гэж хэлээд түлхээд, нөгөө хөгшин хүнийг босгоход гадаадын иргэн байсан ба босож зогсож чадахгүй доголоод байхаар нь хажуунаас нь сугадахад ийшээ орьё гээд дохио зангаагаар заагаад байхаар нь “Москва” төв рүү сугадан дотогш оруулахад хоёрдугаар давхар луу гарсан ба нэг монгол залуу ирээд юу болсон талаар асуухад нь гадаа манай байрны нэг залуу зодсон байдалтай байхаар нь би салгаад дотогш оруулж ирж байнаа гэхэд өнөөх монгол залуу надад хандан нөгөө хүнийг нь заагаад өгчих гээд намайг дагуулаад гарахад О гэх залуу “Москва” хорооллын байрны дунд явж байхаар нь тэр байна гэж зааж өгөөд би гэр рүүгээ харьсан. Хохирогч баруун талын хэвлий хэсгээ гараараа дарсан байдалтай, баруун хөл нь доголоод байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 21 х/

 

Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 08 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд ажил дээрээ ирэхэд хамтран ажилладаг К захирал ажил дээрээ ирсэн сууж байсан. Бид хоёр өглөөний цай уугаад ярилцаж сууж байхдаа К захирал гарч тамхиллаа гээд ганцаараа гарсан. Удалгүй 15-20 орчим минутын дараа гаднаас нэг өндөр нуруутай залуугаар түшүүлэн орж ирэхээр нь нь би К захиралаас Солонгос хэлээр яасан бэ? гэж асуухад хүнд зодуулчихлаа гэсэн. Би К захирлыг сандал дээр суулгаад болсон зүйлийн талаар тодруулан асуухад “гадаа тамхи татаад зогсож байхад нэг залуу намайг цохиж, өшиглөж, газарт унагаад дээрээс өшиглөсөн, гэтэл ойр явж байсан нэг залуу ирээд намайг салгаад, намайг түшээд оруулж ирж байнаа” гэж хэлэхээр нь шууд түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Ингээд би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “би уг хүнийг хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд К захирлаас уучлалт гуйгаад байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х/

 

Гэрч Ш.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 08 цагийн орчимд ажилдаа явахаар гэрээс гараад Москва хороололд ирэхэд өмнөх өдөр нь архи уусан байсан учир ажил руу оруулахгүй байх гэж бодоод шараа тайлахаар Н дүүг дуудаад дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад уухаар байрны саад руу явж байхад Москва хороолын байрны зүс таних А дүүтэй тааралдан бид гурав архиа хувааж уух гэхэд А-н зүс таних О гэх залуу сааданд ирэхээр нь тухайн өдрөө О-тэй танилцаад бид 4 өнөөх архиа хувааж уусан. Архиа ууж дуусахаар нь би гэр рүүгээ харихаар Н-г дагуулаад явсан, А өнөөх байрны ах гэх О-тэй үлдсэн. Би юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х/

Шинжээчийн 10568 тоот дүгнэлт:

1.К-н биед баруун шилбэ ясны гадар, дотор хашлага яс, шаант ясны доод булууны ар хэсэгт зөрүүгүй хугарал үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 х /,

 

Хувийн байдлын талаарх баримтууд:

Гэрч Х.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Х.О нь 1984 оны 04 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд Х-н 4 дэх хүүхэд нь болж мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж, цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1991-2001 онд ... сургуульд суралцан 10 дугаар ангийг төгссөн. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд кино урлагийн “...” дээд сургуульд 5 жил суралцаад жүжигчин, операторчин мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ 2 жил ажиллаад, цэргийн албыг 1 жил Орхон аймагт хаасан, цэргээс халагдан ирээд Турк улс руу суралцахаар яваад 1 жил орчим болоод буцаж ирсэн. Туркээс ирээд “...”, “...” ХХК-дад үйлдвэрийн ажитнаар ажиллаж байсан. 2017 оны 1 дүгээр сард ачааны автомашинд мөргүүлж, гэмтэж, харвалт өгөөд тархины хагалгаанд ороод одоо 69 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, групп тогтоолгосон, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод 74 настай аавыгаа харж хамт амьдарч байгаа. Эхнэр хүүхэд гэр бүл байхгүй. Зан байдлын хувьд хүүхэд шиг гэнэн итгэмтгий, хүний үгээр, хамт олныхоо дунд нэр хүндтэй хөгжилтэй хүүхэд юм. Гаж муу зуршил байхгүй. Хааяа найз нөхөд нь уруу татаад архи уугаад байдаг, тамхи татдаггүй, миний дүү урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний дүү гэмт хэрэгт холбогдсонд гэр бүлээрээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг чадах чинээгээрээ төлөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 х/

 

Гэрч Ж.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Х.О нь 1984 оны 04 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд миний 4 дэх хүүхэд нь болж мэндэлсэн. ...2017 оны 1 дүгээр сард ачааны автомашинд мөргүүлж, гэмтэж, харвалт өгөөд тархины хагалгаанд ороод одоо 69 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, групп тогтоолгосон, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод хүүгийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд өндөр настай намайг харж хандаж байгаа. Надтай байхдаа сүүлийн саруудад толгой нь ихээр өвдөж ой тогтоолт нь муудаж, юм мартдаг болоод байна лээ. Зан байдлын хувьд томоотой, хүний үгээр, өглөгч, муу санаа байхгүй, хүүхдээрээ хүүхэд юм. Эхнэр хүүхэд, гэр бүлгүй. Миний хажууд архи дарс уудаггүй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Дуу дуулах бүжиглэх хоббитой...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 х/

            Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт 797 /хх-ийн 86-92 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 х/

Х.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 66 х/

СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 74 х/

 

Хохирлын талаарх баримтууд:

Хохирлын баримтууд /хх-ийн 38-46 х/

Өмгөөлөгчид хөлс төлсөн баримт /хх-ийн 97 х/

Орчуулагчид хөлс төлсөн баримт /хх-ийн 98 х/

Хохирол төлсөн баримт /хх-ийн 110, 119 х/

 

Бусад:

Хохирогч, түүний өмгөөлөгчийн “...шүүх хуралдаанд оролцохгүй...” тухай хүсэлт /хх-ийн 124-125 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

            Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар:

            Прокуророос Х.О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үндэс, угсаагаар нь үзэн ядаж” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Х.О-н үйлдэлд “үндэс, угсаагаар нь үзэн ядаж” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй гэх байдлыг нотлох баримт болох гэрч Т.Б-н “... би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “би уг хүнийг хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд К захирлаас уучлалт гуйгаад байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х/-ийн эх сурвалж нь шүүгдэгчийн “өөрийнх нь тайлбар” гэх бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тодорхой тайлбар өгдөггүй, мөрдөн шалгах ажиллагаагаар гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоогоогүй, уг мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй тул гэрч Т.Б-н мэдүүлгээс дээрх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул бүрэн нотлон тогтоож чадаагүй гэж шүүх үзсэн.

 

Иймд Х.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

 

          Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” төвийн гадна зогсож байсан Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн К-ын толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унагаан түүний эрүүл мэндэд “баруун шилбэ ясны гадар, дотор хашлага яс, шаант ясны доод булууны ар хэсэгт зөрүүгүй хугарал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Х.О-н “... Архиа ууж дуусаад бөөнөөрөө босоод урагш алхаад явж байхдаа А-с тамхи байна уу гэж асуухад надад тамхи байхгүй гэсэн. Тэгээд би гэр рүүгээ алхаад явж байхад Москва центрийн урд өндөр нуруутай ах зүүн гартаа тамхи барьсан байхаар нь араас нь ахаа гэж хоёр удаа дуудахад эргэж харахгүй байхаар нь дөхөж очиж өмсөж байсан захтай фудболкных нь зүүн талынх нь мөр орчмоос таттал би баруун хөлөөрөө халтирч унахдаа хохирогчийн баруун хөл рүү нь өшиглөсөн, нөгөө хүн газарт унахаар нь дээрээс нь хартал гадаадын иргэн байсан, тэр үед А араас ирээд өнөөх хохирогчийн хоёр суганаас нь татаж босгоход нь би байрныхаа зүг явсан. ...” /хх-ийн 52-53 х/

 

Хохирогч К-ын “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 09:30-аас 09:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” төвийн 2 давхрын оффисын өрөөнд Монголын төлөөлөгчидтэй бизнесийн уулзалт хийгээд гадагш агаарт гарсан юм. Гадаа гараад тамхи татаад ганцаараа зогсож байхад миний баруун гар талаас үл таних эрэгтэй хүн ирээд баруун мөр талд зогсоод миний мэдэхгүй монгол үгийг хэлээд баруун гараараа заамдан авч, зүүн гараараа шууд миний толгойны ар хэсэг рүү хэд, хэдэн удаа цохиод, өнөөх залуу дахин гуталтай баруун хөлөөрөө миний баруун хөлний шагайны гадна хэсэг рүү нэг удаа өшиглөн хавсарч унагаасан. Намайг газарт унасан байхад миний ар талд зогсож баруун талын бөөр орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд ойр орчимд гудамжаар явсан хүн өнөөх залууг салгаж, намайг дотогш оффис руу оруулж өгөхөд оффисынхон юу болсон талаар сонсоод, надтай зөрөөд гадагш гараад өнөөх залууг барьж аваад цагдаа дуудсан гэсэн. ...Миний баруун хөлийн шагай орчимд 3 хэсгийн яс цууралт болон хугаралттай байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

 

Гэрч Г.А-н “...Би тухайн өдөр 09 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр Дархан төвийн ойролцоо явж байхад “Москва” төвийн урд талд нэг хөгшин настай хүн газар эвхрэлдээд унасан байдалтай, хажууд нь манай байрны зүс таних О гэх нөхөр өшиглөх гээд зогсож байхаар нь би очоод О-г болиоч гэж хэлээд түлхээд, нөгөө хөгшин хүнийг босгоход гадаадын иргэн байсан ба босож зогсож чадахгүй доголоод байхаар нь хажуунаас нь сугадахад ийшээ орьё гээд дохио зангаагаар заагаад байхаар нь “Москва” төв рүү сугадан дотогш оруулахад ... Хохирогч баруун талын хэвлий хэсгээ гараараа дарсан байдалтай, баруун хөл нь доголоод байсан…” /хх-ийн 21 х/

 

Гэрч Т.Б-ын “...Би тухайн өдөр буюу 08 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд ажил дээрээ ирэхэд хамтран ажилладаг К захирал ажил дээрээ ирсэн сууж байсан. Бид хоёр өглөөний цай уугаад ярилцаж сууж байхдаа К захирал гарч тамхиллаа гээд ганцаараа гарсан. Удалгүй 15-20 орчим минутын дараа гаднаас нэг өндөр нуруутай залуугаар түшүүлэн орж ирэхээр нь нь би К захиралаас Солонгос хэлээр яасан бэ? гэж асуухад хүнд зодуулчихлаа гэсэн. Би К захирлыг сандал дээр суулгаад болсон зүйлийн талаар тодруулан асуухад “гадаа тамхи татаад зогсож байхад нэг залуу намайг цохиж, өшиглөж, газарт унагаад дээрээс өшиглөсөн, гэтэл ойр явж байсан нэг залуу ирээд намайг салгаад, намайг түшээд оруулж ирж байнаа” гэж хэлэхээр нь шууд түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. …” /хх-ийн 23 х/

 

Шинжээчийн 10568 тоот дүгнэлт:

1.К-н биед баруун шилбэ ясны гадар, дотор хашлага яс, шаант ясны доод булууны ар хэсэгт зөрүүгүй хугарал үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 х / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хохирлын талаар:

Хохирлын баримтууд /хх-ийн 38-46 х/

Өмгөөлөгчид хөлс төлсөн баримт /хх-ийн 97 х/

Орчуулагчид хөлс төлсөн баримт /хх-ийн 98 х/ зэргээр хохирогч К-д нийт 1,509,360 төгрөгийн зардал гарсан үүнээс 1,480,680 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны орлогын баримт /хх-ийн 110, 119 х/-аар тогтоогдож байгаа зөрүү 28,680 төгрөг гарч байгаа тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, уг хохирлыг 1 сарын дотор төлөхийг түүнд үүрэг болгож харин хохирогч K нь онгоцны тийзийн зардлын зөрүү болон эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Х.О-н хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Х.О “Архины хараат байдлын хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэг DS: F 10.2 /хх-ийн 86-92 х/ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан /Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хх-ийн 74 х/ тул түүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх боломжгүй болох нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5 дахь хэсгийн 1.5.1-д зааснаар тогтоогдож байгаа мөн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Х.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Т овогт Х-н О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О-г 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х.О-д танилцуулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Х.О-с 28,680 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй К-д олгож, уг хохирлыг 01 /нэг/ сарын хугацаанд төлөхийг ялтан Х.О-д үүрэг болгож, хохирогч онгоцны тийзийн зардлын зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Ялтан Х.О-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Х.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДАШДОНДОВ