| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 2102003560221 |
| Дугаар | 2022/ДШМ/87 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/87
2022 1 18 2022/ДШМ/87
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба
шүүгдэгч Д.А-н өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.А-д холбогдох 2102003560221 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-н А, 1997 оны .. дүгээр сарын ….-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Налайх дүүргийн … дүгээр хороо, Уурхайчдын … дугаар гудамжны … тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:…………/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;
Д.А нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидраконнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
улмаар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 12-522 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 297.7 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидраконнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдөр Д.Т, Э.Б, Б.Б, О.А нарт өгч хэрэглүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газар: Д.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-н А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 12 дугаар гудамжны 522 тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шаргал өнгийн оймс, бонго буюу хуванцар сав 1 ширхэг, улаан өнгийн асаагуур 3 ширхэг. ногоон өнгийн асаагуур нэг ширхэг, салфетка долоон ширхэг, мөнгөлөг цаас 2 ширхэг, зиплок түгжээтэй уут, ногоон өнгийн ургамал мэт зүйл 2977 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй шавар мэт, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан" заасан гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн 3 шинж бүхий шүүгдэгч Д.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар хуульчилсныг зөрчиж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзээгүй байна. Учир нь, дээрх төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол, олон нийтийн аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай. Түүнчлэн шүүгдэгч Д.А-н худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн хадгалсан бодисын түүхий эдийн хэмжээ, бусдад өгсөн, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээгүй. Нөгөөтэйгүүр, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учир нийгэмд учирч болох хор, аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэлийн талаар заахаар хуульчилжээ. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байтал анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял 3 жилийн хугацаагаар оногдуулсан үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...учирсан хохиролд ...хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага. ...хувийн байдалд ...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал ...зэргийг харгалзан үзэж гэж зааж, дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШТ/1766 дугаартай шийтгэх тогтоолыг “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.А-н өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалттай. Шүүгдэгч Д.А-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас ялыг хөнгөрүүлэх боломжтой байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд сонгох санкцтай. Хуулийг хэрхэн хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Заавал прокурорын таалалд нийцсэн байх албагүй. Энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон хүмүүсийн хорих ял оногдуулснаар засардаггүй. Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын нэг дүүрэг. Тэгэхээр, ийм нутаг дэвсгэрт зорчих эрхийг нь хязгаарлана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос Д.А-г 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидраконнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
улмаар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 12-522 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 297.7 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидраконнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдөр Д.Т, Э.Б, Б.Б, О.А нарт өгч хэрэглүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт, үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.А-г хориглосон мансууруулах ам, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязагаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-н хориглосон мансууруулах ам, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэгт зорчих эрхийг хязагаарлах ял оногдуулахдаа ямар үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан энэ төрлийн ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тухайлбал, шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олж авсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг, ...хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, ...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал...” гэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал гэж дүгнэж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязагаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасан шаардлагад нийцэхгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх хориглосон мансууруулах ам, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязагаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байхаас гадна уг ялыг эдлүүлэхэд эргэлзээ төрөхөөр байдалтай болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, дээрх үндэслэлээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.А-д холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхээр хянан хэлэлцэх хүртэл Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ